УАДБЭЧ-ийн дуучин, СТА Д.Бямбажав Шихихутагийн дүрийг бүтээжээ

Тус кинонд Шихихутагийн дүрийг бүтээсэн УАДБЧ-ийн дуучин, СТА Д.Бямбажавтай уулзаж цөөхөн хором хөөрөлдсөн юм.

– Японы нэгэн баримтат кинонд Шихихутагийн дүрийг бүтээсэн тухай чих дэлсээд байх юм. Энэ үнэн үү?

– Тиймээ. Японы Асахи телевизийн баримтат кинонд Шихихутагийн дүрийг бүтээсэн. Яахав түүхэн эрдэмтэн хүний дүрийг өөрийн дутуу дулимаг авьяасаар чадан ядан бүтээж үзлээ. Нээх санй болсон гэж хэлэхгүй. Гэхдээ л өөрийнхөө хэмжээнд сайн тоглолоо гэж бодож байгаа. Урьд нь энэ тэр кинонд тoглож байгаагүй ч гэсэн чадварлаг жүжигчидийн дэргэд алтын дэргэд гууль шарлана гэдэг билүү чмар ч байсан сайхан эрдэмтэй, мэргэн хүний дүрийг бүтээчихсэн шүү. Үр хүүхэд маань хэзээ нэгэн цагт харж дурсах зүйлтэй л болох шиг боллоо.

– Сониноос яаж яваад зүгээр ч кино биш, бүр Чингис хааны хайртай эрдэмтдийн нэгний дүрийг бүтээх аз тохиов?

– Энэ их сонин. Шихихутагийн дүрийн проб явагдаж байна гэдгийн сонсоод сонирход орчихвоо. Тэгээд бараг мартчихаж. Гэтэл нэг өдөр дуудаад та тэнцлээ гэдэг юм байна. Тэнцэнэ гэж огт төсөөлж байгаагүй болохоор самгардаад тоглохгүй гэж мэдэгдлээ. Гэсэн ч салах янзгүй ээ. Та энэ дүрд их тохирч байна. Тоглоод өгөөч гээд байсан л даа. Тэгээд ч Чингис хааныхаа дүрээр олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Энхтайван ах тоглочих гэхээр нь үнэхээр л хүн намайг ингэж үнэлж байхад бил гэж урагшгүй байх ёстой юмуу гэсэн омогшил төрөөд үзээд алдая гэж бодсон. Ямар ч байсан алдаагүй шүү.

– Тэгэхээр кинонд зураг авахуулахад хүндрэлтэй зүйл их байсан уу?

– Yгүй дээ. Дуучид, урлагийнхан гэдэг чинь их нүүр хагарчихсан хүмүүс байдаг болохор сандарч тэвдээд, хүндрэлтэй байсан зүйл байхгүй. Тэгээд ч миний дүрийн зураг авалт хоёр өдөр л болсон. Та бүхэн санаж байгаа байх л даа. Шихихутагийг барьж аваад цаазлах гэж байснаа нэр усыг нь асуун, эрдэмтэн мэргэн хүн надад хэрэгтэй гээд үлдээж байгаа тухай хэсэг байдаг шдээ. Энэ хэсэгт л тоглосон. Бас бус зарим хэсэгт гарна л даа. Мэдээж монгол эх орныг маань сурталчилж байгаа зүйлд туслахыг их л хичээсэн. Уул овоо, тал газар шигээ сайхан монгол хүний сэтгэлийг аль болох л шингээж өгөхийг хичээсэн дээ.

– За тэгэхээр хоёулаа уран бүтээлийн тал руу жоохон хазайя л даа. Өнөөдөр Монголы нийгэмд сөрөг зүйл их байна. Тэгэхээр энэ тал дээр таны саналыг сонсьё.

– Тиймээ. Ард түмэн бухимдаж байна. Түүний хирээр урлаг руу хошуурч нэгээхэн зуурын гомдол, цөхөрлөө мартахыг хичээсэн хүмүүсийн цуваа хошин урлаг, нийтийн дуу руу цуварч байна. Гэтэл урлагийнхан ч бас хүмүүс болохоор сайн явсан нэгнээ дарж, хавчих, хийсэн бүтээсэн зүйлийг мохоох гээд асар их тэмцэл, хөдөлгөөн дунд монголын урлаг яваад байна. Гэтэл энэ дундаас л сайн бүтээл төрөх ёстой гэж бүү эндүүрээрэй. Мөнгөтэй, бэл бэнчинтэй нэгэн нь л эндээс хүч түрэн гарч, халаас нимгэн хэсэг нь дарагдсаар л байна шүү дээ. Өнөөдөр урлагт ч тэр, нийгэмд маань ч тэр нэг том хаалт босчихоод, тэрүүгээр амьд амьтан нэвтрэх аргагүй болтлоо сүндэрлэсээр байна. Гэхдээ энэ хаалт унах цаг ирнээ. Удах ч үгүй биз. Тэр цагт үзэгчид маань хэний хийсэн уран бүтээлийг сонсох вэ? Гэдгээ мэддэг болох байх л даа.

– Гэхдээ миний бодлоор бол чадалтай, авьяастай л бол өрсөлдөөн дундаас гараад л ирмээр юм?

– Тэр ч тийм л дээ. Гэхдээ чи сонс доо. Өнөөдөр ард түмний байнга сонсдон FM радиогоор чих дөжиртөл л хип хоп, гадаад дуу цөөхөндөө мөнгөтэй хэдэн дуучдынх нь дуунууд явж байна. Энд ямар ч урлагийг үнэлэх цензур байхгүй. Хэдэн төгрөг атгууллаа л бол хэний ч хамаагүй дуулаад байна уу, уйлаад байна уу гэмээр зүйлүүд яваад байна шүү дээ.

– Тэгээд энэ бүхэн чухам юунаас болоод байгаа хэрэг вэ

– Чадалтай эрдэмтэй, ихийг хийж бүтээх байсан залуус бүгд эх орноосоо гараад явчихсан. Тэд буцаж ирэх огт сонирхолгүй болчихоод тэдний байх ёстой байр суурийг хөдөөний сэтгэхүйтэй хүмүүс эзэлчихээд байна ш дээ. Хатуухан хэлэхэд тэр гадаад дотоодод боловсрол эзэмшсэн хүмүүс эх орондоо ирэх хэрэгтэй байна.

– Тэгэхээр нийтийн дуу гэдэг төрөл Жавхлан Баясгалан хоёрыг хослон дуулдаг байсан үеэс л сонсогчдын сонорт илүү ихээр хүрсэн. Одоо хүртэл эрч нь буураагүй л байна. Энэ тал дээр таны бодол?

– Мэдээж. Залуу хүмүүс энэ байтугай зүйлийг хийх ёстой гэж бодож байгаа. Илүү ихийг хийхийн оронд нэг нэгнийхээ бөгсийг ухаж, хоёр тал болоод үзэлцээд байгаа нь жудаггүй л хэрэг шүү дээ. Тэгээд нөгөө дэлбээлж байгаа зүйлээ дахиад л нурааж бусниулаад. Ард түмэн, сонсогчидоо огтхон ч хүндлэхгүй л байна даа. Энэнээс өөр бодож байгаа юм алгаа.

– Тийм байдаг байж. Тэгвэл дуучид хоорондоо дуугаа сольж, хамтарсан уран бүтээл хийгээд байгаа асуудал байгаа шүү дээ. Энэ тал дээр…

– Тэр чинь хувь хүмүүсийн л асуудалд л даа. Зарим нэгэн сонин хэвлэл дээр Жавхланд дуугаа өгснөөс болоод МУГЖ Батсүх архинд орлоо ч гэнэ үү? Их олон янзаар бичигдээд байна л даа. Гэхдээ ийм юм байж болохгүй ээ. Батсүх ах дээр ярихад бол тэр хүн нэгэнт хийдгээ хийсэн. Ард түмэн агь үнэртсэн… гэхээр л түүнийг санадаг. Энэ дуу нь хаана ч явсан ард түмний танил болчихсон. Гоёлоо өмссөн ээж… гээл хүн болгон л мэднэ шд. Тэр дуугаараа бидний хэлдэгээр аль хэдийн бренд болчихсон. Та нар мэднэ дээ. Брендийг хуурамчаар дуурайгаад хэзээ ч чанар, энэ тэрийг нь гүйцэхгүй шүү дээ.

– Зохиолын дуучид шөнийн одноос илүү олшроод байгаа л даа. Тэдний уран бүтээл үүнийгээ дагаад л хэм хэмжээ нь алдагдаад байгаа юм бишүү?

– Тэр ч тийм шүү. Борооны дараарх мөөг шиг олширсон энэ жижигхэн одуудыг харахаар инээд хүрэх юм. Би өөрийгөө хэзээ ч од мод гэж хэлж чадахгүй. Би зүгээр л нэг олны танил хүн шүү дээ. Яршиг тэр Мадонна, Алла пугачева энэ тэрийн чинээнд хүрчихээд л би од болчихлоо гээд цээжээ дэлдэж баймаар байна шд. Тэгэхгүй тэгээд л ганц дуу дуулаад л од болчихдог. Тийм амар зүйл гэж байхгүй шүү дээ. Тэгээд ч өнөөдөр ард түмэн дуучидаа шүүх болоогүй байна. Удахгүй сайн дуучид нь шалгарч үлдээд чанартай бүтээлүүдээрээ ард түмнийгээ баясгах биз дээ.

– Тэгэхээр монголд чадалтай дуучин байхгүй гэж болох нь ээ дээ?

– Чадалтай дуучин гэдгийг чи юу гэж ойлгож байна? Тэрнээс л шалтгаална шд. Өдөр болгон шинэ дуу гаргадаг дуучинг хэлэх үү, эсвэл жилд ганц дуу бичүүлдэг хүнийг хэлэх үү? Хэцүү шд. Үнэхээр хэн нь чадалтай хоолойтой, сайн дуучин гэгийг тэгж л шалгах гээд байгаан бол бүх дуучдаа халз дуулуулж үзэх хэрэгтэй. Нэг нэгээр тайзан дээр гаргаад үзэгчидийн өмнө эхлээд 5 дуу дуулаг, 10 болог тэгээд л хэдэн дууны ард гарч байгаагаар нь шалгаруул л даа. Өнөөдөр монголд 5 дууны цаана гарах хүн байхгүй дээ.

– Сонин л арга байна. Гэхдээ үнэхээр та ийм тэмцээнд орвол хэдэн дуу дуулах болоо?

– Энэ сэтгүүлч нар уу? Хүн дэгээдэж унагачих гээд байдаг юм шүү. За за хариулая. Сайн мэдэхгүй байна.

– За тэгвэл одоо таны уран бүтээлийн сэдэв рүү орцгооё. Сүүлийн үед уран бүтээлийн чимээ тасраад байна уу даа?

– Нэг хэсэг ч чимээгүй л байлаа. Гэхдээ огт уран бүтээлээ хаяагүй шүү. Алаг нүдэн хань, Зүүдний Дорнод, Дүнжингарав, Ханийн нутаг зэрэг хэдэн дуугаа гаргах гээд зав муутай л байна. Мөн 4 сард үзэгчдийн хүсэлтээр Мөнхийн залуу хайр тоглолтоо хийх гэж байгаа. Өмнө нь 3 тоглолтоо хийж байсан.

– Tэгэхээр өөрийг чинь Дорнод нутгийнх гэж сонссон. Нутгийнхаа дууг дуулж байгаа юм байна?

– Тийм шүү. Боролдойн хөгжим, Жаргалсайханы шүлэг Зүүдний Дорнод дууг дуулах гэж байгаа. Энэ дууг сонссон хүн болгон эх нутгийн маань сайхан бүхнийг мэдрээд өнгөрнө. Очиж үзээгүй байсан ч хамаагүй, нүдэнд харагдахаар сайхан дуу болсон байгаа.

– Сониноос та буриад дуу дуулдаг шүү дээ. Буриад гаралтай юу?

– Yгүй ээ. Халх л даа. Гэхдээ буриад дуунд үнэхээр хүний сэтгэлд ямар нэг юм хийсэн, ард түмний дунд хоногшсон дуунууд зөндөө бий. Би тийм л сайхан дуунуудыг дуулж байгаа.

– Таныг дуучин гэдгээс өөр мэргэжил эзэмшиж байсан гэж сонссон. Энэ талаар…

– Тийм шүү. Төмөр замын коллеж төгссөн л дөө. Тэгээд л төгссөн хойноо дахиж Соёл урлагийн их сургуултд орж дуучны мэргэжил эзэмшсэн дээ. Хэрвээ дуучин болоогүй бол нэг инженер болчихосон явж байх байсан байх. Удахгүй бас дахиад сурах бодолтой байгаа. Гадаадад дахиж суралцахаар болоод байгаа л даа.

– Өнөөдөр нэг нь дуугаа зохиодог нөгөө хэд нь хулгайлаад олшруулаад зарчихдаг. Энэ мэтээр уран бүтээлч хүний үнэ цэнэ унаад байгаа.

– Тийм шүү. Оюуны өмчийн асуудалд маш хүндээр тусч байгаа. Гэхдээ би аль болох өөрийнхөө дуулж байгаа дууг патентлаж, шүлэг болон хөгжмийн зохиолчоос нь ч гэсэн худалдаж аваад өөрийн бүтээл болгох бодолтой байгаа. 5 жилийн дараа миний өмчийг хэн нэгэн дураараа дуулах эрх хэнд ч байхгүй байна. Энэ мэтээр системтэйгээр оюуны өмчөө хамгаалах ёстой.

– Эцэст нь…

– Эцэст нь дуучин гэдэг сайхан мэргэжил. Хүний сэтгэлийг бүтээлээрээ уярааж, уйлуулж, бүр баярлуулж байдаг буянтай мэргэжил. Тийм болохоор цаашид ч сайхан сайхан уран бүтээлээр ямагт бэлэг барьж байх болно гэдгээ амалж байна.

– Баярлалаа. Сайхан ярилцсанд.Оллоо.МН сайтынхаа уншигчдын өмнөөс өөрийн тань уран бүтээд мөнхийн их ундаргыг хүсэн ерөөе.

/Оллоо.МН/

Б. Ану

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button