Хар усаа харамлая

Хар ус харамлахын учир

Монголын нутаг дэвсгэрийн 68 хувь нь усны байнгын гачаалтай. Улсын цэвэр усны нийт нөөц эх нутгийн минь дөнгөж гуравны нэг хэсэгт, тодруулж хэлбэл нутгийн хойд болон баруун талд төвлөрсөн, зүүн, өмнөд нутагт томоохон гэх гол, нуур үгүй. 2003 онд улсын хэмжээнд явуулсан гадаргын усны тоо бүртгэлээр 5565 гол, горхины 683 нь, 9600 булаг шандаас 1484 нь, 4193 нуур тойром байсны 760 нь ширгэсэн дүн гарч. Харин усны хэрэглээ 1970 оноос хойш бүр дөрөв дахин нэмэгдчихэж. Хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээг хангах зах зээлийн зөв менежментийн зарчмыг энд мөрдөхөөс аргагүй нь. Усны нөөц багатайд тооцогддог манай орны хувьд газар тариалан, бэлчээр усжуулах, хүн амын ундны хэрэглээнд зориулж газрын доорх усны нөөцөө ашиглах зэрэг усан хангамжийн олон бэрхшээл хамар дор бий.

Усны аж ахуйн нэгдмэл бодлого алга

Ус хэмээх чандмань эрдэнэтэй бидний амьдралын хичнээн хэсэг уялдсан билээ. Гэтэл өдгөө энэ салбарт дорвитойхон бодлого чиг дутагдаж байна. Социализмын үед Усны аж ахуйн бие даасан яамтай, тэр нь энэ салбарын бодлогыг цогцоор нь авч явдаг байж. Их бүтээн байгуулалт өрнөсөн жараад оноос хойш гучхан жилийн дотор 46 мянган уст цэг бидний нэрлэдгээр худаг) шинээр байгуулж, 156 станц барьжээ. Мэдээж, бэлчээр усжуулах, сум сууринг ундны усаар хангах зорилгоор шүү дээ.

Гэхдээ ЗХУ-ын зээлийн мөнгөнд дулдуйдаж, ямар ч тооцоо судалгаагүйгээр, зөвхөн төлөвлөгөө норм биелүүлэх гэж улайрснаас голын эрэг дагуулаад хүртэл худаг ухаж, хаа нэг үр дүнгүй ажил хийж байсныг зөвтгөх гэсэнгүй. Гэлээ ч олонх нь говь, тал нутгийн ард түмэнд үнэхээрийн тус хүргэсэн. Зах зээлийн давалгаанд дайвалзсан арваадхан жилийн дотор дээрх услалтын системүүд дампуурч, 46 мянган худгаас 12 мянга нь, 156 станцаас хоёрхон нь үлдсэн гашуун түүхтэй хоцров, бид. Бие даасан том бүтэц задарч, энд тэнд хэдэн яам, газрын харьяа, дагуул болж, өөр салбарынхны бөөрөнд хавчуулагдсанаар Монгол Улсын усны нөөц, хадгалалт хамгаалал, менежментийн бодлого дампууран нуржээ.

Аанай л социалист бүтээн байгуулалтыг гардан хийлгэхээр нам эасгийн бэлтгэсэн цөөн тооны мэргэжилтний залгамж өдгөө тасарч эхэллээ. Аль 1970-аад онд сургаж авсан 5000 мэргэжилтэн салбартайгаа, барьж босгосон станц, худгуудтайгаа хамт нийгмээс шахагдаж, олонх нь тэтгэвэртээ сууж, одоо цөөхөн нь энд тэндэхийн сантехникч хийж явна. Гидрогеологи, гидрологи, гидротехник зэрэг энэ салбарын нарийн мэргэжилтэн, инженер бэлтгэдэг сургууль бүр ч дутагдаж байна.

Ус-Хөгжлийн суурь орчин

Уг нь, хөгжлийн бодлого тодорхойлоход зайлшгүй түшиглэдэг гурван гол орчин бий. Ус, хөрс, агаарын орчин. Шинээр барилга байшин барихад, дэд бүтэц төлөвлөхөд, хот босгоход, ер юу ч хийхэд энэ гурав бодлогын суурь болдог учиртай. Энгийнээр хэлбэл, бид усаа дагаж нүүдэг, бас суурьшдаг. Хүн малын төвлөрөл үүнтэй холбоотой. Хөдөөд бол мал аж ахуй, газар тариалангаа дагаад, төв суурин газрынхан үйлдвэрлэлээ бараадаад ийн төрлөрсөн. Монголын томоохон суурин газрууд Орхон, Сэлэнгэ, Туул гэсэн гурван голын ай сав дотор л багтаж буй. Энэ гурван том ай савын огтлолцол Улаанбаатарын орчимд байх.

Хөдөө аж ахуйн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувийг үйлдвэрлэдэг манай эдийн засгийн гол баганын нэг. Гэтэл бэлчээрийн ус хүрэлцээгүйгээс нутаг талхлагдах, цөлжих гэх мэт санаа зовоосон хэрэг мандаж, ургац тарианы гарц муудав. Газар тариалан цэцэглэлтийнхээ үөд, тодруулбал 1984 онд 800 мянган тонн үр тариа хураан авч байлаа. Одоо дөнгөж 160 мянга шүргэх болов.

Манай улс усны нөөц багатай орны тоонд ордгийг өмнө өгүүлсэн. Хязгаарлагдмал нөөцийг төгсгөлгүй хэрэгцээнд хүртээхийг зөв менежмөнт гэж энгийн үгээр хэлбэл, усны хувьд чухам ийм менежмент үгүйлэгдэж байна. Хар ус харамлахгүй гэж шанага шанагаар асгадаг үе өнгөрч, гачаалтай байгаа газарт усаа яаж хүртээмжтэй хүргэхэв гэдгээ бодох хэрэгтэй боллоо. Зах зээлийн нийгмийн нэг эрсдэл бол хөрөнгийг түргэн хугацаанд эргэлтэд оруулж, баяжих гэ¬сэн сэтгэлгээг хүн бүхэнд өгдөг явдал. Энэ явцад байгалийн баялаг хамгийн ихээр үрэгддэг. Бусдаас илүү, бүр хамгийн хайрнаар усанд үрэгдэж байна. Алтны эрэл хайгуулчид гол мөрний ай савуудыг дагадаг. Үгүй бол, зоргоороо гольдролыг нь өөрчилж ширгээдэг. Ерөө, Туул, Хараа, Хангайн нурууны голуудын ай сав тиим алт хайгуулчдаар дүүрлээ.

Иргэд, ялангуяа хотынхон газраа хувьчилж аваад, хашаан дотроо худаг ухдаг шинэ хэрэглээ бий болов. Хүссэн хэнд ч ийм эрх олгогдсон болохоор тэр болгоныг нь бүртгэж хянах аргагүй. Замбараа, засаглалгүй энэ явдлын эцэст нийслэлчүүд ундны цэвэр усгүй хоцорч мэдэх бололтой. Усны ай савын нөөцийн 25-аас ихгүй хувийг ашиглахгүй аваас байгалийн тэнцвэр алдагддаг гэнэ. Нийслэлийнхнийг ундаалахаар Туул голын ай савын дагууд 160-аад худаг гаргаж, түүгээр сая сая тонн ус татан түгээж байна. Тэр усыг айл бүхэнд, байшин бүхний өрөөнд хүргэх гэж газар доогуур бүхэл бүтэн инженерийн том хот байгууламж барьсан. Ингэж хүргэхэд гаргадаг өртөг, зарцуулдаг хөдөлмөрөө бодохоор нэг литр усыг 50 мөнгөөр үнэлэх хичнээн хайран. Хэрвээ хүн бүр энэ бүхний үнэ цэнийг мэдвэл 30 литр усаар шүдээ угааж байгаа харгис хэрэглээ зогсоно. Жорлонд ус шоржигнотол гоожихоо болино. Худгийн аман дээр цалгилдаг ус халихаа байна.

Ус-Алтнаас үнэтэй баялаг

Аль ч үед, хэдийд ч усны хэрэглээ байж л таарна. Бас л нөгөө хэмжээт нөөц, хязгааргүй хэрэгцээний хуулийг ярих хэрэг гарна. Бай¬гаа багахан нөөцөө хэрхэн хадгалахав, яаж зөв хуваарилахав. Харамсалтай нь, усыг байгалийн нөөц гэдэг талаас нь хандах сэтгэл иргэдэд ч, төрд ч үгүйлэгдсээр байна. Энэ нөөцийг буруу ашиглаж, нийтэд хохирол учруулсан нэгэнд хүлээлгэх эрх зүйн хариуцлагын тогтолцоо гэх юм алга. Газрын доорх бая¬лаг гээд алт эрдэнэсийг банкинд барьцаалаад зээл ч авч болдог атал хэдэн сая жилийн туршид хөрсөн дор хуралдан үүссэн цэвэр усыг үнэлэх үнэлэмж огт үгүй нь харамсмаар. Ус байгалийн хэр үнэтэй бая¬лаг болохыг, алт зэсээс ч амин чухал хэрэгтэй бо¬лохыг бид хялбархан баталж чадна. Усгүйгээр хэдэн хоног амьдарч чадах вэ гэдгээ эргэцүүлэхэд л үүнд ямар ч эргэлзээгүй ижил хариулт өгөх биз, хүн төрөлхтөн. Магадгүй, Оюу толгой дахь алтаас тэндэх усны нөөц илүү үнэтэй баялаг байж ч болох юм. Хөрсөн дорхи усыг цооногоор татаж аваад алтаа баяжуулж буйг санавал металлд бялууртал хайрладаг алдраас чандмань эрдэнэдээ багахан ч атугай хувь хүртээнэ биз ээ.

(Нийгмийн толь 066/158)

Л.Мөнхзул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button