Эзэнт улсыг мөхөөсөн эмэгтэй

-Өнөөдөр, татвар эм Ян Гуйсрэй, түүний хайр эзэн хаан Сюань-иунын тухай зөвхөн гуниглан өгүүлэх шүлгийн мөр, он цагийн эрхээр хуучирсан торгон зураг л өгүүлнэ-

Апс тэрээх XIII зууны Хятад ямар байсан бол? Зах хязгааргүй цагаан буудааны талбай, сүм хийдийн вааран дээвэр, шугамдсан юм шиг шулуун гудамж талбай, хүрэл хонхны жингэнэх дуун л ард олны сэтгэлд үлдсэн байдаг… Харин түүхэн ном сударт ҮI зууны сүүлчээр бүдүүлэг омгийнхны олон зуун жилийн хүч түрэмгийллийн дараа Хятадын эзэнт улс сэргэсэн тухай өгүүлдэг. Цэргийн жанжин Ли Юань 618 онд Тан улсыг үндэслэн элсэн говиос Вьетнамын ширэнгэн ой хүртлэх уудам нутгийг тасралтгүй дайн тулаан хийж байж эзлэн авав. Энэ эзэнт улс огт шинэ зарчмын үндэстэй байлаа. Жалга довондоо хэмжээгүй эрхэт феодал, ноёдыг эзэн хаанд захирагдсан албан түшмэлүүдийн үе солив. Хаан өмнөхийн адил бурхан биш юм аа гэхэд л Тэнгэрийн хөвгүүн гэгдэж хамжлагуудынхаа шар тэнгисийн дунд сүлбэр уул нь байв. Хаантньг барааг харахыг иргэдэд үл зөвшөөрөх бөгөөд өндөр тушаалын түшмэдүүд хаанд бараалхахаар ирэхдээ зэрэг дэвээсээ хамран 30-50 удаа мэргэн сөхрөнө. Гэлээ ч эзэн хааны амьдрал цэлмэг тэнгэр шиг байсангүй. Хүнд сурталтнуудын хуйвалдаан, хөдөөгийн догшин ноёдоос аюултай. Үе залгамжлагч нарын анхны эзэн хааны ач хүү Гао цун өөрийн тансаг ордондоо эхнэр У Цэтянийнхаа олзны хүн болоод гарт нь атгагдсан байлаа. Гаог нас барсны дараа хатан хаан эрх мэдлээс түүний хүүхдүүдийг зайлуулж өөрөө хаан ширээнд суужээ. Хятадын түүхэнд ийм тохиолдол байсангүй. Талийгаачийн ач Ли Лунци өсч өндийтөл тэр эмэгтэй эрх барьсаар байв.

Хятадын эзэн хаад хэд хэдэн нэртэй байсныг хэлэх хэрэгтэй байх. Овгийн нэр, төрөхөд нь өгсөн хувийн нэр (тэр нь цаашид хувирна) мөн хаан ширээнд суухад нь эрх барих үеийн уриа болсон нэр авна. Тэр нь олон янз байж болно. Ли Лунци гэхэд гурван нэртэй. Дөрөв дэх нэрээ нас барсан хойноо байлаа. Гурав дахь нэрээр нь сүм хийдэд очиход нь нэрлэнэ. Хаан болсны дараа түүнийг Сяньтянь нэр өгсөн нь Мөнх тэнгэрийн урьдатгал гэсэн утгатай. Түүхчид гол төлөв түүний шашны нэрээр нь Сяньцун (Хувилгаан өвөг дээдэс) гэж нэрлэдэг. Ямар ч гэсэн нэртэй байсан тэрээр шийдэмгий, эрч хүчтэй хүн байлаа. Бараг булан бүрт нь үхэл хүлээж байх эзэн хааны том ордонд тэрээр өссөн байна. У Зэтянь хаан ширээ залгамжлах хүн бүрээс л хагацах хүсэлтэй байв. Хатан хааны охин Тайпин хүүг ивээлдээ авсан байсан нь түүнийг аварсан гэнэ. У Зэтянийг нас барсны дараа эрх мэдлийг түүний хүү Чунцун авлаа. Гэвч түүний эхнэр нь хадам эхийнхээ замыг сонгон түүнийг хордуулав. Энэ үеэр 25 настай байсан Лунци морины нүүдэл хийж, Тайпины тусламжтайгаар 710 онд төрийн эргэлт гарган Вэй хатагтайг жижиг хүүхдүүдийнх нь хамт хөнөөжээ. Эрх мэдлийн тэмцэл зөвхөн Хятадад ч биш энд тэндгүй л ийм.

Эхлээд Лунци өөрийн эцэг Жуй-цуныг эзэн хаан болгов. Гэвч чимээгүй архичин тэрээр төр барих чадваргүй нэгэн байжээ. Ингээд жонон 713 онд хаан ширээнд сууж Кайюань (Нээлттэй эхлэл) уриатайгаар эрх барьж эхлэв. Эхлээд тэр хүн амын тооллого явуулж бүх хятадуудыг өглөгййн дансанд бүртгэв. Хааны сангийн татвар хоёр дахин нэмэгдлээ. Бараг 700 жил гүйлгээнд байсан кай юань тун бао гэх зэс зоосон мөнгийг шинээр гаргалаа. Тэднийг сүлбэн холбож хадгалах ба алсын аянд явахдаа эзэн хааны тамгатай дөрвөлжин цаасаар орлож байлаа. Ингэж дэлхийн анхны цаасан мөнгө үүсчээ. Мөнгөний урсгалыг зохион байгуулж, зам харгуйн дээрэмчидтэй эрс тэмцсэн нь худалдаа наймааг өргөжүүлж, хотуудыг хөгжүүлэв. Нийслэл Чаньанид (одоогийн Шэньси мужийн Сиань) бараг сая хүн амьдарч байсан нь тухайн үедээ дэлхийн хамгийн олон хүнтэй хот байлаа. Удирдлагын арга барилыг сайжруулахын тулд эзэн хаан түшмэдүүдээ байн байн шалгах системийг нэвтрүүлжээ. Шинэ тушаал авахын тулд тэд ёс зүй, күнзийн сургаал, шүлэг зохиох үндсэн мэдлэгтэй болсон байх ёстой байв. Тэднийг бэлтгэхээр төрийн Ханьлинь (бийрэн ой) гэх академийг байгуулсан байв. Эрдэмтэн мэргэд, уран зохиолчдын нэр хүнд тэр үед дээд цэгтээ гартал өргөгдсөн байв. Хааны ордны дэргэд агуу яруу ңайрагчид Мэн Хаожань, Ли Бо, Ду Фу нар амьдарч шилдэг уран барилгачид, зураачид хөгжимчид ажиллаж байв. Хэдэн мянган номтой номын сан нээгдэж, жүжигчдийг бэлтгэх сургууль нээгсэн байжээ. Тан улсын яруу найргийн цоморлогт зөвхөн нэрд гарсан яруу найрагчид гэхэд л 3500 байгаа гээд бод!

Эзэн хаан еерөө муугүй шүлэг бичнэ. Насахихтутам тэрээр төрийн ажилд ядран ордондоо шүлэг зохион хөгжим сонсож суух нь их болжээ. Эзэн хааны эмсийн хүрээлэн бараг мянгаад гоо бүсгүйтэй. Гэвч тэрээр тэднийг төдийлэн эрхлүүлэхгүй. Улс орныг ганцхан харцаараа дагуулсан гэх эртний гоо бүсгүй Литэй адил эмэгтэйг л тэр хайж байлаа. Анхны гэргий У Хуэйфэй эхэндээ эзэн хаанд тийм сэтгэгдэл төрүүлсэн ч нас ахин гоо үзэсгэлэн нь бүдгэрээд хааныг орхисон аж.

ДЭЭДСИЙН ТААЛАЛД НИЙЦЭХҮЙ

Ордны тайган Гао Лиши нэгэн гоо бүсгүйг усанд орж байхад нь ордны угаалгын өрөөнд хаантныг дуудан оруулжээ (739 он). Хаантан хулсан хөшгийн цаанаас тэр эмэгтэйг ажиглажээ. Өтгөн хар үс, час улаан уруул, сүүн цагаан арьс нь тэр эмэгтэйн гоог илтгэнэ. Бага зэрэг мариалаг байж магадгүй. Гэхдээ яг ийм бүсгүйчүүд л хаанд таалагддаг. Түүнийг хараад байгааг мэдээгүй гэж бодож байтал нь уснаас гараад тэр эмэгтэй хааны нуугдаж байсан газрын зүг айлгүй харц шидэж хааны зүрхийг эзэмдэв.

Яруу найрагч Бо Цюйи энэ эгшинг ингэж зурагласан байдаг Хязгааргүй нинжин тэрээр Харагчин эмийг түшээд өндийлөө! Тэнгэрийн хүүгийн бороон дусал Тэр цагаас анх түүн дээр асгарав Хаантан Гао Лишид тэр эмэгтэйн тухай бүгдийг мэдэх үүрэг өгөв. Гао ч үүнд бэлэн байсан учир түүнийг Ян Юйхуань гэдэг, 19 настай, эзэн хааны хүү Ли Мэйн эхнэр болоод гурван жил болж байна гээд л урсгав. Ордны хүлээн авалт дээр эмэгтэйчүүд ховорхон үзэгдэх ба хэрэв тэр эмэгтэй тэнд байсан бол будаг шунх, гоёлоос нь болоод хаан танихгүй байсан байх. Тэрээр Шэньси мужийн нэгэн аймгийн сангийн нярав Ян Сюаньчны охин байсан бөгөөд бүсгүйг 16 хүрэх үед эцэг нь түүнийг ханхүү Мэйд бараг худалджээ. Хаантны хамаатан болсноор тэр бүх насны тэтгэлэгтэй болсон аж. 736 онд тэд хуримлаж, гоо бүсгүй ордонд орж иржээ. Нэгэнт ордонд орсон бол нөхрийн эсвэл өөрийн үхлийн дараа л тэндээс гарах эрхтэй байж. Хийдэд гэлэнмаа болбол бас нөхрөөсөө салсанд тооцно.

Тайган Гао өөрийн нөлөөг ихэсгэхээр хаанд залуу эмэгтэйг харуулсан бололтой. Бүсгүй бас ч үгүй муу биш шүлэг бичнэ, дуулна. Янз бүрийн хөгжим тоглохоос гадна морь унахдаа гарамгай.

Сюань-цун нойр хоолоо алджээ… Төрийн хэрэг, нүүдэлчдийн эсрэг хийх дайнаа мартаад түүний бодол санааг тэр эмэгтэй бүрэн эзэлсэн байжээ. Гарцыг тэр эмэгтэй өөрөө олсон гэдэг. Тэрээр нөхертөө сүмд суух болсон гэж хэлээд үсээ хусуулан Таижэнь нэр авч гэлэнмаа болов. Ийм тохиолдолд эмэгтэй эд хөрөнгөгүй хоцрох боловч ганц энэ аргаар л нөхрөөсөө салж болно. Магадгүй тэрээр эзэн хаантай нууцаар тохиолцоод үүнийг хийсэн байх. Учир нь түүнийг сүм хийдэд суулгана гэж алс хол илгээсэнгүй ордонд үлдээсэн бөгөөд бусад лам нарын хамт хаанд мөргөл унших ёстой байлаа. Хэд хоногийн дараа залуу гэлэнмаа эрхэм дээдэстэй учран хүсэл нь биелэн хүлээсэн үе нь ирэв. 55 настай тэнгэрийн хүүгийн бие сэтгэл нь ч сэргэсэн байлаа. Хаан хаана хоног өнгөрөөж буйг бүгд мэдэх авч энэ жүжиглэл Мэйд шинэ эхнэр болтол нь таван жил үргэлжлэв. Түүний дараа нь хаан тэр эмэгтэйг ордондоо албан ёсоор авчран Гуйфэй (Эрдэнэсийн эхнэр) нэртэй болгожээ. Дээдэс хайртай татвар эмээ голдуу ингэж нэрлэдэг. Тэр эмэгтэй нөхөртэй байсан учир хааны жинхэнэ эхнэр болж чадахгүй, хүүхэдтэй ч болох эрхгүй. Тэр нь хааны сэтгэлийг зовоох зүйл биш. Хаан 27 хүүтэй байжээ.

ТАТВАР ЭМСИЙН ОРДОН

Хятадын түүхчид тэр эмэгтэйн талаар олон янз бичдэг. Зарим нь ордны зальтнуудын гар хөл болсон гэнэ. Нөгөө хэсэг нь өөрийн амбицаараа улсыг мөхөөсөн зальтан гэдэг. Тийм байж болох юм. Гэхдээ түүний сэтгэл нь хаанд үнэнч. Хаврын зугаалганд хамтдаа. Харанхуй шөнөөр хаантны нойрыг манана… Тэр бүсгүй хайр халамжаараа хааныг хүрээлсэн юм. Хөгшин хайртынхаа эрүүл мэндийг анхааран тэрээр хааны хоолны эмчилгээний дэглэмийн жагсаалт гаргасан байснаас зарим жор нь өнөөг хүрчээ. Тухайлбал тэрээр нялх хулсны навчийг зөгийн баланд шаран хаанд өгдөг байсан гэнэ. Өөрөө личи гэх жимсээр хооллон тусгай элч нараар алсаас зөөлгөдөг байлаа. Үүнээс гадна түүний хамаатан садангууд бүгд л төрийн албанд орцгоосон байв. Нэгдүгээр сайдын тушаалд түүний хамаатан Ян Гочунь сууснаас хойш алба дээшлэх гэсэн хүн авлига өгөх ёстой гэсэн өөрийн журмыг тэрээр тогтоосон байлаа. Төрийн сан хөмрөг хоосорч татварын мөнгө Янын гэр бүлд очиж байв. Алдагдлыг нөхөхөөр татвар нэмж олны дургүйцлийг төрүүлж эхлэв.

Амин биеэс сүүлчийн өөдсийг хуулагч,

Амнаас минь сүүлчийн хоолыг булаагч,

Хөрөнгийг нь хоослон хүмүүсийг тарчлаагч,

Хөх чоно, цөөвөрүүд!

Хурц тахир хумстанууд, хөрөөн шүдтэнгүүд

Хүний мах юунд зооглоно вэ? гэж Бо Цюйи тэр цаг үеийг бидэнд шүлгээрээ дамжуулсан байдаг.

Эзэн хаанд хүмүүс гомдол мэдүүлж байсан нь тодорхой. Энэ талаар тэр хайрт бүсгүйтэйгээ ярих гэж үзсэн гэдэг. Яриа бүтэлгүйтэж, тэр эмэгтэй хоёр ч удаа нутаг буцан айлгаж байжээ. Түүнийг нутагтаа хүрээгүй явахад нь хааны элч төлөөлөгч гүйцэн очиж гуйн авчирдаг байсан аж.

Энэ үеэр Тангадууд Төвдтэй нийлэн торгон замыг хааж, эзэнт улсын хязгаарт дайн гарах болж байлаа. Зах хязгаар байн байн байн цэрэг илгээх боловч нүүдэлчдийн сум, элсэн шуурганд тэд залгигдаж байлаа. Хүчээр цэрэгт татагдсан тариачид харийн нутагт ясаа тавихыг хүссэнгүй.

Тэднийг ар гэрийнхэний барьцаа л барьж байв. Дайснуудтайгаа тэмцэхийн тулд хятадууд нүүдэлчдийн дайчдыг ашиглаж заримыг нь генерал, амбан захирагч болгож байв. Тэдний нэг нь турк гаралтай Ань Лушань байсан юм. Генерал болсон тэрээр хань хамсаатнуудынхаа хамт татварыг ихэсгэж цэргийн тоог нэмэгдүүлэхийг л хаанд ятгаж байлаа.

Харин эзэн хаан огт өөр зүйл бодно. Тэрээр ордноосоо баруун талын Лишань ууланд Хуацин гэх тансаг ордон бариулж байлаа. Тэндхийн халуун рашаантай усан санд Гуйфэй эгч дүү нартайгээ шумбан зугаацаж, хаантан өндрөөс тэднийг харж цагийг барна. Хүндэт зочдын амтат хоолоор дайлан тансаг хүлээн авалт үргэлжилнэ. Тансаглалд өөрийгөө зориулж байгаад нь Ду Фу дургүйцэн ингэж шүлэглэсэн байна.

Тэмээн тавхайн шөлөөр

Түшмэд хөгшидөө дайлна.

Дарс, махны цатгалан үнэр ханхлана

Зам харгуйд нь үхдлийн яс цайрна

Урлагийн ивээн тэтгэгч байсан хаан иймэрхүү дайралтыг тэвчинэ. Гэхдээ л хоёр жилийн дараа Ду Фугийн найз яруу найрагч Ли Бо шоронд суусан байлаа. Яруу найрагчийг ивээгч жонон Линь эцгийнхээ эсрэг хуйвалдаан гаргасны дараа энэ хэрэг болжээ. Жононг цаазлаад яруу найрагчийг цөлсөн байв. Тэндээс тэр буцаж ирээгүй. Архинд согтсон яруу найрагч усанд туссан сарны дүрсийг барихаар оролдоод живж үхсэн гэдэг. Эзэн хааны хайртай яруу найрагч Ду Фу тосгонд амьдран турж үхсэн хүүхдүүдийг оршуулах ажилтай байв. Хаантан ба түүний хайрт бүсгүй хоёрт тэр цагаар яруу найрагчид гэхээсээ амиа бодох хэрэг тулаад ирсэн байлаа.

МӨНХИЙН ГУНИГ

Үймээнийг нөгөө генерал Ань Лушань өдөөв. Тэрээр Гуйфэйгийн хайрыг авахаар оролдоод бүтэлгүйсэн гэнэ. Өшеө хорсолдоо баригдсан генерал 755 онд дайснуудтайгаа Ганьсу мужид найрамдаад армиа зүүн зүгт чиглүүлэв. Өөрийн тунхаглалдаа тэрээр эзэн хааныг хамжлагтуудаа мартсан гэж буруутгажээ. Олз хайсан нүүдэлчдийн хамт түүний морин цэрэг хуучин нийслэл Лояныг дайран эзлээд сүйтгэлээ. Тиим сүйрэлд орохгүйн тулд Чаньанийн хамгаалалтыг хааны ёс дэх хүү Ли Хэн зохион байгуулахаар үлдэж, эзэн хаан Ян Гуйфэйн хамт өмнө зүгт зутжээ. Аян замд цэргүүдийн дургүйцэл өсен улсын сан хөмрөгийг хоосолсон, эзэн хааныг илбэдсэн, түүнд хүний цустай эм өгч мансууруулсан гэж тэр эмэгтэйг муулж байлаа. Ингээд 756 оны долдугаар сарын 15-нд самуун гарч Ян авгайг өгөхийг шаардлаа. Хагас цаг хүлээсний эцэст гэрээс Ян Гуйфэйн амьгүй цогцсыг гаргаж авчрав. Түү¬нийг дагалдан гарч ирсэн Гао Лиши Эрдэнэсийн эхнэр амиа хорлосон гэж мэдүүлэв. Янын гэр бүлээс дээр гарахыг ямагт эрмэлзэж байсан тайган Гао түүнийг боомилсон байхыг ч үгүйсгэх аргагүй. Хайртай бүсгүйгээ амь алдсныг харсан Сюань-цун ухаан алдан унав.

Хагацан салах үхлээс авралгүйд хүчин мөхөсдсөн

Хаантан ханцуйгаараа нүүрээ хаагаад эргэв

Гашуудаж, ширгэсэн нүднээс нь

Гашуун нулимас, халуун цус асгарав.

Эзэнтний гашуудал хязгааргүй их байсан нь үймээн гаргагчдыг уяруулж тэд түүний Сычанийн ордонд авчирчээ. Тэнд хаантан эрх мэдлээ Ли Хэнд шилжүүлсэн зарлигт гарын үсгээ зурав. Нийслэл Чаньанийг дайсанд хүч хомсдон өгсөн шинэ хаантан шинэ арми цуглуулахаар зүүн зүгт мордов. Жилийн дараа Ань Лушань өөрийн хамсаатнууддаа алагдсан ба эзэн хааны цэргүүд нийслэлээ буцаан авлаа. Сюаньцун дүрвэлтээс буцах замдаа хайрт бүсгүйнхээ булшийг хайгаад олоогүй гэдэг. Хагас хугас булсан булшийг хулгайч дээрэмчид эсвэл зэрлэг амьтад үл мөргүй болгожээ.

Яруу найрагч Бо Цюйн Мөнхийн гуниг (Чанхэньгэ) гэсэн яруу найрагтаа тэдний дурлалын тухай өгүүлэн энэ дурлалын түүхийг алдаршуулсан юм. Түүний найраг ёстой жинхэнэ үлгэр болжээ.

Ян Гуйфэйг санан тарчилсан Сюань-цун даосын нэгэн мэргэнтэй уулзсан аж. Мэргэн ламтан тэнгэр хүртэл яваад тэнд Гуйфэнийг олоод түүнээс эзэн хаанд бэлэг болгосон эрднэсийн самыг хэлсэн үгтэй нь авчирсан гэнэ.

Чи бидний зүрх сэтгэл маань,

Чулуунаас хатуу, алтнаас дээгүүр үлдэг!

Тэр цагт л бид хүний ертөнцөд ч юм уу

Тэнгэрийн оронд дахин учирна.

Хуний ертөнцөд-эргэн ирсэн лам энэ үгийг дамжуулан бэлгийг нь гардуулсаны дараа Сюань-цун аз жаргалтай инээмсэглэл нуүрэндээ тодруулаад тэнгэрт хальсан гэх. Яруу найрагчийн үгээр татвар эмийн энэ түүх Хятад даяар мэдэх их дурлалын түүх болон хувирчээ. Хөрш орнууд нь ч энэ домогт өөрийн нэмрийг оруулжээ. Япончууд болохоор Ян Гуйфэнь үхээгүй япон нутагт орогноод нутгийн хүмүүсийг дээдсийн ёс зүйд сургасан гэдэг.

Үнэн хэрэгтээ энэ түүх огт өөрөөр өрнөсөн юм. Хаан ширээнээс зайлуулагдсан Сюань-цун хүүдээ олзлогдож байгаад 762 онд өөд болжээ. Үүнээс арай хожуухан армийн самууны бүрэн дарагдаж, хятадууд дайны шархаа эдгээж эхлэв. Гэвч хэдэн сая хүн үрэгдэн, бүхэл бүтэн аймаг хошуу хоосорч, эзэнт улсын баруун хэсэг торгон замын хамт алдагдсан байлаа. Тан улс дахин сэргэн мандаж чадсангүй. Тан улс 906 онд задран бутарлаа.

Үүнээс хагас зуун жилийн дараа таран бутарсан хятадууд Хойд Сун улсын шинэ омгийн дор нэгдсэн юм. Олон зуун ч өнгөрч олон ч хаад, тэдний хайртай бүсгүйчүүд цагийг элээв. Гэвч Ян Гуйфэнийн нэр түүнийг мөнхжүүлсэн яруу найрагчийн буянаар Хятадад мөнхийн гунигийн бэлгэдэл болон үлджээ.

Ардын эрх сонин 55 /587/

Ш.Мягмар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button