А.Сүхбатын бизнесийг Алтан хатагтай далдаас удирддаг /бөхчүүд ба бизнес/

Нэг их том цолтой хүн болох гэж энд тэнд барилдсаар яваад амьдралыг чинь үрнэ шүү гэж зарим эцэг эхчүүд охидодоо захиж байсан нь саяхан. Гэтэл яг нарийндаа бөхчүүд шиг гүйлгээ ухаантай, бизнес сэтгэлгээтэй ард түмнээсээ хайрласан алдар цолоо ашиглан мөнгө босгож чаддаг хүмүүс алга юмсанж. Харин дээхнэ үеийн бөхчүүд бол ёстой л мангардуу талдаа амьдрал ахуйгаа өөд нь татаж хөрөнгө хогшил цуглуулъя гэж боддоггүй, хээгүй гүдэсхэн, хаана хүч чадалтай бөх байна, түүнтэй л ноцолдож үзье гэхээс өөр зүйл боддоггүй эрчүүд байсан гэдэг. Тэр үеэс л эхлэн бөх хүн гэж нэг иймэрхүү маанаг амьтад байдаг юм байна гэсэн ойлголт ард түмний сэтгэхүйд үлдсэн байж ч магадгүй. Тэгвэл өнөө үед бөхчүүд шиг сайн бизнес үсэргэж, ашиг хонжоо олж байгаа ажил мэргэжилтэй эрчүүд ховор болсон ажээ. Саяхан бөх сонирхогч хэдэн залуу цугларч ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн торгон зодог шуудагтангууд дотроос маань хамгийн их орлоготой наймаа панз, бизнес хийж яваа ямар ямар бөх байгаа талаар яриа өрнүүлсэн юм. Хэдхэн жилийн өмнө бөхчүүдийн дотроос хамгийн том бизнес хийж яваа хүн нь Завханы харъяат улсын гарьд Цэрэнпунцаг гэж шуугидаг байлаа.Начин заан ломбард, дэлгүүрийн сүлжээ, ноос ноолуурын наймаа, архины жижиг үйлдвэр амжилттай ажиллуулдаг энэ залууг хэн бүдүүн ухаантай маанаг амьтан гэж хэлэх билээ. Сүүлийн үед гарьд Цэрэнпунцаг бизнесийн салбар луу хэт анхаарлаа хандуулж улсын баяр наадамд ч зодоглохоо болиод байгаа билээ. Харин эдүгээ жижиг хэмээн алдаршсан Далай аварга А.Сүхбат маань бизнесийн хувьд амжилттай өсч Цэрэнпунцаг гарьдаас ч илүү нэр хүнд олоод буй ажээ. Хүмүүсийн яриагаар бол Автай сайн хааны өргөөний өмнөх баганат барилгыг А.Сүхбат бариулж худалдсан бөгөөд төв цэнгэлдэхийн хажууд хүртэл томоохон хэмжээний газар хувьдаа авчихсан амандаа орсон тоог хэлээд л сууж байдаг гэнэ. Мөн тэрбээр Ноёд группийн Буяндоржоос архины үйлдвэрийг нь худалдан авч Алтан хүнс нэртэй групп байгуулсаныг бүгд мэднэ. Харин энэ группийг Алтжин-гийн Алтан далдаас удирдаж байдаг учраас Алтан хүнс гэсэн нэр өгсөн гэх явган яриа нэг хэсэг гараад дарагдсан. Түүнээс гадна бөхчүүд маань элдэв төрлийн хориотой бизнест хүртэл гар дүрэх дуртайг Мөнх-Эрдэнэ арслангийн спиртийн хэрэг, хамгийн сүүлд Долгорсүрэн зааны нэр холбогдсон 80 тонн самрын хэрэгүүд нотолдог. А.Сүхбат аваргын хадам дархан аварга Х.Баянмөнх л гэхэд хувийн сургуультай, Гачууртад томоо гэгчийн эдлэн газартай зэрэг нь бяр хүчээрээ бизнес хийж яваагүй юм аа гэхэд толгой нь муугүй ажилладаг болохыг харуулна. УИХ-ын гишүүн дархан аварга Бат-Эдэнэ ч гэсэн амь зуух гэж ядаж яваа хүний тоонд орохгүй. Харин ч бөх хүн гэхэд улс төрд хүртэл бусдаас дутахгүй хор найруулж, нэр төрдөө сэв суулгалгүй цэвэр тоглож байгаа нь дээд сургууль төгссөн доктор хүнээс ч илүү харагддаг болсон билээ. Гэхдээ эдгээр бөхчүүдээс ч тохой илүү маш нарийн бизнес сэтгэлгээтэй нэг баян хүн байгаа нь аварга О.Балжинням ажээ. Тэрбээр хувьдаа Фужи хэмээх япон зоогийн ресторантайгаас гадна хөдөө орон нутагт хэд хэдэн тариалангийн газартай мөн Япон, Солонгосоос авто машин оруулж ирж дамладаг бизнес эрхэлдэг сураг бий. 2000 оны орчим Балжинням аварга бага зэрэг зээлийн төлбөрийн асуудлаас болоод шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныханд гэгээн цагаан өдөр унаж явсан Ланд машинаа хураалгасан гэдэг. Гэвч маргааш нь л цоо шинэ номергүй Исузу жийп хөлөглөчихсөн хотын төвөөр сүнгэнүүлж явсан ажээ. Гаднаас нь харахад энэ хүнээс бизнес төлөвлөгөө бичих ухаан гарах уу гэж бодмоор хад чулуу шиг эв дүйгүй санагддаг Балжинням аваргын бизнес өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа гэж бусад бизнесмен бөхчүүд нь хүртэл атаархан ярилцдаг юм. Гэхдээ бөхчүүдийн дундаас цойлоод цоройгоод гарчихсан, аль хэдийнээ бүгдийг нь хол хаяад тасарчихсан бас нэг хүнийг энд дурдахгүй бол болохгүй. Тэр бол самбо бөхийн дэлхийн залуучуудын аварга, чөлөөт бөхийн спортын мастер, Женко группийн захирал УИХ-ын гишүүн

X. Баттулга гишүүн билээ. Монголын толгой баячуудын эхэнд бичигддэг түүний бизнесийн талаар олон үг дурдах нь илүүц биз ээ. Мөн бие хаагаар нь үнэлвэл хамгийн ухаан муутай хүний тоонд бичигдэх Японы сумогийн бөх кёкүшюзан Батбаяр, их аварга Дагвадорж нарын бөхчүүд бизнесийн ертөнцөд ямаршуу байр суурь эзэлж явааг бодохоор бөх хүн бүдүүн гэдэг үг аль эрт үеэ өнгөрөөснийг гэрчилж байгаа биз. Ер нь Монголын улс, аймаг, цэргийн цолтой олон бөх хаана ч айл гэр амьдралаа төлөв тэгшхэн авч явдаг эрчүүд байдаг нь тэдний хир зэрэг ноён нуруутай болохыг илтгэж байдаг билээ. Иймээс бөх хүн улс төр бизнест ороод юу хийж чадах юм. Наадмынхаа дэвжээнд л зодоглож явбал таарна биз гэдэг бодол хоцрогдсон мэт санагдана.

Ноцтой мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button