Уул уурхайн компаниуд орон нутгийн хөгжилд ямар хувь нэмэр оруулав

Энэ нь манай уул уурхайн салбарт ажиллаж байгаа гадаад, дотоодын компаниудыг уралдуулсан явдал юм. Энэ удаа тэднийг Монголын төсөвт оруулсан татвараар нь биш, манай улсад хийсэн нийт хөрөнгө оруулалтаар нь ч биш, харин эдгээрийн оронд орон нутгийн хөгжилд оруулсан хувь нэмэр, нийгмийн сайн сайхны төлөө өнгөрсөн гал нохой жилд юу хийв гэдгээр нь шалгаруулав. Нийгмийн төлөөх уралдаанд нийт 35 компани саналын материалаа ирүүлж үйл ажиллагаа танилцуулснаас уралдааныг зохион байгуулагчид олон нийтээс санал асуулга авч, судалгаа хийсний дүнд есийг нь топ компаниар шалгаруулж олон нийтэд зарлалаа. Үүнд, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Бор-Өндөрийн үйлдвэр, Багануурын нүүрсний уурхай ХК, Монполимет, Монгол газар ХХК, Монголын Алт корпорац, Айвенхоу майнз Монгол, Алтан Дорнод Монгол, Бороо гоулд компаниуд шалгарлаа. Тэдгээрийн орон нутгийн хөгжил, нийгмийн сайн сайхны төлөө оруулсан хувь нэмрийг дурдвал, Монполимет ХХК Булган аймгийн Дашинчилэн суманд бага сургууль барьж, Төв аймгийн Заамар суманд уурын зуух барихад санхүүгийн дэмжлэг үзүүлж, 2006 онд нийслэлд орчин үеийн шийдэл бүхий, 96 айлын орон сууц ашиглалтад оруулж нийслэлийн хүн амыг орон сууцаар хангах, хотын өнгө үзэмжийг сайжруулахад хувь нэмрээ оруулаад байна. Мөн Булган, Төв аймгийн орон нутгаас иргэд, залуучуудыг ажлын байраар хангахаас гадна ажилд авсан хойно мэргэшүүлж байна. Монгол газар ХХК 1997-2006 оны хугацаанд улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд нийтдээ 13,9 тэрбум төгрөгийг бүх төрлийн татварын хэлбэрээр төлөөд байна. Мөн нийслэл болон Архангай, Дундговь, Өмнөговь аймгийн орон нутгийг хөгжүүлэх хөгжлийн санд нийтдээ 400 шахам сая төгрөг, Өлийн давааны замыг засаж сайжруулахад 72 сая төгрөг, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын сургуулийн дотуур байранд 68,3 сая, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын барилгад 19 сая, сумын хүн эмнэлэгт дөрвөн ширхэг УАЗ машин, Цэцэрлэг багийн иргэдийг малжуулахад 15 сая, нийтдээ орон нутгийн хөгжилд 1,2 тэрбум төгрөг зарцуулаад байна. Эрдэнэт үйлдвэр Орхон аймагт 4,2 тэрбум төгрөгийн өртөгтэй 100 айлын орон сууц барьж, үйлдвэрийнхээ дэргэд өнчин хүүхдийн Энэрэл төвийг ажиллуулахад жилд 223 сая төгрөг зарцуулаад байна. Мөн ахмадуудын нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор Эрдэнэт үйлдвэрээс өндөр настны тэтгэвэр тогтоолгосон ахмадуудад олгодог cap бүрийн тэтгэврийн нэмэгдлийг 60 хувь нэмэгдүүлж, үүнд жилд нийт 305 сая төгрөг зарцуулж байна. Багануур ХК дүүргийнхээ нийт бүх төрлийн татварт 2,3 тэрбум төгрөг төлөөд байна. 1200 хүүхэд хамрагдсан Бид нарны хүүхдүүд ТББ-ийн үйл ажиллагаанд 20 сая төгрөгийн тусламж үзүүлээд байна. Мөн дүүргийнхээ иргэдэд 36 сая төгрөгийн нүүрсний хөнгөлөлт үзүүлж олгоод байна. Айвенхоу майнз ХХК говь нутгийг хөгжүүлэхэд таван үндсэн чиглэлээр ажиллаж хувь нэмрээ оруулж байна. Эрүүл мэндийн салбарт 404,9 сая, боловсролын салбарт 120 сая, соёлын өв уламжлал хамгаалалд 130 сая, жижиг, дунд бизнесийг хөгжүүлэхэд 246 сая, малчдыг дэмжих хөтөлбөрт 145 сая, Өмнөговь аймгийн Ханбогд сумын сургууль, цэцэрлэг, эмнэлэгт, малчдад нийт 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулаад байна. Дээрх үзүүлэлтээс харахад Монголын уул уурхайн үндэсний компаниуд манайд ажиллаж буй гадаадын хөрөнгө оруулалттай томоохон компаниудаас дутахгүй улс орон, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа нь харагдаж байна.

Б.Болд

Бизнес таймс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button