Алтан ордны хаант улсын нийслэл Сарай-Бату хот

Сарай-Бату гэдэг нь Батын ордон гэсэн түрэг үг болой. Хотын туурь Астрахан хотоос нэг их холгүй, Актөбе /Актубинск/ голын эрэгт Ижил мөрнийг өгсөөд байх агаад Астрахан Волгоградын суудлын галт тэргэнд суун 70 км явж, Селитренное поселка хэмээх суурингийн ойролцоох төмөр замын зөрлөгт буугсад нутгийн ардуудаас асуувал заагаад өгөх аж. Цэнхэр хадаг мэт хөвөрсөн Актөбе голын эрэг дагуу 15-20 км явсан ч их хотын үлдэгдэл, эд өлөг түүх шивнэн өндийж, сэтгэл дотор аугаа их омогшил, харуусал төрөх ба Хэнтий Хангайн уулсаас дөрөөн дээрээ сүү дусаалган үдүүлж асан өвөг дээдсийн сүр сүлд ихэмсгээр оршин байх шиг санагдана. Хөрсөн дээр нь хөл тавих төдийд л тоосгоны хэлтэрхий, ваар чимэглэлийн хагархай, шил шаазангийн жижиг хэсгүүд эгээ л тэнгэрээс одот хорхой буусан мэт сэтгэгдэл төрүүлж, улаан, хүрэн, ногоон, цэнхэр, шар өнгөөр гялтагнан гялбалзах нь нүд сэтгэлд туяа татуулан солонгорно. Бүгдийг нь түүгээд л аваад баймаар. Энд л бидний өвөг дээдэс амьдарч асан гэхээр гараа алдлан хэвтэж байгаад хад цочтол хашгирмаар. 1243 онд Алтан ордны хаант улсын нийслэл гэж зарлагдан сууриа тавьсан шинэ хот богино хугацаанд худалдаа, соёл, цэрэг дайны чухал ач холбогдолтой газар болон хувирчээ. Хотын гоо тансаг барилга байгууламж, баян тансаг эрхэмсэг байдал нь өрнө дорнын худалдаачид, аялан жуулчлагчид, ноёд хатдыг дуу алдуулж гайхуулсны нууц нь барилга-архитектурын өвөрмөц шийдэл, зохирол, Европ болон Азийн соёлын гайхамшигтай нийлэмж, үгүүлэмж, халгиж цалгисан баялаг, эрхэм дээд хүндэтгэлт дэг жаяг, эрхгүй биширмээр засаг ёс, энгүй холч сэтгэлгээний соёлын гайхамшигт оршиж байв. Сарай-Бату хот тухайн үеийн ямар ч хотоос эрс ялгаатай өөрийн гэсэн онцлог, дүр төрхтэй байсан бөлгөө. 1333 онд Ижил мөрнөөр аялсан Арабын Ибн-Батута Сарай хот ертөнц дээрх хамгийн гоёмсог хотын нэг. Тэгшхэн газар байгуулагдсан хотын гудам зээлээр хүн зон дүүрэн хөлхөлдөнө гэсэн бол түүнээс гучин жилийн өмнө ирсэн Аль-Омари Алтан хот бол зээлийн газар олонтой, халуун усны газар, эд бараа агуулах олон худалдааны газар бүхий том хот. Хотын төвд голоос татсан сувгаар тунгалаг ус урсана. Хаан эзэн өндөр сүрлэг, тансаг орд харшид байх ба харшийн оройд хоёр египет кынтар / дундад зууны хүндийн хэмжүүр. Таван кг орчим/ хэмжээтэй цул алтан шинэхэн cap гялалзана. Хааны ордныг шадар сайд нарын орд гэр, цамхаг хэрэм хүрээлнэ. Энэ ордонд тэд зөвхөн өвөл амьдарна гэсэн байна. Аль Омарийн бичсэнээр бол хаан, сайд, зөвлөх, түшмэд өөрсдийн нүүдлийн ахуйгаасаа салалгүй, ёс заншил, хэв жаягаараа аж төрж, зундаа эсгий гэр, асар майхнаа авч, хөдөө талд гаран ав хийж, шонхор наадуулан явдаг болох нь тодорхой юм. Сарай-Бату хотод ямар үндэстэн ястны хүмүүс оршин амьдарч байсан бол гэсэн асуултад Арабын жуулчин Ибн Батута Тэнд янз бүрийн улсын иргэд амьдарна. Монголчууд хотын үндсэн иргэд болох ба зарим нь мусульман шашинтай. Асычууд, кыпшак, черкешүүд орос, визиянтиячууд эд христийг эрхэмлэх аж. Үндэстэн бүр өөрийн аймаг / хороолол/тай. Тэндээ мөн өөрсдийн захтай болой. Хоёр Ирак, Египет, Сирээс ирсэн худалдаачид, гадаад улсын иргэд өөр аймагт орших ба худалдаачдын агуулахын гадуур өндөр хэрэм хүрээлэх амой гэж тодорхойлсон агаад тр хотын шуугиан, нүргээн их байвч туйлын дэг журамтайг тэмдэглэсэн байдаг. Тараз, Отырар, Сыганак, Самарканд, Иран, Египет, Ирак, Хорезмаас ирсэн одон орончид, эмч, багш нар, яруу найрагч, зохиолчид ажиллаж байв. Хэмжил зүй, одон орон, геометр, математик загварчлалын багаж хэрэгсэл малталтын явцад олноор гарч байгааг археологчид тэмдэглэсэн нь энэхүү хот оюун санааны өндөр хөгжил боловсролтой хүмүүс олонтой байсныг гэрчилдэг. Алтан ордны хаант улс дахь хот суурин газар өөрийн гэсэн утга зохиолын хэл буюу Ижил мөрний түрэг хэл хэмээх цоо шинэ хэл бий болж, одон орон, математик, анагаах ухааны болон уран зохиол, найраглал

бичигдсэн байна. Тэр үеийн бичиг соёлоос бидний үед хүрч ирсэн нь нэн ховор боловч Сарай-Бату хотод төрж өссөн яруу найрагч Сайф-Сарайгийн туурвисан Түлстан найраглал орчин үед судалгааны үнэт материал болж байна. 1391 онд бичигдсэн энэ найраглал Перс хэлнээс хөрвүүлсэн бүтээл боловч тухайн үеийн Алтан ордны хэл дээр байдаг нь анхаарлыг зүй ёсоор татдаг юм. Цэлгэр тэгш талд байгуулсан Сарай-Бату хот мянган голын бэлчир дээр байх агаад дэлхийн олон орны худалдаачид, жуулчид хөврөх их замын урсгал болон хөгжиж, тэр хэрээрээ аль, мөнгө, үнэт металын ширгэшгүй ундарга болж байсан төдийгүй оюун ухааныг тэтгэсэн шимтэй хөрс ч болж байв. Археологчид хотын туурийн зарим нэг газрыг ухаж цэвэрлэсэн байх агаад бассейн, түүнд ус сэлгэх вааран хоолой, амрах чулуун асар сэлтийг нэн нарийн хээ угалз, өнгө тунамал байдал нь гайхаш төрүүлнэ. Энд мөн зэвсгийн томоохон төв буюу дархны газрууд ажиллаж, илд,сэлэм, зэв, хуяг төдийгүй их буу хүртэл цутгаж байсан бол хотын нөгөө хэсэгт чулуучин, шилчин, гуталчин, оёдолчид аж төрөн, хэдэн мянган мал нядлах том зах, хоолны газар, бараа таваараар хахаж цацсан гудамжууд ярайн, журам дүрэм зөрчихөөс сэргийлэн явах морьт даргач нар ихэмсэг сүрлэгээр давихилдан өнгөрч байжээ. Төв Азийн нүүдэлчин монголчууд эрхшээж асан энэ xот Орос болон Славян гаралт орнуудыг улс болон төлөвшиж, үндэстэн болон иргэншихэд нь асар их үүрэг гүйцэтгэсэн төдийгүй тэдэнд энэ ертөнцийн цонхыг нээж өгсөн билээ. Сарай-Бату хотыг газрын хөрснөөс арчих учир шалтгаан чухам юу байсныг өнөөгийн түүхчид бас л өдгөөчлөн тайлбарласан нь олон тул үл үгүүлэн 1635 онд Перс газраас торго дурдан, бөс бараа, элдэв хэрэглэл авахуулахаар Шлезвин-Голштиния хэмээх газрын эзэн Герцог Фридрих нэгэн хэсэг аянчин-элчийг зарж илгээхүйеэ уг элч нарын нэг болох Адам Олеарий хэмээгч бичгийн хүн харсан үзсэн бурээ нягт нямбай бичиж үлдээснийг сийрүүлвээс Энэ хотыг тонон дээрэмдэж гүйцээгүй л бололтой. Хааны хот хэмээн нэрлэгдсэн өндөр гоёмсог орд харшийн нэг хэсэг нь нурсан байх агаад Оросууд чулуу тоосгыг нь Астрахан руу зөөж, хотын хэрэм цайз, сүм хийд, бусад барилгуудыг барьж байгаа ажээ. Яг одоо гэхэд л чулуу, тоосго ачсан арван хэдэн завь Астрахан руу хөвж явна гэсэн байх юм. Батхаан 1236-38 онд Рязан, Владимирийн . эзлэн, 1240 онд Киевийг, ганцхан жилийн дараа Польш, Унгар, Морав хүрч, газар нутаг нь баруун талдаа Днепр мөрөн, Крымыг хамарч, дорнод этгээдэд Эрчис, зүүн талдаа Кавказ, Дербент хүрэн Хорезм, Ургенчийг шууд захирсан их улсыг байгуулан улсын нийслэлийг Ижил мөрний сав газар байгуулахаар шийдвэрлэж, түүний дараагийн их хаад Хаан хот-ыг бий болгон дэлхий дахинаа алдар нэрийг дуурсгасан хэдий ч гурван зууны дараа эвдэрхий балгас болон үлдсэний буруутанг одоо хайх нь утгагүй боловч түүх мартдаггүйн нэгэн жишээ болгон дурсвай. Зарим үндэстэн хүчирхэгжин мандахаараа Хурганы үс гуужив, төлөгний үс төлжив хэмээн өсийг үл умартан мянган он улиравч оюун санааныхаа мухарт тээсээр байдаг гэдгийг инээсэн нөхөд-дайсан олонтой байгаа энэ цаг дор эрхбуш санаж байгууштай хэмээн мунхаглана. Сарай-Бату хотын туурь дуу хуур, шүлэг найраг, цус хөлс, үхэл хагацлын түүх хүүрнэн тэртээ холын Актөбе голын бэлчирээс мэндчилснийг дамжуулан хүргэвээ.

2007.03.10

Түүх судлаач зохиолч Н.Тухат

Утга зохиол урлаг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button