Парламентын ордныг шинээр барихгүй

Эрхэм кувейтүүдийн өгсөн мөнгөөр Монголд бас нэгэн саарал ордон барихаар яригдаж, араасаа мөн ч их хэл ам дагуулж байгаа билээ. Ард түмний амьдрал ядмаг байхад эрхэм төрийн түшээд бас шинэ ордон барих гэнэ. Төрд гарсан хүмүүс ч ингэж л өөрсдийнхөө тав тухыг бодно доо гэхчлэн.

Мөн хаана барих вэ. Хархоринд уу, Дарханд уу, Их тэнгэрийн аманд уу, эсвэл одоо байгаа саарал ордны хаяа дэрлүүлж барих уу. Зарим эрхэм гишүүн саарал ордон бариулах гэж лоббидож байгаа гэнэ. М.Сономпил Дарханд бариулахыг мөрөөдөж сууна. Ардчилсан намын хэсэг нөхөд Хархоринд хот байгуулж, ачааллаа дийлэхээ больсон нийслэлийн амийг аваръя, парламентийн ордныг тэнд байгуулах нь хамгийн зөв хувилбар гэх. Төрийн ордны хажууд байгаа хуучин хэвлэх үйлдвэрийн газрыг авах уу. Энэ нь Ерөнхийлөгчийн эзэмшлийнх гэнэ. Түүнээс газрыг нь гуйх бололтой. Ордны баруун талын эмнэлэг, Тагнуулын ерөнхий газрын байрыг нурааж газрыг нь авах гэнэ. Хотын мэр эрхэм Ц.Батбаяр 40 мянган айлын орон сууц барих газрыг өгөхгүй гөжөөд байгаа хэрнээ саарал ордон барих газарт гар татахгүй бололтой гэхчлэн ёстой л түм буман санаагаар үнэн худал яриаг цайны хийц болгож байсан нь саяхан. Харин энэ асуудалд цэг тавьсан бололтой.

Парламентын ордныг шинээр барих хувилбар нь ердөө л хуучин энэ ордноо томсгож, орчин үежүүлэх гэнэ. Саяхан ажлын хэсгийнхэн хуралдаж энэ саналаа Кувейтын талд танилцуулахаар болсон байна лээ. Саарал ордныг хойш нь тэлээд эрхэм гишүүдийн өрөөг томсгож өгөх гэнэ. Учир нь кувейтүүд өгч буй 12 тэрбум төгрөгөө УИХ-ын гишүүдэд зориулна гэсэн болохоор тэднийг ийн эрхлүүлж байгаа аж. Нөгөөтэйгүүр төсөл ёсоор шинэчлэгдэх ордныг Засгийн газар, УИХ хэмээн зааглаж, УИХ-ын хэсэгт нь сонгогчид чөлөөтэй нэвтэрч байхаар өрөө тасалгааны зохион байгуулалтыг хийх гэнэ. Харин Засгийн газар бусад улс орны жишгийн дагуу хаалттай бүс маягийн байх сурагтай. Энэ дагуу хийгдэх хамгийн зөв санаачлага нь Төрийн ордны эргэн тойронд нэг ч машин зогсохгүй бөгөөд машины зогсоолыг газар доор барихаар зураг төсөлд нь тусгах болжээ. Иймэрхүү байдлаар төслийг боловсруулан мөнгөний эздэд үзүүлэх болсон байна.

Ардын эрх сонин 54 /586/

С.Зул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button