Даяар Монгол хөдөлгөөний гишүүн Тусгаар тогтносон улсыг хүн гээд бодвол неонацистууд нь вакцин буюу бид нар

Өнгөрсөн ням гараг буюу цэргийн баярын өдөр тус хөдөлгөөний залуучууд гаднаа төрөлх хэлээрээ бичсэн хаягтай гадныхны хаягийг буулгахыг нь буулгаж, будгаар шүршихийг нь шүршиж орхиж. Гэхдээ энэ удаад цагдаагийнхны хяналтдор энэ үйл ажиллагаагаа явуулсан болохоор Даяар Монгол хөдөлгөөнийхний энэхүү үйлдэл сүр дуулиан тарьсангүй. Энэ хөдөлгөөний залуус тав дугаар сургууль, 13, 10 дугаар хороолол, дөрвөн зам орчимд үйл ажиллагаа эрхэлдэг хятад, солонгос эзэдтэй аж ахуйн нэгж байгууллагуудын хаягийг нураасан байна. Байгууллагын гаднах хаягаа кирилл, монгол бичгээр бичиж байх тухай нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 1999 оны есдүгээр сарын 13-ны өдрийн тогтоол байдаг аж. Харин энэ тогтоолыг өнөө хэр хэрэгжүүлсэн нь ховор. Гуйгаад өгөхгүй бол гуядаж авна гэж монголчууд ярьдагчлан энэ залуусын түрэмгийлсэн гэх энэ үйлдлийг зөвтгөх нь ч бий. Сүүлийн үед Даяар монгол хөдөлгөөнийхөн онц ноцтой хэрэг төвөгт орооцолдсон гэх яриа гарч, этгээд тансаг хувцаслалт, имижтэй энэ залуусаас жийрхэх сэтгэлгээ ард түмний дунд үүсээд байна. Энэ удаад нэр, нас, ажил мэргэжлээ чандлан нууцлахыг хүссэн Даяар монгол хөдөлгөөний гишүүн залуу болон тус хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч Хөх монгол бүлгэмийн тэргүүн Хон Хэрээдэйн Б.Энхбаттай уулзаж ярилцлаа. Ярилцлага авна гэж тохиролцсон газраа Даяар монгол хөдөлгөөний гишүүн залууг хүлээлээ. Гаднаас лам захтай хараар эмжсэн улаан дээлтэй, урт үстэй өндөр залуу орж ирлээ.

20 гаруй насны энэ залуу дээлээ тайлан тухаллаа. Толгой дахь хар алчуурыг нь харахад Монгол Улсын соёмбо дүрсэлсэн байх юм. Ер нь л этгээд чамин хувцаслалт нь хэний ч нүдийг унагаахаар юм.

-Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Миний нэр, мэргэжлийг бичээд хэрэггүй ээ.

-Нууцлаад байгаа учраа хэлэхгүй юу. Танай хөдөлгөөнийхөн ер нь нууцлагдмал байх юм?

-Мэдээж бид цагдаагийнхны хяналтад байдаг. Болгоомжтой байхгүй бол хэн нэгэн хаанаас ч юм хоб гээд хазна шүү дээ.

-Ямар сургууль төгссөн бэ. Гэр бүлтэй юу. Эсвэл бас хэлж болохгүй юу?

-Хоёр их сургууль төгссөн. Ямар чиглэлээр мэргэжил эзэмшсэнээ хэлээд хэрэггүй биз дээ. Гэхдээ Монголдоо мэргэжил эзэмшсэн.

-Даяар монгол хөдөлгөөний гишүүн хэзээ болсон бэ? Уучлаарай, өдийд чам шиг хоёр дээд мэргэжил эзэмшсэн залуу тухайн салбартаа амжилт гаргаж, олны танил болохыг хүсч байгаа шүү дээ. Гэтэл чи нууцлагдмал бас ч гудамжинд хааяа зодоон хийгээд л?

-Боловсролын хувьд бол манай хөдөлгөөнийхөн бүгд сэхээтнүүд. Ажил хөдөлмөрөө хийгээд л явж байна. Насны хувьд ч 19-28 насныхан. Биднийг ганцхан үзэл бодол нэгтгэж байдаг. Гудамжны элдэв жагсаал цуглаанд бид оролцдоггүй нь бидний ямар боловсрол эзэмшсэнийг харуулж байна. Анх би 2002 онд хөдөлгөөн байгуулагдаж байхад дэмжигч байсан. Дараа нь жинхэнэ гишүүн болсон.

-Танай хөдөлгөөн хэдэн гишүүнтэй вэ. Тэгээд бүгдээрээ л чам шиг ийм этгээд харагддаг уу?

-Хүн яаж хувцаслаж , юуг сонгосон нь ард түмэн буюу массын дунд ямар ч падлий байхгүй. Тэнэгүүдэд зохицуулж амьдрах нь чухал биш. Бидний амьд хөгжмийг ойлгож чадаж байгаа нь нэгдүгээрт төлөвшсөнийг, хоёрдугаарт оюун ухаан нь илүү хөгжсөнийг харуулж байгаа гэж боддог.

-Та нар хүнд рок дуу их сонсдог уу?

-Чөлөөт цагаараа амьд хөгжмөө сонсоод, төрийн далбаагаа намируулаад, бурхан шүтээндээ залбирдаг. Би монголчуудыг гайхдаг. Гудамжны пих пох сонсоод л. Хип хопыг ингэж хэлээд байгаа биз дээ. Энэ хөгжим чинь угаасаа урлаг биш. Эмээ өвөө нар багад тэгж нэг үглэдэг байсан нь санагддаг. Хип хоп чинь гудамжны харууд дунд үүссэн. Сэхээтэн харууд байдаг гэж сонсоогүй биз дээ. Үндэс угсаагүй гудамжны хүмүүсийн аяыг Чингисийн монголчууд авч байгаа нь ойлгомжгүй.

-Танай хөдөлгөөний гишүүн болоход шалгуур бий юу. Хөдөлгөөний гишүүдэд неофашист үзэлтэнгүүд байдаг гэж сонссон?

-Неофашист биш. Неонацист үзэлтнүүд байдаг. Неофашист гэдэг чинь хоморголон устгахыг хэлж байна. Одоо ч тийм үзэлтэй болох ч арай эртдэнэ л дээ. Неонацист үзэл гэдэг чинь бас л үндсэрхэг үзэл. Тусгаар тогтносон улсыг хүн гээд бодвол нацистууд нь вакцин буюу бид нар. Бид нар гавьяа шагналын төлөө яваагүй. Эх орныхоо төлөө явж байна. Зөвхөн гадныхан ч биш эх орны минь эсрэг зүйл хийж яваа хэнбугайтай ч тэмцэнэ. Харийнхан миний эх оронд битгий давар гэж хэлмээр байна.

-Тэгэхээр танай хөдөлгөөнд элсэхийн тулд неонацист үзэлтэй байх ёстой байх нь ээ?

-Нэг шалгуурын нэг л дээ. Гэхдээ өөр юм яримааргүй байна.

-Энгийн иргэдийн дунд та нарыг хүнд рок хөгжим дуу сонсч, мансуурч байдаг гэсэн ойлголт байдаг. Зун болохоор мотоцикль унасан этгээд бөөн залуучууд гэнэт гарч ирдэг. Танай хөдөлгөөнийхөн тэдний дунд бий юу?

-Манай хөдөлгөөн хар тамхитай ямар ч холбоогүй. Харин ч хойно урдаас орж ирж байгаа хар тамхины сүлжээг өөрсдийн хүчээр илрүүлэхийг хичээдэг. Бүр мафижсан байдаг шүү дээ. Бид мотоцикль унадаг. Хэрэв биднийг унуулахгүй гэсэн юм бол яах гэж зарж байгаа юм.

-Мафижсан хар тамхины сүлжээ олон бий юу?

-Мэдээж байдаг болоод хэлж байна. Бид эх орныхоо төлөө тэмцэж байгаа болохоор холбогдох хууль хяналтын байгууллагатай энэ талаар хамтарч ажиллахад бэлэн.

-Танай хөдөлгөөнийхөн хэтэрхий туйлширч байна гэж хэлэх хүмүүс байдаг. Ялангуяа гзмгүй ажлаа хийж яваа хятадууд та нарын нударганы амтыг их үздэг гэсэн?

-Гудамжинд яваа хужаа нар , Монгол Улсын найман настай балчраас эхлээд наян настай буурлын өмнө толгой бөхийлгөх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. Тэд гудамжаар цуварч явсан ч яадаг юм. Та өдөрт хэдэн хужаа хажуугаар чинь өнгөрдөгийг мэднэ биз дээ.

-Сүүлийн үед танай хөдөлгөөнийхөн гэмт хэрэг үйлдэж байна. Хамгийн сүүлд л гэхэд барьцаалан зээлдүүлэх газрын эмэгтэйн амь насыг танай хөдөлгөөний гишүүн хөнөөсөн гэх юм?

-Тийм ээ, энэ хэрэгт манай хүн холбогдсон. Хүний амь насыг гардаж хөнөөгөөгүй. Гэхдээ муу хүнд уруу татагдсан байна лээ. Их сургуулийн оюутан залуу л даа. Ер нь сүүлийн үед манай хөдөлгөөний зохион байгуулалт муудаж, хүмүүс тархах маягтай болсон. Энэ байдалдаа анхаарч ажиллана гэв. Энэ залуугийн ярианаас тус хөдөлгөөний залуучууд ихэвчлэн уран зураг, дизайнерын чиглэлийн мэргэжилтэй залуучууд байдаг нь ойлгогдсон юм. Хөдөлгөөнийхөн долоо хоногт нэг удаа уулздаг гэнэ. Харин хаана уулздагаа мэдээж нууцалсан юм. Юутай ч тэд ойрын хугацаанд эрээн мяраан харь хэлээр бичсэн хаягийг нурааж хотоо цэвэрлэх гэнэ.

Хон Хэрээдэйн Б.Энхбат

-Танай хөдөлгөөний залуучууд хэрэг төвөгт орооцолдож байгаа нь удирдлага муутай байгаагийнх гэж телевизээр ярилцлага өгч байсан. Эзэнгүй болсон залуусыг харж хандана гэж байсан?

-Би энэ хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчдын нэг ч ид хүчээ авч байхад нь хөөгдсөн. Толгой яаж сэтгэнэ гар тэгж ажиллана гэдэг шиг сүүлийн үед энэ залуусын буруу зүйлд уруу татагдаж байгаа нь удирдлагатай холбоотой. Тиймээс удирдаж байгаа хүмүүс хариуцлага хүлээх ёстой.

-Дэд тэргүүн нь хүн амины хэрэгт холбогдсон байгаа. Удирдлагууд нь ямар хүмүүс байгаа вэ?

– З.Эрдэнэбилэг, Пүрэвсүрэн гэсэн хүмүүс байгаа.

-Та телевизээр гадаадын хөрөнгө оруулалттаи аж ахуйн нэгж байгууллагаас хөдөлгөөнийхөн болон рецетив бүлэглэлийнхэн татвар авдаг гэж ярьсан санагдах юм. Хууль зөрчиж байгаа юм биш үү?

-Төр энэ ажлаа хийж чадахгүй байхад бид хийхээс яахав. Тэд татвараа өгдөг. Аль ч улсад үндсэрхэг үзэлтэй хүмүүс байдаг л биз дээ. Гаднын хөрөнгө оруулалттай компаниуд ч эрүүгийн элементүүдэд татвар төлж сурсан. Өөр зүйл нэмж яримааргүй байна. Хятад ханз үсгүүдийг хурааж авах нь анхан шатны л асуудал. Гаднын компаниуд оёдлын үйлдвэртээ монгол охидыг хоригдол болгож, цайны газартаа янхан болгож байхад төр юу ч хийхгүй байна шүү дээ. Саяхан Дэлгэрхааны лицензийн асуудлыг манай Хөх монгол бүлгэм гаргаж ирсэн. Гэтэл хууль бус лиценз авч яваа хятадуудыг цагдаа нар саатуулаагүй байтлаа бүлгэмийн хэдэн залуучуудыг шууд баривчилсан. Гэтэл ард түмний төлөө бидний хийсэн зүйлийг МАЧХ-ны тэргүүн Баасан шүүрч аваад л улстөржүүлж байна шүү дээ.

Монголын мэдээ сонин 055 /2087/

Г.Энхмандуул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button