Ж.Хайрулла эмч Монгол Улсын хөдөлмөрийн баатар боллоо

Эрүүл мэнд, боловсролын салбарт он удаан жил үр бүтээлтэй ажиллаж мэдрэлийн мэс заслын албыг үүсгэн хөгжүүлэх, сургалт, эрдэм шинжилгээний олон бүтээл туурвин эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч, эрдэмтдийг бэлтгэх, өвчний оношлогоо, эмчилгээний шинэ аргуудыг нэвтрүүлэн хүн амын эрүүл мэндийг хамгаалахад оруулж байгаа дорвитой хувь нэмрийг нь үнэлж П.Н.Шастины нэрэмжит III эмнэлгийн мэдрэлийн мэс заслын зөвлөх, доктор, профессор Жалелийн Хайруллад Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээж, Сүхбаатарын одон, Алтан соёмбо тэмдгээр шагнав.

Төрийн захиргааны төв байгууллага болон гадаад харилцааны салбарт олон жил санаачилга, үр бүтээлтэй ажиллаж тээвэр, холбооны салбарыг бэхжүүлэх, гадаад худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг ашигтайгаар шийдвэрлэн, улс орны аж үйлдвэр, эдийн засгийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Магсарын Чимэддоржид Монгол Улсын гавъяат эдийн засагч цол,

боловсрол, шинжлэх ухааны салбарт он удаан жил үр бүтээлтэй ажиллаж Монголын биологийн шинжлэх ухааны онолын зарим асуудалд хамаарагдах судалгаа, эрдэм шинжилгээний томоохон бүтээлүүд туурвиж, биологийн салбарт паразит судлалаар шинжлэх ухааны болон мэргэжлийн шинэ чиглэлийг үүсгэн хөгжүүлэх, эрдэмтэд, багшлах боловсон хүчин бэлтгэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж МУБИС-ийн багш, доктор, профессор Гомбын Данзанд Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн цол,

хэвлэл мэдээлэл, утга зохиолын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж сэтгүүл зүйн бүх төрлөөр бичиж нийтлүүлэн, шүлэг, яруу найргийн болон үргэлжилсэн үгийн олон шилдэг бүтээлүүд туурвиж, монголын утга зохиолыг хөгжүүлэх, утга зохиолчдын залгамж халааг бэлтгэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Утга зохиолын дээд сургуулийн багш, зохиолч, яруу найрагч Шагдарын Дулмаад Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн цол,

санхүү, эдийн засгийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан аймаг, орон нутгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлж, материаллаг баазыг бэхжүүлэх, зах зээлийн эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлж, орон нутгийн хөгжил, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Баян-Өлгий аймгийн Саут ХХК-ийн эдийн засгийн зөвлөх Жөлбайн Жапарт Монгол Улсын гавъяат эдийн засагч цол,

мал сүргээ олон жил тогтвортой өсгөн үржүүлж, үүлдэр угсааг нь сайжруулан, ашиг шимийг нь бүрэн ашиглаж, иргэдийг малжуулах, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн малчин Ханасын Жанхабайд Монгол Улсын гавъяат малчин цол,

орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж нэгж, байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэн удирдлагын менежментийг сайжруулах, эмнэлэг үйлчилгээнд дэвшилтэт арга барилыг нэвтрүүлж, нийгмийн эрүүл мэнд, хүн амд үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Доржхүүгийн Дагвасүмбэрэлд Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан цол,

хэвлэл мэдээлэл, утга зохиолын байгууллагад олон жил санаачилга, үр бүтээлтэй ажиллаж яруу найраг, үргэлжилсэн үгийн болон түүх, угсаатны зүйн олон бүтээл, ном туурвин, нэрт зохиолч, яруу найрагчдын зохиол бүтээлүүдээс монгол, казак хэлнээ орчуулга хийж, монгол, казакийн урлаг, утга зохиолыг хөгжүүлэх, гадаад оронд сурталчлахад оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Баян-Өлгий аймгийн Мэдээлэл технологийн газрын редактор, сурвалжлагч Рахметийн Шынайд Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн цол тус тус хүртээлээ.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Нийслэлийн ОСНАА-н Толгойт-ИНК ХК-ийн захирал Хахааны Давис, Баян-Өлгий аймгийн Цагааннуурын худалдааны чөлөөт бүсийн ерөнхий менежер Онгошийн Нигамет, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ахмадын хорооны дарга Дамбадаржаагийн Тогтохжаргал, Нийслэлийн Боловсролын газрын албаны дарга Рэнцэндоржийн Цэгмэд нарыг, Алтан гадас одонгоор ШУА-ийн Физик техникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Пагваажавын Алтанцог, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Бэгзсүрэнгийн Бадамсүрэн, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн секторын эрхлэгч Оохнойн Батсайхан, Үндэсний статистикийн газрын дэд дарга Ганбаатарын Гэрэлт-Од, Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны өндөр настан, ахмад санхүүч Хамангийн Жамылаш нарын хүмүүсийг, цэргийн гавъяаны одонгоор ШШГЕГ-ын харъяа Хорих 433 дугаар ангийн дарга, хурандаа Цэрэндоржийн Батцоож, Нийслэлийн Онцгой байдлын газрын албаны дарга, дээд ахмад Дэндэвийн Пүрэвдаавуу, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дээд ахмад Чүлтэмсүрэнгийн Төмөрхуяг нарыг,

хөдөлмөрийн хүндэт медалиар Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны Засаг дарга Дисдаабазарын Алтанцэцэг, Нийслэлийн статистикийн газрын тээвэр, холбоо хариуцсан мэргэжилтэн Намсрайн Байгалмаа, ХИС-ийн Олон улс судлалын сургуулийн тэнхмийн эрхлэгч Халзхүүгийн Наранчимэг нарыг, цэргийн хүндэт медалиар ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын тусгай тасгийн дарга, хурандаа Батхүүгийн Амардорж, ТЕГ-ын 1 дүгээр газрын хэлтсийн дарга, хурандаа Самдангийн Эрдэнэ нарыг тус тус шагналаа.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button