С.Шаарийбуу Би ирсэн хүмүүстэй уулзсан, ярих юмаа ярьсан, асуух зүйлээ асуусан

Гэхдээ манай цагдаагийнхан тэднийг тосч авч, бас үдэж гаргасан аж. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тус улсын цагдаагийн гурван ажилтан талийгаачийн хүүгээс, эсвэл ээжээс нь ДНК-ийн шинжилгээ авсан гэхчлэн энэ мэдээллийг хэвлэл, мэдээллийнхэн янз бүрээр тайлбарлаж байгаа. Дээрх мэдээллийн талаар талийгаачийн аав С.Шаарийбуугаас цөөн асуултад хариулт авлаа.

-Малайзын цагдаагийнхан ямар зорилготой ирсэн юм бол. Энэ тухай өмнө нь мэдэж байсан уу. Та тэдэнтэй уулзав уу?

-Би тэндээс хүмүүс ирнэ гэдгийг интернэтээс л анх мэдсэн. Энэ тухай мэдээлэл надад албан ёсоор ирээгүй. Надад байтугай манай Гадаад хэргийн яам болон бусад холбогдох байгууллагад ч ирээгүй байсан. Тэд гэнэт л хүрээд ирсэн. Ингэж гэнэт яаралтай ирэх болсон нь шүүх хурлын хугацааг наашлуулсантай холбоотой байх гэж бодож байна. Гэсэн ч тэд манай улсад нэг дүрэм журамтай ирэх байх гэж бодох юм. Уг нь би хохирогч шүү дээ. Тиймээс энэ тухай надад хэлэх ёстой. Сураглахад Интерполын шугамаар манайд хандсан гэж дуулдсан. Би ирсэн хүмүүстэй уулзсан, ярих юмаа ярьсан, асуух зүйлээ асуусан. Гэхдээ юу гэж ярьсан, яасан эсэхийг нийтэд зарлах албагүй. Ер нь тэд намайг юу ч ярьсан шүүх хурал эцсийн шийдвэрийг гаргана, шүүх л мэднэ, эсвэл танай шүүгч шийднэ гэж хэлдэг юм. Мөн иймэрхүү яриа болсон. Үнэндээ тэд бус би өөрөө хөөцөлдөж байж тэр хүмүүстэй уулзсан шүү дээ.

-Энэ хүмүүс таны ачаас чинь шинжилгээ авахаар ирсэн гэдэг. Гэтэл таны эхнэрээс шинжилгээ авсан гэх яриа ч байна. Аль нь үнэн болж таарч байна аа?

-Талийгаач ямар хүн байсан. Мөн хүүгээс, эхээс ер нь хэнээс шинжилгээ авах нь тийм сонирхолтой чухал байна гэж үү. Магадгүй шүүх хурлын эцсийн өдөр болоход ганц эцгийнх нь шинжилгээгээр талийгаачийн мөн эсэхийг тогтооход тийм ч найдвартай бус гэж нөгөө талын өмгөөлөгч асуудал тавихыг үгүйсгэх аргагүй. Тиймээс эхээс нь шинжилгээ авах нь хийгдэх ёстой ажлын нэг гэж бодож байна.

-Ирсэн хүмүүс манай хууль хяналтынхантай уулзаж хамтарч ажилласан юм биш үү?

-Энэ хүмүүсийн ирэх сургаар нь би ХЗДХЯ гээд л хууль хяналтын бүх байгууллагад ийм хүмүүс ирэх гэнэ, та бүхэн хүнийхээ төлөө ажиллаарай гэсэн утгатай өргөдлийг өгсөн. Магадгүй шүүх хуралд яваад очиход талийгаачийн эсрэг мэдээлэл барьчихаад танай хууль хяналтын байгууллагын өгсөн мэдээлэл шүү гэж миний амыг асуухаар хариуцлагагүй зүйл хийгээгүй байгаасай. Зүгээр хоёр улсын хууль хяналтын байгууллагын албаны асуудал байгаасай гэж би хүсч байна. Үнэндээ тэд манай цагдаагийнхантай хамтарч ажилласан уу, туслалцаа авсан уу, ер нь яасныг би мэдэхгүй байна. Энэ тухай надад хэлж яриагүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэр хүмүүсийн яах гэж, ямар зорилготой ирснийг манай цагдаагийнхан нууцалж байна гэсэн утгатай юм гарсан байна билээ. Ер нь хохирогч надаас нуудаг, хэвлэл мэдээллийнхэн, хүний эрхийн байгууллагаас нуудаг ямар нууц байдаг юм бэ.Нэг хүнээс цусны шинжилгээ авах нь тийм нууц юм уу. Өнөөдөр тэр гурав манайд яах гэж ирснийг хэн мэдэж байгаа юм бэ.

-Цагдаагийнхан мэдэж байгаа юм биш үү. Тэд дээрх хүмүүсийг тосч авч, хамгаалалттай байлгаж эцэст нь үдэн гаргасан гэсэн шүү дээ?

-Чи цагдаагийнхнаас энэ асуултаа асууна биз дээ. Би мэдэхгүй байна. Малайзчууд ирээд гурав хоног ямар ажил хийгээд, бүтээгээд явсныг өөрсдөө хэлэх байлгүй. Хэрвээ тийм бол юуг нь нуугаад байгаа юм бэ. Миний охин улсаас юм хулгай хийгээгүй, Монгол Улсын нэрийг муутгах зүйл хийгээгүй атал хэнээс юу нуугаад байна гэдгийг гайхаж байна. Өнөөдөр тэднийг манай улсад ямар зорилготой яах гэж ирсэн нь тодорхойгүй байхад үүнд хөндлөнгийн хяналт тавих ёстой хүний эрхийн байгууллага, цагдаа яасан юм бэ. Харин ч бүр цагдаагийнхан тэднийг хэнээс ч юм хамгаалж нууж хааж байгаад явуулсан гэнэ билээ. Нэг иргэн нь аймшигтай хэрцгийгээр алуулчихаад байхад манай цагдаагийнхан юу болоод хөл нь газар хүрэхгүй харайлгаад байгаа юм бүү мэд. Хүнээ алуулчихаад үүнийхээ хариуг бас тэгж авдаг хүмүүс бид биш шүү дээ. Харин нүглийг буян хийж хариулдаг юм. Үнэхээр тэгж онцгой хамгаалах ёстой, албан ёсны айлчлалаар ирсэн юм бол энэ хэргийн талаар бус өөр албан ажлаар тийм зөвшөөрлөөр, ийм шугамаар ирсэн гэдгийг хэлэх хэрэгтэй биз дээ.

-Малайзаас гурван хүн нууцаар шахам ирээд буцсан нь хүмүүст элдвийн хар төрүүлээд байна л даа?

-Хэвлэл мэдээллээр янз бүрийн л мэдээлэл, таамаг гарах юм даа. Манай хэвлэлийнхэн интернэтэд байгаа мэдээллийг хуулж аваад, үнэн худлаа, хазгай муруй орлуулаад л нийтлэх юм. Үнэн хэрэгтээ тухайн мэдээлэл захиалгаар, зохион байгуулалттайгаар хэн нэгний даалгавраар бичсэн мэдээ байхыг үгүйсгэх аргагүй. Гэтэл манай хэвлэлийнхэн үнэн зөвийг нь ялгалгүй шууд хуулаад сониндоо нийтэлдэг. Алдсан хүн арван тамтай гэгчээр талийгаачийн гэр бүл, бид өнөөдөр ямар их хохирч шаналж байгаа нь тодорхой. Уг нь энэ хүмүүсийг ирснээс эхлээд явтал нь би хамт байж байсан бол надад ямар ч хар төрөхгүй байлаа. Тэдний ирсэн зорилго, хийсэн ажлыг бүх нийтээс нууж байгаа нь намайг янз бүрийн юм бодож шаналахад хүргэж байна.

-Зарим хэвлэлд дээрх хүмүүсийг талийгаачийн хүүгээс шинжилгээ авах гэсэн халхавчаар манайхантай тохиролцоо хийхээр ирсэн гэх мэдээлэл гарсан?

-Шинжилгээ авахаар ирсэн гэх ч өөр ямар зорилготой яах гэж ирсэн нь өнөөдөр олны дунд асуултын тэмдэг хэвээр байгаа. Хэдий боловч арай тийм зүйл хийнэ гэхэд гайхаж байна. Хэргийг тохиролцож болдог юм уу. Үхсэн хүнийг босгоод ирдэг бол бид байдгаа зараад ч гэсэн ганц жил амьдруулахыг хүсч байна. Тэгвэл олон нууц зүйл тодорхой болно. Тэгэхээр юугаа тохирох гээд байгааг ойлгохгүй байна.

-Та өмгөөлөгч Сингхтэй холбоотой юу?

-Малайз уруу түүнтэй холбоо барихад маш хэцүү байдаг ч түүнтэй холбоо барьдаг л юм.

-Та шүүх хуралд оролцох уу?

-Мэдээж оролцох байх. Шүүх хурал ирэх зургадугаар сарын дөрөвнөөс 29-ний хооронд болно.

-Шүүх хурлын эцсийн шийд ямар гарсан байлаа ч таны хувьд гомдолтой байвал яах вэ?

-Давж заалдах нь ойлгомжтой. Болж бүтэх бүхий л аргаар үнэний төлөө тэмцэнэ. Олон улсын шүүхэд ч хандах болно.

-Талийгаачийг хөнөөсөн зэвсгийг байшин барилга нураах зориулалттай бараг л цагдаа болгонд нь байдаг мэтээр тус улсын хэвлэлд бичсэн байсан?

-Энэ бол үнэнийг гуйвуулах гэсэн оролдлого. Би С-4 нэртэй энэ зэвсгийг ямар үйлчлэл үзүүлдэг, дээр нь гурав байвал хэрхэн нөлөөлөх эсэхийг тогтоож өгөх хүсэлтийг Батлан хамгаалахын сайдад өгсөн. Гэтэл хариуд нь манайд ийм зэвсэг байхгүй гэсэн хариултыг өгнө билээ. Уг нь амиа алдсан нэг иргэнийхээ төлөө энэ зэвсгийг хаана юунд зориулж хэрэглэдэг, ямар хор нөлөөтэйг хэлээд өгч болох шүү дээ. Миний олж мэдсэнээр С-4 гэх энэ бөмбөгийн нэгийг дэлбэлэхэд дөрвөн давхар барилга орвонгоороо үгүй болдог гэсэн. Тэгвэл миний охинд ийм гурван бөмбөг хэрэглэсэн байсан. Өнөөдөр хүнийхээ төлөө төр засаг надад эдийн засаг, эрхзүйн туслалцааг үзүүлж болох шүү дээ. Охиноо алдсанаас хойш зургаан сарын хугацаанд надад яваагүй, хандаагүй газар байхгүй. Зарим төрийн бус байгууллагуудыг эс тооцвол өнөөдрийг хүртэл миний өргөдөл, хүсэлтэд хариу өгсөн, иргэнийхээ төлөө гэсэн сэтгэл гаргасан нэг ч газар алга даа.

-Талийгаачийн бага хүүгийн биеийн байдал ямар байгаа вэ?

-Ямар байхав дээ. Босч чадахгүй хүнд л байгаа.

Монголын мэдээ сонин 054 /2086/

Б.Орхон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button