Наурызын баярыг тохиолдуулан Ерөнхийлөгчийн хэлсэн үг

Монгол улсын казак иргэд ээ!

Эрхэм хүндэт нөхөд өө!

Байгаль дэлхий өвлийн нойрноос сэрж, өвс ногоо соёолж, өдөр шөнө тэнцдэг тэгш сайн өдрийг бэлэгшээн тэмдэглэдэг казак түмний маань олон зууны уламжлалт цэнгүүн – Наурыз баярыг тохиолдуулан нийт казак иргэд Та бүхэндээ чин сэтгэлийн халуун баяр хүргэж мэндчилэхийн ялдамд түмэн олноороо эрүүл энх, эгэл хотлоороо амар амгалан, дүүрэн билэгтэй, түвшин жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Наурызын баяр бол өвлийг давж, үртэй болгон өсөн үржиж, үндэстэй бүхэн урган дэлгэрдэг урин хаврыг угтан авч, ахан дүүс, төрөл садантайгаа учран золгож, ахмад настангуудаа хүндлэн дээдэлж, буянтай буурал-аксакалуудын үнэт сургаал, ерөөл айлтгалыг сонсож, хийж бүтээснээ дүгнэн цэгнэж, цаашдын хөдөлмөр бүтээлийг хэлэлцэн тодорхойлж, ёс төгөлдөр цэнгэн баясдаг, эв нэгдэл, сайн сайхныг бэлгэддэг казак түмний үндэсний соёлын салшгүй хэсэг мөн билээ.

Энэ өдөр хүн бүрийн амьдрал ахуй, хөдөлмөр бүтээл буян хишгээр арвидаж, идээ цагаа элбэг дэлбэг, хур бороо ихтэй байхыг ерөөн, баяр хөөртэй, цовоо цолгиун, хүсэл тэмүүлэл, итгэл мөрөөдөл, өөдрөг сэтгэлтэй байхыг бүгдээрээ эрхэмлэдэг. Наурызын өдөр дайснаа хүртэл уучил, мууг сайнаар дайл гэсэн өвөг дээдсийн сургаалыг ёсчлон биелүүлж, ард түмний эв нэгдлийг хүчтэй болгодог сайхан уламжлалтай юм. Энэ утгаараа наурыз зөвхөн уламжлалт баяр цэнгэл төдий зүйл биш үндэсний ёс заншлыг хүндлэн дээдэлдэг, ард түмний эв нэгдэл, найрамдал, нөхөрлөлийн бэлгэдэл болсон хүмүүжлийн томоохон ач холбогдолтой ёслол мөн.

Наурызын баярыг ёс төртэй тэмдэглэж буй энэ өдөр нэр алдар нь төрөлх Баян-Өлгий аймагтаа, төр улсдаа, түүнээс ч хальж дуурссан улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг, соёлын алдартнууд, шинжлэх ухааны эрдэмтэн мэргэд, хөдөлмөр бүтээлийн сайчууд казак түмний дундаас олон арваараа төрөн гарч, идэвх зүтгэл, хөдөлмөр бүтээл, авьяас чадвар, эрдэм ухаанаараа улс орныхоо хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Казак иргэдийн дийлэнх олонх нь амьдардаг Баян-Өлгий аймаг жилээс жилд мэдэгдэхүйц хөгжин дэвшиж, нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарт ахиц өөрчлөлт гарч байгаа хэдий ч нийслэлээс алслагдсан бусад аймгийн нэгэн адил шийдвэрлэхийг шаардсан тулгамдсан асуудал, хүндрэл бэрхшээл цөөнгүй байгааг бид мэднэ. Цаашид орон нутгийн дэд бүтцийг бүрдүүлэх, түлш, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болох, мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, ашигт малтмалын нөөц, мал аж ахуйн гаралтай түүхий эдэд түшиглэн уул уурхайн болон боловсруулах аж үйлдвэрийн зарим салбарыг хөгжүүлэх, Цагааннуурын худалдааны чөлөөт бүсийг нээн ажиллуулах, боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийх зэрэг шаардлага тулгарч байна.

Бэрхшээл хүндрэлийг даван туулж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд төр засгаас тавих анхаарал халамж, тус дэмжлэгээс гадна орон нутгийн удирдлагын идэвх санаачлага, алсын хараатай бодлого, ухаалаг арга ажиллагаа болон казак түмний маань өөрсдийнх нь хичээл зүтгэл, бүтээлч хөдөлмөр, ажилч хичээнгүй, эвсэг чанар чухал үүрэг гүйцэтгэх болно. Казак түмний эр зориг, тэвчээр хатуужил, холч бодол, саруул ухаан, хүсэл тэмүүллээр Та бүхэн ч тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх их ажлыг цаг нартай уралдаж, эрч, далайцтай гүйцэтгэж чадна гэдэгт миний бие итгэл төгс байна.

Эрхэм хүндэт казак иргэд ээ!

Казакын ард түмний олон зуун жилийн туршид уламжлагдан ирсэн түүх, хэл, соёл, зан заншлаа дээдлэн үр хойчдоо өвлүүлэх явдал нэн чухал гэдгийг онцлон тэмдэглэе. Уламжлалт наурыз баярын зан заншил, түүхэн уламжлал, дэг жаягийг ч орчин үеийн нөхцөл байдалтай хослуулан, агуулга хэлбэрийг улам гүнзгийрүүлэн баяжуулах нь Та бүхний бас нэгэн эрхэм зорилго байх ёстой. Ер нь даяаршил, мэдээллийн эрин, зах зээлийн харилцааны шинэ цаг үед өвөг дээдсээс уламжлагдан ирсэн ёс заншил, өв соёлоо хадгалахын зэрэгцээ шинэ зууны мэдлэг боловсрол, мэдээлэл, шинэ технологиос хоцролгүй суралцаж, уламжлал шинэчлэлээ зохистой хослуулан улс орныхоо хөгжил, дэвшилд урьдын адил хувь нэмрээ оруулж, төр ёсоо дээдлэн, өөрсдийн ахуй амьдралаа улам сайжруулахын төлөө ухаан зарж, зүтгэл гаргаж ажиллахыг Та бүхэндээ хандан уриалж байна.

Энэ дашрамд төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд, тэнд сонгуульт болон томилгоот үүрэг гүйцэтгэж буй ажилтнууд улс орныхоо болон орон нутгийнхаа нийтлэг эрх ашгийг чухалчилан, аливаа эв нэгдлийг эрхэмлэн ажиллах нь чухал гэдгийг тэмдэглэн хэлье. Ингэж ажиллахад казак түмний Бүгдээрээ дундаа эвтэй бол буян хишиг дэлгэрнэ, ах дүүс хоорондоо эегүй бол дүүрэн хишиг алдарна гэсэн гүн гүнзгий утга агуулгатай, онч мэргэн үг байнга санамж, анхааруулга болж байх учиртай.

Үндэсний уламжлалт Наурыз баяраа тэмдэглэж буй манай орны нийт казак иргэддээ шинэ ондоо элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан, Алтай таван богдын Агига бүргэд шигээ эр зоригтой, домборын аялгуу шигээ цог золбоо, аз хийморьтой, домогт Толбо нуур шигээ арвин тансаг дастархантай, алдарт Ховд гол шигээ ариун тунгалаг сэтгэлтэй байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн алба

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button