Дусал хор

Хар Тамхи Мансууруулах Бодисоос Иргэдийг Хамгаалах Нийгэмлэгийн (ХТМБИХН) Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад 13-18 насны хүүхэд залуучуудын дунд явуулсан судалгаанаас үзэхэд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгч хүүхэд залуучуудын 68 хувь нь каннабис татдаг, 13 хувь нь мансууруулах бодисыг үнэрлэж хэрэглэдэг, 14 хувь нь сэтгэц нөлөөт эм уудаг, 5 хувь нь тарьж хэрэглэдэг гэсэн дүн гарсан бөгөөд хэрэглэгчдийн ихэнх нь буюу 80 хувь нь хөвгүүд байсан байна.

Э.Лхагвсүрэн Гэрт тань хэн хэрэглэсэн нь үл мэдэгдэх зүү тариур үзэгдвэл анхаарлаа дээшлүүл

Хүүхэд залуучууд мансууруулах бодисын хор уршгийг мэдэхгүйгээс бусдад уруу татагдах, бусдыг дуурайх, сонирхож саваагүйтэх зэргээр энэ зам руу хөл алдаж байна. Ингээд энэ талаар Хар Тамхи Мансууруулах Бодисоос Иргэдийг Хамгаалах Нийгэмлэгийн тэргүүн, багш Э.Лхагвсүрэнтэй ярилцсан юм.

– Мансууруулах бодис хүний биед учруулах хор хөнөөлийн талаар яриагаа эхлэе.?

Мансууруулах бодис нь хүний уураг тархи, мэдрэл сэтгэхүйд хортой нөлөө үзүүлдэг, химийн буюу ургамлын гаралтай бодис юм. Энэ нь хүнийг гаж хөөрлийн эсвэл гутралын байдалд оруулна. Мөн сэтгэл зүй бие махбодийг хараат байдалтай болгож, сэтгэц болон биеийн эрүүл мэндэд ихээхэн хор хөнөөл учруулах шинж чанарыг агуулдаг.

– Өсвөр насныхан ямар шалтгаанаар мансууруулах бодист автагдаж байна вэ?

Насанд хүрэгчдийн хувьд хувьд уй гашуу, сэтгэлийн хямрал зэргээс гарах гэх мэт олон хүчин зүйл дурдагддаг бол өсвөрийн насныхны хувьд агшин зуурт сэтгэл сэргээж, дисконд ороод савж бүжиглэх зэрэгт илүү доргио таашаалтай байдаг гэх байдлаар бие биедээ гайхуулж, улмаар давтан хэрэглэсээр донтолтод ордог. Одоогийн байдлаар манай төвд өсвөр насны архаг донтолтой 65 хүүхэд бүртгэлтэй байна.

– Бид хар тамхийг л мансуурах бодис мэтээр үздэг. Тэгвэл өөр ямар бүтээгдэхүүнүүд мансууруулагчдын тоонд орж байна вэ?

Зөвхөн хар тамхийг л мансууруулах бодисын тоонд оруулах нь учир дутагдалтай. Жишээ нь өвчин намдаах эмийг эмнэлэгийн зориулалтаар байнга хэрэглэсний улмаас уг бодисыг байнга хэрэглэх эрүүл бус дур хүсэлтэй болж байгаа нь мансууруулагч бодист автаж байна гэсэн үг. Мөн шар цавуу, гутлын тос, машины яндангаас гарч буй утаа, бүр кофе ч мансууруулах бодисын тоонд орно. Сүүлийн үед өсвөр насныхан шар цавууг ихээр хэрэглэж мансуурч улмаар хэтрүүлэн амь насаа алдаж байна.

Баримт 1. Хэдхэн сарын өмнө 17 настай нэгэн хүү шар цавууг их хэмжээгээр үнэрлэн мансуурснаас амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Гэтэл үүнтэй адил сэтгэцэд нөлөөлөх эмүүдийг доз хэтрүүлэн хэрэглэх зуршил мөн өсвөр насныхан дунд өргөн тархжээ. Өнгөрсөн оны байдлаар хордлого тайлах төвд дээрх байдлаар сэтгэцэд нөлөөлөх эмийг хэтрүүлэн хэрэглэсэн 264 хүүхэд хүргэгдэж ирсэн бөгөөд үүний 30 хувь нь эмчилгээ авалгүй байсаар нас баржээ.

– Өсвөр насны хүүхдээ мансууруулах бодис хэрэглэж байна уу, үгүй юу гэдгийг нь мэдэх боломж бий юу? Тэд мэдээж эцэг эхийнхээ дэргэд хэрэглэхгүй шүү дээ.?

Хүүхэд тань мансууруулах бодисыг хэрэглээд удаагүй ч мэдэх бүрэн боломжтой. Царай нь цонхийх, гэрэлтүүлгээс үл хамааран хүүхэн хараа нь хэт нарийссан, эсвэл хэт өргөссөн , гөлрөнгө, анхаарал сарнисан байдалтай байна. Мөн үг яриа нь тод бус, удааширсан байдалтай, ер бусын их нойртой, гарын сарвуу нь пэмбийж хавдана. Биеийнхээ аль нэг хэсэгт тариа хийсэн сорвитой, тэр газартаа хөхөрч буглаж гэмтсэн байдаг. Мөн гэрт тань хэрэглэсэн зүү тариур үзэгдэх болж, тамхи татахдаа зориулалтын тамхийг задалж буцаан ороосон байдалтайгаар татдаг болно. Хүүхдэд ийм шинжүүд илэрвэл яаралтай мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

– Хүүхдээ мансуурах бодис хэрэглэдэг болсныг нь мэдлээ. Тэгвэл юун түрүүнд ямар арга хэмжээ авах вэ?

Юуны түрүүнд мэргэжлийн сэтгэл зүйч, болон эмчид хандаж зөвөлгөө авах, хордлого тайлах эмчилгээнд хамруулах хэрэгтэй. Мөн мансууруулах бодист донтох явдал хэдэн сарын туршид боловсрон гүнзгийрдэг учир оройтоогүй дээр нь хүүхэдтэйгээ хор уршгийнх нь талаар мансууруулах бодист сонирхолгүй болтол, айж болгоомжлох хүртэл нь үндэслэлтэй, мэдлэгтэй ярих хэрэгтэй. Хүүхэд мансууруулах бодисыг богино хугацаанд хэрэглэж байсан бол амтшаагүй байдаг.

/Инфо сонин/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button