Ерөнхий шалгалтын бүртгэл 50 хувьтай байна

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвөөс ерөнхий шалгалтын бүртгэлийг өнгөрсөн хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн юм. Цаасан болон онлайн хэлбэрээр өрнөж буй ерөнхий шалгалтын бүртгэл өчигдрийн байдлаар хэдэн хувьтай байгааг Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Д.Биндэръяагаас тодрууллаа.

-Орон даяар нэгэн зэрэг эхэлсэн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдрийн байдлаар хэдэн хувьтай байна вэ?

-Хөдөөд 60-70 хувьтай байна. Улсын хэмжээгээр дүгнэж үзвэл 50 хувьтай үргэлжилж байна.

-Ерөнхий шалгалтын бүртгэл хөдөөд эрчимтэй, нийслэл болон төв газарт саармаг байгаа юм байна гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно. Хэдөед ерөнхий шалгалтын бүртгэл сайн байгаа нь тодорхой графикийн дагуу ажиллаж байгаагийнх байх. Бид аймгуудын Боловсролын хэлтэстэй хамтран ажиллаж байгаа бөгөөд тусгай ажлын хэсэг гарч сумдад хүрч бүртгэл хийж буй юм. Энэ ажил ерөнхий боловсролын дунд сургуульд суралцагсдад нэлээд хүрч байна.

-Ерөнхий шалгалтад бүртгүүлэх залууст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Онлайнаар бүртгүүлэх залуус нь мэдээллээ маш зөв оруулах ёстой. Буруу оруулчихвал дахин бүртгүүлэх боломж байхгүй. Жишээ татья л даа. Тухайлбал, регистрийн дугаарынхаа тоог буруу хийх. Овгоо буруу хийсэн тохиолдолд дахин бүртгүүлэх боломжгүй. Мэдээллийн сан хүлээн авах боломжгүй. Мэн ерөнхий шалгалтын бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 15-ны 18.00 цагт дуусна. Хугацааг өнгөрсөн жилийнх шиг дахин сунгахгүй тул дээр дурдсан хугацаанд амжиж бүртгүүлээрэй гэж элсэгчдэдээ зөвлөх байна.

Ардын эрх сонин 54 586/

Г.Наран

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button