Эзэд нь төдийгүй эрх баригчид ч гар дүрсэн юм биш үү?

Хадгаламж зээлийн хоршооны асуудал шийдэгдэхгүй байсаар бүтэн жилийг ардаа орхилоо. Эхний ээлжинд хоршооны эздэд хамгийн гол гэм бурууг тохох хандлагатай байсан бол одоо байдал өөрөөр эргэх шинжтэй боллоо. Цаг хугацаа улирах тусам Хадгаламж зээлийн хоршооны хөрөнгийг үрэн таран хийхэд эрх баригчид ямар нэгэн хэмжээгээр оролцсон нь тодорхой болж байна.

Түүх сөхвөл 2003 онд Хоршооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж иргэдэд мөнгөн хөрөнгөө нийлүүлж Хадгаламж зээлийн хоршоо байгуулж болох тухай хуульчилсан ажээ. Уг нь Хадгаламж зээлийн хоршооны бие даасан хууль гаргах ёстой байсан боловч УИХ-ын ээлжит сонгуулийн хугацаа хэтэрхий тулсан учраас яаравчлан хам хум гаргасан нэмэлт өөрчлөлтөд Хадгаламж зээлийн хоршооны хяналтын тухай асуудлыг орхигдуулжээ.

Үйл явдлын өрнөлтөөс харахад эрх баригчид зориуд санаатай орхигдуулсан байж мэднэ. Зарим нэгэн эх сурвалжийн мэдээлж байгаагаар сонгуулийн сурталчилгааны хөрөнгө босгох шилмэл арга нь Хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө оруулаад богино хугацаанд эргүүлж татан авч хүүгээр нь үйл ажиллагаа явуулдаг арга гэнэ.

Энэ аргыг МАХН-ын сонгуулийн PR-ыг хийсэн Оросын мэргэжилтнүүд зааж өгсөн гэдэг мэдээлэл ч байна. Хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг луйвардах энэ аргыг хожим нь хоршооны эзэд өөрсдөө чадмаг ашиглаж, чамгүй их хөрөнгө завшсан бололтой юм. Одоо болохоор Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдыг эзэд нь Хүүгээ тухай бүрт нь авч байсан. Хадгалуулснаасаа ч их мөнгийг хүүгийн орлогоор авсан хэмээн мэлздэг.

Үнэн хэрэг дээрээ Хадгаламж зээлийн үйл ажиллагаа явуулах хоршоо болохоос хадгаламжийн хөрөнгөөр үл хөдлөх хөрөнгө худалдан авч, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх ёсгүй байсан билээ. Энэ үйлдлийнхээ төлөө ихэнх Хадгаламж зээлийн хоршооны эзэд залилангийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа юм.

Авсан хүн нэг тамтай, алдсан хүн арван тамтай гэж үг бий. Хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө алдсан хохирогчид гэм буруутныг газар сайгүй хайж байна. Зарим нэгэн баримт материалуудад төр, засгийн өндөр албан тушаалтнууд, урлаг, соёл, бизнесийн нэр хүндтэй хүмүүсийн нэрс харагдах боллоо. Тэд улайм цайм мөнгө төгрөг аваад зугатчихсан зүйлгүй боловч богино хугацаанд их хэмжээний мөнгийг Хадгаламж зээлийн хоршоонд оруулаад буцааж авсан байх юм.

Энэ бүхэнд Монголбанкны зүгээс хяналт тавьсангүй гэж хоршооны хохирогчид хэлдэг. Тухайн үед Монголбанкны зүгээс Хадгаламж зээлийн хоршооны гишүүдэд хандан сэрэмжлүүлэг гаргаж, хоршооныхоо үйл ажиллагаанд хяналт тавихыг анхааруулж байсан билээ. Үүнээс өөр эрх хэмжээ Монгол банканд байгаагүй юм.

Одоо Хадгаламжийн банкнаас их хэмжээний мөнгө сох дутсан тухай асуудал босч ирээд байгаа. Дутагдсан мөнгө Хадгаламж зээлийн хоршоо руу ч орсон байхыг ч үгүйсгэхгүй. Энэ их мөнгөний урсгалыг хянасангүй хэмээн Монголбанкийг бас дахиад буруутгах боллоо. Уг нь аливаа банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг тухайн байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал, дотоод хяналтын хэлтэс, дотоодын аудит, хөндлөнгийн аудит гэх мэт дөрвөөс таван шат дамжлагаар хянадаг. Их хэмжээний мөнгөний гүйлгээг яаж ч бодсон дээр дурдсан шат дамжлагын гадуур хийх боломжгүй. Харин Монголбанкны зүгээс бусад арилжааны банкны мөнгөн гүйлгээнд хяналт тавьдаггүй юм байна. Тэгэх ч боломжгүй гэнэ. Өнөөдөр манай арилжааны банкууд өдөртөө гурван сая орчим менгэн гүйлгээ хийдэг гээд бодоход тэр бүхнийг Монголбанк хянах ямарч боломжгүй юм.

Энэ бүхнээс үзэхэд асуудлын гол нь мөнгөн гүйлгээ хийсэндээ биш, мөнгө төгрөгийг идэж ашиглах сувдаг сэтгэлд л байх шиг санагдана. Авч идэхийн дон шүгэлсэн бол ямарч аргаар хамаагүй авахыгаа л авна шүү дээ. Олны олон таван цэн гэгчээр бөөн цөөнөөр нь нийлүүлэн байж босгосон жирийн иргэдийн Хадгаламж зээлийн хоршооны хөрөнгө рүү эрх баригчид ичгүүр сонжуургүй халдаж, сонгуулийнхаа сурталчилгааны хөрөнгийг босгоод авсан юм биш үү.

Ардын эрх сонин 55 /587/

Г.Энхбаатар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button