Цоохор эмгэн

Аав ээжийг буцсаны дараа нэг хэсэгтээ л эвгүй байсан ч буцах хугацаа дөхөх тусам хөдөөгийн амьдралд дасаж байлаа. Мянгат малчин биш ч гэлээ мал малын захтай өвөөгийнхтэй минь олон жил айл хөрш яваа Ягаадай гуайнх гэж нэг хөгшнийх байх. Хөгшин хонины насгүй болсон намайг хэн л тоож орж ирэхэв гэж боддог ч юм уу, хөл гар нь өвдөөд янзалж чаддаггүйдээ ч юм уу, бүү мэд гэр орон нь хөглөрч новшроод, гар хөлийнх нь хумс ургаж, буурал үс нь хайш яйш сэгсийж, нуруу нь бөгтийсөн энэ эмгэнийг Ягаадай гуай гэхээсээ илүү Цоохор эмгэн гэж айл саахалтаараа нэрлэнэ. Тоглох наадах үеийн хүүхэдгүй би энэ эмгэнээр л зугаа хийнэ. Чухам яагаад Цоохор эмгэн гэж нэрлэсний учир гэвэл түүний өмссөн дээл нь алга дарам газаргүй болтлоо далан нөхөөстэйгээс тэр аж. Нөхөөс нь нэг өнгийн бус, аль л олдсон даавуу шаавууны өөдөс сэлтхэнээр нөхөх тул эрээн цоохор юм л харагдана. Нэг удаа сумын эмч биеийг нь үзэхээр ирэхэд Цоохор эмгэн арчаагүй данхнаас угаагаагүй аяганд цай хийж өгчээ. Цэвэрч хямсгар бүсгүй өнөөхийг нь уух дүр эсгэхчээ аядан тавиад

-Та одоо нас намбатай хүн байж наад биеэ бодоод цэвэр цэмцгэр бай л даа гэхэд

-Дуу гэм, хүүхээ. Хүү болж гэрлэшгүй Хүүхэн болж мордошгүй Хөгшин Ягаадай би Хөхөө өвөл хүйтэн усаар шалбаагдаад байвал цэвэршиж гийгүүлэхээсээ цэлцэгнэж хавагнах нь их байлгүй дээ гээд хээв нэг суусныг харсан ямаан омогтой эмч багагүй уурлаж, Үгүй ер өө. Өөрийнх нь л төлөө хэлж байхад юу юу гэнэ ээ. Энэ ч ёстой буруу зөнөж байгаа буурал байна даа гэж бодоод

-Ягаадай гуай та илүүг байг гэхэд хэрээний сарвуу шиг хумс хуруугаа авчихаж байгаач дээ гэхэд

-Хөгшин Ягаадайнх нь хумс хуруу чамд хэрээний сарвуу шиг санагдсан байж болноо. Гэвч би үүгээр чинь зангирснаа тайлж, загатнаснаа

мааждаг юм гээд үрчгэр мойног хуруугаараа эрхи эргүүлж хэнэг ч үгүй суух нь багагүй зөрүүд гэлтэй. Ийм болохоор нь л эмээ маань ая занг нь дагаад түүнд туслахаас түвэгшээдэг бололтой. Цоохор эмгэн ихэнхдээ л царцаа дүнгэнэх толгодын намхан цагаан дэнж дээр дуран барьж суучихаад хүүгээ анх үдсэн гэх тэр л зүгийн хөндийгөөс тэнгэрийн заадас шиг зурайх машин замыг харуулдан хэдэн ч цаг хамаагүй ядрахаа мартан ширтдэгсэн. Нэг удаа эмээгээс би

-Эмээ, Цоохор эмээд ондоо дээл байдаггүй юм уу, бас хүлээгээд, магтаад байдаг хүү нь яагаад ирдэггүй юм бэ? гэж асуухад эмээ маань миний толгойг илэнгээ

-Цоохор эмээ нь өөрөө л өөр дээл өмсөхгүй гэдэг юм. Хүүгийн минь явуулсан даавуугаар хийсэн дээл гээд унтахдаа ч бараг тайлдаггүй хайртай дээл нь байхгүй юу. Ганц хүү нь эрдэм номын мөр хөөгөөд ирж амждаггүй юм гэсэн. Хилийн чанадад Цоохор эмээгийнх нь байтугай, сум нутгийнхаа нэрийг цуурайтуулж яваа лут хүү бий дээ гэж билээ. Хот руугаа буцах минь ойртох тусам эгэл атлаа эгэлгүй хөдөөгийн сонихон

амьдралд сэтгэл хоргодож, морь унан давхих хүсэл минь дүрэлзэхийн аясаар ганц удаа ч болов ганцаараа хонь хариулахыг өвөө эмээгээсээ гуйж гувшсаны эцэст арай гэж зөвшөөрүүлсний маргааш өвөөгийнхөө хашин хээр морийг унан, оготор бургасан шилбүүрийг нь барьж хонио хариулсаар их үдээс хойхно гэртээ ирвэл айл саахалтын бараг бүхий л хүмүүс Цоохор эмээгийн гадаа цугларчээ. Өвөөгийнд орлоо. Эмээ намайг зэрвэсхэн харснаа нулимстай нүдээ арчихчаа аядаад

-Миний гэзэгтэй ч том охин болжээ, ганцаараа хонь хариулаад гэж магтахад нь би далимдуулан

-Эмээ, Цоохор эмээгийн хүү нь ирээд найр хийж байгаа юм уу? гэхэд

-Иш охин минь. Тэгж хэлж болдоггүй юм. Цоохор эмээ нь бурхан болсон гэж хоолой зангируулан хэллээ. Цайгаа хам хум уучихаад гадаа гарвал саахалтын хоёр хүүхэд хурганы хашааны дэргэд ямар нэгэн зүйлийг сонирхон зогсоо харагдав. Би тэр хоёрын дэргэд очвол Цоохор эмгэний мөнөөх далан нөхөөст дээл нь хашаанд тохоостой харагдах ба хүүгээ ирэх нь үү гэж дурандан ширтдэг байсан тэр л зүг рүү салбаран ноорсон цоохор хормой нь салхинд хэдэнтээ дэрвэх нь хүүгээ хүлээсэн сэтгэлийнх нь дуусашгүй хүслэн болж санагдахын сацуу мөнх нойрсон амирласан сайхан сэтгэлт хэнэггүй эмгэн бээр өндийн босож, дурангаа барин таягаа тулаад алхаж явах шиг санагдлаа. Гэтэл тэр хоёр хүүхэд намайг онцлонгуй харснаа

-Хүүе эгч ээ, Үүнийг хар даа. Нөхөөсөн дотор нь мөнгө байна гэв. Тэр хоёр хэд хэдэн нөхөөс хуулсан аж. Дахиад нэгийг хуулж үзүүллээ. Үнэхээр л нөхөөс дотор нь хэдэн төгрөг хуйлаад хийчихжээ. Нэг ёсондоо нөхөөс биш, бин битүү халаас аж. Дээл нь урагдаж элэгдсэн юм юу ч алга. Би сонин юм үзсэнээ өвөөд хэлэхээр гүйлээ. Юу харснаа хэлбэл өвөө эмээ хоёр хэрэндээ л сониучирхан уралдах шахам гарч, хурганы хашаан зүг миний хойноос явцгаалаа. Өвөө бид хоёр нөгөө дээлний бүх нөхөөсийг хуу татлаа. Үнэхээр бүгдэд нь мөнгө байв. Цоохор дээлний нөхөөсийг авахаар цоохор биш болно доо гэж бодтол үгүй ажээ. Нөхөөсгүй хэсэг нь наранд гандаж, бас л цоохор хэвээрээ харагдана. Би Ямар сонин юм бэ гэж бодонгоо хүрээлэн зогссон хүмүүс рүү харвал бүгд л нулимстай нүдтэй үзэгдэж, гагцхүү загатнаснаа мааждаг, зангирснаа тайлдаг юм гээд хэнэг ч үгүй суудаг Цоохор эмээгийн минь өнөөх л дүр зураг сэтгэлийн минь чанадад тодоос тод харагдсаар л

2005 оны 07-р cap.

Ч.Нандинцэцэг /МУИС/

Утга зохиол урлаг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button