А.Мурат Дастарханаа сул зай үлдээлгүй идээ будаагаар дүүргэдэг

Өнөөдөр казах түмэн Наурызын баяраа тэмдэглэж байна. УИХ-д Баян-Өлгий аймгийг төлөөлөн гурван гишүүн ажилладаг. Эрхэм гишүүн К.Саираан Кувейтэд айлчилж байгаа бол гишүүн А.Бакей Наурызын битүүн тэмдэглэхээр явсан бололтой эзгүй байв. Ингээд гишүүн А.Мураттай хэрхэн баярлах талаар нь болон баярын зан үйлийн талаар ярилцлаа.

-Танд баярын мэнд хүргэе. Баяраа яаж тэмдэглэх вэ?

-Баярлалаа. Миний хувьд Улаанбаатарт ажиллаж амьдарч байгаа танил дотно ахмадуудтайгаа золгоно. Гавьяат багш А.Мекей зэрэг хүмүүс бий. Манай ёсонд аль болох олон айлаар орж мэнд усыг нь асуухыг бэлгэшээдэг. Бас ирж золгох нэлээд хүн бий тул гэртээ зочид хүлээж авна. Наурызын баяраар манайд ирээрэй гэж урьдаггүй, таних танихгүй олон хүн зочилж золгодог.

-Хамгийн хүндтэй идээ будаанд юуг тооцдог вэ?

-Хонины толгой, сүүжийг хүндтэй идээ гэж үзнэ. Үндсэн хоол нь Наурызын көже гэдэг аарц, мах, будаа, амтлагчууд нийлсэн долоон төрлийн хольцтой будаатай шөл. Дээр үед миний ээж, эмээ нар маш сайхан көже хийдэг, хүүхэд байхад көже идэхдээ их баярладаг байсан.

-Танай ёсонд бэлэг зэхдэггүй гэсэн. Орж ирсэн хүүхдүүдэд ч өгөхгүй юү?

-Өгдөггүй.

-Архи дарс хэрэглэдэггүй байх. Гол ундаа юу байдаг вэ?

-Өтгөн цай, айргаар дайлна. Дастархан дэлгэхдээ сул зай үлдээлгүй идээ, будаа, боов, боорцгоор дүүргэдэг. Энэ нь жилийн турш идээ ундаа элбэг дэлбэг байхын бэлгэдэл юм. Энэ баяраар эв эеийг их эрхэмлэнэ. Нэг нэгийгээ уучилж, гомдлоо тайлах ёстой.

-Заавал үндэснии хувцсаа өмсөх үү?

-Хувцасны хувьд чөлөөтэй. Заавал үндэснии гэхгүй. Социализмын үед цагаан сартай адилхан нууж хааж тэмдэглэдэг байсан. Тэгээд л баярлаж байгаагаа нууж жирийн хувцас өмсч тэмдэглэж байсны үлдэгдэл юм байлгүй. /инээв/ Уг нь үндэснии хувцсаа өмсвөл өнгө үзэмжтэй харагддаг.

-Золгох ёслол нь ямар вэ. Цагаан сараар л гэхэд эхнэр нөхөр хоёр золгодоггүй. Тиймэрхүү зан үйл бий юү?

-Гэр дотроо бие биедээ баяр хүргэнэ. Зөвхөн эрчүүд цээж зөрүүлж золгоод эмэгтэйчүүдтэй бол зүгээр л мэнд мэднэ. Энэ бол жендертэй холбоотой асуудал биш шүү. Манайхан эхийнхээ үгийг сонсдог, эмэгтэйчүүддээ хатуу үг хэлдэггүй ард түмэн. Одоо харин эмэгтэйчүүд Эрээн явж наймаа хийгээд эрчүүд гэр сахидаг болж. Үүнийг дээр үед нүгэл гэж үзэж, эрчүүд гэр орноо авч явдаг байсан.

-Наурызын битүүн гэж байдаг уу?

-Тийм зүйл байхгүй. Баярын өмнөх өдөр гэр орноо цэвэрлэж, идэшний хонио төхөөрч, махаа чанана. Баярын хувьд хоёр, гурав хоног золголт үргэлжилнэ.

-Олон айл хэсч идээ будаа амсах хэцүү биз?

-Дөчин айлын дөчин янзын көже амсах хэцүү шүү. Шөлийг аяганаас халбага хэрэглэлгүй уудаг юм. Харин сүүлийн үед халбагадах болсон байна лээ.

-Эрхэм гишүүд хоорондоо золгодог уу?

-Бидний ахмад нь К.Саираан гишүүн. Гадаадад яваа. Хамгийн дүү нь би. А.Бакей гишүүнтэй золгоно. Энэ завшаанд танай сониноор дамжуулж улс орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа казах түмэн, монголчууддаа хаврын баярын мэнд дэвшүүлж, сайн сайхныг хүсч, Наурызын баярын эв эеийг эрхэмлэсэн бэлгэ дэмбэрэлийг ерөөе. Бид эвтэй байхдаа хүчтэй. Энэ сайхан баярын өдөр хүн бүр уур уцааргүй байж, нэг нэгдээ гомдсон бол түүнийгээ тайлдаг. Өвөг дээдсээс дагаж ирсэн ёс уламжлалаа сахиж өнөөгийн амьдралд хэрэгжүүлэх ёстой юм шүү.

Ардын эрх сонин 55 /587/

Д. Цэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button