Ардын жүжигчин А.Долгор Олны танил байна гэдэг заримдаа яршигтай санагддаг

Давтагдашгүй хоолойгоороо 30 гаруй дуурьт дуулж, дуурийн урлагийн гайхамшгийг рок поп хөгжимтэй хослуулж чадсан чадварлаг уран бүтээлч маань удахгүй сонгодог урлагийн тоглолт хийх юм.

-Ардын жүжигчинтэйгээ уулзалгүй уджээ. Мэдээж дуурь хэмээх урлагийн томоохон салбарт хүчин зүтгэж байгаа таны ажил үргэлж ундарч байдаг болов уу?

-Тун удахгүй өөрийн гурав дахь CD-гээ гаргаж, тоглолт хийх гээд их л завгүй байна. Анхны CD-ндээ симфони болоод дуурийн оркестр ардаа тоглуулж, олон сайхан дуугаар чимэглэсэн цомог болсон. Урьд нь манай алдарт дуучид Оросын Мелодия дуу бичлэгийн студиар пянз бичүүлдэг байлаа. Харин би Монголын хамгийн анхны дуурийн дуучны Бодлын цагаан хүн симфонитой CD гаргаж байсан. Хоёрдахь нь поп Сараа, Номин Талст гэх мэт хамтлаг дуучидтай дуулсан жирийн дуутай CD юм. Гурав дахь CD маань цэвэр сонгодог CD. Би ер нь өөрийгөө анхдагч гэж хэлэхийн тулд их сайн бодсон. Сүүлийнхээ энэ CD-гээ Монголын анхны гэж бардам хэлж чадна. Өмнө нь холимог дуу гэх мэт янз бүрээр пянзанд бичүүлж байсан боловч цэвэр сонгодог аригаар CD гарч байгаагүй. Тэгэхээр тус цомгоороо сонгодог концерт хийх гэж байна. Бэлтгэл ажил мэдээж ихтэй байгаа.

-Долгор эгч бие даасан тоглолт хийлгүй удлаа. Олон хүмүүс тоглолтыг чинь тэсэн ядан хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна?

-Тоглолтоо энэ сарын 28-нд хийх гэж байна. Дэлхийн сонгодогуудыг тоглолтон дээр дуулна гэдэг тийм амар ажил биш. Тоглолтондоо ОХУ-ын Красноярскийн нэг удирдаачийг урьсан. Мөн Францын соёлын ажиллагаанд ирсэн нэг хүн, манай хоёр удирдаач дохино. Би өөрөө бүхнийг хийх гэж гүйсээр байгаад сурчихсан болохоор зарлал, реклам ч байсан өөрөө л очиж үзэхгүй бол санаа амардаггүй. Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 16-17 тоглолт хийснээс энэ удаагийнх цэвэр сонгодог урлагийн хоёрдахь нь юм.

-Та гадаадад бас тоглолт хийдэг шүү дээ. Ер нь таныг яаж хүлээж авдаг вэ?

-Өнгөрсөн зун Англид Дэлхийн зөн олон улсын байгууллагын элчийн шугамаар би нэг цагийн тоглолт хийсэн. Хүмүүс маш сайхан хүлээж авсан. Ёр нь сонгодогийг дуулахад их гоё байдаг. Энэ бол бүх нийтийн урлаг, хэн ч ямар ч үндэстэн ойлгодогоороо онцлог. Дэлхийн гайхамшигтай дуучид миний дуулж байгааг дуулж, тэдний дуулж байгааг би дуулдаг.

-Энэ тухай та наснаасаа их ярьсан л байлгүй. Гэхдээ та урлагт анх хэрхэн хөл тавьсан нь сонин байна. Тэр тусмаа сонгодог урлаг бол хэцүү салбар?

-Би дуучин болно гэж боддог байсан. Тухайн үедээ нийтийн дуу л дуулж байсан даа. Ер нь сонгодог урлагаар явна гэдгийг ойлгодоггүй байлаа. Сонгодог урлагаар долоон жил сурч, нэг жил Италид мэргэжил дээшлүүлээд театрт ирсэн. Одоо эргээд харахад сонгодог урлагтай 23 жил нөхөрлөжээ.

-Та рок попынхонтой хамтран олон сайхан дууг олны хүртээл болгосон. Дуурийн дуучин хүнд энгийн дуу дуулах ямар вэ. Тэр дундаа рок попынхонтой дуулахад чанарын ялгаа харагдана биз?

-Зарим нь намайг рок попынхонтой дуулахаар дууриа дуулж чаддаггүй гэж боддог юм билээ. Гэтэл би өөрийнхөө хоолойны ангилалд тавигдсан бүх дуурийг дуулснаа тооцохоор 30 гаруй дуурь дуулаад байна. Аливаа дуурийн нэг дүрд хоёроос гурван жүжигчин бэлддэгээс хамгийн сайн дуулж байгааг нь эхэлж дуулуулдаг. Миний хувьд дандаа эхний тоглолтонд дуулж байсан болохоор дажгүй байгаа юм болов уу гэж боддог шүү / инээв.сурв/. Гэхдээ би ганцхан дуурьт үнэнч гээд өөр юм хийхгүй байж болохгүй. Би үнэнч байгаа л даа. Намайг Италид мэргэжил дээшлүүлж байхад тэдний дуурийн дуучид жирийн дууг их гоё дуулж байсныг хараад дан ганц дуурь дуулах биш, хүмүүсийн сэтгэлд хүрэх бүхий л дууг дуулах зүгээр юм гэдэг бодол орж ирсэн. Манай монголчууд дуунд дуртай ардтүмэн. Тиймээс энэ олон аймаг сумдад дуугаа хүргэмээр санагдаад нийтийн дуу дуулдаг болсон. Хүмүүс намайг бөхийн өргөөнд дууллаа гэж шүүмжилдэг. Миний бодлоор дандаа дуурийн театртаа дуулаад байвал сэтгэл минь ханахгүй.

-Дуурийн дуучин нийтийн дууг дууллаа гэхэд хэн ч гайхахгүй. Гэхдээ рок поп хэмээх тэс хөндлөн жанраар дуулахад чинь эргэлзэх сэтгэл төрсөн шүү. Яаж ийм санаа төрөө вэ?

-Харанга хамтлагийнхан өөрсдөө ийм дуу байна гэдэг санал тавьсан. Харин Эх дэлхий-г Балхжав надад Сараатай дуулахыг зөвлөсөн. Номин Талст хамтлагтай дуулсан Сэтгэлд мөнхөрсөн эжий дууг би өөрөө сонгож, тэдэнд санал тавьсан. Тэр үед Номин Талстынхан ээжийн тухай дуунуудаараа алдаршиж байсан. Түүнээс хойш хамтлаг дуучид хамтран дуулах саналыг олон удаа тавьсан. Би бүх юмыг дуулна гээд байхгүй, өөрт таалагдсан дуугаа дуулах ёстой учраас татгалзсан хариу өгсөн.

-Уран бүтээлч хүний сэтгэлд хоногшсон бүтээл гэж байдаг. Таны сэтгэлд хоногшсон сайхан бүтээл юу байсан бол?

-Хамгийн анхны тоглолт маань 1991 онд болсон. Тэр үед реклам цацна гэж байгаагүй. Дуурийн театрынхан уран сайхны зөвлөлд хэлж, хөтөлбөрт оруулаад театрынхаа гаднах цагаан даавуун дээр Долгорын концерт гэж бичсэн байлаа. Анхны маань тоглолтоор театр дүүрсэн. Уг нь Дуурийн театрын гэрэл унтардаггүй, онцгой бүсэд ордог юм. Гэтэл тэр тоглолт эхлэхэд гэнэт гэрэл тасарчихсан. Би тайван болохоор удахгүй гэрэл ирэх байх гэж хүлээж байснаа сүүлдээ Хүмүүс явчихвал яана гэж айж эхлэсэн. Гэрэл нэг цагийн дараа ирсэн боловч үзэгчид сууж л байсан. Тэр үед баярласандаа дотроо та бүхэндээ дандаа сайн уран бүтээлээр бэлэг барьж байна гэж бодож билээ. Энэ тоглолт миний хувьд хамгийн дурсамжтай тоглолт байсан. Харин Ардын жүжигчин болсны дараахи тоглолт маань хамгийн том тоглолт болсон. Таван том оркестр, зургаан удирдаач оруулсан гээд бод доо.

-Танд урлагийн хувцас тансаг зохидог. Урлагийн хүн мэдээж хувцсандаа сонголт хийхдээ сайн биз?

-Ихэвчлэн дизайныг нь өөрөө санал болгодог. Ганга гоёл компани миний даашинзыг тааруулж, оёж өгдөг. Үнэхээр ч хүмүүс намайг гоё даашинзтай гэдэг шүү. Энэ тоглолтондоо зориулж зургаан даашинз оёулж байгаа. Урлагтай холбогдсоноосоо хойш олон даашинзтай болсон. Зарим хүмүүс хувцас, зүүлт чимэглэлдээ анхаарал хандуулахгүй, зөвхөн дуулах ёстой гэдэг. Би үүний эсрэг хүн. Шинэ уран бүтээл хийж байгаа болохоор хувцас ч бас шинэ байх ёстой.

-Та намайг жаахан байхад л ямар байсан яг л тэр хэвээрээ байх юм. Нас ахих тусам улам л жавхаалаг харагддагийн нууц юу вэ?

-Саяхан би нэг газраар орлоо. Тэр хүмүүсийн байдал, ажиллаж байгаа орчинг хараад урлагийн хүн болж төрсөндөө баярласан. Тэгээд театрынхаа хаалгаар орж ирэхэд дуу хөгжим цангинаад сайхан санагдсан. Зарим нэг нь урлагийнхан ядуу гэдэг. Би тэгж боддоггүй. Хүн дуртай юмаа хийж байна гэдэг хамгийн сайхан аз жаргал, баяр баясгалан. Хүнд нэг их мөнгө хэрэггүй шүү дээ. Сэтгэл ханахгүй бол хэчнээн мөнгө байгаад нэмэргүй. Тухайлбал, би таван мянган төгрөгөнд сэтгэл ханаж байхад зарим нэг нь арван таван мянгад ханахгүй байх жишээтэй. Хүн мөнгө цуглууллаа гээд үхэхдээ бүгдийг нь орхиод явна. Тиймээс дурсах юмтай, сэтгэлийн баяр баясгалантай байх чухал. Энэ л хүний гоо сайханд сайнаар нөлөөлдөг. Би өмнө нь хүмүүст сайн чанарын гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх тухай хэлдэг байсан. Гэхдээ гоо сайханд ганцхан бүтээгдэхүүн нөлөөлдөггүй. Урлаг дуулж байгаа хүний байтугай сонсож байгаа хүний сэтгэлийг хөдөлгөдөг.

-Таныг харахад дандаа тайван харагддаг. Гэхдээ нэгэнт бусдын адил хүний нийгэмд амьдарч байгаа хойно уурлах үе гардаг байх?

-Уурлахаараа гашуун, хатуу үг хэлээд дуугаа хураачихдаг. Хэрэлдэх мэтээр энерги зарцуулахгүй /инээв.сурв/.

-Тэгэхээр Долгор эгч дуулахаас гадна реклам энэ тэрд тоглодог болж. Ямартаа ч гурилны рекламанд тоглосон байхыг тань харсан. Тухайн рекламанд охинтойгоо тоглосон уу?

-Миний охин биш. Хүмүүс дандаа тэгж асуудаг. Рекламны саналууд ирдэг л дээ. Тэр рекламанд яагаад ч юм тоглочихсон. Улаанбаатар гурилыг манай эгч хэрэглэдэг байсан. Тэгээд сайн гурил гэхээр нь өөрөө хэрэглэж бас рекламдаж эхэлсэн.

-Таныг нөхөртэйгээ их оройтож суусан ч гэлээ залуу хүмүүс шиг гал халуунаар бие биенийгээ хайрладаг гэдэг юм байна лээ?

-Бид хоёр бие биендээ маш их хайртай. Гэхдээ жирийн хүн 15 жилийн өмнө хүнтэй суугаад амьдарсан бол хэн ч мэдэхгүй. Олны танил байна гэдэг зарим талаар яршигтай нь энэ юм даа. Хувийн амьдралыг маань хүмүүс мэдэж байхаар гунигтай санагддаг /инээв.сурв/. Бие биенийгээ хайрлахад нас хязгааргүй гэдэг үнэн.

-Тун саяхан цэргийн баяр болоод өнгөрлөө. Ханиа хэрхэн баярлуулав аа?

-Яасан ч байж болно / инээв.сурв/. Ач зээ, хүүхдүүдтэйгээ ойрхон байхсан гэж боддог болохоор тэдэнтэйгээ хамт өнгөрүүлсэн. Мэдээж өвгөнийхөө дуртай хоолыг нь хийж өгсөн. Өвгөн маань хүүхдүүдээ ирэхээр л их баярладаг. Хүүхдээ тэврээд, чирээд л байж байвал аавынх нь дуу чангараад бөөн баяр шүү дээ. Ер нь аль ч баярыг халуун ам бүлээрээ гэртээ өнгөрүүлдэг.

-Амьдралын аз жаргал эмэгтэй хүнээс ихээхэн хамаардаг гэдэг. Таны хувьд гэрийн эзэгтэй гэдэг ямар байх ёстой гэж ойлгодог вэ?

-Би ямар мундаг хүн биш тийм байх ёстой, ийм байх ёстой гэж хэлэх утгагүй. Хоёр өөр орчинд өссөн хүмүүс нэг гэрт орж байгаа болохоор нэг нэгэндээ итгэх л хамгаас чухал. Зарим эмэгтэйчүүд нөхрийнхөө утсыг авч, мессежийг уншаад, өмнөөс нь ярьж шалгах надад муухай санагддаг. Хэдийгээр түүний хань нөхөр нь ч гэсэн тэр хүн шүү дээ. Нэгнийхээ утсыг дуугарахад ядаж авч өгдөг байвал зүгээр. Ер нь хүнийг хүндэлнэ гэдэг жижиг зүйлээс эхэлдэг.

(Өглөөний сонин 54/119)

М.Уранчимэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button