Гадаадын баячууд Архангай аймагт хүн алж зугаацаад буцжээ

Яг үнэндээ Сахарын цөлөөс дутахгүй элсэн цөл ч тэнд бий гэж Канадад хэвлэгддэг Жуулчдын лавлах номонд бичсэнтэй холбоотой байж мэднэ. Жилээс жилд Монголд ирж буй жуулчдын тоо математикийн прогрессоор огцом өсч дээшилсээр байгаа ч Тайланд зэрэг орныг бодвол хаана нь ч хүрэхгүй гэж манай жуулчдын салбарынхан ярьдаг. Жишээ нь Тайландад жилдээ гурван сая орчим жуулчин ирж таван тэрбум ам.долларын ашиг оруулдаг ажээ. Манайд өнгөрсөн жил Эзэнт гүрэн байгуулагдсаны 800-н жилийн ойгоор л анх удаа гаднаас ирж буй жуулчдын рекорд эвдэгдэж 300 гаруй мянган хүн ирсэн гэж ярьдаг ч хэдий хэрийн мөнгө улсын төсөвт орсоныг тодорхойлж чадаагүй гээд байгаа. Тэгвэл гаднаас ирэх жуулчдын тоо нэмэгдэхийн хирээр янз бүрийн гаж авиртай, их мөнгөтэй хүмүүс ч бас ирж хүний санаанд оромгүй элдвийн шоу үзүүлээд буцдаг бололтой.

Тухайлбал Архангай аймгийн Хотонт сумын малчин Ц.Лхаасүрэн хоёр жилийн өмнө нэг танхай жуулчин нутаг усанд нь ирж санаанд оромгүй хэрцгий авирлаад явсан тухай доорхи зүйлийг хүүрнэсэн юм. Тэр хүмүүс гурав дөрвөн том жийп хөлөглөсөн их л баян улс бололтой байсан. Манай түүгээр жуулчид энэ тэр гээд янз бүрийн хүмүүс холхиж л байдаг хойно бид нэг их анзаараад байхгүй л дээ. Тэднийг Овоотын ард машинтайгаа зогсч байхад нь манай голын Төмөрчөдөр гэдэг залуу адуундаа явж байгаад давхиж очсон байна лээ. Тэгэхэд дөрөв таван шонхор хамартай, орос, америк нь мэдэгдэхгүй нөхөр байснаас гадна нэг орчуулагч монгол бүсгүй тэдэнтэй хамт явсан гэсэн. Орчуулагч нь Ойр хавьд булаг бий юу гэж асуухаар нь Улаан чулуутын амыг өгсөөд жаахан явахад гол тааралдана гэж хэлчихээд машин руу нь ойртож харахад дотор нь тааруухан хувцастай хоёр монгол хүн сууж байгаа харагдаж. Гэхдээ цаадуул нь машинаас гаргахгүй байгаа юмуу, шилээ тогшин яриад байгаа бололтой ам нь ангалзаад байсан аж. Мань эр ч юу гэж дуугүй байхав.

Угаасаа хэрэгт дуртай их аманцар хүн болохоор Та нартай хамт юун хүмүүс яваа юм бэ гэж асуугаад орхивол орчуулагч нь цаадуулдаа нэг үг хэлсэн гэж байгаа. Түүнийг сонсмогц цаадуул нь юу ч хэлэлгүй асар хурдан машиндаа сууцгаагаад Улаан чулуутын амыг өгсөөд давхиад явчихсан гэсэн. Манай Хотонт сум чинь Хархоринтой их ойрхон болохоор Эрдэнэзууг үзсэн жуулчид Төвхөний хийд орох замдаа яг Хужирын голоор дайрч гардаг байхгүй юу. Тэднийг давхиад явчихаар нь манай хүн ч адууныхаа араас цаашаа давхисан гэдэг. Гэтэл яг тэр өдөр Улаанчулуутын эхэнд ойн захад хонь хариулж явсан Санжаадамба гэдэг залуу их сонин зүйл үзсэн гэсэн. Хонио уулын бэлрүү шахчихаад дээрээс нь ийш тийшээ айлын мал дурандаад сууж байсан чинь уулын ам өгсөөд гурав дөрвөн жийп тоос манаруулаад гараад ирсэн аж. За ямар дарга нар нь зугаалж яваа юм бол, таньдаг хүн амьтан байна уу гэж бодсон шигээ дуран тавиад л сууж байж. Жийпнүүд нэлээн дээшээ өгсч яваад ойн зах руу шургаж орсон хадтай довцогийн хажууд очиж зогссон байна. Санжаадамба ч Баахан хүн найрлах нь дээ. Аягүй бол ямаа боож ч магадгүй. Найр нь хавтгайраад эхлэхээр очиж морьтын хишиг хүртэнэ ээ гэсэн шүү юм бодоод бахтай гэгч нь дурандаад л сууж байж. Тэгсэн чинь машинаас хэсэг хүн бууж хуруугаараа заан газрын багцаа ярилцаж байснаа гадаадын бололтой гурван хүн гартаа буу бариад дээшээ мацаж эхэлсэн байна. Энэ үед Санжаадамба Эд нар чинь тарвага ч байхгүй газраас юугаа агнах гээд буу барьчихаад мацаад яваа хүмүүс вэ. Бай буудах гэж байгаа юм болов уу гэж бодоод алдалгүй дагуулан дурандаад л байж. Гурван гадаад эр хадтай довцогийн оройд гармагцаа өөр өөр газар очоод машин руугаа буугаа чиглүүлээд суучих юм гэнэ. Энэ үед машинаас буу барьсан бас нэг гадаад хүн хоёр хүнийг чирж гулдран буулгаж ирсэнээ уул рүү гүй гэж зангаад байгаа бололтой харагдаж.

Нөгөө хоёр хүн нь дурангийн хараанд яах аргагүй монгол хүн болох нь тодорхой танигдаж байж л дээ. Байтлаа эд нар чинь хүн буудах нь уу гэж бодоод хараад л байж. Нөгөө хоёр монгол хадтай толгой руу мацаж явтал өөдөөс нь буу тасхийгээд л явчихсан байна. Түрүүхэн довцогийн оройд гарч байр эзэлсэн нөгөө гурван гадаад хүн буудаж байгааг Санжаа яахын аргагүй харсан гэж байгаа. Амьдаараа бай болсон хоёр монгол ч амьхандаа хадтай довцогийн хормойд хүрч биеэ нуух гэсэн бололтой хар эрчээрээ гүйгээд л байх юм гэнэ. Тэгж тэгж нэг нь суманд оногдсон бололтой сарвайгаад унамагц буудсан нөхөр нь гараа дээшээ өргөөд л баяртай нь аргагүй хашгиран босч ирэх нь харагдсан гэсэн. Үлдсэн амьд бай нь бараг хадтай довцогийн бэлд хүрч байтал суманд шархадсан бололтой хөлөө чирээд ойччихсон мөлхөж яваа харагдсан байна. Энэ үед дээрээс нэг гадаад хүн түүн дээр гүйж очоод шууд тулгаж буудсанаа бас л гараа дээш өргөн цовхчоод байсан аж.

Санжаа энэ бүгдийг дурангаар хармагцаа юун очиж боодог моодог идэх вэ, бүр сүнс нь зайлчихсан гэсэн. Кино зураг авч байгаа юм болов уу гэж бас эргэлзсэн гэнэ лээ. Гэхдээ нөгөө буудуулсан хүмүүсийг шууд машин руугаа даавуунд боон өргөж аваачаад хийчихээр нь кино зураг биш байна гэж бодсон байгаа юм. Намайг харчих вий, тэгвэл гэрч үлдээхгүй гээд балбуулчихаж магадгүй гэж айгаад суусан газраа доошоо навтайгаад л хэвтээд байсан гэсэн. Удалгүй жийпнүүд тоос татуулан давхиад явчихаар нь нөгөө хоёр хүний буудуулж унасан газар очиж үзвэл нэлээн их цус асгарч тийчилсэн мөр тодхон байсан гэнэ лээ. Ингээд л тэр оройноос эхлэн Санжаагийн харсан хачин зүйлийн тухай яриа голоор нэг тарсан даа. Тухайлбал Хархорины шоронгийнхон цаазын ялтай хүмүүсээ Улаанчулуутын аманд авчраад буудчихаад ачаад явчихсан гэнэ. Нөгөө Санжаадамба хажууханд нь хонио хариулж, яваад золтой л суманд нь оногдчихоогүй юм байх гэх зэргээр цуурч гарсан. Гэтэл гадаад хүмүүс яахаараа Хархорины шоронд ажилладаг билээ гэсэн яриа гарч ирсэн. Энэ үед тэдэнтэй анх Овоотын ард таарсан Төмөрчөдөр нөгөө яриаг сонсчихоод бөөн юм болохгүй юу.

Тэнэмэл юм уу гэмээр хоёр монгол хүнийг машиндаа суулгачихсан баахан гадаадын жуулчид явж байсан гээд л. Амьд хүнээр ан хийж тоглодог жуулчид байдаг юм байх даа гэж одоо хүртэл манай голынхон шогширсоор л байгаа гэж байв. Энэ яриаг сонсоход итгэмээргүй санагдсаныг нуух юун. Хөдөөний малчид хийх юмаа олж ядаад зохиосон ч юм уу гэж бодмоор. Гэтэл малчид худлаа ярина гэж барагтай л байдаггүй улс. Түүнээс гадна саяхан Оюу толгойн канадууд монгол гэр хэдэн минутанд шатахыг үзэх гэж гал тавьж зугаацсан гэсэн. Өмнө нь Бороо гоулд-ын орчим бас нэг хэдэн гадаадын иргэн хуучин орос машин тавьж байгаад сэг болтол автоматаар шүршиж зугаацсан гэдэг. Гадаадын зарим оронд баячууд нь амьд хүнийг их мөнгөөр мөрийцэн буудаж зугаацдаг нууц бизнес байдаг тухай яриа ч бий. Тэгэхээр тийм гаж донтой хүмүүс жуулчлан ирж зугаацаад явсан ч байж мэднэ.

Ноцтой мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button