Хорт Боб болон Монголын Засгийн газарт хандаж хэлэх үг

хэрүүлийн алим болоод байгаа Оюу толгой орд дахь төрийн оролцооны хувь хэмжээний талаарх маргааныг цэглэх өөрийн саналаа бичье.

Нэг нь 50-аас доошгүй хувиа эзэмшүүл, тэгэхгүй бол манай улсын эрх ашигт харшлаад байна гээд, нөгөө нь хялбар олох бөөн ашгаа алдчихгүй санаатай ил далд, янз янзын аргаар тэмцэлдсээр өдий хүрлээ. Асуудлыг заавал хүчээр муйхраар шийдэх гээд байх шиг. Нэг нэгнээ ойлгоод сайн ярилцвал дундын аятай хувилбар байж л байгаа. Ингээд аль алинд нь ашигтай байж болох нэг хувилбар санал болгоё гэж бодлоо.

Оюутолгой орд газрын дор хаяж 50 хувийг эзэмшихийн тулд Монголын засгийн газар Iүanhoe Mines-т хожим өөр ашигтай орд газрыг хамтран ашиглах давуу эрх маягийн юм санал болговол зүгээр биш үү? Одоо яахав та нар 51 хувиа эзэмшүүлээ. Дараа харин та нарыг харж үзье. Дараагийн том ордод боломжийн хувиар хөрөнгө оруулах эрх олгоё гээд. Канадууд монголын ураныг сонирхож байгаа. Бэлэн судлагчдчихсан ураны орд энэ тэр байгаа биз дээ. Түүн дээрээ дахиад 50-50 хийе гэвэл. Ингэж шийдэж чадвал хэн хэнд нь хохиролгүй биш үү.

Хэрвээ Хорт Боб ингээд 51 хувиа монголд өгчихвөл би ч чиний fan болоход бэлэн байна. Монголын эдийн засгийг шинэ шатанд хүргэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан энэ тэр гээд уул уурхайн түүхэндээ хүртэл сайнаар бичиж болно ш дээ. Муу нэр алдрыг чинь монголчууд сайхан цайруулаад өгөхөд бэлэн байна. Жаахан буулт хий. Эргээд монголчууд чамайг хүндлэх болно. Мөн хожим хойно монголын засгийн газар ашигтай санал тавих болно. Адилхан л мөнгө биш үү???

Хоёрт, Монголын засгийн газар ямар мөнгөөрөө Iүanhoe Mines-ын одоо нь зарцуулчихаад байгаа 300 сая ам.долларын талыг төлж чадах юм бэ гэсэн басамжилсан ч юм шиг, өдөөн хатгасан ч юм шиг асуулт эсрэг талынхан тавиад байна.

Миний бие Монголын засгийн газрын бондыг гадны хөрөнгийн зах зээлүүдэд худалдах замаар томоохон орд газар ашиглахад зарцуулах хөрөнгийг цуглуулах боломжтой гэж жилийн өмнөөс өөрийн чадал чинээгээр уншигчдын сэтгэгдэл бичих хэсэг бичдэг байсан. Энэ хоосон мөрөөдөл байгаагүй гэдгийг саяхны Худалдаа Хөгжлийн Банкны гадаадад зарсан бондын арилжаанаас бэлээхэн харж болохоор байна. Хэдийгээр тус бондыг жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ашиглах зээлийн санхүүжилтэнд зориулж гаргасан ч гадны хөрөнгө оруулагчид төсөөлж байснаас илүүтэй сонирхсон байна. Алдарт Bloomberg-т Хямралд өртөмтгий Монгол бондын зах зээл дээр Фордыг ЯЛАВ нэртэй нийтлэлд 103 жилийн түүхтэй, манай Худалдаа хөгжлийн банкнаас 700 дахин том Форд Моторсын гаргасан адил maturity-тай бондын санал болгож байгаа 4,45 хувийн премиумаас доогуур 3,56 хувийн премиумтай 75 сая ам.долларын бонд зарсан тухай бичжээ. Хамгийн олзуурхууштай нь ХХБанк анхлан 60 сая ам.долларын бонд зарна гэж тооцож байснаас бараг 10 дахин их буюу 570 сая ам.долларын захиалга хөрөнгө оруулагчид өгсөн байна. Бондын хүүгээ бууруулах замаар захиалгыг өөрийн хэрэгцээний хэмжээнд хүртэл бууруулжээ. Тус банкны бондын арилжаанаас харахад гадныхны зүгээс ихээхэн хүлээлт байгааг анзаарч болох юм. Манай томчууд ч хандыг авсан байхаа гэж бодож байна.

Бид эндээс юуг ойлгож ёстой вэ гэхээр дэлхийн зах зээлээс бид хүссэн хэмжээнийхээ хөрөнгийг босгоё гэвэл боломж нээлттэй байна. Одоогоор оруулаад байгаа 300 сая байтугай, цаашид оруулах хөрөнгийн эх үүсвэрийг ийм маягаар хангалттай олох бололцоо байна. Хувийн нэг банк ийм амжилт олж байхад Монголын засгийн газар бондоо гаргавал бүр ч илүү хэмжээний санхүүжилт шийдэж болох юм гэдгийг ойлгож болохоор байна.

Эцэст нь Фрийдландад хандаж хэлэхэд нэгэнт монголд үйл ажиллагаа явуулж байж хулгайч дээрэмчин мэтээр ад үзэгдэн байж 5 төгрөг олж байснаас жаахан азнаад бидний хүндлэл хайранд умбан байж 10 төгрөг олсон нь дээр биш үү. Хэдэн жилийн өмнө Fortune сэтгүүлд гарсан зураг дээрх торгон дээлтэй, булган малгайтай монголжуу, хээгүй сайхан эрд би итгэж байгаа шүү.

/Уншигчийн захидал/

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button