Хадгаламжийн банк хэвийн ажиллаж байна уу?

Хадгаламжийн банкнаас 14.2 тэрбум төгрөг алга болсон хэрэг гарсан нь сүүлийн үед дуулиан тариад байгаа билээ. Өнгөрсөн оны 12 дугаар сард тусбанк хувьчлагдсан ч 14.2 тэрбум төгрөгийн ашиглангийн хэрэг хувьчлагдахаас өмнө үйлдэгдсэн болох нь нэгэнт тодорхой болоод буй. Хэдийгээр банкны удирдлагууд болон Монголбанк, холбогдох хүмүүс Хадгаламжийн банкны үйл ажиллагаа хэвийн байгаагэж мэдэгдэж байгаа ч харилцагчдын дунд дампуурчих вий гэсэн айдас байгаа нь нууц биш. Хадгаламжийн банкны Зээлийн газрын захирал У.Даштай уулзаж ярилцлаа.

-Хадгаламжийн банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа тухай танай удирдлагууд хэвлэлийн бага хурал хийлгэн мэдэгдсэн төдийгүй холбогдох байгууллагын хүмүүс ч ингэж мэдээлж байна. Харин таны хувьд танай банкны үйл ажиллагаа хэвийн байгаа гэдгийг юугаар нотлох вэ?

-14.2 тэрбум төгрөг алдсан банк үйл ажиллагаагаа хэвийн явуулна гэдэг байж болшгүй зүйл гэж хүмүүс ярьж байгаа ч манай банк үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадаж байгаа. Өөрөөр хэлбэл, хадгаламжаасаа зарлага хийлгэхээр ирсэн харилцагчдын мөнгийг саадгүй олгож байгаа. Төв банкнаас арилжааны банкинд тавьдаг шалгуур үзүүлэлтийг ч бүрэн ханган ажиллаж байна. Мөн төрөөс олгож буй тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгийг саадгүй олгож, шаардлага, хангасан зээлийн өргөдлийг хүлээн авч зээл олголт хэвийн явагдаж байгаа нь банкны үйл ажиллагаа хэвийн байгаагийн илрэл биш гэж үү.

Түүгээр ч үл барам бид хадгаламжийн банкнаас нийт харилцагч хадгаламж эзэмшигчид болон зээлдэгч нартаа одоо байгаагаасаа илүү шинэ, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх зорилгоор шинэ үйлчилгээ нэвтрүүлэх ажлын хэсэг байгуулан багагүй амжилттай ажиллаж байна.

-Хадгаламжийн банкны удирдлагууд Монгол банкнаас зээл хүсч байна гэсэн мэдээлэл гарч байсан?

-Төв банкнаас арилжааны банкууд зээл авах, арилжааны банк илүүдэл нөөцөө бага хэмжээний хүүгээр бусад банкинд олгох нь аль ч банкны өдөр тутмын үйл ажиллагааны нэг гэж би бодож байна.

-Их хэмжээний мөнгө алдсан болохоор үйл ажиллагаанд ямар нэг хэмжээгээр хүндрэл учирсан нь байх? Энэ бүхнийг хэрхэн даван туулах гэж байна вэ?

-Банкны хувьд хамгийн чухал нь банк болон харилцагч хоорондын харилцан итгэлцэл байдаг. Бид 14.2 тэрбум төгрөгийн асуудлаас илүүтэйгээр хувьчлалаас өмнө Төрийн банк байх үеийн зарим хариуцлагагүй хүмүүсийн болчимгүй үйлдлээс шалтгаалан Хадгаламжийн банкны урт удаан хугацаанд бий болгосон нэр хүндэд нөлөөлсөн буртаг, харилцагчдынхаа итгэлийг сулруулсанд харамсч байгаа. Цаашид ийм явдал Монгол улсын санхүүгийн салбарт бүү гараасай.

Манай банкны хувьд харилцагчдынхаа хадгаламжийг эрсдэлгүй байлгах үүднээс даатгалд хамруулж даатгагдсан хадгаламжийн хөтөлбөр хэрэгжүүлэх болон хүү, хугацааны хувьд иргэд, аж ахуй нэгжийн бизнесийг бодитоор дэмжих нөхцөл санал болгож урт хугацаанд тогтвортой хамтран ажиллана.

Бидний хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ажлын нэг болох ХАА-н зээлийн хөтелбөрөө эхэлсэн гэдгээ үүгээр дамжуулаад харилцагч нартаа уламжлахад таатай байна.

-Хөдөө, аж ахуйн салбар эрсдэлтэй биш үү?

-Ер нь бол банкууд хөдөө, аж ахуйн салбар эрсдэл ихтэй гэсэн ойлголтоор их хэмжээний, урт хугацааны хөрөнгө оруулалтын шинжтэй зээл өгөхдөө хойрго ханддаг тал бий. Тиймээс хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэгч нар маань дорвитой шинэчлэл хийж чадахгүй байсаар өнөөг хүрлээ. Манай банк өнгөрсөн оны 12 дугаар сард ОХУ-ын Хөдөө аж ахуйн банктай 100 сая долларын хөрөнгө оруулалтын зээлийн хөтөлбөрт хамтарч ажиллах талаар гэрээ байгуулсан. Энэ дагуу бид хөдөө, аж ахуйн салбарт урт хугацааны бага хүүтэй зээл олгох төсөл хэрэгжүүлж эхэлсэн тухайгаа дээр дурдсан бөгөөд төсөл хүлээж авах ажлаа эхэлеэн байгаа. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд төслөө боловеруулаад манайд хандвал бид удаан хугацаанд хамтарч ажиллахад бэлэн байна. Мөн томоохон зээлдэгчидтэй тусгай хөтөлбөр хэрэг¬жүүлж ажиллах болно.

Ардын эрх сонин 55 /587/

Г.Хасар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button