Ломбардны дээрэмчид сандарсандаа алчихсан гэж мэдүүлж байна

Нийгэм ядуурч, мөнгө улаан, нүд цагаан гэгч болж, хэдхэн халтар төгрөгний төлөө нэг нэгнээ хайр найргүй тонон дээрэмдэж, алж байгаа энэ цаг үеийг дээдсүүд цаг сайхан болж, Монгол орон хөгжөөд байна гэх юм. Гэтэл урьд хожид сонсогдож байгаагүй жигшүүрт хэргүүд өдөр дараалан гарч нийгмийг бүхэлд нь түгшүүлсээр Хэдхэн хоногийн өмнө Баянгол дүүргийн зургадугаар хорооны нутаг Бүрэн плаза төвийн хоёр давхарт байрлах ломбардны эзэн 58 настай эмэгтэй Ц-г ажил дээрээ байхад нь хоёр залуу хүч түрэн орж хаалгыг нь дотроос нь түгжиж байгаад дээрэмдэн, улмаар тэр эмэгтэйн амийг хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. Тэд бэлэн байсан 800 мянган төгрөг, дөрвөн алтан ээмгийг аваад гарах үед нь талийгаач эмэгтэй дохиоллоо даржээ. Хэрэг бишдсэнийг мэдсэн дээрэмчин Г.Түвшинбаатар, Г.Ганзул нар энэ үед ээж шигээ хүний хоолойг тас хэрчин, амь насыг нь бүрэлгэсэн байна.

Хохирогчийн дохиоллын дагуу дохиолол хамгаалалтын Цагаан бар-ынхан болон цагдаагийнхан хэргийн газар хоёроос гурван минутын дараа ирж байшинг бүсэлсэн байна. Ингээд ЦЕГ-ын гуравдугаар тусгай тасгийн ажилтнууд агааржуулалтын хоолойгоор орж, гэмт этгээдүүдийг баривчилжээ. Энэ үед ломбардны эзэн амьсгал хураасан байсан гэнэ. Хэрэгтнүүд эхний мэдүүлгээрээ Бид хүн алах зорилго огтхон ч агуулаагүй. Ломбардыг ганцхан эмэгтэй хүн ажиллуулдаг гэдгийг мэдээд тэр өдөр зорьж очсон. Тэгээд бэлэн байсан мөнгийг нь аваад гарах гэтэл талийгаач хөлөөрөө дохиоллын товчлуур дээр дарж, тэр даруй л цагдаагийнхан ирж байшинг бүсэлсэн. Энэ үед Г.Ганзул ломбардны эзний хоолойг хэрчсэн. Уг нь би битгий гэсэн боловч тэр хоёр гурван удаа хутгалсан. Маш их харамсаж байна гэж хамт хэрэг үйлдсэн Г.Түвшинбаатар мэдүүлжээ. Хэрэгтэн ч хэргээ хүлээж сандарсандаа алчихсан гэж мэдүүлсэн байна. Талийгаач эмэгтэй Баянгол дүүргийн 12 дугаар хорооны засаг даргаар ажиллаж байсан, гурван хүүхэдтэй бөгөөдхоёр ачтайгаа хамт амьдардаг нэгэн байжээ. Хүүхдүүдийнх нь хоёр нь Чойрт, нэг нь Англи улсад ажиллаж амьдарч байсан бөгөөд хэрэг гарснаас хоёр хоногийн дараа Монголд иржээ. Улаанбаатар хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй, хамгийн их хүн амтай гэх тус дүүрэгт энэ төрлийн хэрэг удаа дараалан гарч байгаа бөгөөд өнгөрсөн зун л гэхэд хоёр зээгийнхээ хамт амьдардаг 60 настай эмэгтэйг мөн л хэдхэн төгрөгнөөс болж алж байсан алуурчдын хэрэг өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа юм.

(Өглөөний сонин 55/120)

Н.Болдхүү

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button