Т. Наран Монголын төр олон зуун саяар түүхий хуушуур авчихлаа

-Таныг Бөртэ чоно-Чингис хаан киног түүхийг гуйвуулсан гэж үзэн Засгийн газар болон Японы Элчин сайдын яаманд өргөх би¬чиг барьсан гэж сонслоо?

-Монгол Улсын Засгийн газар өвөг дээдэс хийгээд ирээдүй хойчийнхоо өмнө ялт хэрэг үйлдчихээд байна. Японы тэрбумтан Хадакова Харуки тэргүүтэй хэсэг хүмүүст улсын төсвийн хөрөнгөнөөс 680 гаруй сая төгрөг өгч захиалгаар эх түүхээ сүйтгүүлчихлээ. Энэ кино нь түүхэн киноны үнэнийг өгүүлэх, танин мэдүүлэх зүй тогтлыгэрс мушгисан. Түүх гуйвуулсан мөнгөний бүтээл болжээ.

-Кино бүтээлчдийн алдаа юм болов уу. Эсвэл ямар нэг далд зорилго байна уу. Түүхэн киноны талаасаа судалбар ажил нь орхигдсон юм шиг…?

-Чи бод доо. Бид Японы Сёгуний хаанчлалын эцэг, Ёритомогийн тухай ийм кино хийсэн бол тэд яах байсан бол оо. Мөн Оросын I Петр хааныг ийм маягаар бүтээсэн бол яах бол. Гэтэл бид ёс жудаггүйгээр ард түмнийхээ халаасыг сэгсрэн байж захиалгаар үүх түүх, үндэс язгуураа доромжилж байгаа нь үнэхээр харамсалтай. Судалгаа ер нь байгаа юм уу. Ийм агуу түүхтэй манай улсыг одоогийн өнцгөөс, ядуу буурай Монгол гэдэг үүднээс л хандсан хэрэг.

-Япон жүжигчид тоглосон болохоор түүхийн талаасаа учир дутагдалтай мэт харагдаад байгаа тал байна уу?

-Яахав, уг киноны гол дүрүүдэд тоглосон япон жүжигчдийг хүн гэгч амьтны хэлбэр галбирын хувьд өөчилж гоочлохын хэрэг алга. Даанч Монголыг, Монголын түүхийг мэдэхгүй, бүр төсөөлөх ч үгүй учраас Чингис хааныг далайн дээрэмчин төрхтэй зандалчин, Жамухыг хоовон толгойлсон хийрхүү самурай, Өүлэн эхийг усан нүдэлж урт хормойгоо өшигчсөн наран авгай мэтээр үзүүлсэн байна. Мөн үйл явдлын дараалалгүй, утгын схемийг маш бүдүүлэг зөрчсөн байна лээ.

-Тодруулбал?

-Кино эхлэхэд л Тоорил хаан ван болчихсон давхиж явна. Мөн Хулан хатанг эм цэрэг маягаар үзүүлсэн, Бөртэ үжинийг жирэмсэн болгосных нь төлөө Өүлэн эхийн аль эртний авааль нөхөр /Уг нь Бөртэ үжинийг олзолж Чилгэр бөхөд өгсөн тухай түүхэнд тэмдэглэсэн нь бий/ Их Чилэдүг архирч бүр улайран жадлаж байгаа нь Чингис хаан бүү хэл жүжигчнийг доромжилсон, Чингис хаан киноны туршид малгайгүй, цэргүүд нь бүгд хөх тэрлэгтнүүд, Зүчийг үйл хэрэг яагаа ч үгүй байхад үхүүлсэн гээд л хөвөрч өгнө дөө. Өдгөөгийн бид яадаг ч үгүй юм гэхэд хойч үе маань ойд төөрөлдсөн сармагчин, оюун билэггүй манкурт боол битгий болоосой.

-Киноны эффект, зураг авалт талаасаа сайн болсон гэл үү.

-Энэ чинь Чингис хааны нэртэй Том хуушуур зарж мөнгө олох гэсэн зорилго. Тэд манай түүхийн татвар төлөгч албатууд байсан учраас л түүхийг минь гуйвуулж байгаа юм.

Манж, хятадууд бидний түүхэн билэг чанарыг, оросууд оюуны удамшлын генийг маань устгасан. Бүгд л бидний өвөг дээдсийн эрхэнд байсан болохоор одоогийн нэр төрийн үүднээс л биднийг дээш нь гаргахгүй байгаа юм. Зураг авалт талаасаа үнэхээр сайн. Мөнгөтэй орон киног тэгж хийдэг юм.

Гагцхүү бидний соёл өв хөрөнгөөр мөнгө олж байгаа нь харамсалтай. Тиймээс киног хааж, Монголын ард түмэнд өв соёл, хөрөнгө, оюуныг нь ашигласныхаа төлөө мөнгө төлөх ёстой. Ард түмэн ч шаардах бүрэн эрхтэй.

-Бусад улсын хувьд ийм тохиолдол байдаг болов уу?

-Дэлхий дахинд нэрд гарсан зохиолч, яруу найрагч Салмэн Рушид зөвхөн шашны зарим нэг уламжлэлд харшилсан мөрүүдтэй Шулмын шүлгүүд номоо бичээд Ираны төрөөс цааз сонссон, саяхан Тайландын хааны хөргийг хараар зурсныхаа төлөө Швейцарын зураач Тайландын шүүхээс 75 жилийн ял сонссон нь бий. Улс орнууд түүхээ ингэж нандигнадаг. Харин монголчууд Чингис гэсэн нэрээр хоосон хөөрч мөнгө олдгоос биш түүхээ огт мэддэггүй нь харамсалтай.

-Өргөх бичгийнхээ талаар тодруулбал. Хүлээн авсан уу?

-Монголын түүх, гүн ухаан судлаач Ш.Даваасүрэн бид хоёр киног үзчихээд их бухимдсан. Түүхчид, түүхийн хүрээлэнгийн орон тоон дээр цалин авдаг хүмүүс яагаад юу ч дуугарахгүй байгааг гайхсан. Үүнээс үүдэн Япон улсаас Монгол Улсад суугаа элчин сайд ноён Икихаши Ясүёшид, мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд М.Энхболд нарт 2007 оны гуравдугаар сарын 14-ний өдөр өргөх бичиг барьсан.

-Өргөх бичгийн гол агуулга нь юу вэ?

-Энэхүү киног бүтээгчид Мрнголын түүхийн баримтуудыг эрээ цээргүй мушгин гуйвуулсныхаа төлөө Монголын ард түмнээс уучлал гуйх, Монгол Улсын төсөвт учруулсан эдийн засгийн шууд хохирол 680 сая төгрөгийг эргүүлж төлөх, киног бүрмөсөн хаах /Бусад орны кино театруудад гаргахыг/, цаашид Монголын түүх, их хаад, их хатдын нэрийг аливаа бизнесийн зорилгод ашиглах явдлыг зохицуулсан хуулийг нэн даруй УИХ-д оруулан батлуулж мөрдүүлэх гэсэн дөрвөн шаардлагыг хүргүүлсэн юм.

-Оллоо сайт дээр санал асуулга явуулж байгаа гэл үү?

-Тийм. Ихэнх нь бидний саналтай нэг байгаа. Амьгүй зэс хөшөөнд төрийн толгой гудайж шоу хийхгүй, Чингис нэрээр бизнес хийхгүй, эх түүхээ үнэлэн худалдахгүй л байгаасай. Энэ чинь Монголын төрийн хөрөнгө биш, Монголын ард түмний өмч. Бид цаашид энэ талаар их зүйл хийнэ. Бид чинь ингэж түүхээ шатаавэл, ирээдүйгээ түймэрдэж л байгаа хэрэг.

-Өөр бусад соёл урлагийн байгууллагууд эл асуудалд яаж хандаж байна?

-Монголын төр энэ түүхий хуушуур-аа олон зуун саяар авчихлаа. Уг нь бүтээгдэхүүн хийлгэх гэж мөнгө төлснөөс биш түүхээ уландаа гишгэх гэж мөнгө төлөөгүй л байлтай.

БСШУЯ, Шинжлэх ухааны академи, Өв соёлын газар, Түүхийн хүрээлэн гээд холбогдох газрууд мэдээжийн энэ асуудалд дуугүй суусаар байгааг л ерөөсөө ойлгохгүй байна. Эрхбиш мэдсэн л баймаар юм.

Монголын мэдээ сонин 054 /2086/

Э. Эрдэнэдалай

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button