Итгэлийг нь гоолоор хариулах гэж хичээж байгаа

-Та Тоттенхэм багийн хаалганд гайхалтай гоол орууллаа. Их баярлаж байгаа харагдсан?

-Тэгэлгүй яах юм бэ. Миний гол зорилго бол гоол оруулах. Гоол оруулж багтаа тус болсондоо сэтгэл үнэхээр хангалуун байна.

-Таны зүүн хөлийн цохилт үнэхээр хүчтэй байна?

-Яахав, ойрд гайгүй байгаа шүү.

-Ер нь та зүүн хөлөөрөө хэр тоглодог байсан юм бэ?

-Тухайн үеийн байдлаас шалтгаалж цохилтоо гүйцэтгэнэ шүү дээ. Түүнээс биш баруун, зүүн хөлны цохилтын ялгаа гэж байхгүй.

-Таныг Дрогба их үнэлж байна лээ?

-Дрогба бол хамгийн шилдэг довтлогч. Эдүгээ түүн шиг мэдрэмжтэй довтлогч алга.

-Та өөрийгөө дутуу үнэлж байх шиг?

-Yгүй ээ, Дрогбагийн бэлтгэл маш сайн байгаа.

-Сүүлийн тоглолтуудад тэр биш, та гоол оруулж байна. Бэлтгэл сайн байна уу, эсвэл?

-Биеийн бэлтгэл гэхээс илүү сэтгэл зүйн бэлтгэл сайн байна л даа. Би анх Челси багт очоод их сандарсан. Yүнийг нуух хэрэггүй байх. Уг нь тэгэх ёсгүй байв. Яагаад гэдгийн учрыг одоо ч олохгүй байгаа юм.

-Челси-д удаан дассаны гол шалтгаан энэ байх нь ээ?

-Магадгүй юм.

-Дэлхийн аваргын тэмцээнд та гэмтэлтэй тоглосон. Тэр үеийн гэмтэл эдгэхгүй байсан нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн болов уу?

-Yгүй болов уу. Хамгийн гол нь сэтгэл зүйн бэлтгэл байсан юм.

-Та Челсид тоглох гэрээ байгуулаад юу бодсон бэ?

-Тэр үед юу бодож байснаа мартчихаж.

-Yнэн гэж үү?

-Yнэн. Хэрвээ чухал зүйл бодсон бол юу гэж мартахав.

-Таныг Челси-гийн үндсэн тоглогч боллоо. Одоо ямар ч бэрхшээл гарахгүй байх гэж дасгалжуулагч Моуриньо ярьсан. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Надад итгэл үзүүлж буйд нь талархах хэрэгтэй.

-Тэр танд их итгэдэг бололтой?

-Тийм шүү. Намайг муу тоглоод байхад үндсэн бүрэлдэхүүнд гаргасаар л байсан. Би үүнийг мартахгүй. Тиймдээ ч итгэлийг нь гоолоор хариулах гэж их хичээж байгаа.

-Хэрвээ та дахиад л унтарчихвал яах вэ?

-Магадгүй л юм. Ер нь хэн ч, ямар ч байдалд орж болдгийг би мэдэрсэн. Гэхдээ хичээж тоглолгүй яахав.

-Дрогба та хоёрын зөрчил намжсан уу?

-Уг нь бид хоёр зөрчилдөөгүй юм шүү дээ. Эрчүүдийн хооронд санал зөрөх явдал бишгүй л гардаг. Тиймэрхүү явдал болсон юм. Тэглээ гээд би Дрогбад гомдоогүй, тэр надад дамжуулалт өгөхөө больчихоогүй шүү дээ. Харин ч бид сайн ойлголцдог болсон.

-Тэгвэл Лэмпардын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Лэмпард, Терри нар л энэ багийг чирж яваа шүү дээ. Ялангуяа Лэмпард бол их сайн залуу. Түүнийг бүгд хүндэлдэг. Терри бол үнэхээр дайчин, тэсвэртэй тоглогч.

-Та өрсөлдөөнөөс хэр айдаг вэ?

-Ер нь айна шүү. Би чинь ихэвчлэн дардан замаар явсан тоглогч. Киевийн Динамо-д байхад бүгд л намайг шүтдэг байлаа. Милан-д ч адил. Би үндсэн бүрэлдэхүүнд гарч чадах нь уу гэж хэзээ ч бодож байгаагүй. Харин хэзээ тоглохоо л асуудаг байсан. Челси-д ирээд ч өөрчлөгдөөгүй. Ер нь би өөрийгөө азтай хүн гэж боддог шүү.

-Таныг хамгийн их эрхлүүлсэн хүн бол алдарт дасгалжуулагч В.Лобановский гэдэг. Түүний талаар хэлэх үг танд байгаа болов уу?

-Yнэн байлгүй яахав. Лобановскийн ачаар би өдий зэрэгтэй яваа юм. Би түүнд өртэй. ЗХУ-ын багийг хэрхэн дасгалжуулж, гялалзсан амжилтад хүргэж байсныг нь хөлбөмбөг сонирхогчид мартаагүй байх.

-Энэ улиралд Челси олон фронтод тоглож байна. Амжилт гаргах магадлал хэр байна вэ?

-Хамгийн гол нь лигт түрүүлэх. Энэ талаар бид санал нийлж байгаа. Моуриньо болохоор бүх тэмцээнд түрүүлэхийг хүсч байгаа юм.

-Аваргуудын лигт олон гоол оруулсан цөөн тоглогчийн нэг нь та. Амжилтаа ахиулж чадах уу?

-Би энэ талаар юу ч боддоггүй. Хэрвээ гоол оруулж чадвал сайхан л байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button