Ц.Даваадорж Эцсийн шийдвэрийг УИХ гаргах учир одоохондоо асуудлыг дэвэргэмээргүй байна

Үйлдвэр, худалдааны яамны Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын дарга Ц.Даваадоржтой уулзаж, дээрх шийвэрийг хэрхэн хүлээн авч буйг нь сонирхлоо.

-МАХН-ын удирдах зөвлөл хуралдаж, таныг Үйлдвэр, худалдааны сайдаар томилох саналыг дэмжжээ. БНН-аас МАХН-тай байгуулсан гэрээнийхээ заалтыг биелүүлэхийг нэлээд хэд шаардсан. Таны бодлоор МАХН-ын Удирдах зөвлөлөөс гарч буй энэ шийдвэрт танай намаас Ерөнхий сайдад хандсан удаа дараагийн шаардлага нөлөөлөв үү, эсвэл?

-Энэ бол МАХН, БНН-ын хооронд байгуулсан гэрээний дагуу гарсан шийдвэр гэж бодож байна. Уг гэрээний хамгийн гол заалт болох БНН-аас Засгийн газарт нэг төлөөлөлтэй байна. Гэрээ нь УИХ-ын дөрөв дэх удаагийн сонгуулийн хугацаанд хүчинтэй. Гэрээг нэг талаас цуцлахгүй гэсэн заалтууд асуудлыг шийдвэрлэхэд голлон нөлөөлсөн болов уу. Тэгэхдээ МАХН-ын Удирдах зөвлөл ийм шийдвэр гаргалаа гээд шууд сайд болчих юм шиг ойлгож болохгүй. Эцсийн шийдвэрийг УИХ гаргах учир одоохондоо энэ асуудлыг нэг их дэвэргээд баймааргүй байна.

-Хэрэв дээрх шийдвэр батлагдвал та ямар зорилт дэвшүүлж ажиллах вэ. Та өөрийгөө салбартаа хэр туршлага хуримтлуулсан гэж бодож байна?

-Шийдвэр батлагдвал юуны өмнө улс орны нийтлэг эрх ашгийн төлөө бүх хүч чармайлтаа дайчилж ажиллана. Үйлдвэр, худалдааны яаманд ажилласан туршлага, Засгийн газраас дэвшүүлсэн саналын дагуу Монгол Улсын үйлдвэрлэлийг хөгжүүлэх цогц төлөвлөгөөг бий болгосон гэх мэт тодорхой зорилтууд бий. Эв нэгдлийн Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхэд бодлого боловсруулалцаж байсны хувьд дээрх зорилтуудыг биелүүлэхэд бүрэн бэлтгэлтэй байгаа гэж бодож байна. Бид ажилгүй байгаа олон мянган иргэдийг үйлдвэрлэлээр дэмжиж ажилтай болгох, Монгол Улсаа ойрын ирээдүйд үйлдвэржсэн, хөгжингүй орон болгох эх суурийг тавих амаргүй ажлыг эхлүүлээд байгаа. Үүнийг үргэлжлүүлэх боломж байна. Энэ бол Эв нэгдлийн Засгийн газрын төдийгүй УИХ-д төлөөлөлтэй намуудын хүчин чармайлт, цаашилбал Монголын бүх ард түмний хүсэл эрмэлзлэлийг биелүүлэх хариуцлагатай үүрэг. Үүнийг бид биелүүлэх ёстой. Засгийн газраас 2007 оныг Их бүтээн байгуулалт, ажлын байр нэмэгдүүлэх жил-ээр зарласан. Энэ хүрээнд ҮХЯ-наас хэрэгжүүлэх хэд, хэдэн дорвитой ажил бий. Дээрх ажлыг хэрэгжүүлэхэд хүч бололцоогоо дайчилна. Мөн кабинетийн зарчимд гол анхаарлаа хандуулах нь ойлгомжтой. Дээр дурьдсан бүхэн маань Эв нэгдлийн Засгийн газрын хүрээнд шийдэгдэх асуудлууд учраас дан ганц ҮХЯ-ны хийх ёстой ажил гэж ойлгож болохгүй. Энэ бүхэн бол бусад яам, агентлаг ч хүчээ нэгтгэж хийх ёстой ажил.

-Хувь хүнийхээ үүднээс та ямар зарчим баримталж ажиллах бол?

-Би өөрийн гэсэн бодолтой хүн. Өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлж ажиллана. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн нөлөөнд автахгүй, аливааг өөрийн толгойгоор шийдэж чадна. Энэ салбарт хуримтлуулсан туршлага минь ачаа үүрэхэд хазайхгүй гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн МАХН, БНН-ын хооронд байгуулсан гэрээгээ мөрдөж, танхимын зарчмыг сайтар баримталж л ажиллана даа.

-Хаврын чуулган эхлэхэд цөөхөн хоног үлдлээ. Энэ чуулганд танай яамнаас эхний ээлжинд ямар асуудал оруулж хэлэлцүүлэхээр төлөвлөөд байна?

-ҮХЯ-наас эхний ээлжинд стратегийн ач холбогдолтой ордуудыг ашиглахад төрийн оролцооны хувь хэмжээг тогтоох асуудлыг оруулж хэлэлцүүлнэ. Мөн намрын чуулганаар хэлэлцэж эхэлсэн гар аргаар ашигт малтмал олборлох хуулийн төслийг яаравчлан батлуулах шаардлагатай байна. Чуулганы завсарлагаагаар гишүүд ажлын хэсэг байгуулан гар аргаар ашигт малтмал олборлож байгаа хувь хүн компаниудын байдалтай газар дээр нь танилцаад ирсэн. Тэгэхээр энэ хаврын чуулганаар дээрх хуулийн төслийг нэлээд ул суурьтай хэлэлцэх боломжтой. Мөн үйлдвэр технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл хэлэлцүүлнэ. Үйлдвэр, технологийн парк байгуулах нь манай улсад хүнд, хөнгөн үйлдвэр хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулах чухал алхам болох юм.

(Өглөөний сонин 54/119)

Ч.Үл-Олдох

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button