Эрх баригчид аа, ард түмнээ хараач

Гэх дуун талаар нэг сүртэй нь аргагүй хадав. Тэрхэн зуур бөөн орилоон, бөөн бухимдал. Гэнэт хэн нэгэн амь тэмцэн бархирав. Үгүй энэ чинь өнгөрсөн үе амь оров уу. Юу болов оо. Ийн бодож байтал хажуудах нөхөр бодлыг минь таасан мэт Ард түмэн цаана чинь өл залгаж байна хэмээн хоржоонтой нь аргагүй нуга, нуга хөхөрсөөр цааш одов. Тэр надаас бас айжээ. Ард түмэн хэмээх элэг нэгт ахан дүүс минь өнеөдрийн өл залгах үмх талх, хэдхэн ширхэг сохор зоосны төлөө нэг нэгнээ танихаа байсан нь энэ ажээ.

Өлөн нохдын дунд яс шидэн хооронд нь уралцуулж, басхүү ийм зугааг эрхэмлэгч баян эрийн дүрийг энэ төр урлав бололтой. Сүүлийн жилүүдэд чих ер амраагаагүй Хүүхдийн мөнгө гэгч өглөг буянаа саяхнаас арай гэж нэг юм хүртээж байгаа нь энэ. Дээдэс биднийг хуурч, биднээр тохуу хийж байж. Ерөөс бид ядуу гэдэгтээ бат итгэе өнеөдрөөс эхлэн. Зөвхөн хүүхдэд гэсэн уярмаар үгээр халхавчилсан энэ мөнгө харин эгэл ардуудыг ядуу байна тэдгийг нь нотлоод өгчихлөө.

Хөмөрсөн тогоон доторхитой адил харанхуй амьдралаас боолчлолд, боолчлолын нийгэм дэх тарчиг амьдралаас большевикуудын замчилж өгсөн борог амьдралаар амьдарч явснаа ч мартаж болохгүй юм байна. Дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр нүдэнд торох бараагүй байсан нэгэн аравны өмнөх амьдралаа ч эргэн санах цаг болжээ. Төр бидэнд тэр цагаа эргэн санацгаахыг тулган шаардаад байх шиг байна. Карт хэмээх хөлс шингэсэн уранхай нимгэн дэвтэр бариад килограмм махны төлөө ямар ширүүхэн дажин хийж байлаа даа. Тийм нийгэм, тийм дутуу гацуу амьдралыг төр хүсээд байх шиг байна. Бас ядуу ард түмэндээ Та нар өнө мөнхөд ийм амьдрах хувь тавилантай шүү гэдгийг нь цээжнийх нь гүнд лавшруулан сануулах гээд байх шиг байна.

Ард түмний сэтгэлгээг хоосон ходоодонд нь захируулж, эгэл амьдралыг нь мөчиг тарчиг байлгахыг л дээдэс илүү таашаадаг бололтой. Угаас 25 мянган төгрөг гэдэг эрхэм дээдсийн хувьд өдрийн хоолны мөнгө төдий ч эгэл хүмүүсийн хувьд Өвлийн идэш л гэсэн үг гэдэг нь тодорхой. Эхэн хийгээд эцэс төгсгөл нь үл мэдэгдэх урт цуваа, түүн дотор ой ч хүрээгүй нялх үрээ тэнхээ мэдэн гар дээрээ өргөх бүсгүй, эрүү өвдөг нь нийлсэн хөгшид, царайнд нь хатуу амьдралын нугачаа гүн шингэсэн жирийн иргэн…Нэрэлхүү, гэнэн ардынхаа яриагаар яривал тэд Хүүхдийн мөнгө хэмээх амь тариа-ны төлөө оочерлож буй. Харин жихүүцэн өгүүлбэл Гитлерийн хорих лагерьт хоригдож байсан хөөрхий еврейчүүдийн дүр зургийг санагдуулаад болдоггүй. Гэлээ гээд яалтай билээ.

Тэд чинь хүрэлцэж ядах тэрхүү амь тариа-гаараа өнөөдрийнхөө амьдралыг л болгоно шүү дээ. Дээрэнгүй төрийн басамжилж өгсөн хишгийг ходоодондоо шингээж байхаас өөр яах вэ, хөөрхийс. Эрх баригчид аа, ард түмнээ хараач.

Ардын эрх сонин 54 /586/

С.Баттулга

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button