Дэлхийн бүх эм тан нийлээд ч хөдөлгөөнийг орлож чадахгүй

Гэтэл бид насанд хүрсэн хойноо энэ ариун нандин сургаалыг тэр болгон биелүүлдэг бил үү?

Ай хөөрхий Уг нь хүн бүр бага наснаас эхлээд эрүүл мэндээ өнөө маргааш л болж байвал барав гэж бодолгүй, хүндэтгэн үздэг байх нь чухал юм.

Хүн биеийн тамирын боловсролыг бусад боловсролоос хавьгүй доогуур үздэг нь гайхмаар. Хэл, утга зохиол мэдэх, хөгжим ойлгохыг сэхээтний шинж тэмдэг гэж үздэг. Гэтэл бие махбодийн талаар хөгжил сайтай байхыг хүсүүштэй боловч алба биш шиг санаж биеийн хөгжил сайн байвал сайхан л юм, муу байлаа ч зовох юу вэ? гэсэн маягтай байдаг.

Яагаад ч юм бэ, эртнээс нааш оюун ухаан, эрдэм боловсролыг биеийн хөгжил, бие цогцсын тэгш байдлаас хамаагүй дээгүүр үнэлж иржээ. Гэтэл бичиг мэддэггүй хүн ч тэр, хурдан гүйж, усанд сэлж чаддаггүй хүн ч тэр бүгдээрээ доголонтой адил гэж бүр их философич Платон үзэж байсан.

Эрүүл мэндээ хамгаалж, даан ялангуяа бүх өвчнөөс сэрэмжлэхэд бие махбодын дасгал буюу хөдөлгөөнөөс сайн юм байхгүй гэж Оросын дотор өвчнийг анагаах чиглэлийг үндэслэгчдийн нэг, профессор М.Я.Мудров бичжээ. Бид биеэ эрүүл байхад эрүүл мэндээ тоохгүй байх явдал олонтаа байдаг нь даанч тусгүй гэж эмч нар одоо дуу нийлүүлэн өгүүлж байна. Та бид хүч тамираа зүй зохисгүй үрж, ажил амралт хоёрыг ээлжлүүлэх, гүйцэд нойр авах, тогтмол хооллох, биеийн тамир хийхийн чухлыг анхааралгүй явсаар байгаад нэг мэдэхэд бие цогцос маань янз бүрээр хэвийн бус байдлаар ядардаг болж, ажлын чадвар буурч, зүрх болохоо байдаг. Тэгээд л эмч докторт үзүүлж, янз бүрийн эм тан ууж эхэлдэг. Хүн өөрийн бие махбодын хэвийн ажиллагаа алдагдаж эхэлснийг цаг тухайд нь мэдэж чадвал бас ч ухаан бий.

Өнөө үед хөдөлдөггүй их ажилтай хүн гэсэн үг улам олон дуулдах боллоо. Энэ бол зөвхөн оюуны хөдөлмөрийн хүмүүсийг хэлж байгаа юм биш. Үүнд хөдөлмөр, ахуйн нөхцөлийг сайжруулж тээврийн хэрэгсэл их ашиглах болсны улмаас хүний бие хөдлөх нь бага болсныг, бас хэлж байгаа юм.

Зуун жилийн өмнө дэлхий дээрх бүх ажлын 96 хувийг хүн зөвхөн өөрийн булчин шөрмөсний хүчээр хийдэг байсныг бодож гаргажээ. Тэгвэл одоо ямар байна вэ? Хаана л бол элдэв зүйлийн машин, автомат хэрэгсэл байж байна. Бид явган явахын оронд автомашин буюу бусад төрлийн тээврийг ашиглаж байна. Цахилгаан шат таныг байшингийг зохих давхарт гаргаад өгчихөж байна. Хөргүүрт бүтэн долоо хоногийн хоол хүнсний нөөц бэлэн зэхээстэй байж байна. Хоол хийхийн тулд шатдаг хийн зуухны бариулыг эргүүлбэл гүйцлээ. Ажил дээр очиход тооны машин, автомат хэрэгсэл бэлэн байх бөгөөд цехэд бол хөдөлмөр их ордог ажиллагааг бүрэн механикжуулах хандлага үзэгдэж байна.

Амрахдаа ч гэсэн ном бариад эсвэл зурагт хараад бамбагар сандалд налайн сууна. Бид кино жүжиг үзэхдээ ч сууж, нэг юм урлаж дархлаж байхдаа ч сууж л байна. Бид хаа ч байсан хөдөлгөөнгүй байх нь тун их байна. Үүний улмаас хөдөлгөөн улам улам багасаж, хөдөлгөөний ерөнхий идэвхи буурч байна. Ийнхүү аж амьдралын тохилог байдал маань бие цогцост хор болж, бидний насыг богиносгож байна.

Гиподинамия буюу хөдөлгөөний дутагдал гэдэг үг өнөөдөр их дэлгэрчээ. Орчин үеийн хүн их л хүч хөдлөлтэй байгаа юм шиг мөртлөө жинхэнэ хэрэг дээрээ тун бага хөдөлж байна.

Үүний дээр хоолоо хэтрүүлдгийг нэмэгтүн. хөдөлдөггүй их ажилтай хүмүүсийн олонхи нь бас иймэрхүү маягаар амьдрахад шаардагдах бүтэн хагас дахин их хоол хүнс хэрэглэж байна. Биеийн жин хэвийн хэмжээнээс илүү гарах нь олон янзын өвчинд л нэмэр болдог юм.

Биеийн тамирын дасгал тогтмол хийдэг хүн дасгал тогтмол хийдэггүй хүнээс эмнэлгийн тусламж авах нь 2 дахин цөөн, огт дасгал хийдэггүй хүнээс з дахин цөөн байдаг.

18-р зууны үеийн францын нэрд гарсан эмч Тиссо бичихдээ Хөдөлгөөн өөрөө ямар ч эмийн үйлчилгээг орлож чаддаг байхад энэ дэлхийн эм тан бүгдээрээ нийлээд ч хөдөлгөөнийг орлож чадахгүй гэжээ.

Биеийн тамирын дасгал сэтгэцийн үүрэгт ажиллагаанд давхар нөлөөлдөг юм. Үүнд нэг талаар сэтгэцийн ажиллагаа хөгжихөд тус дөхөм болж, нөгөө талаар оюуны ажиллах чадварыг бат тогтвортой болгодог байна.

Аристотель шавь нартайгаа гадуур салхинд явж байгаад хичээл заадаг байжээ. Хөдөлж яваад бие халсан байхад ухаан бодол илүү сэргэдэг гэж Аристотель өгүүлжээ.

Москвагийн их сургуулийн биеийн тамирын хүмүүжлийн тэнхимд тусгай туршлага хийсэн байна. Үүнд туршуулж байгаа хүмүүс энгийн тооны хялбар бодлого бодож, өгөгдсөнтэй холбон жиших замаар зохих үг олох, математикийн тооцооны зөв бурууг шалгах ёстой байв. Энэ ажлыг нэг тохиолдолд ширээний ард сууж байгаад, нөгөө тохиолдолд гадуур салхинд явж байхдаа юм уу эсвэл вело-эргометр хэмээх унадаг дугуй зоосон багаж дээр дугуйны дөрөөг алгуурхан хөдөлгөж эргүүлэх зуур гүйцэтгэж байлаа. Ингээд олонхи тохиолдолд бие махбодын ердийн хөнгөн ажиллагаа ажлын чадварыг дээшлүүлж байжээ.

Гэхдээ биеийн тамирын аливаа дасгал бүхэн уран бүтээлийн ажлыг үр ашигтай болгоход адилхан түлхэц үзүүлдэг юм уу? гэвэл тийм биш юм байна. Тайван гүйх, явах дасгал голлосон өглөөний иж бүрэн гимнастик бол биеэ хөдлөлгүй, хүчлэх янз бүр болгох дасгалаас бүрдсэн иж бүрэн гимнастикаас илүү үр ашигтай байдаг аж. Их тархины дээд хэсгийг ажиллагаа сайтай байлгахад бага цочрол үзүүлж байх хэрэгтэй гэж И.П.Павлов бичжээ. Явган явах зэргээр хөдөлж барьж байх нь тийм тодорхой хэмжээний цочрол үүсгэдэг байна.

Оюуны хөдөлмөр хийдэг дунд хирийн насны эрүүл хүн долоо хоногт наад зах нь 8-10 цагийг биеийн тамирын дасгалд зориулж байх хэрэгтэй. Биеийн тамир хийх цагыг барагцаалбал дор дурдсан маягаар хуваарилах, үүнд ням гаригт 2-3 цаг /цанаар буюу явган аялах/, долоо хоногийн дундуур 1-2 цаг /тэшүүр, завь, унадаг дугуй/, мөн өдөр бүр 10-15 минут өглөөний гимнастик хийж 30-40 минут явган явах /ажилдаа ирж очих/ гэх мэтчилэн хуваарилах нь зүйтэй. Биеийн тамир хийх цагийг ингэж хуваарилахын сацуу хөдөлмөр, амралт, хоолны зөв журам горимыг баримталбал оюуны хөдөлмөр ихээхэн үр бүтээмжтэй болно.

Зарим хүн бие эцэхийг бие махбодод хортой гэж боддог. Ийм бодлыг туйлын буруу гэж эмч нар үзэж байна. Бие эцэх, түүний дараагаар ядарч сулрах нь хэвийн байдлаар амьдарч байгаа хүний биеийн жам ёсны байдал юм. Ядрах нь унтахад сайхан эм болно гэж нэрд гарсан эрдэмтэн, улс төрийн зүтгэлтэн Франклин давтан хэлэх дуртай байжээ. Түүгээр үл барам ер нь эцэтлээ хөдлөхгүйгээр өөрийн бие цогцсыг сайжруулж хөгжүүлэх нөхцөлгүй юм. Эцэх үед буурсан ажлын чадвар амарч байх үед сэргэж хэвэндээ орохоор үл барам нэг хэсэгтээ үргэлжлэн дээшилдэг байна.

Ертөнцийг хөдөлгөе гэвэл эхлээд өөрийгөө хөдөлгө

Эд агуурс, газар сэлтийг эх эцгээс өвлөн залгамжилж хүртэж болох боловч мэдлэг хийгээд оюунлиг санааг бусдаас авч чадахгүй. Баян хүн бусдад мөнгө төлөөд өөрийнхөө төлөө ажиллуулж чадах боловч, тэднээс хэрсүүжилт хийгээд оюунжилтийг худалдан авах аргагүй юм. Бие амар тансаг амьдрал, зовлон бэрхшээлийг даван туулах хүчийг өгдөггүй. Иймэрхүү гөлгөр аж байдалд автвал хэмнэлтэй, өгөөжтэй, үр жимстэй амьдралыг туулах хүсэлгүй болж зэвэрнэ.

Хүнээр мэдүүлэх сэтгэл хийгээд биеэ мэдүүлэх сэтгэл, өөрөөр хэлбэл бусдад шүтэн амьдрах болон өөртөө найдах явдал энэ хоёр өнгөц харвал зөрчилдсөн зүйл мэт бодогдоно. Гэвч энэ хоёр гараасаа барилцан урагшлахаас өөр аргагүй.

Саяхнаас ер нь дээдсийн амьдрал-ыг үхэн хатан мөрөөдөх хүн олширчээ. Тэд ноён нуруугаа авч хаяад ч болов зөвхөн дээшилж авахаар, баян хүн биш мөртлөө баян хүний царай гаргаж, ө.х дотроо паланцаг байсан ч гаднаа гяланцагийн дүрийг эсгэх болжээ.

Хичээл чармайлт бол аз жаргалын ээж мөн.

Мэдээж хэрэг мөнгө хүчтэй. Гэвч оюун санаа, хамтач сэтгэл, ёс суртахуун ч бас хүч буюу. Бүр мөнгөнөөс ч илүү хамгийн эрхэм зүйл мөн. Колинвуд Мөнгө байхгүй ч гэсэн би баян байж чадна. Янз бүрийн золгүй явдал, ядуу гуцууг даван туулна гэсэн оролдлого зүтгэлийн хүч л байвал надад хангалттай юм гэжээ.

Гойд давуу чадвар хичээлзүтгэлээр л зөвхөн олгогдож байдаг. Гайхалтай авьяастай байвал хичээл оролдлого түүнийг улам өндөрт өргөдөг. Чадвар нь бусдаас ялгарамгүй байлаа ч гэсэн зүтгэл оролдлого тэрхүү дутагдалтай талыг нөхөх учиртай. Зүтгэл оролдлого байхгүйгээр юуг ч олж чадахгүй.

Юутай ч гэсэн бүдүүлэг тэнэг, инээлгэх төдий өнөөгийн урсгалаас хүмүүс хэзээ нэгэн цагт уйдах нь дамжиггүй. Бага ч болов тэгээсэй гэж би хүсч байна. Эцсийн эцэст хүний амьдралд буурь суурьтай болохоос өөр аргагүй үе гэж байдаг. Хүний амьдрал бүхэлдээ хүний марзганалын түүх биш учраас тэр юм.

Зовлонтой тулах нь бурхан тэнгэрт авирах шат юм

Зовлон гачаал гэж юу юм бэ? Залуу охин ээмэг зүүхийн тулд өвдөхийг тэвчин байж чихээ цоолдог, зовлон гачаал тэрхүү өвдөхтэй адилхан юм. Тэр өвдөлт байхгүйгээр гоёмсог эрдэнийн чулуу зүүж чадахгүй биз дээ.

Яруу сэтгэгч

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button