Нийслэлийн АН-ын дарга С.Эрдэнэ Хувьсгалт намын өнөөдрийн будилаан самуун зөвхөн эхлэл нь

-Ойрын үед танай намын үйл ажиллагаа идэвхжиж нийгмийн массыг өөртөө татахад бүхий үйл ажиллагаа нь чиглэгдэж байх шиг байна. Үүнийг ашигтай нөхцөл байдал үүссэн, мөн нөгөөтэйгүүр сонгууль ойртсонтой холбон тайлбарлаж болох уу?

-Манай намынхан сүүлийн үед идэвхжсэн биш нэлээд эртнээс хөдөлж, үйл ажиллагаа нь эрчимжиж эхэлсэн шүү дээ. Чи санаж байгаа бол өнгөрсөн 2006 онд намын дарга маань бүх аймгуудаар явж лекцээ уншсан, иргэдтэй уулзсан. Үйл ажиллагааны идэвхжил 2006 оны гурван сард хуралдсан АН-ын гуравдугаар их хурлаас эхлээд л эрчимжиж эхэлсэн. Энэ хугацаанд бид багагүй зүйлийг амжууллаа. Хамгийн гол нь олон түмнийхээ дунд орж чадлаа. Үнэхээр АН-ын орон зай, үйл ажиллагаа идэвхжихийг олон түмэн маань хүлээж байсан байна гэдгийг мэдэрлээ.

-Өнгөрсөн хаврын их хурал дээр танай намынхныг удирдлагын асуудал дээр хэл амаа ололцохгүй муудалцаж эхэлсэн юм биш шүү?

-Тэр их хурлаар үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт хийхэд АН олон түмнээсээ хөндийрч, цөөн хэдэн хүний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нам болжээ гэсэн дүгнэлт гарсан. Иймээс олон түмний нам байх ёстой гэдэг үүднээсээ өнөөдрийн шинэчлэлийг хийх болсон. Шинэчлэлийг хийж эхэлснээс хойш олон өөрчлөлтүүд гарсан.

-Танай шинэчлэлийн цаана мэдээж 2008 оны сонгуульд ялалт авах зорилго бий нь ойлгомжтой байх. Гэтэл өнгөрсөн нэг сард хуралдсан танай хурал нэр дэвшигчдийнхээ шалгуур үзүүлэлтээс болж муудалцан, хуралдаа ирэх ирэхгүйдээ ч хүрч байсан. Одоо тохиролцоонд хүрч чадсан гэсэн үг үү?

-Манай нам бусад намыг бодвол хэн нэгэн даргыг үг дуугүй дагадаг нам биш. Манай нам үнэхээр л эрх чөлөөний бэлэгтэмдэг болсон ардчиллын нэрээр овоглосон хамгийн нээлттэй нам. Энэ намын удмрдлагад байгаа хүмүүс маань буруу зүйл хийдэг юм уу, эсвэл нийгмийн хүсэн хүлээж байгаа зүйлээс гажууд хууль бус зүйл хийсэн тохиолдолд манай намын аль ч шатны гишүүн асуудлыг шууд гаргаж тавьдаг, хэлэлцдэгээрээ танайх дандаа л маргалддаг зөрчилддөг гээд ярьдаг л даа. Энэ нь манай намын дотоод асуудал олон түмний дунд нээлттэй байгаагийн л шинж шүү дээ. Түүнээс МАХН-ын удирдах зөвлөл юм уу, бага хурлын үйл ажиллагааг олон түмэнд нээлттэй болгоод харуулах юм бол манайхаас дутахгүй л зөрчилдөөнтэй байгаа. Харамсалтай нь тэд түүнийгээ ил гаргадаггүй, таг нуучихдаг байхгүй юу. Жишээ нь сэтгүүлч та нар л гэхэд тэр бага хурал, удирдах зөвлөлийн хуралд нь сууж байгаагүй л биз дээ. Манайдбол нээлттэй, бүх шатныхан ордог, мэдээллээ авдаг, хэрэлдэж байгааг нь хүртэл зургийг нь авдаг, бичдэг. Миний хувьд манай намын өнгөрсөн нэг жилийн хамгийн том амжилт нь олон түмнийхээ дунд орлоо, хүмүүсийнхээ санаа бодлыг сонслоо. Асар их зүйлийг ойлгож авлаа. Хоёрт бид дотоод зөрчлөө давж чадлаа. Өөрийн чинь түрүүн асуугаад байгаа жижиг том зөрчлүүд байсан. Янз бүрийн зөрчлүүд алийг тэр гэхэв.Тэр бүгдийг давж гарч чадна гэдэг манай намын хувьд асар том амжилт. Одоо бол удирдлагуудын асуудлаас болж хагарал үүсээд байх зүйл байхгүй болсон. Мэдээж огт маргалдахгүй зөрчилдөхгүй байна гэх шиг худлаа юм байхгүй шүү дээ. Санал зөрчилдөх янз бүрийн асуудал дээр зөвшилцөлд хүрээд явах боломж бүрэн бий болсон. Үүний дагуу үйл ажиллагаагаа явуулна.

-Хэдхэн хоногийн өмнө бас ротацид нэр дэвшигчид оочерлож дугаарлан мөнгөө өгөх гээд асуудал дэгдсэн. Уйлаан майлаан ч болсон гэх яриа байсан?

-Тийм юм байхгүй ээ. Хүмүүс буруугаар ойлгосон бололтой. Манайд ротацийн сонгууль явагддаг. Ротацийн гишүүд жилд нэг сая төгрөгийн татвартай. Ротацийн сонгуульд шинээр нэр дэвшигч маань мөн сая төгрөгөө өгч тэр нь татварт тооцогдоод явдаг. Чадахгүй бол буцаагаад авдаг. Энэ бол шударга зарчим.

-Ротацийн гишүүн болно гэдэг УИХ-д нэр дэвших эрхтэй болно гэсэн үг биз дээ?

-УИХ биш Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн боллоо гэсэн үг. Гэхдээ Их хуралд нэр дэвшихийн тулд АН-ын ҮЗХ-ны гишүүн байх ёстой л доо. Их хуралд нэр дэвшихэд юм уу өөр улс төрийн ажил, албан тушаал томилгоонд очихын тулд эхлээд ҮЗХ-ны гишүүн байх шаардлагатай. Энэ нь бас тодорхой шалгуур болж байгаа хэрэг. Түүнээс хэн дуртай нь гүйгээд л намын удирдлагад байдаг юм уу, намаас их хуралд нэр дэвших асуудалд хутгалдаад байх юм бол энэ 120-130 мянган гишүүнийг чинь яаж зохицуулах вэ дээ. Тэгэхээр нийт гишүүдээс итгэл найдвар, дэмжлэгийг авсан тэр хүн ҮЗХ-ны гишүүн болно. Тэгээд дараа дараагийн алхмаа хийх улс төрийн боломжийг нээж өгч байгаа хэрэг.

-Сүүлийн үед улс төрд бизнесийн бүлэглэлүүд орсноос өнөөгийн улс төрийн хямрал үүсээд байна гэх яриа байдаг. Намууд өөрсдөө бизнесийнхэн мөнгөтэй хүмүүсийг дэмжиж толгой дээрээ тавьдгаас тэдэндээ эргэж атгагдаад байгаа юм биш үү?

-Ер нь Монгол ардын зүйр үгэнд ч тэр биеэ засаад, гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас гэсэн үг байдаг биз дээ. Нийгэмд өөрийгөө аваад явах нэг баталгаа бол амьжиргааны баталгаа. Амьжиргааныхаа баталгааг бий болгож чадаагүй хүмүүс яаж ч бодлоо гэсэн төрийг авч явж чадахгүй шүү дээ. Ер нь аль ч утгаар нь аваад үзсэн улс төр гэдэг маань өөрөө тодорхой үйл ажиллагаа явуулахад, тодорхой зорилгод хүрэхийн тулд явуулж байгаа бүх үйл ажиллагаагаа мөнгөөр санхүүжүүлж явах ёстой. Мөнгөгүйгээр ямар ч ажил явуулах боломжгүй. Нөгөөтэйгүүр юм болгонд мөнгөтэй хүмүүсийг үзэн ядуулах үзлээр нийгмийг цэнэглэж болохгүй шүү дээ. Тэр хүн мөнгөтэй болсныхоо төлөө ял зэм үүрэх ёсгүй. Хүн болгон л мөнгөтэй байхын төлөө ажил хийж, амьдарч байгаа. Ганцхан тэр мөнгийг ямар арга замаар олсоныг л ялгаж, салгах хэрэгтэй. Энэ нийгэмд хэн татвар төлж, хэн баялгийг бүтээж байгаа билээ, хэн ажлын байрыг бий болгож байгаа билээ гээд ярих юм бол бизнесийнхэн л байна. Тэгэхээр үнэхээр энэ нийгмийнхээ төлөө улс эх орыхоо төлөө явах сэтгэл, зүрхтэй хүмүүс улс төрд орж байна уу, үгүй юү гэдэг талаас нь л хармаар байгаа юм. Өнөөдрийн Их хурлыг бизнес эдийн засгийн олигархиудын нэгдлээс бүрдсэн хүмүүс байна гээд л шүүмжилж байна. Яахав тэдний дотор тийм хүмүүс ч бий, улс нийгмийн төлөө гэсэн хүмүүс ч байна. Гэхдээ л тэднийг ард түмэн өөрсдөө л сонгосон шүү дээ. Яагаад өнөөдөр ард түмний сонголтыг үгүйсгээд шүүмжлээд л буруутгаад байгааг би ойлгодоггүй. Их хурлын үйл ажиллагаа болон гишүүдийн ёс зүйн асуудлыг шүүмжлээд байгаа бол нэг өөр хэрэг. Зүгээр Их хурал гэдэг утгаар нь шүүмжилж байгаа бол буруу л байхгүй юу. Нэгэнт сонгогдоод гараад ирчихсэн хүмүүсийг нулимаад, ард түмний сонголтыг буруутгаад байж бас болохгүй. Харин тэр ард түмний сонголтыг авч гарч ирчихээд итгэлийг нь дааж чадахгүй байгаа хүмүүстэй болбол хариуцлага тооцох ёстой.

-Өнөөдөр хүртэл танай гадаа УИХ-ыг, Засгийн газрыг тараая гээд л жагсаал цуглаан болоод байна. үүнийг та аль өнцгөөс нь дүгнэж, харж байна?

-Өнөөдөр УИХ тарах хүртлээ ямар буруутай үйл ажиллагаа явуулсан юм. Ямар ямар буруу хууль гаргаад, ямар асуудлууд дээр Үндсэн хууль зөрчив гэдэг нь батлагдсан тохиолдолд л Их хурлыг тараана уу гэхээс зүгээр л Их хурал тар гэж шаардаад хашгираад байх нь утгагүй шүү дээ. Засгийн газар ч мөн адил. Өнөөдөр Засгийн газар хууль зөрчсөн олон баримт үйлдлүүд гарч байна, сайдууд нь хууль зөрчсөн асуудалд орооцолдож байна. Тиймээс энэ бүгдээс үүдэлтэй шаардлагууд бий болсон гэж ойлгож байна. Түүнээс зүв зүгээр ажлаа хийгээд явж байгаа Засгийн газрыг огцор дараагийн хүмүүст ажлаа өг гэж шаардаагүй шүү дээ. Ямар нэгэн хэмжээнд Засгийн газар алдаа гаргасан, тэр нь нотлогдчихоод байна. Ярьвал олон юм ярьж болно л доо. Гэхдээ Засгийн газрыг огцруулж хариуцлага тооцох нь зөв юм уу, эсвэл өөр арга замаар асуудлыг шийдэх нь зөв юм уу гэдгийг нэлээд сайн бодох хэрэгтэй байх. Аливаа асуудлыг сайн бодож байж шийдэхгүй бол түргэн түүхий шийдсэн асуудал эргээд илүү хохирол авчирч бас болзошгүй шүү дээ. Би улс төржиж байгаа юм биш, МАХН-ын Засгийн газар гэдгээр хандаж

байгаа ч юм биш. Зүгээр л энэ Засгийн газар эрх зүйн чадамжтай юу, цаашаа ажиллах боломж байна уу гэдгийг сайтар харах нь зөв байх аа л гэж бодож байна.

-Түрүүн нэг хэсэг бүтцийн өөрчлөлт гэж хүчтэй ярьж байгаад таг боллоо. Энэ бүтцийн өөрчлөлт хийгдвэл танай нам МАХН-тай хамтран засгийн эрхийг барьж 2008 оны сонгууль хүртэл тохиролцоонд хүрч болох юм аа гэсэн яриа гарсан байсан. Ер нь тохиролцоонд хүрч хамтран ажиллах боломж бий юу?

-Тодорхой түвшинд зарим нэг хүмүүс энэ асуудлаар ярилцсан байж болохыг би үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдөр АН-ын ҮЗХ-ны тогтоол шийдвэр нэгэнт гарчихсан. АН сөрөг хүчний байр сууринаас үйл ажиллагаа явуулна. Хоёрдугаарт Засгийн газрын бүтцэд орохгүй, ямар нэгэн эвслийн Засгийн газрын бүтцэд хамтран орж ажиллахгүй гэдэг шиццвэрийг гаргасан нь өнөөдөр хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Намын удирдах дээд байгууллагын нэгэнт гаргасан шийдвэрийг зөрчөөд ямар нэгэн асуудал яриад байх хүн хараахан байхгүй байх. Ийм асуудал өнөөдөр манай ҮЗХ-ны хурал дээр яригдаагүй. Тэгэхээр ямар ч бүтцийн өөрчлөлт хийсэн бай МАХН-тай дахиж эвслийн Засгийн газар байгуулах тухай асуудал одоогоор байхгүй. Тэгээд ч хугацаа маш бага үдцэж байна. Бид чинь бас Ц.Нямдорж даргын хэлдгээр МАХН-тай нэг хашаанд байж үзсэн, нэг Засгийн газрыг байгуулж үзсэн. Яаж хуурагдаж болдгийг, яаж тонгоруулдагаа үзсэн. Бас хаягдаж болдгийг харсан. Нэгэнт амьдралаараа үзчихсэн юмыг ахин дахин үзээд байх сонирхол алга л даа.

-Тэгэхээр цаашдаа ер нь МАХН-тай хамтарч ажиллахгүй гэсэн үг үү?

-Ер нь улс эх орны эрх ашгийн үүднээс дараагийн сонгуулийн үед ямар нөхцөл байдал үүсэхийг бид хэлж мэдэхгүй. Гэхдээ тэр үед арай өөр арга замаар асуудалд хандана. Саяных шиг биш. Аль нэг нь давамгайлсан, асуудлыг тулгадаг, тэгээд тэрийг нь хүлээж авахгүй бол өөр юмаар нээнтэглэдэг, дарамталдаг хэлбэртэйгээр айл гэр болж тоглоно гэдэг утгагүй шүү дээ. Хэн хэнийгээ хүндэлж харилцан зөвшилцдөг нөхцөлд ажиллана. Түүнээс нэг нь үргэлж л айж нэг гараа толгойн дээрээ тавьж явах юм байхгүй. МАХН-тай Эвслийн Засгийн газар гэж явж байх үед бид тийм л нөхцөлд байсан шүү дээ. Жишээ нь 65-р тойргийн нөхөн сонгиулаас нэрээ татахгүй бол танай Засгийн газрыг чинь огцрууллаа гээд шахалт үзүүлж байсан. За тэгвэл нэрээ татая, Засгийн газраа ямар ч гэсэн тогтсон хугацаанд нь ажиллуулья гэдэг гэрээ байгуулж нэрийг нь татуулчихаад, гурав дөрвөн сарын дараа л за одоо боллоо гээд л Засгийн газрыг нь огцруулсан. М.Энхболдын Засгийн газар бол хоёр гурван үндсэн гэрээ зөрчиж байгуулагдсан Засгийн газар шүү дээ.

-АН-ын дарга Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байсан үеийг бас санаж байна л даа. Тэр үед үнэндээ л сөрөг хүчнийхээ нөлөөнд байсан нь ажиглагддаг. Гэтэл сайдын суудлаасаа буунгуутаа л МАХН-ын Засгийн газрыг огцруулахаар өнөөг хүртэл дуугарч эхэлсэн нь бас өшөөгөө авах гэж байгаа юм биш үү ч гэж бодуулахад хүрээд байна л даа?

-Их хурлыг тараах асуудалд манай намаас ямар нэгэн асуудал тавиагүй шүү дээ. Тэр бол иргэний хөдөлгөөнүүдийн л асуудал. Засгийн газрын асуудлыг бол бид тавьсан. Үнэхээр болохгүй байсан болохоор л тавьж байгаа шүү дээ. Энэ бүх асуудал одоо ч яригдаж байгаа. Гэхдээ мэдээж Засгийн газраа огцруулах уу авч үлдэх үү гэдэг тэдний л мэдэлд байгаа. Өнөөдөр явж л байна. Цаашдаа яах нь вэ гэдгийг харж л байя.

-Өнөөдөр МАХН удирдлагуудын дотоод зөрчил болоод залуучуудын байгууллагаасаа болоод нийгэмд тодорхой хэмжээгээр рейтинг нь унаж эхэллээ гэлцэж байна. Энэ нь танайханд бүр ч завшаантай хэрэг. Одоо тоглолт хэрхэн үргэлжлэх бол гэдэг асуудал олны анхаарлыг татаж эхлээд байна?

-Энэ бол зүй ёсны л асуудал. Угаасаа улстөрийн нам ямар үед идэвхжиж, ямар үед байр сууриа шилжүүлэх вэ гэдэг нь тактикийн асуудал. Хэр мэдрэмжтэйгээс л шалтгаална. Нам улс төрийн асар өндөр мэдрэмж соргог хараатай байх юм бол намаа ямар үед идэвхжүүлж ямар байр суурин дээр аваачих вэ гэдэг удирдлагуудын асуудал. Гэхдээ МАХН-ын өнөөгийн байдлаас болж манай үйл ажиллагаа идэвхжиж байгаа юм биш л дээ. Манай намын өдөр тутмын үйл ажиллагаа нь нийгэмд идэвхжиж байгаа мэт харагдаж байгаа бол сайн л байна.

-МАХН-ын өнөөгийн нөхцөл байдал мэдээж том боломж бий болгож байгаа нь лавтай байх?

-Гэхдээ тэр боломжийг бид бий болгоогүй шүү дээ. Бид тэр сайд нарыг нь унагаад эсвэл тэр АСЗХ-ны залуучуудыг нь янз бүрийн байдалд хүргээд, нэр хүндийг нь унагаагаагүй. Тэд өөрсдөө л ийм байдалд хүргэсэн. Тэр нь олон түмний дунд илэрч гарсан нь л тэр. Би өнөөдрийн хувьсгалт намын будилаан самууныг зөвхөн эхлэл нь гэж ойлгож байгаа. Өшөө цаашаа гүнзгий ухах юм бол өнөөдрийн асуудал юу ч биш болж хувирах байх. Ер нь бол тэрбум гэдэг тоо бол нэг их том тоо биш болчихлоо шүү дээ. Идсэн уусан, алга болсон гэдэг тоо ярихаараа дандаа л тэрбумаар ярьдаг болсон. Энэ нь сая төгрөг шиг л сонсогддог болж. Гэтэл тэр мөнгөөр хичнээн хүний цалин нэмж, ямар орон сууц барьж болох вэ, хичнээн хүний нийгмийн асуудлыг шийдвэрлэх вэ гээд аваад үзвэл асар их юм ярих л байх.

-Танай намын удирдлагуудыг МАХН-ын алдааг ярьж хүмүүсийн сэтгэл зүйг эргүүлэхдээ тун чадварлаг улс гэж ярьдаг. Нөхцөл байдлыг өөрсдөө ашигтайгаар эргүүлж, Засгийн эрхийг гартаа авдаг ч дотоод зөрчлөөсөө болж унадаг нь нууц биш шүү дээ. Өөрөө өөрсдөө Засгийн газраа гурав унагачихсан болохоор чинь өнөөг хүртэл тийм байдал дахиад үүсэх вий гэсэн болгоомжлол хүмүүст байдаг бололтой юм билээ?

-Тийм л дээ. Яагаад гэхээр 1996 онд ч 2004 онд ч эвсэл болж сонгуульд ялалт байгуулаад ялалтын дараах эвслийн асуудлыг зохицуулахын зовлонг хоёр удаа үзлээ. Тиймээс 2008 оны сонгуульд АН ямар нэгэн намтай эвсэл болж орохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн шүү дээ. Нэг үгээр хэлбэл хариуцлагаа дангаараа хүлээе гэж шийдсэн. Бид өөрийн чинь хэлдэгээр ямар нэг амжилтанд хүрэхээрээ дараа нь дандаа будилдаг, хагардаг зөрчилддөг. Тэрнээс нь болоод төр засгийн ажил унадаг байсны гол шалтгаан нь эвсэл л байсан. Шулуухан хэлэхэд. Эвслийн үр дүнд ялалт байгуулдаг ч зөрчлөөс болж дандаа эвгүй байдалд ордог байсан. АН-ыг 1990 онд байгуулагдсан гэж үзэх юм бол 2008 онд 18 нас хүрч эрийн цээнд хүрлээ. Бид эрийн цээнд хүрсэн юм чинь үүрэг хариуцлагаа өөрсдөө авья гэдэг ийм л байр суурин дээр өнөөдөр зогслоо.

-Анх ардчилал гэзд явж байсан анхны партизанууд үүрэх ачааг нь үүрчихээд тэндээс гарсан ашиг үр дүн, бялууг нь хэн сайн тоглолт хийсэн нь хуртдэг. Өнөөг хүртэл тэр байдал үргэлжилж л байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?

-Тэр албан тушаалын томилгоо янз бүрийн асуудлууд урьд сонгуулиудад шударга бус явж ирсэн нь үнэн. Нуугаад байх юм байхгүй. Зөвхөн нэг хэсэг хүн заалттай юм шиг томилогддог. Өөр боловсон хүчин байхгүй ч юм шиг байсан. Одоо бол тэр байдал давтагдахгүй. Манай шинэчлэгдсэн дүрмээр үйл ажиллагаанд ямар хэмжээгээр оролцсон байна, намын гишүүд дэмжигчдээс ямар хэмжээний дэмжлэг авсан байна тэр хэрээрээ энэ асуудлыг шийднэ.

-Тэгж хоцрогдоод бялуунаас хувь хүртэж чадаагүй хүмүүсийн нэг нь таныг гэдэг юм билээ?

-Үгүйүгүй. Миний хожих, хоцрогдох ч юу байхав. 1996-2000 онд би Баянгол дүүргийн засаг даргаар ажилласан. Сая 2004-2006 онд Улсын НД-ын ерөнхий газрын даргаар ажилласан. Яахав батлахны маань өнгө өөр болохоор засаг солигдсоны дараа намайг халсан. Тэгэхдээ төрийн албаны зөвлөл шүүхээс намайг хууль бусаар халагдсан гэдгийг тогтоогоод албан тушаалд нь эргүүлэн тавих шийдвэр гарсан.

-Таны хувьд энэ бүхэн хангалттай гэж үү?

-Хүн ажлыг голдоггүй ажил хүнийг голдог гэж аав минь хэлдэг байсан. Миний Нийгмийн даатгал болон Баянгол дүүргийн засаг даргаар ажилласан он жилүүд надад асар их ажлын туршлага өгсөн. Энэ нь дараа дараачид өөр албан тушаал хашихад асар их нэмэр болно гэж боддог. Би хийж байсан ажилдаа сэтгэл хангалуун байдаг. Мэдээж намаас Чи энэ ажлыг хий, энэ албан тушаалыг хашаад яв гэх юм бол ямар ч албан тушаалыг хашаад л явна. Энэ бол миний үүрэг. Гэхдээ өөрийн чинь хэлдгээр миний нас ахиж байна, улс төрд бас чамгүй олон жил явлаа. Одоо өөрийнхөө нөхдөд гэх юм уу тодорхой түвшинд санаа бодлоо илэрхийлэх боломж бага ч гэсэн бий болсон байх. Тэгэхээр дараа дараагийн сонгууль үр дүнгээр би өөрийнхөө санаа бодлыг мэдээж илэрхийлнэ.

(Өглөөний сонин 55/120)

И.Цэвэлмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button