Хасаг жаал-ын хүү буюу холбооны Лхагваа

Тэдний нэг нь Бураатын голын хүү доктор профессор, холбооны зөвлөх инженер Дүгэрийн Лхагваа юм. Д.Лхагвааг нутгийнхан нь Хасаг жаал-ын хүү хэмээн дууддаг нь учиртай.

Ховд аймгийн Булган суманд Хасаг толгой Дүгэр гэж османы дээрэмчидтэй нүдэлдэж явсан нэг сайн эр байсан тухай домог яриа байдаг. Харин Баян-Өлгий аймгийн Цягааннуур суманд Хасаг Дүгэр гэж олондоо хүндлэгдсэн нэгэн сайхан хүн байсан билээ.

Дүгэр гуай бүр багаасаа нутгийн казах хүүхдүүдтэй тоглон наадаж хэлийг нь сайн сурч тэдэнтэй нөхөрлөж явсан болохоор нутгийн дөрвөдүүд түүнийг хасаг жаал хэмээн өхөөрдөн дууддаг байснаас хожмоо энэ нэрээрээ захчин олныхоо дунд хүндлэгдсэн нэгэн сайхан буурал байв.

Хасаг Дүгэр хэмээх адуу малд дуртай, хурдан жороо моринд хорхойтой нутгийн зондоо хүндтэй нэгэн. Тэднийд 1947 оны гал гахай жил нэгэн хүү мэндэлсэн нь энэ өгүүллийн маань баатар Д.Лхагваа билээ.

Д.Лхагваа аав шигээ л хүн аж. Аав нь хариуцсан ажилдаа эзний ёсоор ханддаг. Зүгээр суудаггүй ямагт шинэ юм сэдэж түүнийгээ биелүүлэх гэж шургуу зүтгздэг хүн байсан гэдэг. Эх орны дайны үед цэрэгт мордож Тамсагбулагт найман жил цэргийн агтан дээр байж хоёр дайныг өнгөрөөхдөө японы онгоцны бөмбөгдөлтөөс хэдэн зуун агтаа хамгаалах, агт морьдоо шөнө дөлөөр галын шугамд хүргэх байлдааны тушаалыг гарамгай биелүүлж байсан аж.

Цэргийн агтчин байхдаа бие даан бичиг үсэг сурч, агт маллахын зэрэгцээ наадмаар цэргийн агтнаас морь уралдуулан айрагдуулж, моринд хатир жороо оруулан дарга нарынхаа унаанд бэлтгэж байсан бөгөөд цэргээс ирсэний дараа дүү Дорлигийн Зундуйтай хамтран арван гишүүн элсүүлж Цагааннуур сумандаа анх Энхтайван нэгдлийг байгуулж өөрөө багийн дарг^ар ажиллаж байсан хүн билээ. Д.Лхагваа ярихдаа би сургууль орохоосоо өмнө ааваараа бичиг үсэг заалган уншдаг, бичдэг болчихоод сургуульд шууд хоёрдугаар ангид орсон хүн дээ. Унших, бодох зэрэгт ангидаа толгой цохидог байсан боловч цэвэр бичгийн хичээл дээр паг болдог байлаа. Миний хувьд хамгийн хүнд хичээл цэвэр бичгийн хичээл байв. Учир нь үсгийг бичдэг дүрэм номоор нь сураагүй, зүгээр л нүдэлчихсэн болохоор гоё бичих хэцүү. Их л чармайж байж нөхдөө гүйцсэндээ. Ер нь аливаа юмыг бүр анхнаас нь дүрэм номоор нь зөв сурах хэрэгтэй юм билээ гэсэн юм.

Д.Лхагваа Өлгий хотын арван жилийн хоёрдугаар сургуулийг алтан медальтай төгсөн ЗХУ-ын /хуучин нэрээр/ Киевийн Политехникийн дээд сургуулийн радиоэлектроникийн ангид оржээ.

Ингээд Цаст алтайн цагцгай жигүүрээ дэлгэн аав, ээжээрээ үдүүлэн эрдмийн аянд мордсон билээ.

Юмыг сурвал сурсан шиг сурч ажлыг хийвэл хий¬сэн шиг хийж яваарай гэсэн аав, ээжийнхээ захиасыг санан олон орны хүүхдүүд¬тэй мөр зэрэгцэн суралцаж сургуульдаа тоотой сайн оюутны нэг болжээ.

Таван жил нэг л мэдэхэд сум шиг өнгөрч төгсөх жил ойртлоо. Сургалт семинар дадлага давтлага үргэлжилсээр…

Эрдэм шинжилгээний болон үйлдвэрлэлийн олон лабораторид дадлага хийж, үзэх бүхнийг нь үзэж заасан бүгдийг нь сурч явлаа.

Тухайн үед цэргийн зориулалттай гэх гадаад дотоодын оюутнуудыг оруулдаггүй нууцын зэрэглэлтэй радиоэлектроны нэгэн лаборатори байв. Тэр лабораторид Казахстанаас ирсэн цэргүүд харуулд гарна. Залуу нас юм үзэх мэдэхийн хүслэн. Тэр лаборатори нь ямар янзын юм байдаг юм бол. Тоног төхөөрөмжийг нь үзэхсэн гэж Лхагваа хорхойсон боддог байлаа. Нэг удаа зориуд очиж харуулын цэрэгтэй нь уулзаж танилцжээ.

Ингээд тэр хоёр сүрхий ходий болжээ. Нэг удаа нөгөө найздаа танай энэ лабораторийг үзмээр байна. Тус тусалж чадах уу гэж асуухад нөгөө нөхөр нь зөвшөөрч өөрийнхөө ээлжинд түүнийг сэм оруулжээ.

Д.Лхагваа нөгөө лабораторийг сонирхвол тийм ч их нарийн юм биш юм шиг жирийн л санагдсан ч тэндээс гарах гэж явтал гэнэт дохиолол дуугаран түргэн авч баригдах нь тэр. Тэнд нууц дуран байдгийг мэдээгүйгээс энэ хэрэг болж төрийн нууцад нэвтэрсэн хэрэгт орох дөхөв.

Сургуулийн захирал удирдлагууд түүний юм сурах гэсэн хүсэл тэмүүллийг мэддэг байсан тул нэг их зэмлэж сүйд болсонгүй тэгсхийгээд өнгөрч харин нөгөө цэрэг хоёр хоног сахилгад суусан гэдэг. Энэ мэт дурсамжаар дүүрэн оюутан цагаа үдэж 1972 онд Радиоэлектроникийн зохион бүтээх болон Патент судлалын инженерийн хос мэргэжилтэй сургуулиа дүүргэн ирээд өөрийн төрсөн нутаг Баян-Өлгий аймагт очиж ажиллах хүсэлт тавьсан боловч Холбооны яамны сайд Д.Готов гуай зөвшөөрсөнгүй. Нарийн мэргэжлээр төгсч ирсэн хүн гээд Холбооны үйлдвэрлэл шинжилгээний институтэд (ХҮШИ) техникч инженер, эрдэм шинжилгээний ажилтнаар томилжээ.

Яг үнэндээ бол радиоэлектроникийн зохион бүтээх чиглэлийн тийм мэргэжилтэн байгаагүй тул энэ ажилд томилогдсон хэрэг. Ингээд залуу инженер шинэ ажилдаа шамдан оржээ. Үйлдвэрлэлийн анхны даалгавар нь автобусны өгсүүр хийх ажил байлаа. Өсгүүрийн схемийн тооцоо болон цахилгааны угсралт хийх зэрэг нь номтой багш нараар заалгасаны ачаар амархан бүтэж байлаа. Харин бусад ажил тухайлбал гагнаас, тэр дундаа хэвлэмэл хавтан хийх, будаж шунхдах зэрэг ажил нэг л төвөгтэй байсанд яамнаас алтан гартай ахмад ажилтан болох Сүнрэвийн Пүрэвсамбуу, Батын Бямбаа, гавьяат холбоочин Лхамсүрэнгийн Ганжуур нарыг туслуулснаар ажил нь амархан бүтэж өсгүүрээ амжилттай хийн үйлдвэрлэлд нэвтрүүлснээр ажил амжилтын гараа нь эхэлсэн түүхтэй. Мөн эзэмшсэн хоёр дахь мэргэжлийнхээ дагуу тухайн үед бүтээгдэн үйлдвэрлэлд нэвтэрч байсан олон шинэ техник, технологи, бүтээгдэхүүнд технологийн дүгнэлт хийн зохиогчийн эрхээ хамгаалав.

Үүнээс Цэрэндорж гуайн Сайншанд өсгүүр, Ж.Гомбожав гуайн ЖС-АТС-20 станц гэх мэт тухайн үед өндөр үнэлгээ авч, үр дүнгээ өгч байсан олон бүтээгдэхүүн байдаг билээ. Ийнхуү зохион бүтээх ажлын дөртэй болж байтал судалгаа шинжилгээний ажилд томилов.

Ингээд Буриадын шинжлэх ухааны академийн эрдэмтдийн хамт Алтай, Мөрөн, Даланзадгад, Чойбалсан, Улаанбаатар хотод хүчтэй радиостанц байгуулах боломжийг судалж өгөгдлийг бий болгох үүрэг хүлээв. Гурван жил монгол орны бүх нутгаар явж ажилласны үр дүнд төрөөс өгсөн энэ даалгаврыг амжилттай биелүүлж монгол орны нутаг дэвсгэрийн цахилгаан дамжуулах чанарын газрын зургийг дуусгаад хүлээлгэн өгсөн. Энэ ажлын үр дүн өнөөдөр ч гэсэн ач холбогдлоо өгсөөр байна. Ийнхүү даалгасан ажлыг мэргэжлийн өндэр төвшинд нарийн чанд хариуцлагатай сайн хийдэг зохион бүтээх болон эрдэм шинжилгээний ажлын чадвартай залуу инженерээ төр шинэ шинэ ажил албанд томилсоор. Тухайлбал, 1972-1977 онуу-дад ХҮШИ-ийн Техникч эрдэм шинжилгээний ажилтнаас секторын эрхлэгчээр, 1977-1984 онуудад Сайд нарын Зөвлөлд референтээр, 1984-1996 онуудад Эдийн засгийн харилцан туслах зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын газрын цахилгаан шуудан холбооны хэлтэст экспертээр, 1989-1996 онуудад Холбооны үйлдвэрлэл шинжилгээний институтэд захирлаар томилон ажиллуулсан билээ.

Д.Лхагваа ч энэ үүрэгт ажлуудаа ёстой л хийсэн шиг хийж явсан тул эцгийнхээ нэр дээр холбооны гэх чимэгтэй нэр нэмсэн нь түүний бүтээлийн үр дүн билээ.

Холбооны Лхагваа гэж овоглуулж явахдаа бусадтайгаа гар сэтгэл нийлэн ажиллаж, шинээр 4000 гаруй км радио релейн шугам, их чадлын таван радио станц болон бас ч олон зүйлийг хүлээн авч суурилуулахад хувь нэмрээ оруулсан бөгөөд одоо ч амжилттай ажиллаж байна.

1990-ээд оноос хойш зургаан жилд санхүүжилт хичнээн хүнд байсан ч ХҮШИ-ийг амжилттай удирдан гурван давхар сайхан барилга бариулж институтээ байртай болгон бусдын бөөрөнд наалдан хөөгдөж туугдаж явах зовлонгоос салгасан нь түүний нэгэн гавьяа юм. Энэ их ажлын зэрэгцээ Д.Лхагваа нь 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлэлд нийтлүүлж гадаад, дотоодын эрдэм шинжилгээний олон хуралд илтгэл тавьсан бөгөөд 1989 онд БНМАУ-ын улс ардын аж ахуй, хүн амд үзүүлэх холбооны үйлчилгээний чанар, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх арга зам сэдвээр докторын зэрэг хамгаалж, Монголын Холбоо мэдээллийн дээд сургуульд олон жил багшлан 1995 онд дэд профессор цол хүртэн 1991 онд хуралдсан

Монголын инженерүүдийн анхдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцсон хүн.

Холбооны Лхагваа нь 1996 оноос хойш холбооны төсөл, судалгааг угсралт, зураг төсвийн ажил эрхэлдэг Мандваа компанийн ерөнхий инженерээр ажиллан зөвхөн 2002 оноос хойш л гэхэд Чойбалсан, Багануур, Хутаг-Өндөр, Уньт, Хишиг-Өндөр, Орхон, Булган, Малчин, Хяргас, Баруунтуруун болон Солонгосын элчин сайдын яам зэрэг газарт холбооны тосон болон шилэн кабелийн сүлжээ угсрах ажлыг гүйцэтгэжээ. Холбооны агаарын болон газрын 500-гаад км шилэн кабелийн ажлыг удирдан хийлгэж, технологийн олон шинэлэг ажлуудыг зөвлөх инженерийн төвшинд шийджээ. Түүний зэрэгцээ холбоо, дохиолол, телехяналтын системийн 30 гаруй зураг, төсвийн ажил гүйцэтгэж чанарын онц дүнтэй хүлээлгэн өгчээ.

Д.Лхагваа өмнөө тавь¬сан зорилготой, хийсэн бүтээсэн ажилтай, хийх бүтээх мөрөөдөлтэй ажиллаж амьдарч явна. Д.Лхагваа энэ амжилтад хүрэхдээ дандаа дардан замаар явсангүй. Хүний л амьдралд байдаг зовлон жаргал дундуур туулж ирсэн билээ. Эргэн санахад үнэхээр яая даа гэмээр шүүрс алдам үе ч байсан. Ажилд орсоны дараахан удалгүй жирэмсэн эхнэр Бадам нь нутгаасаа шилжин ирлээ. Орох орон байр байхгүй учир Д.Гарам-Очир сайд дээр орж зовлон жаргалаа тоочиж байж арван сард дан бүтээстэй гэр авч анх айл олон болон төвхнөжээ. Дан хөвөнтэй бүрээстэй гэртэй өвлийн хүйтнийг хэдийгээр залуу хүмүүс ч яаж давах билээ. Гал түлэхэд элгэнээс төөнөж байсан ч нуруунаас жиндэж цайны шавхруу аяганд үлдвэл шөнөдөө хөлдөж хононо. Д.Лхагваа энэ үед ар гэр орон гэрээсээ илүү ажлаа л бодно.

Үүнээс шалтгаалан эхнэр нь жирэмсний хүндрэл болж анхны үрээ алджээ.

Энэ үед барьц алдаж аргагүй л ах дүү, хамаатан саднаа үгүйлэн ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гээч л болж шантран, ер нь нутаг явья, аав ээжээ бараадья хэмээн харайлгаж явсан удаатай. Гэвч Л.Лантуу захирал зэрэг ухаантай удирдлага, сайн нөхдийн ачаар энэ бодлоо өөрчилсөн билээ. Энэ цагаас эхлэн ажил амьдралаа зохицуулан явах амьдралын ухаан сууж өрх гэрээ өөд нь татан гурван сайхан хүүхэдтэй ёстой нөгөө дуунд гардаг шиг өнөр өтгөн ам бүлтэй өрхийн тэргүүн болсон бөлгөө.

Эхнэр Т.Бадам нь насаараа үйлдвэрийн газар ажиллан насны тэтгэвэрт гарсан. Ууган охин Л.Баярмаа нь ШУТИС-ийн Холбоо мэдээллийн сургуулийг цахилгаан холбооны инженер мэргэжлээр төгссөн. Одоо Мандваа компанид, Адьяасүрэн нь Япон улсын Токио хотын Хито-Цувашийн их сургуулийг олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн. Одоо Японд Хитачи пүүст, бага охин Мандваа нь ОХУ-ын Кубаны их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн, одоо Хууль зүйн яаманд ажиллаж байна.

Ууган зээ Ачбуяндаа өөрийнхөө мэргэжлээ өвлүүлнэ хэмээн бодож өвөр дээрээ эрхлүүлсэн буянтай буурал өвөө тэрээр өөрийн шавь нартаа болон үр хүүхдүүддээ хэрэгтэй л бол та нар ямар ч хар бор ажлаас цэрвэхгүй хийж бай, мэдэхгүй гэж хэлэхээс хэзээ ч ичихгүй байж, хэдийд ч хүнээс юуг ч болов асууж байх, үнэт баялаг цагийг бүү алд хэмээн захин сургаж явдаг нэгэн билээ. Холбооны хэмээх Лхагвааг Монгол даяар мэдэх болж түүний хийсэн бүтээсний үр шимийг түмэн олон хүртэж байна. Ийнхүү тэр нэгэн өдөр эрдмийн аяныг зорин цаст алтайн энгэрээс ниссэн цагцгай өнөөдөр эр бяр нь гүйцсэн хүрэн эрээн бүргэд болон хөөрч амьдрал хэмээх хязгааргүй их далйн давалгааг сөрэн хүчирхэг жигүүрээ дэлгэх нисч явна.

Зууны мэдээ сонин 68 /2516/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button