Хөдөөгийн хэрэгцээнээс гарсан лаа нийслэлчүүдийн гэрт морилжээ

Ажлаасаа тараад орой гэртээ очтол цахилгаан дахиад л тасарчихаж. Гэртээ очоод хийхээр төлөвлөсөн ажил цахилгаан гэгчээс болоод бүгд будаа. Тас харанхуйд цахилгаан ирэхийг хүлээн суух би талд амьдарч буй малчинд өөрийн эрхгүй атаархах шиг. Саяхандаа нэгэн малчин эрийг орон сууцанд амьдарч буй хотынхноос дутахааргүй сайхан амьдарч буй тухай сонссон.

Хотынхон биднийг үе үе бухимдуулдаг нэг зүйл бол цахилгаан тасрах. Үнэндээ бол бараг л хэвийн үзэгдэл болсон гэхэд дэгсдэхгүй. Тийм болохоор нь нийслэлчүүд бид цахилгаан нэг хоёр цагаар алга болох-ыг байдаг л зүйл мэтээр хүлээж аваад сурчихаж. Гэтэл малчид нарны эрчим хүчний гайхамшгийг мэдэрч соёл иргэншилд умбаж суухад хотыхон цахилгааны хязгаарлалтад байнга өртөнө. Хедөөгийнхөн телевиз үзэн, хөгжим сонсч цахилгаан өөрийнхеө хүссэнээр захирч сууна. Цахилгааны мөнгө их гарахвий гэж санаа зовох юмгүй нарны эрчим хүчээр цахилгаан өдөр шөнөгүй хэрэглэж байна.

Эдүгээ малчид лаа баяртай гэцгээж буй бол нийслэлчүүд лаатай нөхөрлөх тохиолдол дэндүү олон болжээ. Өөрөөр хэлбэл хөдөөгийнхөнд хөөгдсөн лаа ниислэлчүүдиин гэрт морилох. Улаанбаатарын захын гэр хороололд XX зууны эхэн үеийн харанхуй, бүдүүлэг тэр л төрхөөр амьдарч буй өрх бишгүйдээ л нэг байдаг. Сарынхаа байтугай жилийнхээ төлбөр тооцоог хийлгүй тог хумсалж, хулгайлж амьдарч байгаа айл өрхийг Улаанбаатараас ольё гэвэл түүн шиг амархан зүйл үгүй. Эрчим хүчний төв системээс хол гэсэн шалтгаанаар төр засаг хөдөөгийнхөнд анхаарлаа түлхүү хандуулдаг бол нийслэлчүүдийг сэргээгдэх эрчим хүчээр хангах талаар бодитой ажил хийлгүй өнөөг хүрлээ. Төв суурингийнхан эдүгээ нөгөө л ДЦС-уудынхаа хүчээр цахилгаантай залгаж байгаа. ДЦС-ууд нь авлагаа авч чадахгүйн нэг зовлонтой. Тэгээд л зовлонгоо хугаслахын тулд цахилгааны хязгаарлалтыг хэрэглэгчдэд хүчээр тулгадаг гаж тогтолцоо нийслэлчүүдэд хэдийнээ танил болчихож. Албаны хүмүүс сэргээгдэх эрчим хүч бол ниислэлчүүдиин хувьд хэрэгтэй зүйл биш хэмээн боддог байж ч болох л юм.

Тэгвэл нийслэлчүүдийн зарим нь өнөөдөр цахилгааныхаа мөнгийг төлж чадахгүй, зарим нь чүү чамай төлж байгаа. Хэрэглэсэн цахилгааныхаа мөнгийг төлж чадахгүй байна гэдэг шулуухан хэлэхэд амьжиргааны төвшин ядууралтай холбоотой юм. Талхаа авах уу цахилгааныхаа төлбөрийг төлөх үү. Өлсөж үхэхгүйн тулд үмх талхандаа олсон хэдээ зарцуулж байгаа тэднийг буруутгах ч аргагүй. Эрчим хүчний хэрэглээ ядуурал хоёр шууд уялдаатай гэдэг. Ядуу хүмүүсийн эрчим хүчний эх үүсвэр нь бохирдол үүсгэж эрүүл мэндэд хортой орчинг бий болгох хүчин зү.йл болдог гэж НҮБ-ынхан өөрсдийнхөө хийсэн судалгаан дээр үндэслэн ийм дүгнэлтийг хийсэн байна. Тэгэхээр хамгийн гол нь өнөөдөр хүн амыг ядуурлаас гаргаж, эрчим хүчний хэрэглээг дээшлүүлэхдээ биш харин ашиглаж буй эрчим хүчнийхээ төрлийг өөрчилсөн тохиолдолд ядуурал буурна гэсэн сонирхолтой гаргалгааг хийжээ. Ялангуяа манай улсын хувьд төв суурин газруудад энэ асуудал чухал болоод байгаа. Манай улс хэдийгээр сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах асуудалд анхаарлаа хандуулж байгаа ч энэ нь зөвхөн хөдөөгийн иргэдэд зориулсан үйлчилгээ гэхэд дэгсдэхгүй.

Сэргээдэх эрчим хүчээр өөрсдийгөө хэрэгцээг хангадаг өрх Улаанбаатарт л лав байхгүй. Гэтэл төв суурин газрынхны ашиглаж буй эрчим хүч хаана хаанаа дэндүү өндөр зардалтай байгааг нуух юун. Цөмийн цахилраан станцтай болох, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах гээд дэлхий нийтээр хошуураад байгаа эдгээр асуудлыг манай улс өмнөх зорилгоо болгоод байгаа нь талархууштай ч хэрэгжилт нь дэндүү удааширалтай байгааг нуух юун. Усан цахилгаан станц, нар, салхины эрчим хүчийг өөртөө татах цамхаг гээд хөдөөгийхөнд зориулж олон ажил хийж буйг үгүйсгэх гэсэнгүй. Хотынхон ч гэсэн нарны эрчим хүчийг ашиглах шаардлагатай байна. Цөмийн цахилгаан станцтай больё гэж том том дуугарахаасаа илүү сэргээгдэх эрчим хүчийг улс даяараа хэрэглэдэг болвол аштай юу даа.

Ардын эрх сонин 55 /587/

Ж.Эрхэс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button