Хадгаламж банкны хойтохыг унших бэлтгэлийг хувьчлахаас өмнө хийсэн байжээ

Хадгаламж банкийг тойрсон асуудалд банк санхүүгийнхэн болон улстөрийн хүрээнийхэн ч санаа зовниж эхэллээ. Ганц хүн идэж, ашигласан гэхэд дэндүү ахадмаар энэ хэрэгт МАХН төдийгүй нам үл харгалзсан бизнес, улстөрийн бүлэглэлүүд ч оролцсон нь шалгалтын явцад илэрч байгаа бололтой. 14.2 тэрбум төгрөгийг зувчуулсан гэгдээд байгаа тус банкны ерөнхий нябо Ц.Чимидцэрэн 1.2 тэрбум төгрөгийг хувьдаа ашигласныг ТӨХ мэдээлж байсан. Харин үлдсэн 13 гаруй тэрбум төгрөгт улстөрийн бүлэглэлүүд болоод арилжааны банкууд ч оролцсон талаар яригдаж эхлээд байна. Хадгаламж банкийг хувьчлахаас өмнөх хоёр захирлын үед алга болсон гэгдээд байгаа энэ мөнгө дан ганц Чимидцэрэн, МАХН-тай ч холбоотой биш АН-тай, тухайн үеийн Ерөнхий сайд Ц.Элбэгдоржтой холбогдож болзошгүй болжээ. Зөвшилцлийн гэх Засгийн газрын үеэс л хувьчлагдахаар хоёр ч удаа хойшлогдож байсан энэ банкийг төрийн мэдлээс гаргах гэж байгаа сургаар тухайн үед эрх барьж байсан хүчин болон түүнийг тойрсон олигархи бүлэглэлүүд ч зүгээр суугаагүй аж. Анх энэ хэргийг МАХН-тай холбон улстөржүүлсэн.

Учир нь Ц.Чимидцэрэн нь МАХН-ын гишүүн байсан бөгөөд улсын мөнгөөр баярхан МАХН-ын залуучудын байгууллагын үйл ажиллагааг хэд хэдэн удаа санхүүжүүлж байсан гэдэг. Удаа ч үгүй МАХН-ын хэд хэдэн залуучууд энэ хэрэгт нэр холбогдон шалгагдаад байгаа. Гэтэл энэ хэрэг сүүлийн үед дан ганц МАХН-ынхантай ч биш АН-ынхантай ч холбогдож эхэлжээ. Учир нь Ц.Чимидцэрэнгийн мөрийтэй тоглосон гэх 1.2 тэрбум төгрөгөөс гадна сох дутаад байгаа 13 гаруй тэрбум төгрөг нь МАХН-ын төдийгүй АН-ынхны ч халаасанд орсон бололтой. Хоёр жилийн өмнө буюу 2005 онд Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байхад Хадгаламж банкийг их хувьчлалын хүрээнд хувьчлахаар анх ярьж эхэлжээ. Үүнтэй холбогдуулан тухайн үеийн Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн тушаалаар Цэвээнпүрэвийг ЗГХЭГ-ын референт Базар гэдэг хүнээр сольж хувьчлалын бэлтгэл ажлыг анх эхлүүлсэн гэдэг. Тэрбээр захирал томилогдоод удалгүй Ц.Элбэгдоржийн түрүүвч гэгддэг УИХ-ын гишүүн Женко Баттулгын хувийн Интер, Капитрон гэх хоёр банкинд олон сая ам.долларыг зээл нэрээр өгч, мөн Швейцарын Union bank of California intemashnal хэмээх банкин дахь дансанд маш их хэмжээний мөнгийг байршуулж эхэлсэн талаарх мэдээллүүд гарч эхэлсэн. Гэвч энэ нь тэгсхийгээд намжсан.

Харин одоо энэ олон сая долларын зээл гэгдээд байгаа мөнгөнүүд одоогийн Хадгаламж банкнаас дутсан 13 тэрбум төгрөгтэй ч холбогдож болзошгүй аж. Ийнхүү толгойг нь сольсноор эхлүүлсэн Ц.Элбэгдорж болон Ч.Базар нарын бэлтгэл ажлын талаар олон сонин хэвлэлээр шүүмжилж, Эвслийн Засгийн газрын үед дампуурсан банкууд шиг болгох вий хэмээн сэрэмжлүүлж байсан. Гэтэл энэ нь одоо биелэлээ олж, хэдэн жилийн өмнөх Ард, Сэргээн босголт банк-ны араас ороход бараг бэлэн болоод байна. Хадгаламж банкны удирдлагууд банкныхаа үйл ажиллагааг хэвийн байгаа хэмээн мэдэгдэж байгаа. Гэвч хадгаламж эзэмшигчид нь долоо хоногт л хэдэн тэрбум төгрөгөө татан авч байна. Энэ нь тус банкийг хүссэн ч хүсээгүй ч нэлээд хүндхэн байдалд оруулж эхлээд байна. Хэдийгээр тус банкийг хувьчлагдахаас өмнө сох дутсан гэгдээд байгаа 14.2 тэрбум төгрөгийг төрвөс төлөх тухай яригдаж эхлээд байгаа. Гэхдээ харилцагчдынхаа итгэл дээр тогтдог банкны хувьд өмнөх шигээ жилд хагас тэрбум төгрөгийн ашигтай ажиллана гэдэгт итгэхэд бэрх юм. Тухайн үед буюу төрийн мэдлийн ганц банк байхдаа тус банк ийм ашигтай ажиллаж байсан гэдэг. Харин одоо нэгдүгээрт хувьчлагдсан, хоёрдугаарт харилцагчид нь нэгэнт мөнгөө татаж эхэлсэн тул дампуурахгүй гэх баталгаа байхгүй болоод байна. Гэхдээ ийм байдалд хүрсэн нь гэнэтийнх биш бөгөөд өнөөдөр биш гэхэд маргааш эсвэл хэзээ нэгэн цагт болох л үйл явдал байжээ.

(Өглөөний сонин 54/119)

Д.Хангай

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button