Монголын банк санхүүг хямралд хүргэх сонирхол хэнд байна вэ

улс дамжсан хууль бус луйврын ажиллагаагаа 2002 оноос Монголд эхэлсэн түүхтэй. Тухайн үед манайхны сайн эрс Номаранг-ийг судлан Солонгост саатаж байж. Баячуудын хороололд нүүж ирээд удаагүй Номаранг-д нүдээ аниад итгэх хэцүү.

Сонирхолтой нь тус компанийг Солонгосын тэргүүлэгч брэндүүд болох LG, DAEWOO компаниуд батлан дааж, зохих албаныхан нь манайхныг тосон уулзаж байсан гэх. Үүгээр ч зогсохгүй Номаранг корпораци нь Монголд санхүүгийн үйлчилгээгээр бүрэн мэргэшсэн, туршлагатай компани гэдгийг батлан нотолж байна гэсэн агуулгатай, LG интернэшнлийн албан тоотууд манай банкуудад жолоо сунган буухиалсаар ирсэн байна.

Гарын үсэг,тамга тэмдэг, албан тоотын дугаар гэхчлэн бүх зүйл нь том компанийн нэр хүндтэй хамт ийнхүү Номаранг-ийг Монгол Улсын өмнө батлан дааж, хариуцлага хүлээх нотолгоогоо үлдээсэн хэрэг.

Харамсалтай нь байдал эвгүйдэж, мөнөөх алдарт Номаранг-ийн гүрэн дамнасан луйврын ажиллагаа илчлэгдмэгц солонгосчуудын арга барил эрс өөрчлөгдөн, асуудалд өөр өнцгөөс хандаж эхэлсэн байх юм.

Номаранг-ийг золиосолж, Монголд мөнгө угаах хувилбар

Анхнаасаа энэхүү хууль бус ажиллагаанд гар гараасаа хөтлөлцөн давхиж орсон Номаранг, LG, DAEWOO компаниуд хууль хяналтынхны үнэрийг авмагцаа арга барилаа өөрчилсөн байна. Ингэхдээ нэгэнтээ гэрэл цохьсон Номаранг компанийг хатагтай Ли-гийн зургаан жилийн ялтай хамт золиосолж орхиод, өөрсдөө хохирогчийн дүрд тоглон Монголд жүжиг тавихаар үгссэн гэх.

Манай банкуудыг хулхидан аккредитив буюу гадаад худалдааны баталгаа гаргуулж, түүнийгээ ашиглан өөрсдөө хөлжих, хөрөнгө оруулалт хүсэмжилсэн Монголд мөнгөө маш өндөр хувийн хүүтэйгээр угаах тэдний зорилго эхний алхмаасаа хууль зөрчсөн гэдгийг нотлох баримт хангалттай бий. Бараа нийлүүлэхээр Монголын банкуудтай гэрээ хийсэн хэрнээ оронд нь мөнгө гуйвуулж, ингэхдээ Сингапур, Америкийн банкуудаар дамжуулсан баримт байдаг. Харин Монголын банкуудад бараа ачуулан, илгээсэн гэх хуурамч баримтуудыг удаа дараа хүргүүлсээр байжээ.

Хэдийгээр энэ мөнгө угаасан луйврын хэрэгт зээлэгч, зээлдэгч талууд илүү үүрэгтэй оролцсон боловч Монголын банкуудыг хулхидаж, үйл ажиллагаандаа хулгайн аргаар татан оруулж, алхам тутамдаа хуурсаар ирсний цаана ямар зорилго байна вэ? Банктай хийсэн таван зүйл бүхий албан гэрээгээ өөрсдөө зөрчин, аккредитивийг нь ашиглаж, ардуур нь гэтсэн энэ үйлдэлдээ зүй нь дээрх гурван компани хариуцлага хүлээх учиртай. Ямар ч баримтгүй, өгсөн, авсан албан бичиггүйгээр Монголд хууль бусаар тараасан буюу зээлдүүлсэн гэх мөнгөө хүүтэй нь олж авахын тулд тусгаар тогтносон улсын банкуудыг мөргөж, санхүү, эдийн засгийн системийг хямралд оруулах эрх Номаранг болон LG, DAEWOO компаниудад байгаа юу?

Зөрчигдсөн гэрээ, завшуулсан нэр төр

Номаранг компани болон Монголын нэр бүхий дөрвөн банкны хооронд хийгдсэн гэрээний хоёр заалт зайлшгүй анхаарал татаж байгаа юм. Солонгосоос бараа, тоног төхөөрөмжийн экспорт хэлбэрээр Монголд хийж буй хөрөнгө оруулалтад ямар компанийг сонгон хамруулахаа Номаранг корпораци бүрэн мэдэхээр тохиролцжээ.

Солонгосчуудын сонгон шалгаруулж авсан компаниудад л дээрх хөрөнгө оруулалт хүрэх учиртай. Үүний цаана том боломж буюу мөнгө үйлчилж байгааг харж болно. Нэг монгол, таван солонгос залуу нийлэн компани байгуулж, Номаранг-ийн бие төлөөлөгчтэй хуйвалдан дээрх бараа нэртэй сая сая ам.долларыг авчихаж болох үүд хаалга нээлттэй байгаа юм. Тийм ч учраас ямар компанийг хэрхэн сонгож, бараа ачуулах нэрээр өндөр хүүтэй мөнгөн зээл цутгаж байсныг манай банкууд шалгах боломжгүй. Гэрээний энэхүү заалтаас гадна гуравдугаар зүйл буюу маргааныг шийдвэрлэх гэсэн хэсэг анхаарал татав.

Энэхүү маргааныг Улаанбаатар хотод, МХАҮТ-ын олон улсын эдийн засаг, худалдааны комиссоор арбитрын журмаар шийдвэрлэнэ. Арбитрыг Улаанбаатар хотод монгол хэл дээр явуулна. Арбитрын шийдвэр нь талуудын хувьд эцсийн шийдвэр байна. Энэхүү шийдвэрийг аливаа шүүхийн байгууллага мөрдүүлж ажиллана гэж энд тодхон бичжээ. Гэтэл бидний мэдэж байгаагаар Номаранг компанийн хууль бус ажиллагааг Арбитрын журмаар тогтоочихоод байхад Чингэлтэй дүүргийн шүүх энд хошуу дүрж, тогоотой шөлөнд тос хутгаж суугаа нь сонирхол татна. Ёс зүйгээ бодсон ч нэг шүүхийн шийдвэрийг нөгөө шүүх нь үгүйсгэж гадныханд үйлчлэх нь хэр зохимжтой юм бол? Аккредитив буюу гадаад худалдааны баталгаа, банкны нэр төрөө луйварчдад залилуулан ашиглуулсныхаа төлөө тоотой хэдхэн банк маань толгойгүй болох хэрэг үү?

Монголын банк санхүүгийн салбарыг хямралд оруулах алсын санаархал

Номаранг компанийн нэрээр LG, DAEWOO компаниудын Монголд угаасан гэх мөнгөний тоо өнөөг хүртэл тодорхойгүй. 70 гаруй сая ам.долларын сураг гарч, заримдаа тэр нь 120 орчим сая гэсэн эргэлзээтэй тоогоор баллуурдагдах нь бий. Өгсөн нь ч, авсан нь ч тодорхой тоо хэлчихгүй төөрүүлээд байгаагийн цаана авлигын том сүлжээ нуугдаж байж болох талтай. Энэ мөнгөний тал хувь нь Номаранг компанийнхны гараар орж, Солонгост авлига хэлбэрээр үлдсэн байж болохыг үгүйсгэхгүй. Үүнийгээ манай сайн эрсэд юу гэж ойлгуулсныг мэдэхгүй.

Ямартай ч Монголд мөнгө угаах, хэрэв энэ нь амжилтгүй болбол банк, санхүүгийн салбарт халдан, хямруулах зорилго тун холоос, алсыг харж шидсэн чулуу болох нь тодорхой болчихлоо. Үүндээ Монголын шүүх хяналтынхны цоорхойг ашиглахаар эртнээс тооцоолсон байхыг ч үгүйсгэхгүй. Үнэндээ бол эдүгээ монголчуудыг монголчуудаар нь бариулах ажиллагаа Солонгос дүрмээр үргэлжилж байна. Өрөндөө аль нэг орд газраа өгчих гэж Солонгосын нэгэн төлөөлөгч дуугараад амжсан тухай мэдээ чих дэлссэн. Газар доорх баялгийг маань гартаа оруулах гэж шидсэн урхинд бид орооцолдчихоод яваа юм биш байгаа. Хууль бусаар зээл нэрээр тарааж алдсан мөнгөө хуулийн хүрээнд олж авах гэж зүтгэн, хоёр улсын харилцаа гэсэн үгээр халхавчилж байгаагийн цаана Солонгосын их гарын бизнесмэнүүдийн далд зорилго нуугдаж байж ч болох.

Солонгост үйлчлэх монгол сонирхол

БНСУ-ын шүүхээс Номаранг компанийн ерөнхийлөгч Ли авхайд зургаан жилийн ял оноосон тухай олон улсын хэвлэл мэдээллийнхэн шуугиад удаагүй байна. Үүнээс ч илүү сонирхол татсан мэдээлэл бол DAEWOO группийг үндэслэгч Ким Вү Чунг санхүүгийн луйвар хийсэн, эд хөрөнгө завшсан хэргээр найман жилийн ял эдлэхээр болсон явдал. Тэдний улс дамжсан санхүүгийн луйврыг Солонгосын шүүх, цагдаагийнхан илрүүлэн, ялыг нь оноочихсон байх юм. Гэтэл талуудын хоорондын гэрээний дагуу арбитрын шүүхээр шийдэгдэх ёстой хэрэг рүү манай хууль хяналтынхан давхин орж, Номаранг, DAEWOO-г өмгөөлсөн эхний шийдвэрээ гаргачихаад байгаа нь хачирхалтай. Солонгосын шүүх цагдаа андуураад байна уу, Монголын хууль хяналтынхан эндүүрээд байна уу?

Тэдний шүүхээс Номаранг, DAEWOO-гийн буруутай үйл ажиллагааг тогтоочихоод байхад манайхан зөвтгөх гэж зүтгээд байгаагийн цаана мөнгө үйлчлээд байна уу, улс төржсөн сонирхол давамгайлаад байна уу гэдгийг хэлэхэд бэрх. Хэнээс ч хараат бус ажиллах ёстой шүүх байгууллагуудад маань аль нэгэн улсын Элчин сайд төрийн тэргүүнээр дамжуулан нөлөөлөх эрхтэй бил үү гэдгийг зориуд дурдъя.

БНСУ-ын Элчин сайд Ерөнхийлөгчид бараалхахдаа Номаранг-ийн асуудлыг зориуд цохон дурдсан байдаг юм билээ. Солонгосын тал Монголоос гэрээт ажилчин авах асуудлыг Номаранг-ийн барьцаа болгон сануулаад байдаг тухай зарим сонин мэдээлж л байсан. Хоёр улсын төрийн түвшинд энэхүү Номаранг, LG, DAEWOO-гийн гурвалсан луйврын асуудал нэг бус яригдсан гэх. Энэ нь дээрх хууль бус ажиллагаанд хоёр талын дээгүүр албаныхан гар дүрснийг нотолж байж ч болох. Солонгосын сайн эрс ч бас Вако орон сууц гэхчилэн манайхныг хангалттай хохироосон. Ерөнхий утгаараа дүндээ дүн, өргүй авлагагүй гэсэн үг гээд хэлчихвэл буруудахгүй л байх. Манай Элчин сайд тухайн үед Солонгосын Ерөнхийлөгчид Вако-г сануулсан нь юу л бол. Юутай ч Монголд мөнгө орж ирсэн, шингэсэн. Энэ сайн хэрэг. Харин одоо жаахан эвтэй байж байгаад асуудлаа шийдчих юмсан. Холынхны өмнө нэгнийгээ ноцоод хол явахгүй нь мэдээж.

Монголчууд зээлээ төлчихөж болно. Зарим компанид төлсөөр байгаа мэдээ бий. Харин авлигад алдсан мөнгөө Солонгосын тал яахыг мэдэхгүй. Зээлдэгчдэд үүрүүлэх гэж мэлзэн, өнөө сайн эрс нь үргэж бултаад байгаа гэх. Ямартай ч алдагдлаа багасгах гэж Монголын банк, санхүүгийн салбар руу хууль хяналтынхныг ашиглан дайрч байгаа нь тусгаар улсын толгой руу мацсан хэрэг болов уу.

Р.ЭМҮЖИН (2007.03.22)

/Өнөөдөр сонин/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button