Айсуй бүтцийн өөрчлөлт ба ШИНЭ ЯАМНЫ СУРАГ

Монгол Улс арван яамтай байхад хангалттай гэж дүгнэдэг Үндэсний аудитын газраас эхлээд яамдын тоог цөөлж, бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй гэдгийг дэмжигчид олон байна. Бас үүний зэрэгцээ аль яам нь алга болж аль хаашаа юутай нэгдэх нь вэ гэдгийг сонирхогчид ч дэмжигчдээсээ цөөнгүй.

МАХН-ын Удирдах зөвлөлөөс томилогдсон ажлын хэсэг бүтцийн өөрчлөлт хийх хоёр хувилбарыг боловсруулжээ. Энэ хоёр хувилбарын аль алинд нь шинэ яамны нэрс бий. Тухайлбал, Дэд бүтцийн яам. Гэхдээ бас үүнийг шинэ яам гэж хэлэхэд хэцүү. Ийм яам уг нь 2004 он хүртэл байсныг сонгуулийн дараа Зам тээвэр аялал жуулчлал, Түлш эрчим хүч, Барилга хот байгуулалтын гээд гурван яам болгон салгасан. Энэ нь улс орны хөгжлийн зайлшгүй шаардлагаар биш, харин тухайн үед байгуулагдсан зөвшилцлийн Засгийн газрыг байгуулсан намууд эрх мэдлээ тэгшитгэн хуваарилахад зориулсан шийдвэр байсан гэвэл үнэнд илүү ойр бууна. Үүнийг нь ч одоо тэднийг буцаагаад Иэгтгэх хувилбар явж байгаагаас тодорхой харж болохоор. Харин үүнээс арай өөр нэг шинэ яамны нэр бүтцийн өөрчлөлт хийх төсөлд багтсан байгаа. Тэр нь Эрдэс баялгийн яам.

Одоогийн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар, Үйлдвэр худалдааны яамны хүнд аж үйлдвэрийн газрыг нэгтгэн ийм яам байгуулахаар бүтцийн өөрчлөлтийн төсөлд тусгажээ. Айсуй бүтцийн өөрчлөлтөд нэр нь орж ирсэн шинэ яамны талаар мэргэжлийн хүмүүс янз бүрийн санал бодолтой байгаа бөгөөд ийм яам хэрэгтэй эсэх талаар ч маргаан яриа хөөрөө дэгдээд байна. Үнэхээр уул уурхайн салбарыг хариуцсан яам байгуулах шаардлага байна уу.

Түүх сөхвөл, Монгол Улс 1990-ээд оны дунд үе хүртэл эрдэс баялгийн асуудал хариуцсан мэргэжлийн яамтай явж иржээ. Түлш эрчим хүч, геологийн яам, Геологи уул уурхай яам гээд янз бүрийн нэртэй байж. Мэргэжлийн, бие даасан яам ажиллаж байсан тэр үед буюу 1960-1990-ээд он хүртэл Монгол Улс газрын доорхи баялгаа олж илрүүлж, үнэлгээ өгч, ашиглаж чадаж байсан гэж геологи уул уурхайн салбарын ахмад мэргэжилтнүүд хэлдэг юм билээ. 1990-ээд оны дунд үеэс хойш аль нэг яа-манд хавсарга байдлаар явж, мэргэжлийн бус хүмүүс удирдаж ирсэн нь эрдэс баялгийн салбарын талаар Монголын төрөөс баримтлах бодлого алдагдахад хүрч улмаар үндэсний аюулгүй байдалд харшлах хэмжээнд хүргэсэн гэж шинэ яам байгуулахыг дэмжигч зарим хүн хэлж байна.

Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын эдийн засагт томоохон байр суурийг эзэлдэг. Үүнийг албаны хүмүүс Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, жилээс жилд түүхий эдийн олборлолт өсч, экспорт нэмэгдсэнээр эдийн засагт тэргүүлэх байр суурийг эзэлж байна гэж тодорхойлдог. Эрдэс баялгийн салбарын улсын эдийн засагт эзлэх хувь хэмжээг дараахь хэдэн тоо баримтаас харж болно.

Тухайлбал, Дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувийг, Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 71.9 хувийг экспортын 58 хувийг тус тус эрдэс баялгийн салбар эзэлж байна гэсэн тоог 2006 оны урьдчилсан гүйцэтгэлээр гаргасан байна. Бас Монголын уул уурхайн салбар нь гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж байгаа цорын ганц нь гэж хэлж болох юм. Гэвч энэ салбарт орж ирж байгаа гадаадын хөрөнгө оруулалт, энэ салбарын өсөлт хөгжилтийн үр дүн нь монголчуудад хамаатай байж чадаж байна уу гэвэл хариулт нь өөр байгааг олон нийт харж байгаа. Газрынхаа баялгийг ашиглаж эхэлсэн 1996 оноос харин ч байгалийн баялгаас болж бидэнд улс төрийн, ядуурлын аюул л нүүрлэх байдал бий болоод байна. Баялгийг нь гадаа-дынхан ачаад, ухаад хаячихсан нүхэн дээр нь монголчууд зодолдож буйн томоохон жишээ нь Заамар. Одоо ашиглаж байгаа болон удахгүй ашиглаж эхлэх олон орд газрын үр шимийг монголчууд илүү хүртэх ямар боломж байна түүнийг уг нь монголчууд ашиглах ёстой. Ядаж л гадаадынханд зулгуйдан найр тавьсан тогтвортой байдлын томоохон гэрээнүүдийн түүхийг давтах ёсгүй. Бидний өнөөдрийг хүртэл хийсэн бүхий л тогтвортой байдлын гэрээнүүдийг мэргэжлийн бус хүмүүс хийсэн байдаг. Яахав хөрөнгө оруулалт гэдэг утгаараа Сангийн сайдууд хийсэн гэж зөвтгөж болох ч уг нь мэргэжлийн яам, хүмүүсийн саналыг дээрх гэрээнүүдэд тусгасан бол байдал арай өөр байх байсныг үгүйсгэж чадахгүй. Үүний төлөө мэргэжлийн яам ажиллаж яагаад болохгүй гэж. Харин энэ яаманд жинхэнэ мэргэшсэн мэргэжлийн хүмүүс ажиллах ёстой. Түүнээс өнөөдрийнх шиг намын нэрээр хаа хөндлөнгийн нэг нөхөр мэргэжлийн хүний хийх ёстой албан тушаал дээр ирж суучихаад төрийн яамны ажлыг бус улс төрийн аль нэгэн намын албан тушаалын төлөөх хор наируулдаг ажлыг хийдэг байж таарахгүй.

Ашигт малтмалын тухай хуультай болж, гадаадын хөрөнгө оруулагчид орж ирж, Монголд лиценз эрчимтэй эзэмшиж эхэлсэн 1996 оноос хойш ард түмний мэдэлд байх ёстой бүх газрын баялгийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын нэгэн албаны дарга мэдээд лиценз нэрээр баруун солгойгүй худалдав. Уг нь Монгол Улсын Үндсэн хуульд нэгэн заалт бий. Тазар түүний хэвлий, ой ан амьтан болон байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байна гэж заасан байдаг.

Үндсэн хуулийн энэ заалт хөсөр хаягдаж, Кадастрын албаны даргын зөвшөөрлөөр хайгуулын болон ашиглалтын гэх нэрийн дор одоо 7500 гаруй лицензийг олгочихоод байгаа нь манай орны нийт газар нутгийн бараг 60 шахам хувьтай тэнцэж байна гэсэн тоо баримт ч бий. Үнэндээ бол Монголын эрдэс баялаг өнөөдөр хариуцах эзэнгүй болж, лиценз эзэмшигч нэрийн дор хэн ч зарах нь чөлөөтэй, болж эмхлэх аргагүй байдалд хүрээд байна.

Лиценз эзэмшигчдийн олонхи нь гадаадынхан бөгөөд Их Британиас эхлээд Кеймений арал гэдэг улс хүртэл Монголд ашигт малтмалын лиценз эзэмшиж буй. Лицензийг ямар нэгэн аргаар олж авсан этгээдүүд шилжүүлэх гэдэг нэрийн дор Монголын газар нутгийг чөлөөтэй худалдаж байна гээд хэлчихэд нэг их буруудахгүй байх. Ганцхан жишээ хэлье.

Тамсагбулагийн нефтийн ордын лицензийг Монголчууд Соко гэдэг компанид өгч байв. Аминдаа л хятадуудаас жийрхэж, тэднийг сонгосон хэрэг л дээ. Гэтэл Тамса гийн лиценз шилжүүлэх, худалдах замаар явсаар байгаад Хятадын компанийн мэдэлд очжээ. Лицензийн энэ асуудлыг цэгцлэхгүй бол монголчуудад сүүлдээ гишгих газар олдохгүйд хүрэх нь. Иргэний хөдөлгөөнүүдийн зүгээс энэ тухайд хаврын хаварт улс төржүүлэн жагсч УИХ, Засгийн газарт шаардлага тавьдаг ч өнөөдрийг хүртэл энэ тал дээр мэдэгдэхүйц ахиц гарсангүй.

Харин улс төрчид сонгуулийн үеэр энэ тухайд хөндөж сонгуулийн сурталчилгааныхаа гол бай болгодог гэхэд хилсдэхгүй. Ямарваа нэгэн төлөвлөгөө, хариуцсан яамны төлөвлөсөн бодлогогүйгээс Монголын эрдэс баялаг үрэгдсээр буй гээд хэлчихэд болно.

Яахав. Ашигт малтмалын тухай шинээр батлагдсан нэгэн хууль байх ч өнөөдөр энэхүү хуулийн гурван хувилбарын алийг нь мөрдөхөө бид мэдэхгүй л сууж байна.

Үүнээс гадна ашигт малтмал ашигласны дараа байгалийн нөхөн сэргээлт хийх асуудал орхигдсоор ирлээ. Хэн, хаанаас, юу авч, хилээр гаргаж, ашиглаж байгаад хяналт тавьж хүч хүрэхээ больсноос гадна үүнийг хэн хариуцах тухайд ч эзэнгүйдэж байгаагаа хүлээн зөвшөөрөх цаг болжээ.

Үүнд жишээ багадахгүй. Эхнээсээ Заамарт ундны цэвэр усны гачигдал үүсч, малын бэлчээргүй болж, тосон гэдэг тодотголтой байсан энэ нутаг ухсан нүх улаан шороо болж үлдлээ. Одоо Өмнөговьд ч ялгаагүй, баялгийг дагасан экологийн хямрал аль хэдийнэ эхэлчихээд буй. Баялагтай орны иргэд заавал ядуурч, экологийн дүрвэгчид болох ёсгүй гэдгийг харуулах боломжийг бид м.эргэжлийн яам, хүмүүсээ ашиглан эрэлхийлэх аянд мордмоор байна.

Иймээс энэ бүхнийг хариуцаж, хуулийг нь хэрэгжүүлдэг, ард түмэндээ эх орныхоо баялгаас хувь хүртээж чадах чадамжтай, бүр тодорхой хэлбэл лиценз бүхний ард хэн байж, юу ашиглаж буйг нь хянаж чаддаг Эрдэс баялгийн яамыг яаралтай байгуулъя.

Өнөөдөр Монгол Улсын байгалийн баялгийг ашиглахад бидэнд хөрөнгө мөнгө, техник эдийн засгийн боломж дутаагүй. Гагцхүү үүрэг хариуцлага, энэ салбарыг аваад явж чадах тодорхой үүрэг бүхий яам л дутаж буйг хэлэхэд илүүдэх хэрэг юун.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button