С.Байгалсайхан Хэнээс ч айж эмээдэггүй цогтой тэмцэгч байж дээ

Нэрт яруу найрагчийн амьдрал уран бүтээл, ойн арга хэмжээний талаар сонирхон МҮЧЗХолбооны тэргүүн С.Байгалсайхантай уулзсан юм.

-Их найрагчийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын талаар яриагаа эхлэх үү?

-Юнескогоос энэ өдрийг Дэлхийн яруу найргийн өдөр болгосноос хойш цөөнгүй жил тэмдэглэн өнгөрүүлж байна. МҮЧЗХолбооноос сүүлийн дөрөв, таван жилийн турш энэ өдрийг С.Сүрэнжав, Ч.Дагвадорж, Ж.Бадраа зэрэг хүмүүсийн тэмдэглэлт ой болгон өнгөрүүлээд байна. Энэ удаа уламжлал ёсоор О.Дашбалбар агсны 50 насны ойг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа. О.Дашбалбар агсны амьдрал,уран бүтээл, улстөрийн их зүтгэл, шашны үзэл баримтлал, хувь хүний талаас нь олон талт асуудлаар хурлыг зохион явуулахаар болсон.

-Энэ удаагийн арга хэмжээний онцлог нь гэвэл?

-О.Дашбалбар агсан бол нийгмийн нэрт зүтгэлтэн, Буддын шашныг Монголд дэлгэрүүлэх, уламжлалт соёл урлагийг мөхлөөс аврах их үйлсийн цогтой тэмцэгч байсан учраас ойг нь тэмдэглэн өнгөрүүлэх нь туйлын гэрэл гэгээтэй зүйл юм. Хуралд нийт есөн илтгэл тавина. Мөн 20-21 дүгээр зууны Монголын соёлын явц байдлыг тодорхойлох нэг хэмжүүр уг хүнтэй салшгүй холбоотой юм.

-О.Дашбалбар сангаас тэмдэглэлт ойд зориулан ямар үйл ажиллагааг зохион явуулаад байна вэ?

-О.Дашбалбар агсныг бурхан болсноос хойш ойр дотны хүмүүс, найз, нөхөд, шавь нар нь энэ санг байгуулсан юм. Сүхбаатар аймагт түүний нэрэмжит Уншлагын сүм хийдийг цогцлоогоод байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлэн 10 боть зохиолыг нь хэвлүүлэхээр болж, эдүгээ эхний таван ботийг нь уншигчдын гар дээр хүргээд байна.

-Ботиудад шүлэг найраглалаас нь гадна тэр үеийн нийгмийн сэтгэхүйд хүчтэй нөлөөлж байсан хурц нийтлэлүүд нь орсон уу?

-Орсон байгаа. Тэр үеийн нийгмийн ухамсарт нөлөөлсөн Мөнхийн бүтээлүүд мөхлийн ирмэг дээр, Номон дээр гишгэсэн алдас, Тусгаар тогтнол дээд шүтээн зэрэг нийтлэлийн ихэнхийг нь оруулсан. Нийтлэлийнх нь мөрөөр тэр үеийн Сайд нарын зөвлөл яаралтай хуралдаж байсан нь тэр хүний цогтой тэмцэл, эх оронч, өв соёлоо хамгаалагч байсны тод гэрч юм. Шашин шүтлэг эрх чөлөөтэй болсон энэ цаг үед бид энэ талаар мартах эрхгүй байх аа.

-О.Дашбалбар агсан үндэсний үзэл, газар шорооны төлөө цогтой тэмцэгч байсан хүн. Энэ талаар?

-Тийм ээ. Гал халуун тэмцэгч байсан. Энэ тухай өөрийнх нь газрыг гадаадынханд худалдахгүй, өмчлүүлэхгүй, бэлгэнд өгөхгүй, барьцаалахгүй, арилжихгүй байх гэсэн үг бий. Гэтэл өнөөдөр Монголын нутаг дэвсгэрийн ихэнх нь гадаадынханд лицензээр олгогдоод байна шүү дээ.

-Яруу найргийн ур хийц, гэрэл гэгээ, ертөнцийг үзэх үзлийн талаар их бурханлиг сэтгэхүйтэй хүн байсан. Монголын соёлын тухай ярихад энэ хүнтэй салшгүй холбоотой санагдана?

-Энэ хүн хэн байв гэдгийг авч үзэхэд эх оронч, шударга үзэлтэн, яруу найрагчийн хувьд маш их авьяаслаг хүмүүн байлаа. Энэ талаар эрдэмтэн, зохиолч Л.Түдэв Хорин нэгдүгээр зууны яруу найргийг О.Дашбалбар эхэлсэн юм гэдгийг түүний Гол ус намуухан урсана ном нь хэнд ч няцаагдахгүйгээр гэрчилж байна хэмээн үнэлсэн байдаг. Мөн үндэсний хэл, түүх соёлын өв, шашин шүтлэг, сүм хийдийн талаар 1988 оноос анхлан дуугарч тэр үеийн нийгмийн хаалтыг хөндсөн хүн юм. Яруу найргийн ур хийц талаасаа Монголын уламжлалт арга барилтай боловч зарим талаараа задгай хэлбэртэй туурвиж байлаа.

-Бид хүнийг мөнх бусын оронд очсон хойно нь бахархацгаах юм даа?

-Тийм шүү. Нэг зүйл ярья л даа. 1999 оны нэгдүгээр сард болсон Зохиолчдын холбооны 70 жилийн ойн Болор цом-д тэрбээр оролцсон юм. Болор цом-д түрүүлье гэж боддог ч бусдын буруугаас сүүдэрт дарагдан Болор цом авч чадаагүй юм л даа. Би энэ үед шүүгч байсан. Орой нь гэрт нь очиж уулзахад Би их сайн шүлэг уншсан юм сан. Даанч гээд л их харамсч гутарч байсан. Яруу найргаа хүнд хүргэхийг их боддог байсан хүн дээ.

-Сонин хэвлэл ч янз бүрээр бичиж байсан?

-Янз бүрээр бичиж их гундааж байсан. Хүнийг амьдаар нь үхүүлж чаддаг зарим ухвар муут сэтгэхүйтэй хүмүүсийн л явуулга. Гэлээ ч аль нь ч нотлогдоогүй, хий гүтгэлэг байсныг бид өөрөө бэлхнээ харж байна.

-Ойр дотно явсан хүний хувьд дурсамжтай зүйлээсээ ярихгүй юу. Анх яаж танилцаж байв аа?

-О.Дашбалбар Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль төгсч ирсний дараахан л даа. Зохиолчдын эвлэлийн Шүүмж судлалын дугуйлан дээр анх танилцсан юм. Дараа нь бид хоёр Жамьянгаравын сургуульд багшлах болсон. О.Дашбалбар нэг анги дааж голлох хичээлүүдийг нь зааж байсан. Нэг удаа Жамьянгаравын сургууль дээр шавь, багш нарын уулзалт болсон юм. Зарим халамцсан багш нар шавь нарыг нь архинд гүйлгэх мэтээр аяглахад өмөөрөн сургуулийн захиралтай муудалцаж, тэр үеийн тольтой орос дуран бүсийг гартаа ороож бариад шавхуурдсан юм.Тэр үйлдэл нь ТМС-д байх үеийнх нь ахуй байдлыг тод харуулж билээ. Тэр үеийн ТМС-ийн хөвгүүд бүсээ тэгж бариад л дүрсгүйтдэг байсан юм. Одоо бодоход би хэн бэ гэдгээ өөрийнхөөрөө илэрхийлсэн, хэнээс ч айж эмээдэггүй цогтой тэмцэгч байж дээ.

Монголын мэдээ сонин 055 /2087/

Э.Эрдэнэдалай

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button