Гуйлгачин явах заяаных

Газрын тос хэдэн арав дахин үнэд орж, алт унци нь 800 ам.долларт хүр­чээ. Энэ нь одоогийн ханшаар мянга хол гаруй ам.доллар гэсэн үг. Бараг л бүх түүхий эдийн үнэ огцом өсөв. Манай дэлхий дээр 70-80 ор­чим улс орон түүхий эд экспортлодгийн ихэнх нь гурав дахь ертөнц хэмээгдэх хөгжиж буюу ядуу буурай орнууд аж.

Олон жил гуйлгачин явсан орнуудын цөс хөөрөөд эхэллээ. Түүхий эдийн борлуулалтын анхны том мөнгөнүүд тэдний удирдагчдын ухааныг хурцалж гарлаа. Эх орондоо хайртай, ард түмнийхээ төлөө байдгаа харуулах алтан боломж. Энэ удирдагчид түүхий эдийн үнэ хямд байхад гаднаас хахууль авдаг нийтлэг шинжтэй байв. Харин мөнгө­тэй болоод ирүүт баялгийг дангаараа өөртөө хамруулах, захиран зарцуулах хорхой нь гозойв. Уул уурхай дахь том хөрөнгө оруулалтууд цээжинд нь багтаад ирсэн хэрэг. Ингээд ард түмнийхээ үндсэрхэг үзлийг хөөрөгдөж гарлаа. Гэвч орон нутагтаа ганцаараа эх оронч биш, өөр өрсөлдөгч олон бий нь ойлгомжтой. Иймээс далаад оны дундуур Африк, Латин Америкт төрийн эргэлт өдрийн норм болж хувирсан юм. Зөвхөн 1979 онд Африкт хорь орчим төрийн эргэлт гаржээ. Үнэндээ мөнгө булаацалдсан хэрэг шүү дээ.

Уул уурхайн салбарт гадны хөрөнгийг хурааж улсын болгох үзэгдэл тэр үед ядуу буурай орнуудад өргөн далайцтай явагдсан юм. Тэдэнд менежмент, маркетингийн тухай ямар ч ойлголт байсангүй. Перуд зэсийн асар том уурхайг хурааж аван улсын болгоод төр менежментийг нь хийж эхэлсэн боловч ердөө жил хагасын дараа бүрэн дампууруулж байв. Гадныхан биднийг шулж байна, бид тийм амар шулуулдаг тэнэгүүд биш гэх үг хэллэг хэвшмэл зүйл байлаа. Өөрөөр хэлбэл, чукча не дурак.

Гэвч чукча дурак л байсан, дуракаараа л хоцорсон. Дэлхий түүхий эдээр дутагдсан зүйл байгаагүй. Том компаниуд геологид асар их мөнгө хаян тэр дороо л олон орд илрүүлж, хэдхэн жилийн дараа түүнээ ашиглаад эхэллээ. Түүхий эдийн үнэ ч хэвэндээ орон хямдрах нь тэр. Харин байгалийн баялаг экспортлогч орнууд урьдынхаасаа долоон дор болон ээлж дараалан модоо барьж гарлаа. Нигери улс олдсон мөнгөөрөө шугуйд шинэ нийслэл барьж эхэлсэн нь дуусаагүйгээр барахгүй эхний хөрөнгө оруулалт нь төлж барагдахгүй өр болжээ. Латин Америкийн хоёр том хохирогч Болив, Перу орнууд Андын нуруу дамнасан мянганы төмөр зам, мянганы засмал замтай, түүнийхээ өрөнд баригдсан гуйлгачин боллоо. Америкийн империализмын эсрэг хөөрцөгт автсан Иран, Ливи, Алжир зэрэг олон орон найдваргүй орноор тодорч хэн ч хөрөнгө оруулахаа больсноос гадна зарим нь дэлхий нийтийн хоригт хашигдах нь тэр. Тэнэгэрсэн жишээ дэндүү олон. Чухам эндээс байгалийн баялагтай орон ядуурдаг гэсэн парадокс үг үүсчээ. Үнэндээ далаад оны хямралаас хожоод гарсан экспортлогч орон ч бий. Юун түрүүн Австрали, Канадыг нэрлэж болно. Альендаг цааш нь харуулж байж социализмаас зайлсхийсэн Чили хожоотой гарсан. Хүйтэн дайны үе байсан тул нефтийн гол хүүдий Саудын Араб, Кувейт хоёрын менеж­ментийг америкчууд өмнөөс нь хийж тэднийг ашигтай гаргасан. Түүхий эдийн хямралаас болж компаниуд геологид мөнгө хаяснаар олон орон ордтой болсны дотор Хойд тэнгист газрын тос нээгдэж Англи, Норвеги улсууд түүхий эдийн асар их нөөцтэй болж авчээ. Бусад нь ч дээ. Гэнэт олсон мөнгөөрөө жаал дургисан л болохоос ядахнаа боловсролоо дээшлүүлээгүй тул харанхуйгаараа үлдэж билээ.

Дэлхийн эдийн засаг, түүхий эдийн хангалттай нөөцтэй болсон учир уул уурхайн салбарын хөгжил наяад оны сүүлчээс хаягдаж эхэллээ. 1994 онд бүх дэлхийн уул уурхайд оруулж буй хөрөнгө оруулалт ердөө зуухан сая ам.доллар болтлоо уруудсан байна. Үнэ ч навс унаж гарсан хэрэг. Уул уурхайн дэлхийн хамгийн том компани Би Эйч Би Монголд авсан байсан Оюу толгой, Таван толгойн нөөцийн хайгуулын лицензээ эргүүлж өгчихөөд гарав. Тооцоолоод ашиггүй гэж үзсэн хэрэг. Эдгээр болон бусад ордыг олон орны олон компанид монголчууд үзүүлсэн бо­ловч тоож өгөхгүй байсан нь цаанаасаа уул уурхай уналтад орж үнэ шалан дээр хэвтэж байсантай холбоотой. 2000 он гараад уул уурхайн сэргэлтийн анхны шинж тэмдэг үзэгдэх боллоо. Одоо ашиглаж буй нөөц ордуудын хөрөнгө оруулалтын өртөг хэт өсөөд эхэлсэн аж. Гурван жи­лийн өмнөөс бужигнаан эхэллээ. Далан он давтагдав. Нефть баррель нь найман ам.доллараас бараг ная хүрэх нь тэр. Дагаад бүх түүхий эдийн үнэ гозгонож гарлаа. Монгол үнэд хүрэв. Нүүрс зургаагаас зуун ам.долларын зүг, уран 12 дахин өндөр, алт зургаан зуу гарч зэс зургаан мянга гэсэн тоонд авирлаа. Монгол орон хоёр мянган жилийн түүхэндээ байгаагүй их бололцооны өмнө ирлээ. Харамсалтай нь дагалдаад далаад оны гэнэт их мөнгө харсан гуйлгачин орнуудын синдром давтагдах нь тэр. Гадаадынхан биднийг шулах гэж байна, бид ч бас тэнэг биш ээ. Өөрөөр хэлбэл, чукча не дурак.

Үнэндээ чукча нь биш дэлхийн уул уурхайн салбар тэнэг биш. Геологид сүүлийн гурван жилд асар их хөрөнгө хаялаа. Эх газар гэхээсээ далайн эргүүд асар их түүхий эдтэй болохыг нээснээр үл барам технологийн өнөөгийн түвшин үүнийг харьцангуй хямд үнээр олзборлож болохоор болжээ. Одоо хөрөнгө оруулагчид олон нээгдсэн баялгуудаас аль сайн нөхцөлтэй рүү нь мөнгөө хаяна. Энэ нөхцөлийн зэрэглэлийг бие даасан институциуд гаргаж өгдөг. Экспортлогч далан орон дотор өнгөрсөн жил 30 орчимд явсан Монгол өдгөө XXI зууны социализм гээч юм байгуулж байгаа гэгдэх алдарт Чааваасын Венесүэль, гадныхны хөрөнгийг хураадаг Мугабэгийн Зимбабвэ, нутгийн индиан Моррисийн Болив гэсэн цагаандаа гарсан гурван оронтой зэрэгцэн адагт нь оржээ. Өөрөөр хэлбэл, энэ дөрвөн улсад хөрөнгө оруулалт хийх нь аюултай гэсэн анхааруулга. Яагаад ингэж гэнэт унасан гэхээр нэгдүгээрт, гэнэтийн ашгийн татвар гээд гэнэтхэн луйварддаг. хоёрт, тогтвортой байдлын гэрээ хийдэггүй, өөрөөр хэлбэл хууль нь тогтворгүй ба ийм гэрээгүй учраас гэнэт яаж ч магадгүй. гуравт, уул уурхайн сайд нь улайм цайм мөнгө нэхдэг өгөхгүй гэвэл шуудхан хөөдөг. Өөрөөр хэлбэл, дэлхийн хамгийн марзан орон. Ийм дүгнэлт тодорхойлолтыг интернэтээс шууд олж харж болж байна. Газар мундсан биш өөр орон руу хөрөнгө оруулалт хий.

Таван толгойг үндэсний компаниуд эзэмшиж болно. Гэхдээ хэрэгцээт хэдэн тэрбум ам.долларыг зөвхөн гадны том бирж дээр л босгоно. Ин­гэхээр ялгаагүй л гадны хөрөнгө оруулалт гэсэн үг. Харин итгэж болохгүй гээд байхад хувьцааг авах ёстой олон сая хүмүүс мөнгөө өгөхийн өмнө бодож таарнаа даа. Ингэхээр Монгол орон хоёр жил моо­донд ороод эргээд тун хурдан моодноос гарчих шиг боллоо. Алаагүй баавгайнхаа арьсыг хуваах гэж хоорондоо зодолдох төдийгүй юун хэ­рүүл болж буйг сонирхож харсан гадныхныг зодож хөөгөөд чукча хэвээрээ хоцрох шив.

Орд баялгийг эзэмших олон улсын жишиг стандарт бий. Үүгээр явахад ямар ч буурай чукча шулуулдаггүй аж. Тухайлбал, бүтээгдэхүүн хуваах зарчим гээд тогтсон аргачлал байна. Түүхий эдтэй орон нэг ч төгрөг гаргалгүйгээр татвар, роялти, газрын болон ашиглалтын төлбөрөө стан­дартаар аваад явахад буй болсон ашгийн тэн хагасыг хүртдэг аж. Урьд концесс гээд шулчихдаг байсан үе өдгөө улиран оджээ. Ядуу орнууд мөнгө харуутаа өөрийн жишиг тогтоон түүгээрээ явах гэдэг эх оронч үндсэрхэг үзэл, тогтсон авлигын систем хоёр нь байгалийн баялгаасаа болж улам ядуурах нөхцөлийг буй болгодог ажээ. Яг ийм ганцхан жишээг хэлье. Хятадууд Сүхбаатар аймаг дахь цайрын ордыг эзэмшихээр болж өөрсдийн цэвэр 100 хувийн хөрөнгө оруулалттай хэ­мээн Монголын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ 1998 онд хийжээ. Тогтвортой байдал гэдэг нь тэд 20 саяас дээш ам.долларын хөрөнгө оруулах ба гэрээ хийх үеийн Монголын хууль тэдний хувьд өөрчлөгдөхгүй хэвээр тогтвортой байна гэсэн л үг. Энэ бол олон улсын тогтсон жишиг. Хууль өөрчлөгдвөл хөрөнгө оруулагчийн эрсдлийг хам­гаалж буй баталгаа. Энэ бол хөнгөлөлт ч биш. Гэхдээ хөрөнгө оруулалтаа хоёр жилийн дотор хийхгүй бол Газрын хэвлийн хуульд зааснаар гэрээ хар аяндаа хүчингүй болно. Гэтэл хятадууд хөрөнгө оруулалтаа дөнгөж 2003 оноос буюу цайрын үнэ илэрхий өсөөд ирсэн хойно хийж эхэлсэн ба гэхдээ Монголд 40 сая ам.доллар зээлж байгаад түүнээ хөрөнгө оруулалт гэж тооцжээ. Ингэхээр гадаадын хөрөнгө оруулалт биш болж орхиж буй хэрэг. Хятадууд хагасыг нь эзэмшдэг, үлдсэн хагасыг нь манай хувийн нэг компани эзэмшдэг болж таарлаа. Тэгэхээр хамтарсан үйлдвэр ч юм шиг. Зээлийн мөнгийг нөгөө үйлдвэр ашгаасаа төлөөд унахаар зээл биш ч юм шиг. 100 сая ам.долларын ашигтай ажиллаад Монголд ердөө таван саяыг өгснийг бодохоор луйвар ч юм шиг. Манай дарга нар араб адуу уралдуулаад байхаар энэ нь авлига ч юм шиг. Бичигтийн боомтын асуудлаар хариуцах улс нь шорон яваад эхлэхээр энэ нь гэмт хэрэг ч юм шиг. Үүнээс болоод тогтвортой байдлын гэрээ бол хортой юм гэсэн ойлголт тархаад эхлэхээр энэ нь төөрөгдөл ч юм шиг. Энэ бүхнийг зохион байгуулагчид нь биенээ төрийн нэрийн өмнөөс шагнаад байхаар энэ нь гавьяа ч юм шиг. Тэгсэн мөртөө Монголын ард түмэнд энэ баялгаас түй ч үлдэхгүй, хамгийг нь ухаад зөөгөөд явчиж байгаа болохоор энэ нь шинэ колончлол ч юм шиг. Олон улсын стандартаар эхэлсэн процесс нутгийн эх оронч жимээр хөгжин эцэст нь ард түмэн хоосордог дээр өгүүлсэн далаад оны явдлын үйл яв­цын сонгодог анатоми энэ болой. Түүхий эдийн үнэ өсөхөд ядуу орны удирдлага баяжиж ард түмэн нь улам үгээгүйрч улс орон нь ухардгийн учир энэ. Чукча дурак, дуракаараа л хоцорно. Империализмыг хараагаад л хоцорно. Уул нь хөлдүү толгойгоо гэстэл нь балбах ёстой байсан юм.

БААБАР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button