Конди мэргэжлийн төгөлдөр хуурч байх байжээ

Түүнийг Төрийн нарийн бичгийн даргийн хувад өнөөдөр дэлхий нийтээрээ мэддэг ч ямар хүүхэд байсан, ямар замаар замнасаар энэхүү өндөрлөгт хүрснийг мэдэх хүн цөөхөн байдаг. Кондолиза бол өндөр боловсролтой, элит гэр бүлээс гаралтай нэгэн ажээ. Түүний эцэг нь Вестминстерийн Пресбитерианы сүмийн санваартан, харин ээж нь хөгжмийн багш байв. Эднийх мужийнхаа нэлээд нэр хүндтэй хар арьстны гэр бүлд тооцогддог байжээ. Аав нь Колин Пауэллийн эхнэрийн ахтай олон жилийн турш ойр дотно хамтран ажилласан, гэр бүлийн найзууд бөгөөд 1967 онд Денверийн их сургуулийн удирдах албанд очих болсноор Кондолизагийн гэр бүл Денвер рүү нүүжээ. Кондолиза хэзээ ч гэрлэж байгаагүй. Үндэсний хөлбөмбөгийн лигийн гишүүн болох хүсэлтэй, 2002 онд Вашингтонд их хуурч Ёо Ёо Матай хамтран төгөлдөр хуурын бүтэн концерт тоглож үзүүлсэн, Шеврон Корпорейшнд захирлуудын зөвлөлийн гишүүн байхдаа өөрийн нэрээр нэрлэгдсэн газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцтой байсан гэдэг. Түүнийг Конди гэж дууддаг.

Тэрбээр маш азтай нэгэн. Кондолиза Раис хар, цагаан арьст хүүхдүүдийг сургуульд сурахад ялгаварлан гадуурхдаг байсныг Дээд шүүхээс хүчингүй болгосон тэр үед буюу 1954 онд төржээ. 15 настайдаа дунд сургуулиа төгөлдөр хуурчаар төгсөөд мэргэжлийн төгөлдөр хуурч болохоор Денверийн их сургуульд элсэн орсон байна. Харин сургуульд орсон эхний жилдээ л тэрбээр бодлоо өөрчилжээ. Тэдний ангид олон улсын улстөр судлалын хичээлийг зааж байсан Жозеф Корбел багш түүний хэтийн зорилгыг өөрчилж, олон улсын харилцааг сонирхох суурийг нь тавьсан гэдэг. Энэхүү гайхалтай багш бол АНУ-ын анхны эмэгтэй Төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайтын аав нь байсан юм. Ингээд Конди 19 настайдаа улстөрийн шинжлэх ухааны бакалавр цолыг авсан байна. Тэр бас шилдэг оюутан байжээ. Сургуулиа төгссөнөөс хойш хоёр жилийн дараа тэр Нотр Дамын их сургуульд олон улсын харилцаа, улстөрийн шинжлэх ухааны мастерын зэрэг хамгаалав. Ажлынхаа гарааг тэрбээр Ерөнхийлөгч Жимми Картерын захиргаанд, Боловсрол, соёлын асуудал хариуцсан газраас эхэлсэн нь төрийн өндөр албанд эргэлт буцалтгүйгээр орох суурийг нь тавьжээ. Үүнээс хойш түүний албан тушаал байнга ахисан байдаг. Кондолиза одоогийн Ерөнхийлөгч Ж.Бушийг улстөрд орох бараа сураг ч үгүй байхад эцэгтэй нь найрсаг бөгөөд албан хэргийн харилцаатай байжээ. Тэрбээр эцэг Бушийн удирдлагад ЗХУ болон Зүүн Европын орнуудын асуудал хариуцсан дарга, Пентагоны гадаад харилцааны экспертээр, мөн Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын туслах зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай улстөрч, дипломатч ажээ. Бушийн захиргаанд ажиллаж байхдаа Кондолиза Ерөнхийлөгч Буш болон тухайн үеийн Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер нарын хоёр Германыг нэгтгэх томоохон ажлын стратегийг боловсруулж байжээ. Тэрбээр үнэхээр ажлаа хийсэн шиг хийдэг хүн.

Ерөнхийлөгч Буш нэгэнтээ түүнийг Михаил Горбачевт Миний ЗХУ-ын тухай бүхий л ойлголт, мэдлэгийг энэ л хүн надад хэлж өгдөг юм даа гэж магтаж байсан удаатай. Ерөнхийлөгч Буш суудлаасаа бууж, түүний оронд Билл Клинтон Ерөнхийлөгч болсон он жилүүдэд Кондолиза Стэнфордын их сургуульд ажиллах болсон. Энд тэрбээр төсөв, сургалт хариуцсан захирлаар ажиллаж эхэлсэн бөгөөд жилийн 1.5 тэрбум долларын төсвийг зохицуулж, факультетын 1400 гаруй гишүүн, 14000 гаруй оюутны асуудлыг хариуцан ажиллаж байжээ. Харин хүү Буш Ерөнхийлөн болмогцоо түүнийг үндэсний Аюулгүй байдлын зөвлөхөөрөө ажиллахыг урьснаар тэрбээр дахин улстөрийн тогоонд орсон байна. Конди дандаа улстөртэй холбоотой байсангүй. Түүний олон улсын харилцааны талаархи мэдлэг нь бизнесийн хүрээнийхэнд ч маш үнэ цэнтэй байлаа. Тэрбээр АНУ-ын газрын тосны томоохон компани болох Шеврон корпораци болон Чарльз Шваб корпораци, Хевлетт Паккард, Карнеги корпораци, Нотр Дамын их сургуулийн захирлуудын зөвлөлийн гишүүн, мөн Ж.П.Морганд гадаад харилцааны зөвлөх зэрэг ажлуудыг хашиж байсан туршлагатай бизнесч ажээ. Ойр дотны, хамт ажиллаж байсан найз нөхдийнх нь тодорхойлсноор Конди итгэл дааж ажиллаж чаддаг, хариуцлагатай, хийсэн ажилдаа ззэн болдог, бас их өөртөө итгэлтэй, тууштай учир хүмүүс түүнтэй ажиллахдаа дуртай байдаг ажээ. Тэр дундаа удирдлагын дээд төвшинд, эрчүүдтэй хамтран стратегийн шийдвэр гаргахдаа тун гаргуун нэгэн.

Ерөнхийлөгч хүү Бушийн Ирак уруу довтолсон талаар хүмүүс Ерөнхийлөгчдөө итгэж чадахгүй болсон. Дуулиан шуугианы үед Кондолиза л илэн далангүй бөгөөд итгэл төгс мэдэгдлүүдийг хийж байсан гэж үнэлэгддэг. Тэрбээр Иракийг олноор хөнөөх цөмийн зэвсэгтэй эсэх нь батлагдаагүй байхад дайралт хийлээ гэж хүчтэй шүүмжлэгдэж байх үед Нью Йорк Таймс сонинд Яагаад бид Ирак худлаа яриад байгааг мэдэж байна вэ гэсэн нийтлэл бичиж маш олон хүнийг өөртөө татсан гэдэг. Одоо тэрбээр дэлхийн улстөрийн хүрээнийхний дунд өөрийгөө нэгэнт хүлээн зөвшөөрүүлж чаджээ. Кондолиза бол АНУ-ын анхны африк-америк гаралтай эмэгтэй Төрийн нарийн бичгийн дарга, хоёр дахь африк-америк гаралтай Төрийн нарийн бичгийн дарга юм.

Монголын мэдээ сонин 054 /2086/

Б.Хишигдэлгэр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button