Тайлагдашгүй нууц

Австралийн найруулагч Филипп Мора саяхан , олны хүртээл болсон Холбооны Мөрдөх Товчооны нууц баримтууд дээр үндэслэн Домогт жүжигчин Мэрилин Монро амиа хорлоогүй харин хуйвалдааны золиос болсон гэж мэдэгдлээ.

Манай гаригийн хамгийн алдартай, шаргал үст бүсгүйн нууцлаг үхэл одоо ч хүмүүсийн сэтгэлийг догдлуулсаар байна. Хоёр жилийн өмнө Монро амиа хорлоогүй, тэр бол аллага байсан гэдэг таамаглал гарч ирсэн ч нотолгоо байгаагүй. Харин одоо бүх зүйл баримтуудаар нотлогдсон гэж Австралийн найруулагч Филипп Мора мэдэгдэв. Тэр ХМТ-ны нууц зэрэглэлээс хасагдсан бичиг баримтуудыг маш хянуур, нарийвчлан судлаад ийм дүгнэлт хийжээ. Мэрилиний үхэл анх харахад амиа хорлосон мэт боловч үнэндээ аймшигт хуйвалдааны үр дүн гэнэ. ХМТ-ны маш нууц баримтуудаас үзэхэд жүжигчин бүсгүйн хамгийн ойр дотнын хүмүүс, эмч нь, бүр АНУ-ын ерөнхий прокурор Роберт Кеннеди хүртэл гар бие оролцсон байх магадлалтай аж. Тэд Мэрилинийг маш зальтай аргаар хороож, түүний итгэлийг эвджээ. Монрогийн сайн найз гэгддэг Питер Лоуфорд хуйвалдааныг зохион байгуулсан бол сэтгэл зүйч нь Лоуфордтой тохиролцож, тайвшруулах эмийн оронд авсанд оруулах нойрны эм их тунгаар өгсөн аж. Мэрилин 1949 оноос Голливудын жүжигчин, англи гаралтай Лоуфордтой харьцаатай байсан.

Хуйвалдагчдын дунд Роберт Кеннеди өөрөө ч байсан байх магадлалтай. Ямар ч гэсэн тэр юу болж байгааг нарийн сайн мэдэж байсныг нууц баримтууд гэрчилж байна. 1962 оны 8-р сарын 5-нд Мэрилин Монрог орон дотроо шалдан, амьгүй хэвтэж байгааг олсноос хойш мөрдөн байцаах ажиллагаа явагдсан. Задлангаар тэр нойрны эм хэт их тунгаар ууж, амиа алдсан нь тогтоогдов. Ах дүү Кеннеди буюу Ерөнхийлөгч, ерөнхий прокурор нарт түүний үхэл нэн ашигтай байсан. Тэд домогт дуучин Фрэнк Синатратай хамтран мафитай ажил хэргийн харилцаатай талаар мэдээллийг Монро санамсаргүй мэдсэн учир аюултай болж ирсэн бололтой. Питер Лоуфорд хэдийгээр Монрогийн найз ч Синатратай бүр ч дотно байв. Тэд мөнгө болон өөр олон нууц сэжмээр холбоотой улс. Харин өнгөрсөн жил 82 насандаа өөд болсон Кеннедийн эгч Патриция англи жүжигчний эхнэр. Тэгэхээр Мэрилин өөрөө ч мэдэлгүй хорт могойг энгэртээ ээжээ. Архивын нууц гэгдэж байсан баримтанд Питер Лоуфорд (цааш нь хэдэн үгийг хяналтынхан дарж арилгажээ) өмнө нь Мэрилин бусдын анхаарлыг татахын тулд хуурамчаар амиа хорлох оролдлого хийж болох талаар найзууддаа ярьсныг олж мэдсэн гэж бичжээ. Тэгэхээр жүжигчин эр хуйвалдаанд оролцогчдын хамт Монрог ятгаж, нойрны эм уусны дараа амийг нь аварна гэж ятгасан бололтой. Ингээд эмч маш хачин жор бичиж өгсөн.

Тэр секонал хэмээх тайвшруулах үйлчилгээтэй нойрны эмээс 60 ширхэгийг курс болгож уу гэжээ. Эмч байнга түүнтэй уулздаг байж ийм их тунгаар эм өгсөн нь сэжигтэй. Монро тэдэнд итгэж, амиа хорлож жүжиглэтэл харин хуйвалдагчид тусламж үзүүлсэнгүй. Ингээдтэрнасбаржээ. Мөн Монрогийн гэрийн үйлчлэгч эмэгтэй түүнийг наркозонд мансуурсны дараа орны хажуугийн жижиг ширээн дээр дусаадаг эмтэй шил тавьсан нь нотлогджээ. ХМТ-ны баримтуудад алуурчид яагаад жүжигчин бүсгүйг хороох болсон шалтгааныг хачин зүйл илрэв. Жишээлбэл дурлалын гурвалжин. Роберт Кеннеди анх Монротой амрагийн холбоо тогтоохдоо удахгүй эхнэрээ хаяна гэж амласан байна. Гэхдээ тэр удалгүй үгнээсээ буцсан. Дураараа ааштай Монро өөрсдийн харилцааны нууц, түүний дотор сексийн харьцаагаа олонд зарлана гэж сүрдүүлсэн аж. Нэр төрөө аврахын тулд АНУ-ын ерөнхий прокурор шийдмэг алхам хийсэн байх магадлалтай. Роберт Кеннеди тэр өдөр Лоуфорд руу утастаж юм асуусан. Харин Лоуфорд шууд Монрогийн гэрийн утас руу залгаж үзээд, дараа нь Утсыг хэн ч авахгүй байна гэж хариу мэдээлсэн байна. Филипп Мора Энэ бүхэн нэг бол Кеннедийнхнийг үзэн ядагчдын явуулга эсвэл бид түүхэн үнэнээс ганцхан алхмын зайд байна гэж ярьж байна. Роберт Ф.Кеннеди гэсэн хаягтай тайлан 1964 оны 10-р сарын 19-нд ХМТ-нд ирсэн бөгөөд түүнийг шууд маш нууц ангилалд оруулсан ажээ.

(Өглөөний сонин 54/119)

М.Цогзолмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button