Зуучлах товчооны ажиллагааг үргэлжлүүлэх үү?

Энэ талаар дэлгэрэнгүй сурвалжлагыг хүргэж байна-

Өмнө нь Өмнөд Солонгос руу дадлагажигч гаргах ажлыг дангаар хариуцаж байсан Зуучлах товчооны зэрэгцээ 100 хувь төрийн өмчийн Гадаадад ажиллах хүч илгээх төв хэмээх байгууллага байгуулснаас хойш хүмүүс тодорхой ойлголт авч чадахгүй гайхширсан хэвээр байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх хуучнаар Геологийн төв лобаратори буюу Болод цамхагт байрлах Зуучлах товчооны гадуур хүмүүс Одоо хэрхэх бол? Солонгос руу хэн нь ажилтан гаргах юм бэ? Хуучин энд бүртгүүлсэн хүмүүс яах вэ яах вэ гэж бие биеэсээ асуусаар. Манай сонинд ч мөн ийм асуулт ирж байгаа юм. Танд ч бидэнд нь ч дээрх асуултуудын хариулт хэрэгтэй байгаа болохоор энэ талаар сурвалжлан хүргэж байна.

Зуучлах товчоо. Тус байгууллагын нэгдүгээр давхарт хоёр ажилтан иргэдийн асуултад лавлагаа өгдөг юм байна. Тус товчоонд бүртгүүлсэн хүмүүс эндээс урилга, сонголт ирсэн эсэх талаар лавлаж байгаа харагдана. Тухайн хүний бүртгэлийн дугаарыг компьютерт оруулж Өмнөд Солонгосын бирж дээр нэр байршсан эсэх болон сонголт хийсэн эсэхийг хэлж өгдөг аж. Харин нэр байршаад нэг жилийн дотор сонголт ирээгүй бол нэр нь автоматаар хасагддаг тул дахин хэлний шалгалт өгч бүртгүүлэх шаардлагатай гэнэ.

Зуучлах товчоо 2004 оны аравдугаар сард үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш одоо 10 000 хүн Өмнөд Солонгост ажиллуулахаар явуулаад байгаа.

Одоо шалгалтаа өгч нэр нь биржид байршсан 3000 гаруй хүн байгаа. Тэднийг хэрхэх бол? Эдний ажилчдын яриагаар бол сонголт ирэх юм бол хүмүүсээ явуулсан хэвээр байгаа. Гэхдээ төрийн өм¬чийн байгууллага байгуулагдчихаар яах вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Зуучлах товчооны талаар өнгөрсөн жилээс хойш янз бүрийн яриа дэгдсэн, үйл ажиллагаа нь тасалдсан гэж зарим хүн ойлгож байсан бол тэд өнөөдрийг хүртэл Өмнөд Солонгос руу хүмүүсээ явуулсаар байгаа юм байна. Өнгөрсөн даваа гариг буюу энэ сарын 19-нд 52 хүн явуулсан ирэх долоо хоногийн даваа гаригт мөн 70 орчим хүн явах юм байна. Тэд он гарсаар 500 хүн явуулаад байгаа аж.

Зуучлах товчооны орлогч дарга Д.Жанцан Үйл ажиллагаа маань хэвээрээ гэж ойлгож байна

-Төрийн өмчийн хорооноос 100 хувь төрийн өмчит Гадаадад ажиллах хүч илгээх төв байгуулахаар боллоо. Тэгэхээр танайх яах вэ, үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байх уу?

-Яг одоогоор бидэнд албан ёсоор хандсан, мэдэгдсэн зүйл алга. Зөвхөн хэвлэлээр гарсан зүйлсийн хэмжээнд мэдээлэлтэй байна. Төрийн өмчит байгууллага байгуулахаар болсон, дарга нь томилогдсон гэж сониноос л уншлаа. Өмнөд Солонгосын талаас ч, яам, ТӨХ-ны зүгээс ч ямар нэгэн мэдээлэл ирээгүй. Ямар ч байсан бид үйл ажиллагаагаа үргэлжлүүлж хүмүүсээ явуул¬саар байгаа. Бидний үйл ажиллагаа хэвээрээ байгаа л гэж бодож байна. Сонголт нь ирсэн хүмүүсийг бид Солонгос руу явуулж л байна.

-Уг нь төрийн өмч давамгайлсан компани буюу танай болон төрийн өмчийн оролцоо 4951 байхаар яригдаж байсан гэсэн?

-Тийм тохиролцоо байсан. Ямар шалтгаанаар өерчлөгдсөнийг мэдэхгүй. Сонинд гарснаар ТӨХ-ны шийдвэр гэж ойлгож байгаа.

-Та нартай санал солилцсон уу?

-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд биднийг урьж санал солилцож байсан. Өөр зүйл байхгүй.

-Д.Сүхбаатар агсны гэргий Л .Энх Зуучлах товчооны үйл ажиллагаанд оролцож байгаа юу. Түүнтэй санал солилцсон болов уу?

-Энэ талаар өөрөөс нь асуувал зүгээр болов уу. Ямар ч гэсэн талийгаачийн хууль ёсны өв залгамжлагчийн хувьд санхүү, ерөнхий удирдлагын асуудлыг хариуцаж байгаа. Өдөр тутмын үйл ажиллагааг орлогч даргын хувьд би хариуцаад ажиллаж байна.

-Нэгэнт өөр байгууллага байгуулагдсан, танайх одоо үйл ажиллагаагаа зогсоо гэвэл яах вэ?

-Тэр байгууллага болоод Өмнөд Солонгосын талтай ярилцаж тохирох байх. Бүртгүүлсэн хүмүүсээ дуустал нь гарга гэвэл гаргана. Бид ажлыг тань шилжүүлж авна гэх юм бол энэ олон хүний эрх ашгийн үүднээс нарийн ярихаас өөр аргагүй. Хүмүүсийн бүртгэл, бичиг баримт компьютерийн нарийн программд байдаг. Бид Өмнөд Солонгосын Хөдөлмөрийн яам, Хүний нөөцийн хөгжлийн газар, Олон улсын хөдөлмөрийн сан, сургалтын төв, цагаачлалын алба, дааттал, эрүүл мэндийн болон цагдаагийн байгууллагатай байнгын хамтын ажиллагаатай байдаг. Хүний нөөцийн хөгжлийн газартай бол бүр цаг, минут тутам тусгай сүлжээгээр харилцаатай ажилладаг. Хүмүүсийн нэрийг өгөх авах, мэдээлэл солилцох гээд маш нарийн ажил байдаг. Энэ бүхнийг өөр байгууллага цоо шинээр хийж эхэлнэ гэдэг хэцүү. Түүнээс гадна тэнд байгаа 10 мянган хүн, сонголтоо хүлээж байгаа гурван мянга, бусад олон мянган хүний эрх ашгийн үүднээс энэ ажлыг тасалдуулахгүйн тулд ярилцаж тохиролцож, хамтарч ажиллах байх гэж найдаж байна.

-Дахин хэзээ солонгос хэлний шалгалт авах бол гэж хүмүүс их асууж байна. Өмнөд Солонгосын Элчин сайдын яамнаас хэзээ шалгалт авах талаар удахгүй мэдээлэл өгнө гэж байсан, чимээгүй л байх юм?

-Бид ч бас энэ талаар хэвлэлээс гарсан мэдээллийг л харж байна. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн , сайд Д.Дэмбэрэл Өмнөд Солонгосын Элчин сайдын яамныханд хүсэлт тавьж дөрөвдүгээр сараас шалгалтыг эхлүүлэх талаар чармайж ажиллана гэсэн мэдээ гарсан байна лээ.

-Танайх хүн явуулаад бараг гурван жил болох гэж байна. Тэндээ мөн суурин төлөөлөгчтэй явуулсан хүмүүсээ харж хандаж байдаг гэсэн. Үйл ажиллагааг тань зогсоочихвол хэн тэднийг хариуцах вэ?

-Тийм ээ. Энэ талаар маш нарийн бодож ажиллах ёстой. Тэнд ажиллаж байгаа хүмүүс үйлдвэрлэлийн осолд орох, үйлдвэр нь дампуурах, гэрээний хугацаа дуусаад өөр ажилд шилжих гэх мэт бүх тохиолдолд манай суурин төлөөлөгч зохицуулдаг. Хэрвээ манай ажиллагааг зогсоовол хэн суурин төлөөлөгчийн газрыг санхүүжүүлэх вэ? Сард л 10 гаруй мянган ам.долларын зардал гардаг юм шүү дээ. Тэнд ажиллаж байгаа 10 мянган иргэнийхээ эрх ашгийг анхаарахгүй байж хэрхэвч болохгүй. Түүнээс гадна манай явуулсан хүмүүс эхнээсээ ирэх аравдугаар сараас гэрээт хугацаа дуусна. Тэр хүмүүсийг нааш нь явуулах, эргүүлээд буцааж ажиллуулах ажлыг зохион байгуулах ёстой. Ямар ч гэсэн тэр хүмүүс нутагтаа буцаж ирэх ёстой. Тэгээд үйлдвэрийнхээ эзэнтэй гэрээ байгуулаад буцаж болно. Үйлдвэрийн эзэнтэйгээ гэрээ байгуулж чадахгүй бол бид өөр ажил хайж өгөх ёстой. Гэрээ яаж байгуулах, хэрхэн буцаах гээд нарийн ажил их. Хамгийн гол нь эхний ээлжинд буцаж ирэх ёстой 500 хүнийг нэг бүрчлэн хуулийн хугацаанд нь буцааж авчрахгүй бол ажилчин гаргах асуудалд эргээд л хүндрэл учруулна. Бид сая нэгдүгээр сард очиж тэнд байгаа хүмүүсийнхээ байдалтай танилцаж, хугацаа нь дуусах гэж байгаа хүмүүстэйгээ утсаар ярьсан. Тэд хугацаандаа буцаад эргээд ирлээ гэхэд эргээд бид Солонгос руу буцаж ажиллах болов уу гэдэгт ихэд эргэлзэж байгаа. Энэ ажлыг маш сайн зохион байгуулахгүй бол хэцүү л дээ.

Энэ мэтчилэн Зуучлах товчоог тойрсон олон асуултад бас л хариулт олдохгүй байна. Одоо дахиад бүртгэл явуулахыг мэдээж шинэ байгууллага нь хариуцах байх. Харин нэгэнт бүртгүүлсэн хүмүүсээ яах вэ, шинэ байгууллага хэзээ ажлаа эхлэх вэ, хуучин Зууч¬лах товчоогоо яах вэ? Энэ талаар одоогоор тодорхой хариулт алга. Шинээр байгуулсан Гадаадад ажиллах хүч илгээх байгууллагын дарга ажилтайгаа танилцаж, төлөвлөгөө гаргасны дараа эдгээр асуултад хариулах юм гэнэ лээ.

Дахин солонгос хэлний шалгалт авахаар бол, хэзээ хэрхэн…?

Сүүлийн хоёр жилд солонгос хэлний шалгалт авах болсноос хойш нийт гурван удаа л буюу 2005 оны ес, арваннэгдүгээр cap, 2006 оны зургадугаар сард шалгалт авсан. Шалгалтыг KLPT /хангил хэлний нийгэмлэг/ авч, Зуучлах товчоо оролцогсдыг бүртгэх, дугаар тараах гэх мэт туслан зохицуулах үүрэг гүйцэтгэдэг байсан. KLPT-гийн төлөөлөгч МУБИС-ын байрны Б корпуст байрлаж байсан.

Өнгөрсөн жилийн зургадугаар сард 10 мянган хүн шалгалтад орсноос 30-40 хувь нь тэнцэж, биржид нэрийг нь байршуулсан гэнэ. Зөвхөн солонгос хэлний шалталтад тэнцсэн хүмүүсийн нэрийг л биржид байршуулдаг байсан. Харин одоо бол Өмнөд Солонгосын Элчин сайдын яам өөрсдөө шалгалтыг зохион байгуулах болсон. Хэзээ шалгалт авах талаар тус Элчин сайдын яамнаас удахгүй мэдээлэл хийх бололтой.

Монголоос авах ажилчдын квот хэд байх вэ?

Өмнөд Солонгосын зүгээс тухайн орноос хэчнээн ажилтан оруулах боломжит дээд хязгаар буюу квотыг тогтоодог. Өмнө нь Монгол, Вьетнам, Филиппин, Шри-Ланк, Индонез, Таиланд гэсэн зургаан улсаас ажиллах хүч оруулж байсан. Энэ жилээс арав гаруй орноос ажилтан авахаар байгаа Үүнд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Тажикстан, Казакстан, Узбекстан гэх мэт улсууд нэмэгдэж байгаа учраас Монголд ямар квот олгох нь тодорхойгүй.

Өмнөд Солонгосын зүгээс хэдий чинээ олон монгол хүн тэнд харлана, тэр хэмжээгээр шинээр авах хүмүүсийн тоогоо цөөрүүлнэ гэсэн шаардлагыг тавьдаг. Тиймээс Зуучлах товчооны шугамаар ажиллаад гурван жилийн хугацаа нь гүйцээд ирэх ёстой хүмүүсийг нутагт нь буцаах ажлыг зөв зохион байгуулж чадахгүй харлуулчихвал дараа нь Монголоос ажилчин авах тоонд сөргөөр нөлөөлөх бололтой.

Хөдөлмөрийн бирж дээр нэгэнт нэр нь байршчихсан хүний кодыг хэлж өгч болох уу. Солонгост ажилладаг хамаатан садан нь үйлдвэрийнхээ эзэнтэйгээ яриад кодыг нь хэлээд өгчихвөл түүгээр сонгуулж түргэн явах боломжтой гэлцдэг?

Д.Жанцан

-Бид энд бүртгэлийн дугаар олгодог. Энэхүү дугаарыг солонгосчууд дахин кодлодог тул бид хэлэх боломжгүй. Кодыг нь мэдэж авсан ч үйлдвэрийн эзэн түүнийг сонгох боломжгүй. Солонгост 30 гаруй бирж байдаг. Мөн сонголтоо хийх гэж байгаа эзэнд нэг хүн авах бол тав, хоёр бол 10 гэх мэт материалыг хязгаартайгаар танилцуулдаг. Түүнээс л сонголтоо хийх ёстой. Түүнээс гадна энд бүртгүүлэхдээ үйлдвэрлэлийн арав гаруй салбараас гурвыг сонгодог. Тэр дагуу л үйлдвэрийн эзэнд танилцуулдаг. Өөр салбараас сонголт хийх боломжгүй. Өмнөд Солонгосын Хүний нөөцийн хөгжлийн газрын төлөөлөгчтэй бид энэ талаар ярилцаж байсан. Тэрээр ямар ч боломжгүй гэсэн.

Ардын эрх сонин 56, 57 /588, 589/

А.Алтантуяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button