Машингүй өдөрөөр агаар цэвэршинэ гэнэ шүү

Хууль зүй, дотоод хэрэг, Зам тээвэр, аялал жуулчлал, Эрүүл мэндийн яам, Тээврийн үйлчилгээний төв, Замын цагдаагийн газар зэрэг нэр бүхий байгууллага хамтран ийм шинэ алхам эхлүүлэхээр зорьжээ. Төрийн байгууллагуудаас нийтийг хамруулан явуулж буй ийм ажилд дайчлах хүн хүч, хөрөнгө мөнгө мэдээж төсөвлөгдөж, батлагдах л биз. Харин үр дүн, зорилго нь юу юм бол.

Явган алхаж биедээ дасгал хийх, нийтийн унаа хүлээх, чихэлдэж зорчихын амт-ыг мэдрэх, сэлүүн замаар давхих, хамгийн гол нь агаарт утаа нэмэрлэхгүй өнжих. Машингүй өдөр-өөс санаачлагчид энэ мэт үр дүнг хүлээж байна. Үгүйсгэх гэсэнгүй. Далайд дуслаар нэмэрлэх үр дүн гарах л биз. Гэхдээ хоол, байр, хувцас мэт хүний үндсэн хэрэгцээний удаад тооцогдох хурдан унааны хэрэглээг хааснаар олон бухимдлын эх бас тавигдах магадтай.

Дээрх өдөр нийтийн тээвэр, тусгай зориулалтын тэрэгнээс өөр ямар ч унаа хотын гудамжинд явахгүй. Том жийп, жижигтэрэг, такси гээд хувийн эзэмшлийн ямар ч машин энэ өдөр хөл хориотой. Моторт тэрэг, үүрэн утасгүйгээр амь, алба залгуулах аргагүй болтлоо бид энэ хэрэглээнээс хараат болчихсон улс. Үнэндээ тэдгүйгээр хурд, хөгжлийн тухай төсөөлөхөд бэрх. Тиймээс ч хотын зам хувийн тэргээр дүүрч, түгжирдэг болсон.

Амралтын өдөр юм, ажил алба ихгүй биз гээд орхиё. Гэхдээ мэдээж, энэ өдрүүдэд ажмлпадаг хувийн хэвшлийнхнийг алгасаж бодоод шүү. Яахав, тэдний ажилчид Орбит, Улиастайгаасаа алхаг, эсвэл тэр өдрийн хөлийн ганц дүүжлүүр автобусандаа дугаарлаг. Нийтийн унаанд сууж сураагүй дарга даамлууд нь харин ажлаа таслаг.

Дөрвөн уулын хотгортоо багтахаа байсан их хотын баруун, зүүн хаяа , хагас зуу илүү километрт алслагддаг. Гэтэл ойр дотнын хэн нэгэнд маань өвчин тохиовол яах вэ. Хэлж биш, хийсч ирдэг түүнд маргааш манайд зочил гэж хөөж чадах биш. Минут хормоор амьдрал шийдэгдэх мөчид буудал хэсэн алгуурладаг автооус хичнээн удаан билээ. Муугаар санавал, элбэрэлт эхдээ зорьж очих гэсээр яваад хагацахын гашуунтай нуүр учирвал яах вэ.

Хэдэн жилжингээ, бүр наашлуулж бодвол өвөлжингөө нүүрсний утаагаар бортоглосон агаараа машингүй ганцхан өдрөөр цэвэршүүлж лав чадахгүй. Тэгэхээр цэвэр агаар амьсгална гэдэг бас л худал. Нэг өдөр ч атугай агаараа бохирдуулахгүй өнжье гэвэл баруунтаа, салхин зүгээс хорт утаа хийсгэгч цахилгаан станцууд, шарил чандарлах газар, хот хөвөөлөгч гэр хорооллынхонд бас үг хэл. Тэд нүүрсээ галдахгүй нэг өдөр өнжиг. Ингэвэл агаарт тортог нэмж үүсэхгүй ганц өдөр болох нь гэж итгэе. Тэгээд өчигдөр, уржигдар, түүнээс цаадах олон зуу, мянган өдөрт бохирдуулсан агаараараа уушгиа дүүртэл амьсгалъя, ядаж өнөөдөр нэмээгүй юм чинь.

(Нийгмийн толь 067/159)

Л.Мөнхзул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button