Үйлдвэр, худалдааны сайдад БНН-аас нэр дэвшээд буй Ц.Даваадоржийг дэмжих үү?

УИХ-ын гишүүн Л.Гүндалай

-Ц.Даваадоржийг муу, сайн гэдгийг нь мэдэхгүй. Гэсэн ч дэмжинэ. МАХН-ын Удирдах зөвлөл дэмжсэн л бол сайд болох нь тодорхой гэсэн үг шүү дээ. Гэхдээ МАХН-ын хэр нэгдэл нягтралтай байгаагаас шалтгаалах байх. МАХН нэгдэлгүй байгаад зарим нэг нь унагаах бодолтой байсан бол өдийд саарал ордноор хор гүйж байх учиртай. Хор гүйж байгаа бол Та Ц.Даваадоржийг яах гэж байна гэж асуух байх.

УИХ-ын гишүүн С.Ламбаа

-Ардчилсан намын зөвлөлийн шийдвэр гарсны дараа шийдвэрээ гаргана. Зөвлөл энэ асуудлаар өнөө маргаашгүй хуралдах байх.

УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан

-Одоогоор хариу өгөх боломж алга.

УИХ-ын гишүүн Б.Эрдэнэсүрэн

Энэ талаар мэдээлэлгүй байгаа болохоор хариулт өгөх боломжгүй байна.

УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж

-Удирдах зөвлөлөөс БНН-ын төлөөллийг дэмжих ёстой гэсэн бодлого тодорхойлсон бол би Удирдах зөвлөлийн шийдвэрийг дэмжинэ. Ц.Даваадоржийг олон талаас нь судалж үзсэн биз. Ер нь бол Б.Жаргалсайхан бизнес сэтгэлгээтэй, асуудлыг глобаль хүрээнд харж чаддаг сайд байсан. Тиймээс БНН-аас нэр дэвшигчийг дэмжих нь буруу зүйл биш байх.

УИХ-ын гишүүн А.Мурат

-МАХН олонхийг бүрдүүлж байгаа гэдэг утгаараа энэ бол МАХН-ын хэрэг. Бид хуулийг зөрчихгүй, ажил хийх чадвартай хүнийг сайдаар сонгох хэрэгтэй гэдэг дээр үгээ хэлэх болно. Ашигт малтмалын хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэгт орсон гишүүний хувьд хэлэхэд ҮХЯ-ны ажил маш их цалгардсан байна. Ц.Даваадоржийн танилцуулгыг харж байж дэмжих эсэхээ шийдэх болно. Түүнээс БНН-ын төлөөллийг заавал дэмжих ёстой гэсэн байдлаар наймааны сайд гаргах юм бол улс оронд тусгүй үйлдэл болно.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг

-Зөвлөл дээр хуралдаж шийдвэр гаргасны дараа мэдээлэл дээр үндэслэж шийдвэр гаргах болно.

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан

-УИХ-д өргөн барих эсэхийг нь мэдэхгүй байна. Засгийн газраас өргэн барьсны дараа шийдэх болно.

УИХ-ын гишүүн Р.Раш

-Намынхаа байр суурийг харна даа. Ер нь бол стратегийн орд газрын жагсаалт гаргах асуудлаар хамтран ажиллаж байхдаа Ц.Даваадоржийг ажлаа сайн мэддэг хүн юм байна гэж дүгнэсэн.

УИХ-ын гишүүн Б.Мөнхтуяа

-Эмнэлэгт хэвтэж байгаад өнөөдөр гарч ирлээ. Энэ асуудлаар мэдээлэл хомс байгаа болохоор одоохондоо хэлж мэдэхгүй байна.

УИХ-ын гишүүн Ж.Гүррагчаа

-Нэгэнт намууд хоорондоо тохироод манай намын бүлэгээс дэмжих санал оруулаад ирвэл дэмжиж л таарна.

УИХ-ын гишүүн Батж. Батбаяр

-Албан тушаалыг наймаалцдаг нь буруу шүү дээ. Би дэмжихгүйгээр барахгүй хатуу эсэргүүцэж УИХ-ын хуралдааны үеэр үг хэлэх болно.

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр

-Засгийн газрын тэргүүн Үйлдвэр худалдааны сайдын нэрийг УИХ-д өргөн бариагүй болохоор одоохондоо хэлэх үг алга. Өргөн барьсны нь дараа хэлье.

Ардын эрх сонин 55 /587/

Г.Хишиг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button