Асгатын мөнгөний ордын эзэн хэн байх нь хамаагүй, гагцхүү бид ашиглах ёстой

УИХ-ын гишуүдийн эрх ашгийг хамгааллаа, Асгатын мөнгөний ордыг оросуудад бэлэглэлээ хэмээх шуугиан тус ордны жинхэнэ эздийг хэн бэ гэх эрэлд нийгэм даяраа мордоход хүргэв. Саяхан Асгат ХК-ийн 49 хувийн эзэмшигчид Баян-Өлгий аймагт хуралдсан тухай мэдээлэл чих дэлсэв. Асар их баялагтай, цэвэр мөнгөнийхөө хэмжээгээр дэлхийд гуравт ордог нь хүлээн зөвшөөрөгдөөд буй уг ордын хувь заяаг шийдэхэд дээрхи хувь эзэмшигчдийн санал бодол нөлөөлөх үү гэдгийг авч үзэх ёстой болж байх юм. Асгатын мөнгөний ордыг хамтран эзэмших тухай асуудал тэртээ 1990-ээд оноос эхлэн яригдаж эхэлсэн байдаг.

Тухайн үед ОХУ-ын Красноярск, Кемерова, ОХУ-ын Алтайн бүгд найрамдах улсууд уг ордыг хамтран эзэмших тухай асуудлыг Монголын Засгийн газарт тавьж эхэлсэн байдаг. Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин аж ахуйн газруудыг хувьчилж буйтай холбогдуулан Засгийн газрын өмч хувьчлалын комиссын 1992 оны 56 тоот тогтоол гарч Ховд дахь геологи, эрэл хайгуулын Алтай нэгдлийн Асгатын геологийн ангийн 51 хувь нь төрийн өмч бүхий Асгат ХК компанийг байгуулсан байдаг нь арай л ардын хувьсгал шиг алсарчихаагүй байх юм. Нийт 70 ажилчин, албан хаагчтай 9,6 сая төгрөгийн дүрмийн сантай уг компани урд нь гүйцэтгэж байсан ажлаа үргэлжүүлэн гүйцэтгэсэн байна. Гэвч дараа жилээс уг компани нь өөрийгөө санхүүжүүлэх боломжгүй болсон гэж үзэн Монголросцветмет нэгдэлд шилжүүлеэн гэдэг. Хожим 1996 оны ҮХ-ны сайдын А/338 тоот тогтоолоор Монголын талаас Монголросцветмет нэгдэл, Америкийн талаас Apex Asia компанийн хооронд гэрээ байгуулж 160 мянган ам.долларын дүрмийн сантай Асгат мөнгө ХК-ийг байгуулсан байх юм.

Харин энэ бүхий л гэрээ хэлцэл нь нөгөө муу хэдэн хувьцаа эзэмшигчдын хувь заяаг гаргуунд нь гаргасаар ирсэн байдаг.

Юун нөгөө 1992 онд байгуулсан Асгат ХК-ний эрх мэдэл хувьцааны аш¬гийг монголчууд хүртэх боломжгүй байсаар өнөөг хүрсэн гэсэн үг. Асгатын мөнгөний ордыг ашиглах хамтарсан үйлдвэр байгуулан үйл ажиллагаа эхэлж байх үед Баян-Өлгий аймгийн Засаг дарга Б.Баделхан, ИТХТ-ийн дарга А.Сайлу нар Монгол Улсын Ерөнхий сайдад хандан захидал илгээжээ. Уг захидалд Асгатын ордыг гадаадын болон дотоодын компанитай хамтарч ашиглахад Асгат ХК-ийн оролцуулж өгөхийг хүссэн байдаг. Гэвч Төрийн өмчийн хорооноос Асгат мөнгө ХК нь Асгат ХК-ийн өмч хөрөнгөнөөс үл хамааран Монголросцветмет нэгдлийн үүсгэн байгуулсан уурхайн шинэ үйлдвэр байгуулах зорилготой бие даасан хуулийн этгээд гэсэн хариуг хүргүүлсэн байдаг.

Асгат ХК-ний захирал А.Аманбек мөн оныхоо тавдугаар сард ГЭББЭГ-ын удирдлагуудтай уулзаж Асгатын ордыг эзэмшигч хамтарсан үйлдврийн Монголын талын оролцогчоор өөрийн компанийг оролцуулах саналтай байгаагаа илэрхийлсэн ч галт тэрэг нэгэнт хөдлөөд зогсоох аргагүй болсон гэдэг хариу өгсөн байна.

Хөрөнгийн биржийн 2003 оны зургаан сард гаргасан судалгаагаар Асгат ХК-ний төрийн өмчийн бус 49 хувийн хувьцаа эзэмшигчдын дотор нэг хувиас дээш хувьцаа эзэмшигч долоон хүн байгаа бөгөөд тэдний мэдэлд нийт хувьцааны 84,1 хувь нь ногдож буй гэсэн нь ч байх юм.

Гэтэл 1997 онд Үнэт цаасны хорооны 181 тоот тогтоолоор Асгат ХК-ийн үнэт цаасны бүртгэлээс болон хөрөнгийн биржийн жагсаалтаас хассан байна. Иймээс 2000 онд тус компанийн зүгээс өргөдөл гарган хөөцөлдөж байж үнэт цаасны бүртгэл болон хөрөнгийн биржийн жагсаалтад бүртгүүлсэн байдаг.

Ийнхүү гадаадын хөрөнгө оруулагчдыг даллах нь бүү хэл дотооддоо хэн нь эзэмших нь шийдэгдээгүй Асгатын мөнгөний ордын төлөөх тэмцэлд баруун хязгаарынхан ханцуй шамлан оров.

Найман тэрбум гаруй ам.долларын нөөцтэй уг ордын хувь заяаг хэл амгүйхэн хууль зүйн дагуу дотооддоо эвээр шийдэж чадвал гадаадын хөрөнгө оруулагчдыг урихад ч таатай л байхсан.

Би эзэн нь гээд нэг нь зүтгэх, би мэдэлтэй гээд нөгөө нь зөрөх хоёрын завсарт Асгатын мөнгөний ор¬дыг ашиглаж амжилгүй бид ядуурсаар л.

Зууны мэдээ сонин 68 /2516/

Д. Лхагва-Очир

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button