Д. Гунгаа Би М. Зайсанов даргынхаа дараа бөмбөгөө баясан

1934 он. Ардын цэргийн 35 дугаар хороо, пулемет сумангийн байлдагч Дугарын Гунгаа. Энэ бол эр цэргийн дансанд нэрээ бичүүлж, эх орноо батлан хамгаалах үйлсэд хүчин зүтгэх их хэргийн гараанд жагссан тухай дурсгалт мөрүүд. Чухам эндээс ажил амьдралын гараагаа эхэлж, улмаар нисэхийн сургуулийг онц сайн дүнтэй төгсч, нисгэгч хэмээх нандин мэргэжил эзэмшжээ. Тэрээр 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, 1944, 1947 онд баруун хязгаарт болсон хоёр удаагийн зэвсэгт тулгаралтад оролцож, онцлон хэлэхэд монголын нисэх хүчний дайчин нисгэгчийн үүргээ нэр төртэй биелүүлж, ялалтын тугийг мандуулалцсан эрэлхэг шонхруудын нэг юм. Бас монголын иргэний агаарын тээврийг үүсгэн байгуулж, улс ардын аж ахуйн бие даасан салбар болтол нь өсгөж бойжуулалцсан гавьяатай хун. Минжит Булганы сав, Байтаг богдын орчинд үүрлэн бугшсан Гоминданы өнгөлзөгчдийг бут цохиж, газар нутгаа цэвэрлэсэн төдийгүй, дайны гал дахин дүрэлзэх голомт нурмыг унтраасан түүхэн тэр нэг цагийг дурссан өвгөн генералтай ярилцав.

-Таны хэлж байгаагаар Байтагийн гэж алдаршсан 1947 оны энэ тулгаралт манай орны нутаг дэвсгэрт болсон сүүлчийн байлдаан байж таарах нь ээ.

-Яг тийм. Манай ардын арми, хилийн цэрэг, нисэх хүчний дайчид энэ тулгаралтад түүхэн ялалт байгуулахдаа улс гэрээ хамгаалж, ард түмэндээ амар түвшин амьдрал эдлүүлэх, чин хүсэл халуун эх оронч үзлийг зүрх сэтгэлийнхээ дуудлага болгож мэдлэг оюун, эр чадлаа хөвчилж, хатуужил тэвчээр, итгэл тэмүүллээр зэвсэглэн бэрхийг сөрэн босч даван туулж энэхүү ялалтыг авчирсан юм. Харийн халдан түрэмгийлэгчийн хорон санааг таслан зогсоосон ариун шударга үйлс байсанд ийнхүү ялан дийлэхийн хүч оршиж байсан даа. Энэ ялалтын үр дүн, дайны гал дахин дүрэлзэх учир шалтгаанд цэг тавьснаар манай орны нутаг дэвсгэрт халдан довтлох элдэв хандлага гараагүй юм. Тэр цагаас хойш манай улс Солонгос, Вьетнам, Лаос, Афганистан зэрэг дайнд нэрвэгдэж хохирч ядарсан улсуудад тусалж, энх тайванч байр сууриа бэхжүүлэн, олон улсын нэр хүндээ өргөсөөр өөрчлөлт шинэчлэлийн замд орж өнөөдөр манай цэрэг дайчид олон улсын энхийг сахиулах үйлсэд идэвхтэй оролцож, улс түмний амгалан тайван байдлыг хангахад хүчин зүтгэж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж явна. Энэ бүхний эхлэлийг тавьснаар нь баруун хязгаарт болсон дээрх тулгаралт, тэнд байгуулсан ялалтын олон улсын ач холбогдлыг үнэлж болно хэмээн бодож байна.

-Энэ явдал багахан хэмжээний газар нутагт цөөн хоног үргэлжилсэн болохоос биш хатуухан тоглоом байсан бололтой юмаа даа.

-Дайн байлдаан гэдэг нэг талаас бусдын газар нутаг, эд баялагт шунахайран эрх чөлөө бүрэн эрхт байдал тусгаар тогтнолд заналхийлсэн халдлага түрэмгийлэл, нөгөө талаас тэрхуү халдан довтлогчдыг няцаан цохиж, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хүн ардынхаа эрх жаргалант амьдралыг хамгаалан тэмцэх ариун шударга үйлс. Ийм хоёр хүчний хооронд болж байгаа бие биеэ үзэн ядах хурц зөрчлийн торгон уулзвар. Ийм учраас аядуу зөөлний тухай ойлголт байхгүй шүү дээ. Чухамдаа нэгийг бол солио, хоёрыг бол хожоо гэдэг зарчим үйлчилж байлаа.

-Баруун хилийн мөргөлдөөн гарах гол шалтгаан нь юу байсан бол. Тэр үед Дундад Иргэн Улс манай улсыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоогоод байсан биз дээ.

-1930-аад оны эхэн үеэс төр, засгийн бодлого үйл ажиллагааны алдаа гажуудал ард түмний эсэргүүцэл дургүйцэлтэй тулгарч зарим нутагт зэвсэгт хөдөлгөөн ч гарсан удаа буй. Түүний тусгал ч байж болох баруун хязгаарт оршин амьдарч байсан олон зуун казах айл өрх хил даван нүүж, Хятадын Шинжаан мужид суурьшсаны зарим нь хоёр улсын хилийн заагаар тэнүүчилж дээрэм тонуул хийж түүндээ улам даамжран хоёр улсын аль алины амгалан тайван байдалд төвөг бэрхшээл учруулах болсон юм. Ийм нөхцөлд Гоминданы тал тэдгээр дээрэмчдийг нутаг дэвсгэрээсээ хөөн rapraxaap далимдуулан манай улсын торгон хилийг зөрчин будлиан самуун дэгдээсний гуравдахь нь энэ. 1934 онд болсон анхны тулгаралтыг эс тооцон хоёр удаа гэж ярьж бичээд байх болжээ. Гоминданы 500-600 хүнтэй хороо Байтаг богд уулын ам сархиаг, харууц хаалт сайтай байц өндөрлөгүүдийг эзэгнэн байрлаж, мөнөөхөн хасгийн дээрэмчдийг мөрдөн хөөх нэрээр нутгийн ард иргэдийг сандарган түйвээж, зарим тохиолдолд амь насыг нь бүрэлгэж, мал сүрэг эд хөрөнгийг нь тонож дээрэмдэж байлаа. Баруун хязгаарт ийнхүү ээдрээ төвөгтэй байдал, буй болсон учраас харийн халдан түрэмгийлэгчдийг хөөн гаргаж, нутаг дэвсгэрээ цэвэрлэх шаардлага урган гарсан хэрэг.

-Энэ ялалтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн нисэх хүчний хэсэг /отряд/-ийн бүрэлдэхүүнд оролцсон таны хувь нэмэр бас их биз. Энэ талаар гол нь сонирхох гэсэн юм?

-Үүнийг газар нутгийн байдалтай холбож үзэх учиртай л даа. Өндөр уулс, гүн хавцал, эгц чавчим хад цохио, бартаа ихтэй нутаг шүү дээ. Газрын байдал ялангуяа автомашинаар нэвтэрч хүрэхэд үнэхээр бэрх. Ийм учраас нисэх хүчинд ихээхэн найдлага тавьж. Нисэх хүчний командлагч хошууч генерал М.Зайсановоор удирдуулсан есөн /и-15 дөрөв, По-2 тав/ онгоц бүхий тусгай хэсгийг илгээхэд намайг орлогчоор нь томилсон юм. Манай хэсэг Ховд аймгийн Булган сумын нутаг Алаг толгой-д байрлаж, газар нутгийн байдал, дайсны хүч нөөц, бие бүрэлдэхүүн, зэвсэглэл, байрлал, зохион байгуулалт, зорилго, арга зүй /тактик/- н байдлыг тангаж, сариу цохилтын чиглэл төлөвлөгөөг боловсруулах даалгаврыг хугацаанд нь биелүүлж зургадугаар сарын нэгэн гэхэд байлдааны бэлэн байдалд бүрэн орсон байлаа.

-Энэ үеийн нөхцөл байдлын тухай тодруулбал?

-Ер нь хүндхэн байсан даа. Ойр хавьд айл амьтангүй. 5-6 км-ын зайтай байх Уушгийн булгаас ундныхаа усыг хонины гүзээгээр зөөж авна. Нүүр гар угаана гэсэн ойлголт бараг байхгүй, зөвхөн амаа зайлна. Гал тогоо, хооллох газаргүй, Майхан цув-наас өөр орон байргүй. Хүнсний зүйлээ Ховдоос зөөж, задгай гал дээр хагас дутуу болгож хоол ундаа залгуулна. Ийм байдалтай 27-28 хоносондоо.

-Зургадугаар сарын тавны өдөр бөмбөгдөж эхэлсэн гэдэг билүү?

-Зургадугаар сарын нэгний өдөр дайсны талд манай нутгийг орхин гарахыг тулган шаардсан бичиг илгээхэд тэд хариу өгсөнгүй, хүргэсэн хоёр хүний нэгийг нь эрүүдэн байцааж, хүндээр гэмтээн буцаагаад нэгийг нь авч үлдэн асар ихээр тамлан хороосон учир өдрийн өглөө уулын оройд нар тусах агшинд дөрвөн онгоцоор бөмбөгдөж эхэл¬сэн юм. Нислэг хийхэд нэн төвөгтэй, асар өндрөөс бөмбөгдөх шаардлагатай чадвар шаардаж байлаа. Эхний бөмбөг/М.Зайсановынх/ онилсон цэгээс 270 метрийн зайд тусав. Хоёрдахь нь / минийх/ 147 метрт, гуравдах нь /Д.Жамбалдоржийнх/ 90 метрт, дөрөвдэх /Л.Дагвадоржийнх/ хүрээг нь сэт цохин буув. Түүнээс хойших бүх бөмбөг цэгээ онож туссан. Энэ бол манай дарга М.Зайсановын хэцүү бэрх нөхцөлд өндрийн хэмжээ, салхины хүчийг гайхамшигтай нарийн тооцож, цэргийн эрдэм, тактикийн өндөр ур чадвартайгаа харуулан бидэнд үлгэр үзүүлж байсны үр дүн байлаа. Дайсан чухам л үүрээ эвдүүлсэн шоргоолж адил бужигналдан хоёр гуравхан хоногийн дотор эх орны маань торгон хилээс тонилсон юм. Хамгийн сүүлчийн тухайлбал монгол нутгийн газар шороонд буусан эцсийн бөмбөгийг / зургадугаар сарын найманд шиг санаж байна/ надтай зуузай холбон ниссэн Дашийн Лувсан (олонд тавхай хэмээн алдаршсан улсын заан) хаясан тэр цагаас хойш манай нутагт дайны буу дуугарч, бөмбөг тэсрээгүй. Манай эх орны алс баруун хязгаарт Байтаг богдын орчинд болж, Монгол Улсын арван баатрыг төрүүлсэн зэвсэгт тулгаралт, Монгол дайчдын яруу алдрыг өргөсөн ялалтаар өндөрлөснөөр энхийн тэнгэр үүрд цэлмэсэн юм. Би бол тэр эрхэм сайхан үйлсэд оролцсондоо баярлаж явдаг нэгэн. Харин хамт явсан нөхдөөсөө бид хоёулхнаа үлджээ. Тэнгэрийн орноо залран одсон дайчин нөхдийнхөө гэгээн дурсгалыг дээдлэн хүндэлж байна.

Бидний яриа өндөрлөлөө. Жарны тэртээх үйл явдлын тухай хуучилсан буянт сайхан буурал Д.Гунгаа гуайдаа эрүүл энх, аз жаргалтай байж урт наслахыг ерөөе.

Зууны мэдээ сонин 68 /2516/

С. Ерөөлсүрэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button