Ромео ба амиа золиослогч Жульетта

Энэхүү жинхэнэ, эсвэл хуурамч хайр улс төрийн итгэл бишрэл, нууц хуйвалдааны хүсэл тачаалтай орооцолддог байна. Заримдаа энэ хайр бүтэж, Жульетта амьд-бөмбөг болон хувирдаг. Заримдаа хамсаатны үүрэг ролиор хязгаарлагдана. Европ, Ойрхи Дорнодод явуулсан судалгаанд энэ тухай онцолжээ.

Энэ тактик бол Ойрхи Дорнодийн террористуудын боловсруулсан хувилбаруудын нэг юм. Жишээ нь, хоёр палестин эр дэлбэрэх бодистой хөгжим тоглуулагчийг нисэх онгоцонд оруулахын тулд Ром хотод Америкийн жуулчин эмэгтэйг өдөж, аальгүйтэж байсан аж. Эсвэл Лондон хотод Низара Хиндауид дурлаж жинхэнэ сүйт бүсгүй нь болсон Анна-Мари Мерфигийн түүхийг дурдаж болно. 1986 оны дөрөвдүгээр сарын 17-нд иордан эр Хиндауи сүйт бүсгүйгээ Тель-Авив руу нисэх онгоцонд суулгахаар Хитроу онгоцны буудлаас гаргаж өгчээ. Низар хайртдаа чемодон өгсөн бөгөөд түүнд нь хуримын даашинз байжээ. Тэрээр сүйт хархүүгээ араас ирж хуримаа хийнэ гэдэгт итгэлтэй байв. Гэвч Анна чемоданд нислэгийн үеэр дэлбэрэх ёстой бөмбөг байсныг мэдээгүй юм. Золоор аюулгүй албаныхан сонор сэрэмжтэй байж бүсгүйг онгоцонд орохоос өмнө саатуулсан байна. Хиндауи ч шоронд морилов.

Тэр цагаас хойш Ромео өөрчлөгджээ. Тэр хуурч, мэхлэхээ больж, харин ятгаж итгүүлдэг болсон байна. Тэрээр найз бүсгүйдээ уран наалинхай үг урсгаж, ингэхдээ эргэн тойронд үнэлэлт дүгнэлт өгсөөр байдаг аж. Тэр үл итгэх байдалд бооцоо тавьж, өшөө авах хүсэл зоригоор дүүрэн байдаг. Yүнд багагүй нотолгоо байдаг.

38 настай Мюрел Дегок тийм ч жаргалтай байсангүй. Тэрээр Бельгийн Шарлеруа дахь талхны цехэд алдаг оног ажиллаж, гэртээ ч тайван сууж чаддаггүй байжээ. Гэвч тэрээр бельги эцэг, марокко эхтэй Иссам Горис хэмээх залуутай танилцсанаар амьдрал нь өөрчлөгджээ. Мань залуу аз-Заркавийн байгууллагын гишүүн байсан бөгөөд найз бүсгүйгээ радикал лал шашинд оруулжээ. Тэд хамтдаа Ирак явсан байна. Мюрель бүсгүй 2005 оны арваннэгдүгээр сарын 9-нд Бакуба хотод амиа золиослон бөмбөг дэлбэлсэн юм. Иссам америк цэргийн суманд өртөж үхжээ. 2001 оны есдүгээр сарын 9-нд хээрийн цэргийн нэрт командлагч Масудыг устгах ажиллагаанд оролцож байсан Хаман Саттарын эхнэр Малика Аруд дээрх замыг сонгоогүй ч нөхрийнхөө тухай ном бичиж, сурталчилсан веб сайтыг Швейцариас ажиллуулах байжээ.

Уруу татагчид Хойд Европоос бүсгүйчүүдийг амархан олдог. 26 настай голланд бүсгүй Абида лал эртэй сууж, лал шашинд орсон ээжийнхээ тусламжтайгаар лалын үндсэрхэг үзэлтэн болжээ. Мань лал эр Самир Аззуз нь Тео ван Гогийн аллагад холбоотой Голланд дахь мароккочуудын бүлгийн лидер юм. Абида өдөр ирэх бүр харанхуй ертөнц рүү гүнзгий орсоор байлаа. Тэгсээр тэр бүсгүй алан хядах ажиллагааны хамсаатан болсон юм. Мөн Аль-Кайда-г шүтэгч Нуреддин Фатми 16 настай голланд бүсгүйтэй танилцаж дотносон улмаар гэрлэжээ. Тэд хурмын анхны шөнө юу үзсэн гээч. Амиа золиослосон алан хядах ажиллагааны тухай видео үзжээ. Гэвч тэдний харилцаа муудаж салсан ч Фатми 22 настай өөр бүсгүйг уургалж, өөрийн харгис шашиндаа уруу татжээ.

Ийнхүү лалын террористууд бүсгүйчүүдэд хайр зарлаж өөрийн болгоод, тэднийг алан хядлага үйлд хэмээн илгээж байна. Америк, Израиль, өрнөдийн тусгай албад ийм хэлбэрийн алан хядлагын эсрэг тактик боловсруулан ажиллах болжээ. Лалын харгис террористууд ямар ч хамаагүй аргаар зорилгодоо хүрэхийг чармайж байгааг дээрх явдлууд батлан харуулж байна.

CORRIERE

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button