Ж.Батзандан Ц.Нямдорж огцрох нь бүү хэл бүү оодорч байна

Эрүүл нийгэм, иргэний хөдөлгөөн өнөөдөр УИХ-ын дарга Ц.Нямдоржийг огцруулах жагсаалыг Их тэнгэрийн өмнө хийх ёстой байв. Гэвч жагсаал хойшилжээ. Энэ талаар болон улс төрийн зарим асуудлаар Эрүүл нийгэм, иргэний хөдөлгөөний тэргүүн Ж.Батзандантай уулзаж ярилцлаа.

-УИХ-ын даргыг огцруулах жагсаалыг хийнэ гэдгээ хагас сарын өмнө мэдэгдэж байсан. Хойшлох болсон шалтгаан нь юу байв?

-Биднийг жагсаал, цуглаан зохион байгуулах сургаар Тагнуулын ерөнхий газар Их тэнгэрийг бодлогоор суллаж байгаа юм байна. УИХ-ын дарга гадаадад, Ерөнхийлөгч орон нутагт ажиллаж байна. Жагсаал, цуглаанаас зугтаж байгаа нь энэ байх. Бид эзгүй байшингийн өмнө жагсаад яах ч юм билээ. Тиймээс УИХ-ын дарга Ц.Нямдоржийг огцруулах жагсаалыг хаврын чуулган эхлэх хүртэл түр хойшлуулсан. Хаврын чуулган эхэлмэгц бид жагсаал, цуглаан хийж, тэмцлээ эрчимтэй явуулах болно. Бид хоёр шаардлага тавьж байгаа. Нэгдүгээрт УИХ-ын даргыг огцруулах, хоёрдугаарт 2000 онд Үндсэн хуульд хийсэн хууль бус нэмэлт өөрчлөлтүүдийг хүчингүй болгохыг шаардах болно. Үүнийг биелүүлтэл тэмцлээ үргэлжлүүлнэ. Улс төрийн байгууллага өнөөгийн бий болсон нөхцөл байдалд зохицуулж гаргасан шийдвэрээ өөрчилж чаддаг байх ёстой.

-Эрүүл нийгэм, иргэний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч О.Магнай, хуулийн зөвлөх н.Батбаяр нар Ерөнхий сайд М.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Цэцэд хандсан байгаа. Энэ асуудал юу болж байна вэ?

-Энэ асуудлаар маргаан үүсгэж, хэлэлцэх үндэслэлийг Үндсэн хуулийн Цэц хянаж үзэж байгаа. Орон гарсан сайдын асуудлыг Ерөнхий сайд 30 хоногийн дотор УИХ-д өргөн мэдүүлэх ёстой байсан. Гэтэл 30 хоног нь хэдийнэ өнгөрсөн хэдий ч өдийг болтол Засгийн газрын нэг сайдын суудал эзгүй хэвээр байна шүү дээ. Мөн УИХ-ын нөхөн сонгуулийг 45 хоногийн дотор явуулах ёстой байтал гурван сараар хойшлуулж УИХ хууль зөрчиж байсан удаатай. Энэ мэтээр эрх мэдэлтнүүдийн Үндсэн хуулийг зөрчсөн үйлдлийг иргэний хөдөлгөөнүүд зүгээр хараад суухгүй.

-Хадгаламжийн банкнаас 14.2 тэрбум төгрөг алга болсон хэргийн талаар танай хөдөлгөөн ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ бол МАХН-ын луйварчдын хийсэн үйл ажиллагаа. МАСЗХ-ны хийсэн мафийн зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн үйлдсэн гэмт хэрэг гэж үзэж байгаа. Энэ ч үүднээс МАХН-ын болон харьяа байгууллагуудын өмч хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж, хохирлыг барагдуулах ёстой. МАХН-ын өмч хөрөнгө 60 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн байгаа. Хууль, шүүхийн байгууллага энэ асуудлыг нааштайгаар шийднэ гэдэгт итгэлтэй байна. Манай хөдөлгөөнийхний хувьд шүүхийн эцсийн шийдвэрийг харзнаж байгааг хэлэх хэрэгтэй байх.

-Иргэний хөдөлгөөнүүд байгуулагдаад багагүй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд та бүхэн юу амжуулав?

-Улс төрийн намуудын шийдэж чадахгүй байгаа асуудлыг шийдвэрлэхэд иргэний хөдөлгөөнүүд чухал үүрэгтэй гэдгийг хүмүүс ойлгодог болсон байна. Эрүүл нийгэм, иргэний хөдөлгөөн гурван жилийн өмнө байгуулагдсан. Энэ хугацаанд өмнөө тавьсан зорилтынхоо гуравны нэг орчим хувийг биелүүлсэн байна. Улс төрийн хувьд нээлттэй, хариуцлагатай байдлыг бий болгох, эдийн засгийн хувьд нийгмийн баялгийг тэпи хувиарлах, ашигт малтмалын орлогыг иргэн бүрт хувьцаа хэлбрээр тэгш хуваарилах, хуулийн хүрээнд хүн бүр тэгш эрхтэй байх гэсэн үндсэн зорилгыг өмнөө тавьж манай хөдөлгөөн байгуулагдаж байсан. Эдгээр зорилтын зарим нэг нь биелсэн. Төр засаг иргэний хөдөлгөөнии шаардлагыг дутуу хагас ч гэсэн хүлээж авдаг болсон байна. Цаашид бүрэн дүүрэн хүлээж авдаг болгохын төлөө тэмцэх болно. Бидний тэмцлийн үр дүнд Д.Сүхбаатарын талбай ард түмний тэмцлийн талбай боллоо, Асгатын мөнгөний ордын асуудал, УИХ-ын гишүүдийн 250 саяын асуудал, УИХ-ын дарга Ц.Нямдоржийн хуульд хууль бус засвар хийсэн зэрэг нааштайгаар шийдэгдсэн олон асуудал бий. Урд өмнө төрийн өндөрлөгийн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг Цэц гаргаж байгаагүй. УИХ-ын даргыг хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг Цэцээс гаргасан нь төрийн өндөрлөгтэй хууль зүйн болон ёс зүйн хариуцлага тооцсон анхны шийдвэр гэж үзэж байгаа. Харин Ц.Нямдорж огцрох нь битгий хэл бүр оодорч байна. Гэвч бид Ц.Нямдоржийг огцруулахын төлөө эрчимтэй тэмцэх болно.

-Иргэний хөдөлгөөнүүд нэгдэх гэж байгаа талаар сураг сонссон. Энэ талаар тодруулаач?

-Иргэний хөдөлгөөнүүд болон иргэн төвтэй улс төрийн хүчнүүд нэгдэж Иргэний хүчнүүдийн холбоо гэсэн бие даасан байгууллагыг удахгүй байгуулна. Олигополжсон олигархи бүлэглэлийн эсрэг нэгдсэн тэмцэл явуулах зорилготой байгууллага юм. Иргэний хөдөлгөөнүүд хүчээ нэгтгэж, шинэ зохион байгуулалтанд орж, зорилгоо шинээр тодорхойлж, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэх зорилгоор энэ байгууллагыг байгуулж байгаа.

-Та УИХ-ын 2008 оны сонгуульд нэрээ дэвшүүлэх үү?

-Иргэний- хүчнүүдийн холбоо-оос нэр дэвш гэсэн даалгавар өгвөл бие дааж сонгуульд өрсөлдөх болно.

-Та Ардчилсан намын гишүүн биз дээ?

-Ардчилсан намаас гарахад амархан шүү дээ.

Ардын эрх сонин 54 /586/

Г.Хасар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button