Авилгын хэргийн тухай прокурорын зөвшөөрлийн дагуу мэдээлнэ

Yнэндээ монголчууд энэ тухай 10 гаруй жил ярьж мэтгэсэн ч дөнгөж есөн сарын өмнө л Авилгын эсрэг хуулиа баталж, авилгатай тэмцэх бие даасан байгууллагатай болсон. Тэгвэл ханаа дугуйлж, төвхнөөд нэг улирлын нүүрийг үзэж буй Авилгатай тэмцэх байгууллагынхан дөнгөж өчигдөр хэвлэлийнхэнтэй уулзав.Тус байгууллага авилгатай тэмцэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, шаардлагатай тохиолдолд шалгах, авилгын хэргийг мөрдөн шалгах гэсэн үндсэн гурван үүрэгтэй. Авилгаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үүргээ гүйцэтгэхдээ хэвлэл мэдээллийнхэнтэй нягт хамтран ажиллах төлөвлөгөөтэй буй учир ийнхүү уулзалт зохион байгуулжээ. Уулзалтад тус газрын дарга Б.Дангаасүрэн, дэд дарга Б.Сундуйсүрэн, Тамгын хэлтсийн дарга Д.Алтангэрэл болон урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ш.Раднаасэд нар оролцов. Авилгатай тэмцэгчид өнгөрсөн хугацаанд байртай болж өнөө маргаашгүй байрандаа их засвар оруулах гэж буй ажээ.

Авилгатай тэмцэх байгууллагыг 90 хүний орон тоотой байхаар УИХ-аас баталсан. Харин одоогоор 30 гаруй ажилтантай байгаа гэж Б.Дангаасүрэн дарга хэлэв. Олон хүн ажиллуулах албан өрөө хангалтгүй байгаа, бас эхний хагас жилд 40 хүнтэй ажиллуулахаар цалингийн санг баталсан учир орон тоогоо яаран нэмэхгүй байгаа ажээ. Хавар улсын төсөвт тодотгол хийх үед төсвөө нэмж батлуулан, 2008 он гэхэд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах юм байна. Тус байгууллагыг нэг улирлын хугацаанд ажиллахдаа авилгын гэмт хэргийг мөрдөн шалгасангүй гэсэн шүүмжлэл гараад буй. Харин тэд УИХ-аас манай байгуулагын харьяалан мөрдөх хэргийн жагсаалтын тухай хуулийг батлаагүй байгаа болохоор одоохондоо мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй байна гэсэн хариуг өгнө билээ. Мөн хэвлэлийнхэнтэй уулзсан мөчөө ашиглан Б.Дангаасүрэн дарга, Авилгатай тэмцэх газрыг Ховдын хүмүүсээр дүүргэж, Манхан сумын захчингуудыг цуглуулсан гэж намайг хэвлэлээр бичиж байна. Yнэндээ манайд Ховдын хүн нэг ч байхгүй, захчингуудын үнэр ч байхгүй гэж дуулгав.

Уулзалтын үеэр тус газрынхан хэвлэл мэдээллийнхэнтэй цаашид хамтарч ажиллах тухай санамж бичиг байгуулахаар төлөвлөж байгаагаа хэлж энэ талаар санал бодлыг сонссон. Санамж бичиг нь ерөнхийдөө хоёр тал хамтран ажиллахдаа хариуцлагатай байж, ямар зүйл дээр анхаарах тухай заасан гэрээ маягийн зүйл ажээ.

Тэд хэвлэлийнхэнд туйлын нээлттэй байна гэж байн байн амлаж байв. Энэ үг нь хэвлэлийнхэнд таатай сонсогдсон боловч санамж бичигт тулгуурласан хамтын ажиллагааг төдий л үнэлэхгүй байлаа. Харин үүнд Б.Дангаасүрэн дарга санамж бичиг гэдгийг бид санаанаасаа зохиогоогүй. Бид прокурорын байгууллага болон цагдаа, тагнуулынхантай мөн санамж бичиг байгуулна. Гадаадад ийм туршлага бий. Санамж бичгээс айх хэрэггүй гэж хариулав.

Мөн мөрдөн шалгах хэлтсийн дарга энэ үеэр авилгын хэргээс ямар мэдээллийг нь олон нийтэд өгч болох тухайд бяцхан тайлбар хийсэн. Түүний хэлснээр прокурорын зөвшөөрлийн дагуу зохих мэдээллийг өгөх тул хэвлэлийнхэнд нээлттэй байна гэчихээд мөрдөөд эхлэхээрээ хаалттай боллоо гэж ойлгуузай гэж захисан.

Авилгатай тэмцэх газрынхан хөрөнгө орлогын мэдүүлгийн бүртгэл, хадгалах журмын тухай семинарыг өнөөдөр, маргааш хоёр Төрийн ордонд хийх ажээ.

Хуулиар 39 мянган албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх ёстой. Хэрэв хөрөнгө орлогын мэдүүлгийг санамсаргүйгээр буруу, ойлгомжгүй бөглөсөн тохиолдолд захиргааны хариуцлага хүлээдэг тул энэ тухай мэдээллийг нарийн өгөх үүднээс уг семинарыг зохиож буй юм байна. Мөн үүнийхээ дараа тэд хэвлэлийнхэнтэй дахин уулзах ажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button