Ерөнхийлөгч иргэдтэй уулзав

Тэд 1300 төгрөгийн хохирол учруулаад, давтан хэргээр 10 жил 5 сарын ял аваад хоригдож буй П.Ариунцэцэгт Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд өршөөл үзүүлэхийг хүсэв. Ерөнхийлөгч Н.Энхбаяр асуудлыг судалж үзье гэсэн хариу өглөө. Мөн Төрийн тэргүүн жендерийн асуудал, эрхээ хамгаалах, өмч бүртгүүлэх талаар иргэдэд хууль эрх зүйн мэдлэг, боловсрол олгоход анхаарч ажиллахыг зөвлөлөө.

Монгол Улсын Төрийн тэргүүнд Германы Техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GTZ) Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Мартин Маршке, тус газрын Хуульчдын сургалт ба давтан сургалт төслийн удирдагч Л.Заяа нар бараалхлаа. Тэд Монгол улсад хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудынхаа тухай танилцуулж, Германы Техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг Ерөнхийлөгч Н.Энхбаярын санаачилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулахтай холбогдуулж дэмжлэг үзүүлэх, Монголын жижиг, дунд үйлдвэрлэлийг том компаниудын эрэлтийг хангах чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч Н.Энхбаярт Монголын Тэмээн Поло холбооны тэргүүн Ц.Оюунбаатар тэргүүтэй тус холбооны удирдлага, гишүүдийн төлөөлөгчид бараалхлаа. Тэд тэмээ хамгаалах хуультай болох, малын хулгайтай тэмцэх тэмцлийг чангатгах, малын хулгайчдыг хууль хяналтын байгууллага шийтгэхгүй тавиад явуулчихдаг байдлыг таслан зогсоох, тэмээ өсгөх ажлыг төрөөс урамшуулах, дэмжих, чоно агнахад анчдаар дэмжлэг үзүүлэх, тэмээний ашиг шимийг дээшлүүлэх жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх хэрэгтэй байгаа талаар хүсэлт тавьлаа. Ерөнхийлөгч Н.Энхбаяр, тэмээ өсгөх асуудлаар хууль эрх зүйн орчинг нь зөв зүйтэй болгох талаар ажиллая. Та бүхэн тэмээгээ өсгөх талаар санаачлага гаргаарай гээд Ерөнхийлөгчид бараалхаж буй дэлхийд хамгийн олон 509 тэмээтэй Баянхонгор аймгийн Баянлиг сумын улсын аварга малчин Ц.Шинэнд 1000 тэмээтэй болохыг ерөөлөө.

Нэрт хөгжмийн зохиолч Г.Бирваа гуайн охин Б.Мөнхжаргал Г.Бирваа гуайн хамгийн сүүлийн зохиол болох Ерэн жилийн дурсамж, Эх орон эцэг эхээс улбаатай зэрэг номууд болон Г.Бирваа амьд сэрүүн цагтаа Ерөнхий сайд Н.Энхбаярт бичсэн захидлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьлаа. Г.Бирваа номондоо нүдээр үзэж өнгөрүүлсэн Монголын түүхийг болон өв уламжлал, зан заншил, хүн хүнээ хайрлая гэсэн санааг дэвшүүлсэн тухай Б.Мөнхжаргал ярив. Мөн Г.Бирваа гуайн хөгжмийн зохиолоор Хялар хатан хөгжимт дуулалт жүжгийн нээлтийг 10-р сард хийх талаар танилцууллаа. Ерөнхийлөгч Н.Энхбаяр аавыгаа хүндэлж, өв уламжлал, ёс заншлаа хадгалах саналыг ном, мюзиклээр дамжуулж ард түмэндээ хүргэж байгааг нь талархал илэрхийллээ.

Монгол Улсын Төрийн тэргүүнд Үндэсний хөгжлийн судлалыг дэмжих төвийн гүйцэтгэх захирал, шинжлэх ухааны доктор Ц.Батбаяр бараалхав. Доктор Ц.Батбаяр Ерөнхийлөгчийн ивээл дор ирэх зун болох Зүүн хойд Азийн эдийн засгийн Улаанбаатарын форумд бэлтгэх ажлын явцын талаар танилцуулж зөвлөгөө авав.

Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн алба

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button