Н.НАГААНБУУ Зүрхэн дээрээ гараа тавих нь муу ёр даллаж байгаа хэрэг

-Төрийн ордны өмнөх Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол саяхан боллоо. Иймэрхүү ёслол өмнө нь болж байсан уу?

-Утга учрын тухайд миний сэтгэл дундуур байгаа. Төрийн гурван өндөрлөгөөс авахуулаад эрхтэн дархтанууд оролцсон тэрхүү ёслолд сэтгэл дундуур үлдсэн шалтгаанаа хэлье. Хүмүүс санаж байгаа бол хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол шинийн 15-нд болсон. Шинийн 15 гэдэг төрийн өдөр биш. Зонхов богд Лувсандагва бурхны оронд очсон өдөр. Учир ийм байтал төрийн хүндэтгэлийн ёслол гэчихээд Түвдийн зурхайгаар зонхов богдын хойт дүр бурхны оронд очсон өдөр их хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх нь утга авцалдаагүй хэрэг. Би хувьдаа тэрхүү ёслолыг гуравдугаар сарын 22-нд хийгээсэй гэж хүсч байсан. Яагаад гэвэл, энэ өдөр бол нэн эрт үеэс монголчуудын цагаан сүргийн их тахилгын өдөр. Одоо ч гэсэн Өвөрмонголын Ордост байгаа Чингис хааны тахилгын газарт хөл болгож тэмдэглэдэг хаанд хандсан хүндэтгэлт өдөр.

-Та сая төрийн ёслолд Түвдийн зурхайг мөрдлөө гэж шүүмжиллээ. Ер нь энэ зурхайн ёсноос болоод бөөн маргаан дэгддэг. Таныхаар монголчууд алийг нь мөрдөх ёстой юм бэ?

-Монголчуудын мөрддөг маш түгээмэл ёс бий. Хувилай хааны ёсчилсон Арван буянт номын цагаан түүх гэдэг ном гадуур зөндөө бий. Уг номонд Монгол төрийн ёсыг дөрвөн улирлын тахилга гэж заасан байгаа. Дөрвөн улирлын тахилга гэдэг нь гурав, зургаа, ес, арванхоёрдугаар сарын 22-ныг хэлж буй. Дээрээс нь Чингис хааныг арванхоёрдугаар сарын 23-нд төрсөн гэж үздэг учраас төрсөн өдрийн мялаалгын тахилга гэдгийг Монгол даяар хийдэг. Социализмын үед гарсан Угсаатны зүй гэдэг номын I ботид арванхоёрдугаар сарын 23-нд Монголчууд галын тахилга үйлддэг гэж бичсэн байдаг. Их хааныг хүндэтгэж айл болгон галын тахилга, төр мялаалгын тахилгыг онгон дээр нь хийдэг байжээ. Гэтэл хааны онгон байгаа Өвөрмонголчууд эртний ёсыг сахиж хүй цөглөсөн мялгаалгын тахилга хийсээр байна.

-Гурав, зургаа, ес, арванхоёрдугаар сарын 22-нд тахилга хийдгийн учир юунд байна вэ?

-1280 оны сурвалж болон 1313 оны Рашид-Ад-Диний сурвалж бичигт Чингис хаан 99 гүүний сүүгээр сацалга сацав гэж тэмдэглэсэн байдаг. Энэ нь туурайтан, төлтөн бүх амьтан төллөж дуусаад цагаан сүүний буян дэлгэрснийг баяр болгож сүү тэнгэрт өргөдөг ёсыг хэлж байгаа юм. Зургадугаар сарын 22-нд тахилга хийдэг. Нар жаргамагц 15-ны сар манхайн гарч ирдэг. Гэхдээ эрт үеэс тэргэл сартай 16-ны өдрийг голчилдог байсан. Нар, сар, дэлхий гурав нэгэн шугам дээр зэрэгцсэн энэ хөндлөн байрлалд хүний бүх сайн сайхан дэлгэрнэ гэж зурхайлдаг байжээ. Тийм учраас 22-ноос хойш гарсан тэргэл өдөр тахилга хийдэг байж. Yүнийг Монголын нууц товчоонд гурвантаа тэмдэглэсэн байгаа. Жишээлбэл, Чингис хаан тайчуудаас оргохдоо сая миний ярьсан тахилгын баярын үеэр оргосон байдаг. Есдүгээр сарын 22 бол бидний Цагаан сар гээд байгаа золголтын өдөр. Энэ өдрийг монголчууд маш их эрхэмлэдэг. 50, 60-аад он хүртэл намрын даллага авна, намрын хишиг буян авна гээд л байсаар ирсэн. Намайг бага байхад хүртэл энэ тахилгыг хийж байсан.

Гэтэл 1962 онд Түвдийн зурхай гарч ирснээр намрын дунд сарын шинийн 17 гэж есдүгээр сарын 22-нтой ойролцоо өдрийг балжинням, дашнямтай гэх болсон. Бас л өнөө шашны баяр болгох гээд байгаагийн нэг илрэл. Ийм л дөрвөн өдөр байгаа юм.

-Монголчуудын тахилга хийдэг заншил, байгал дэлхийгээ аргаддаг нь тэнгэрийг шүтэх үзэлтэй холбоотой юу?

-Орчин үед биоэнерги, изотерик далдын хүч гэж их ярьж байна. Дэлхий дээрх хамгийн сонирхолтой шинжлэх ухаан энэ болчихоод байна. Сонирхохоос ч өөр арга байхгүй. Яагаад гэвэл, хүн болгон ямар нэг далдын хүчинд итгэдэг. Зарим нь гандан руу явж байхад нөгөө хэсэг нь бөө рүү очдог. Энэ бүхэн далдын хүчинд итгэж байгаагийн нотолгоо. Өмнө нь ч хүн төрөлхтөнд ийм итгэл үнэмшил байсаар ирснийг түүх гэрчилнэ. XIII зуунд монголчууд далдын хүчийг маш нарийн судалчихсан байжээ. Тийм болохоор далдын хүч монголчуудын хувьд цоо шинэ зүйл биш. Эцэг өвгөд маань далдын хүчний утга учрыг тайлсан учраас билэгтэй, сайны зөнтэй, совинтой ёрын янз бүрийн бэлгэдлийг бий болгосон. Ертөнцийн юмс үзэгдлийг одоогийн шинжлэх ухааны төвшинд шинжиж тоолсон нь зөвхөн монголчууд. Жишээ нь, хурдан морины төдөн шинж, худаг гаргах, бөхийн, өн, зуд, ган болох шинж гээд тоочвол барагдахгүй. Сайн атнаас авахуулаад завхай шалиг хүүхний шинж хүртэл бий. Шинжээд зогсохгүй тэмдгийн соёлд оруулсан. Тэмдгийн соёл гэдэг нь бичиг үсгээс авахуулаад туг далбаа, бэлгэ бэлгэдэл бүхэн орно. Шинжсэн юм, тэмдэглэсэн зүйл болгон дохио чанарыг агуулж байдаг. Дохио гэдэгт зөн, совин, ёр гэх мэт багтана. Ухааны ийм том удамшлын нэгийг төрийн бэлгэдэл гэж нэрлэж байгаа юм.

-Тэгвэл эцэг өвгөдөөс өвлөсөн бэлгэдэл, шүтээн бүхэн далдын хүчний сайн сайхныг даллан гай барцадыг биднээс зайлуулдаг байх нь ээ?

-Далдын хүчийг монголчууд амь гэж ойлгож ирсэн. Амь бол матери, эсвэл оюун санаа биш. Амь гэдэг далдын хүч, оюун санаа, бие махбодь хоёрын аль алийг захирч байна. Амь гэж тусгай иррациональ зүйл байдаг. Оюун санаагаар амийг бий болгохгүй. Материас бас амийг хайж олохгүй. Шинжлэх ухаан, шашин хоёр амийг дундаа орхисон гэмтэй. Шинжлэх ухаан далд хүчийг одоо л судалж эхэлж байгаа бол шашин мухар сүсэгт ашигласан. Монголчууд бүх юмыг амилуулдаг. Гэтэл шинжлэх ухаан үүнийг маш их үгүйсгэсэн. Энэ бол сохластик мухар сүсэг бишрэлийн асуудал гэж үзсэн. Гэтэл далдын хүч байдгийг монголчууд мэдчихээд мэдсэн зүйлээ тэмдгийн соёлд буулгахдаа амьтан, хүнээр төлөөлүүлж байсан. Түүнийг нь амьтанчлах /зооморфизм/ хүнчлэх /антроморфизм/ бүдүүлэг сэтгэлгээ гэж гүтгэсэн. Дэлхий амьтай. Тийм болоод л уул овоогоо тахидаг. Тэнгэр амьтай. Бид эцэг тэнгэр гэж ярьдаг. Өнөөдөр төрийн тэргүүнээс авахуулаад төрийн томчууд мөнх тэнгэрийн хүчин дор гэж өгүүлдэг. Хэрэв ингэж хэлж байгаа хүмүүс тэнгэр хүчтэй гэдэгт итгэж л байгаа бол бэлгэ бэлгэдлийг сахих ёстой. Yг хүртэл амьтай. Ер нь бүх юм амьтай.

-Монгол төрийн ёс харийн ёстой цус холилдсон гэдэгтэй та санал нийлэх үү?

-Бид манжийн дарлалд байсан. Манж гүрэн сүүлдээ хятадын нөлөөнд орсон болохоор манай төрийн ёсонд хятадын ёс багагүй холилдсон. Он тоолол гэхэд л хэвт ёсны, тэнгэр тэтгэсний төдөн он гэж байгаа нь хятадын шар зурхайгаар манай төрийн хэрэг 1911 он хүртэл явж байсан гэсэн үг. Энэ үетэй давхцан буддын шашны нөлөө орж ирсэн. Дараа нь социализмын үед марксист, ленинист, шашингүйн үзэл гэх мэтэд тархиа угаалгав. Ингэж явахдаа монголчууд өөрсдийн үзэл, онолыг мартсан. 1990-ээд оны ардчилсан хувьсгалаар дахин сэргээж чадаагүй. Яагаад гэвэл төр ёсны язгуур уламжлалаа мэддэг хүн байгаагүй.

-Манайд Төрийн ёслол хүндэтгэлийн алба, бас түүхчид бий шүү дээ. Тэд энэ бүгдийг мэддэггүй гэж үү?

-Тэд чинь үндэсний, Чингис хааны үеийн ёслол хийх болохоороо аль нэг ламаас очиж асуудаг. Гэтэл нөгөө хэд нь XҮI зууны үеэс Монголд нэвтэрсэн дам харь ёсыг Чингисийн үеийнх мэтээр яриад, хүлээн зөвшөөрүүлэх гээд байна. Яг үнэндээ түүнээс өмнөх буюу Чингисийн үеийн төр ёсыг эрдэмтэд мэддэггүй. Яагаад гэвэл үүнийг судалсан бол феодалын үлдэгдэл, эсэргүү болох байсан. Тийм болохоор эрдэмтдэд найдах хэрэггүй. Лам нарт ч итгэх хэрэггүй. Тэд цэвэр Түвдийн ёсыг л ярьдаг.

-Тэгээд хэнд найдах, итгэх болж байна аа?

-Ард түмэн. Ард түмний дунд ёс заншлаа улбаалаад ирсэн, өөрийн мэдэхийн хэрээр хэлж өгч чадах мань мэтийн хүмүүс байна. Миний тухайд Монголчуудын гүн ухааны сэтгэлгээний тухай Монголын гурвалын онол гэдэг номоо бичсэн. Түүнчилэн Монголын он цаг тоолол номоо бичиж гаргасан. Дэмжиж байгаа хүмүүс олон байна. Язгуур соёлоо үнэнээр нь үлдээх гэж хэрэндээ л чармайж байгаа минь энэ.

-Сүүлийн үед төрийн сүлдийг өөрчлөх тухай их ярих болсон. Таныхаар сүлд ямар байх ёстой вэ?

-Сүлд гэдэг үг байдаггүй. Сүлд гэдэг чинь үхмэл, үхчихсан юмыг хэлдэг байхгүй юу. Сүг сүлд, сүнс сүлд гэх мэтээр хоршдог. Монголчууд манжид эзлэгдсэний дараа төрөө булаалгасныг илтгэж төрийн сүлд өршөө гэх мэтээр 200 жил дуудсан. Төрийн сүлд гээд байгаа чинь үнэн хэрэгтээ төрийн сүр юм. Yгийн жинхэнэ үндэс нь сүр. Сүр гэдгийн олон тоо нь сүрд юм. Төрийн сүр буюу сүрдэд төрийн тамга, туг, далбаа, дуулал зэрэг багтана. Гэтэл өнөөдөр бид дахиад л үхмэл сүлдний тухай яриад эхэллээ.

-Сүлдийг Yндсэн хуулиар баталгаажуулчихсан шүү дээ. Хэрэв үхмэл зүйлийг бэлгэддэг бол Yндсэн хууль батлах үед сайн бодолцох ёстой байжээ?

-Тэр үед хэлэх хүн байгаагүй. Хэллээ ч хүлээж авах орчин байгаагүй юм. Би бас нэг зүйл анхааруулъя. Өнөөдрийн төрийн бэлгэдэл цөм буруу байгаа болохоор төр өөдлөхгүй байгаа юм. Төрийн ордныхоо урд талд шарил байрлуулчихаад дээр нь гарч хүндэтгэл үзүүлдэг ёс буруу гэдгийг би 1999 онд хэлж байсан. Монголын гурвал онол номондоо анхлан бичсэний дараа олон эрдэмтэн миний үгийг дэмжиж үгээ хэлж байв. Энэ мэт болохгүй, өөрчилмөөр зүйл маш их байна. Би бүх юм амьтай гэдгийг хэлсэн. Yүн шиг үг ч бас үнэтэй. Зөн, совин, ёр гэдэг шиг гай гэж бий. Гайг зайлуулах ёстой байтал бид бүх үгээ гайтуулчихаад сууж байна. Нусгай гэдэг. Уг нь нусхай гэх ёстой. Чадамгай гэхийн оронд чадамхай, буцламгай-буцламхай, хавтгай-хавтхай. Иймэрхүү хай гэж өхөөрдсөн, дээдэлсэн агуулгатай үгнүүдээ цөмийг нь гайтуулсан. Yг гэдэг чинь биоэнерги. Нэг нь гайтай үг хэлээд, нөгөө нь сонсоод байгаа болохоор хийморь дээшлэхгүй байгаа юм. Манайхан соёмбо тэмдэг гээд л сүйд болцгоодог. Гэтэл соёмбо буюу Сиюнбу гэдэг чинь өөрөө бүтсэн, аяндаа бий болсон гэсэн утгатай санскрит үг. Монгол төрийн бэлгэдэл язгуурынх байх ёстой. Гэтэл гадаад юмыг авчихаад, орчуулаад сууж байгааг би хүлээн зөвшөөрдөггүй. Тэгээд ч бас л шашных. Монголчууд арга билгийг эрхэмлэдэггүй, гурамсан сэтгэлгээтэй ард түмэн. Арга билэг хятад, энэтхэгт хамаатай. Ертөнцийн бүх улсад идеал матери, эсрэг тэсрэг, эерэг сөрөг гэх мэтээр хоймсон буюу хоёр олон эсрэгцэл зүйн үзэл санаа байдаг бол Монголчууд гурамсан сэтгэлгээтэй, гурвалын онолтой. Ертөнцийн гурваас авахуулаад МНТ Их засаг хуульд баахан гурав байдаг. Юуг гурав гээд байна гэхээр оюун санаа, матери, амь гурав юм.

-Төрийн сүлд, бэлгэдэлд амь байх ёстой гэж та хэлэх гээд байна уу?

-Тэгэлгүй яахав. Бэлгэдэл амьтай байх ёстой. Туг гэдэг бөөн үс гэх утга. Тэр нь хар, цагаан туг. Далбаа гэж бий. XIII зууны үед тугныхаа иш рүү ирж яваа цагаан хий морь дүрстэй гурвалжин хөх далбаа байсан. Улаан хөвөөтэй. Гэтэл өнөөгийн хоёр талдаа улаантай, голдоо хөхтэй төрийн далбаа маш билэггүй. Ердөө л хувьсгалын үзлийг номлосон үеийн суртал. Шуудхан хэлэхэд тэнгэрийг галд шатаасан ёртой. Зүй нь бол голдоо улаантай, хоёр талдаа хөх байх учиртай. Мөнх хөх тэнгэрийг шүтдэг улаан залаатай монголчууд гэсэн санаа. Улаан залааны учрыг тайлбарлая. Амийг тэмдгийн соёлд буулгахдаа галаар төлөөлүүлсэн. Гал голомтоо дээдлэх үзлийн охь энэ. Даяар Монголын ариун голомт гэж Дамдинсүрэн гуай зүгээр ч нэг хэлээгүй. Гэтэл өнөөдөр гал аюултай гээд л хаа сайгүй бичсэн харагдах юм. Гал аюулгүй. Харин ч Монгол хүнд гал маш чухал. Гал голомт залгах хүү гэж ярьдаг биз дээ. Харин түймэр аюултай. Түймэр гэдэг чинь гал голомт хилэгнэсний илэрхийлэл. Хүмүүс төрсөн өдрөөрөө бялуун дээр насныхаа тоогоор гал асааж байгаад үлээж байгаа муу ёртой ёс бас гараад ирлээ. Монгол хүн л юм бол гал унтраах биш мандаах ёстой. Тийм болохоор Их засаг хуульд гал дээгүүр алхвал цаазална гэж заасан байдаг. Гал сөнөөгч гэвэл Монголыг сөнөөнө гэсэн утга шүү дээ. Yүний оронд түймэр дарагч, осол зайлуулагч гэж нэрлэмээр.

-Төрийн өндөрлөгүүд төрийн дуулал эгшиглэхээр зүрхэн дээрээ гараа тавьдаг. Энэ Монгол ёс мөн үү?

-Төрийн ёслолын албыг дахиад л шүүмжлэхгүй бол горьгүй нь. Тэд нийтлэг дипломат ёсыг л мэддэг юм шиг. Гэтэл монгол ёс, тэр тусмаа төрийн ёс мэддэг хүн үнэндээ алга. Анзаарч байхад хүмүүс шагнал авахаараа өөрийнхөө өчүүхэн толгойд авчирч мөргүүлж харагдах юм. Зүй нь төрөө дээдэлдэг Монгол хүн өөрөө бөхийж мөргөх ёстой. Энэ чинь төрийг хилэгнүүлж байгаа хэрэг. Төрийн дуулал эгшиглэхээр бүгдээрээ л Ж.Бушийг дуурайгаад гараа зүрхэн дээрээ тавьдаг болчихож. Монголчууд айж ичсэн үедээ, аюул өнгөрсний дараа өөрийгөө тайвшруулах гэж зүрхэн дээрээ дардаг. Тэр байтугай нас барсан хүний баруун гарыг зүрхэн дээр нь тавьдаг заншилтайг эртний булшнууд гэрчилнэ. Зүрх нь зогссоны тэмдэг болгодог байж. Хэрэв манайхан заавал аль нэг газартаа гараа тавих гээд байгаа бол элгэн дээрээ тавь л даа. Элэг бүтэн амьдрал, элгэн саднаа, элгэн Монголоо, халуун элгэн нутгаа хайрлаж байгаа юм бол элгэн дээрээ дарж болно. Зүрхэн дээрээ дарах нь Монгол ёсонд харшилж, муу ёр даллаж байгаа хэрэг.

-Галаа дээдэлж, голомтоо ариун байлгавал бид хөгжинө гэсэн таны санааг ойлголоо. Ярилцлагынхаа сүүлчийн асуултыг танд үлдээе?

-Монголчууд бурханд биш галдаа мөргөж байгаасай. Та асуусан учраас нэг санал хэлье. Нийслэлийн төв талбайд байгаа Д.Сүхбаатар жанжны хөшөөг зөв газарт нь залах цаг болсон. Шинэ цагийн хувьсгалыг удирдсан гавьяаг нь бүгд үнэлдэг. Төрийн ордны баруун талд юм уу, Ялалтын талбайд ч юм уу. Түүний өмнө хөшөөг нь байрлуулж болно. Чингис хаан төрийн хойморьт байх ёстой. Д.Сүхбаатар жанжны хөшөө байгаа газарт төрийн гал голомтын цогцолбор байгаасай. Нэг улс гүрэн юм чинь гал голомт нь үргэлж бадарч байг л дээ. Тэнгэр заяатай ард түмэнд мөнхөд мандан бадрах мөнхийн гал бүхий цогцолбор байгуулах хөрөнгө бий гэж бодож байна. Монголчууд мөнх галын соёлыг эрхэмлэдэг ард түмэн. Мөнх гэдгийн ө, гал гэдгийн а эгшиг хэлэхийн урсгалд авиа ондоошихоороо о-гоор сонсогдоно. Мөнх гал гэхэд Монгол гэж сонсогдоно гэсэн үг. Энэ нь цаад утгаараа гал голомт гэсэн шүтлэг бишрэлээ алдахгүй байх бас нэг ухаан. Их хаад маань Д.Сүхбаатарын хөшөөг, бид Их Монголынхоо гал голомтыг ширтэж байг. Төв, гал голомт цогцолбороос хаад маань хоймортоо морилж байгаа утгад нийцнэ. Гал хөгжиж байх ёстой. Энэ санааг бодитой ажил хэрэг болгоосой.

Ингэвэл төр ёсны утга учир бүрдэж, муугийн ёр арилж, мөнх тэнгэр баярлана гэж итгэж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button