Брэндэн Гал түлж чадахгүй хэцүү байлаа

-Та яагаад Монгол Улсыг сонгож, тэр тусмаа хөдөө орон нутагт ажиллах болов?

-Би АНУ-ын Сиэтл хотоос ирсэн. Их сургууль төгсөөд ажил хайж байтал Энхтайваны корпусын шугамаар сайн дураараа гадаад оронд ажиллах боломж олдсон юм. Би харин Монгол оронд ирсэндээ азтай гэж боддог. Манай Энхтайваны корпусын зарим мэргэжилтэн хэцүү газар очиж ажилладаг. Монголчууд сайхан сэтгэлтэй, эелдэг зөөлөн ааштайгаас гадна тун амар амгалан орон болохоор надад их таалагдсан.

-Амьдрал ямар байна даа. Бэрхшээлтэй зүйлтэй тулгарч байв уу?

-Намайг ирэхэд манай сургуулийн захирал өөрийн хашаандаа барьсан байшинд оруулсан. Эхлээд гал түлж чадахгүй хэцүү байлаа. Бас цаг агаарт нь дасан зохицох гэж нэг хэсэгтээ сандарсан. Миний уугуул нутагт хааяа цас ордог, ихэвчлэн дулаан уур амьсгалтай байдаг болохоор хүйтэн сэрүүн улирал, дандаа салхилж байдаг энэ нутагт дасах гэж нэлээд юм болсон. Одоо нэгэнт дасчихаж, хоёр жил гаруй ажиллаж байна.

-Шавь нар чинь англи хэл хэр сурч байна даа?

-Ер нь монгол хүүхдүүд хэлний авьяастай. Зарим нь жаахан залхуу болохоор төдий л сайн сурч чадахгүи байгаа ч олонх нь сайн сурч байна.

-Гэрээсээ алс хол амьдрах хэцүү л байгаа байх. Ирснээсээ хойш зуны амралтаараа гэртээ очсон уу?

-Үгүй. Би гэр рүүгээ яваагүй хоёр жил болж байна. Энэ жил миний аав ээж хоёр ирж магадгүй гэсэн. Би айлын ганц хүү, энэ жил 23 нас хүрч байна. Сайхан зүйл хийх, монгол хүүхдүүдэд хэл сурахад нь туслах гэсэн ганц зорилготой ирсэн болохоор надад уйдах зав байдаггүй.

-Сая cap шинээр яаж баярлав даа?

-Яг монголчууд шиг баярласан. Ахмад настай багш нартаа золгоод монгол дээл хувцас өмсөж, бууз хийж идсэн. Би монгол хоол ялангуяа буузанд их дуртай болсон. Харин айраг уух их хэцүү юм билээ.

-Морь унаж сурсан уу?

-Үгүй дээ. Би морь малаас хол өссөн болохоор ёстой чадахгүи юм билээ. Гэхдээ миний шавь нар намайг амралтаараа хөдөө гэртээ очихыг урьсан. Тэр үед л номхон морь унаж үзнэ дээ.

-Гэр бүлтэй юу?

-Одоохондоо гэрлэж амжаагүй байна. Ер нь эхнэр авахыг яарахгүй байх бодолтой.

-Монгол бүсгүйтэй гэрлэх юм биш үү?

-Болохгүй нь юу байхав. Монгол охид бүсгүйчүүд ажилсаг, гэр бүлдээ их анхаарал халамж тавьдаг нь илт харагддаг. Тийм болохоор таалагдсан бүсгүйтэй гэр бүл болж болох л юм. Гэхдээ яарахгүй.

-Монгол орны байгаль таалагдаж байна уу?

-Тийм, маш их таалагддаг. Өндөр уул нуруу, өргөн тунгалаг гол мөрөн бас цаг агаарын эрс тэс уур амьсгал нь сонирхолтой сайхан санагддаг юм. Хүмүүс нь энэ сонин уур амьсгалдаа зохицож амьдарч чаддаг нь гайхалтай.

-Хөвсгөл далайд очиж үзэв үү?

-Хараахан амжаагүй байна. Их сайхан гэж ярьдаг юм билээ. Энэ зуны амралтаар өөр сумд болон Хөвсгөл нуурт очиж үзэх санаа байна. Зуны амралтаар үзүүлэн тараах матерал бэлдэх, вэб сайт хийх гээд зав чөлөө багатай байдаг ч энэ зун заавал явна.

-Монгол Улсын боловсролын тогтолцоо аль хэр зохистой байна гэж боддог вэ?

-Сүүлийн үед сургалтын арга хэлбэр их сайжирч байна. Одоо 11 жилийн сургалттай болсон. Цаашид 12 жилийн сургалттай болохоор зорьж байгаа нь бусад орны жишигт нийцсэн зөв алхам болж байна.

-Монголчуудын түүний дотор Их-Уул сумын ард иргэдийн амьдрал ямар байна?

-Янз бүр л байна. Зарим нэг нь малаа маллаад сайхан амьдарч байхад нөгөө хэсэг нь мөнгө төгрөг багатай хэцүү л амьдарч байх шиг харагддаг. Ер нь монголчууд их ажилсаг хүмүүс шиг санагдсан. Тэдэнд хийх ажил байвал сайхан амьдарч чадна. Даанч суманд ажлын байр цөөхөн байдаг бололтой, ажилгүй хүмүүс их байна. Багш нарын хувьд цалин хангамж нь бас ч сайнгүй байдаг. Миний аав багш хүн л дээ. Манай Америкт ч багш нарын цалин тийм өндөр биш. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр манай суманд ирсэнд бид баяртай байгаа. Манай сургуулийн ажил байдалтай ч танилцлаа. Цаашид багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар төр засгаас анхаараасай гэж боддог.

-Та нутаг руугаа хэзээ буцах вэ?

-Манай Энхтайваны корпусын шугамаар Тосонцэнгэл, Мөрөн суманд хоёр багш ажиллаж байгаа. Бидний энд ажиллах хугацаа ирэх намар дуусна. Тэгээд л нутаг буцна даа. Би нутагтаа очсон ч Монгол орон, Их-Уул сумаа санах байх.

Зууны мэдээ сонин 68 /2516/

Д. Мөнхжаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button