Тэрээр үлэмжийн сайхан орчлонд удаан амьдраагүй ч их үйлийг бүтээсэн

Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном. 1978 онд юм даа. Арьсан малгайтай нэгэн залуу тавагтай чихэр өмнө нь тавихаар цай ууж байгаа юм шиг хурдан идчихдэг байж билээ. Бас Хөвсгөл далайн мөсөн дээр хэвтчихээд босдоггүй байсан. Түүний хамгийн дуртай ном Монголын нууц товчоо, Жангар, Гэсэр, хамгийн хайртай хүн аав нь, хамгийн дуртай од нь долоон бурхан, бурханд хүрэх хүслийн зам нь яруу найраг байжээ. Энэ хүн бол Төрийн шагналт зохиолч, яруу найрагч, төр нийгмийн нэртэй зүтгэлтэн Очирбатын Дашбалбар.

Төрийн шагналыг хүртсэн Амьддаа бие биеэ хайрла хүмүүс ээ, Дорнын аялгуу, Дарьганга аялгуу гэсэн шүлгийг олон хүн андахгүй. Түүний найргийг гэгээн мэдрэмжтэй гэж нөхөд нь үнэлдэг.

Өнөөдөр Дэлхийн яруу найргийн өдөр. Энэ өдөр дэлхийн улс орон нэртэй зохиолчдынхоо намтар, уран бүтээлийн тухай ярилцан мөнхжүүлдэг уламжлалтай. Тийм болохоор манай улс энэ өдрийг угтан О.Дашбалбар агсны 50 насны ойд зориулж эрдэм шинжилгээний бага хурлыг Хүүхдийн номын ордонд өчигдөр зохион байгуулав.

Түүнийг яруу найраг хэмээх оюун ухааны их далайгаас хутгаж аваад түүнийгээ ард түмэндээ харамгүй зориулсан хүн гэдгийг нөхөд нь онцолж байна.

Энэ хурлаар О.Дашбалбарын авьяасыг тал бүрээс нь тодотгон ярилцсан гэхэд болно. Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав түүнтэй ярилцаж, харилцан бие биедээ шүлгээ уншиж өгдөг байж. Балбарын шүлэг нарийн мэдрэмжтэй. Yүний жишээг нүүрсний тухай бичсэн шүлгээс нь харж болно.

Угаасаа хар биш

Харахад л хар юм

Хар л болохоос биш

Харанхуйг гэрэлтүүлдэг…

Тэрээр аавыгаа нас барсны дараа

Дээлийг тань өмсч, бүсийг тань бүслээд

Дэлхий дээгүүр би алхаж явахсан…хэмээн бичжээ.

Хүний тусыг явсан хойно нь, айлын тусыг нүүсэн хойно нь гэдгийн адил Балбарыг явчихсан хойно нь авьяасыг нь дэндүү ихээр мэдрэх юм даа хэмээн нөхөд нь дурсч байна.

Тэгэхээр тэр ард түмэнд хэрэгтэй, тустай хүн байсан нь мэдээж. Мэдээж гэхийн учир нь эрдэм шинжилгээний бага хурлын үеэр О.Дашбалбарын намтар, уран бүтээлийг сонсох гэж танхимд хурсан олны нүдний гал, царайнаас харж болохоор байлаа. Түүний бичиж хэвлүүлсэн олон ном байдгаас Зүүдний мөнгөн шувуу, Гол ус намуухан урсана гэсэн бүтээлээс нь 1980-аад оны яруу найраг үнэртэж, уламжлал шинэчлэлийг олж харах болно. Тэр үед Балбарын онгодыг хөглөсөн үе тэнгийнхэн, шүлэг зохиолыг нь уншиж шүүмжилдэг байсан багш нар нь энэ тухай бичсэн байна. Д.Төрбат, Г.Мэнд-Ооёо, Д.Нямсүрэн нар түүний үеийнхэн юм.

Доктор профессор Х.Сүглэгмаа Балбар уран бүтээлийн уламжлал шинэчлэлийн асуудлыг хөндөхдөө түүний бүтээлийг тусгайлан авч үзэх яруу найргийг нэгэн томоохон судлагдахуун гэж онцолсон. Бүтээлд нь үнэлэлт дүгнэлт өгсөн хүмүүсээс Ш.Сүрэнжав Амьддаа бие биеэ хайрла хүмүүс ээ гэсэн үгийг уран үгсийн хураангуй хэмээжээ. Уран бүтээлийн нөхөд нь О.Дашбалбарыг нийгэм, улс төрийн нэртэй зүтгэлтэн болохыг ч онцлов. Тэрээр их хуралд сууж Yндсэн хуулийг батлалцаж байсан. Мөн эх газар, нутгийнхаа төлөө тууштай тэмцдэг байлаа.

Түүний уран бүтээлийн хамгийн сүүлчийн ном уржигдар уншигчдын мэлмийг мялааж Оюун санааны яруу найраг-ийг олонд зориулсан. Очирбатын Дашбалбар 1957 оны хоёрдугаар сарын 10-нд төрж Дарьганга нутаг найрагч хүүгээ тосч авсан түүхтэй. Тэрээр үлэмжийн сайхан орчлонд удаан амьдраагүй ч их үйлийг бүтээсэн.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button