Эрдэнэт үйлдвэрийн гэрээг ОХУ сунгажээ

Монгол-Оросын хамтарсан зэсийн Эрдэнэт үйлдвэрийн гэрээг ОХУ сунгасан тухай хойд хөршийн мэдээллийн гол сувгуудын нэг Интерфакс агентлаг мэдээлжээ. Уг мэдээлэлд 2007 оны гуравдугаар сарын 16-нд ОХУ-ын Засгийн газар Монгол Улсын зэс олборлогч томоохон байгууллага болох Эрдэнэт хамтарсан үйлдвэ¬рийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах Монгол Улстай байгуулсан гэрээг эцэслэн баталлаа. Оросын Ерөнхий сайд Михаил Фрадков гуравдугаар сарын 10-ны өдөр 2003 оны долдугаар сарын 1-нд эцэслэн батлуулахаар өгсөн гэрээг батлах тухай зааварчилгаанд гарын үсэг зурлаа гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.

Гэрээ ёсоор Зөвлөлт засгийн үед байгуулсан Эрдэнэт үйлдвэр нь Монгол улсад бүртгэлтэй, мөн улсад үйл ажиллагаа явуулах хязгаарлагдмал хариуцлагатай компани болох юм. Гэрээнд зааснаар Орос улс хамтарсан компанийн 49 хувийг, Монгол улс 51 хувийг эзэмших ажээ.

Энэхүү гэрээ нь таван жилийн хугацаанд хүчинтэй бөгөед талуудын аль нэг нь таван жилийн гэрээ дуусахаас зургаан сараас доошгүй хугацаанд гэрээг цуцлах санал гаргаагүй тохиолдолд гэрээ таван жилээр шууд сунгагдах юм. Талууд шаардлагатай зохих зохицуулалтыг хийж дууссаны дараа энэхүү гэрээ хүчин төгөлдөр болно гэжээ.

Долоо хоногийн өмнө гарсан энэ шийдвэрийн талаар лавлахаар Эрдэнэт хамтарсан үйлдвэрийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын дарга Д.Цогбаатараас тодруулахад,

-Бид энэ талаар юу ч мэдээгүй байна. Худлаа ярих юм алга. Бодвол, ОХУ том гүрэн учраас олон шат дараатай байсан байх. Бүх асуудлыг нэгмөсөн цэгцэлсэн учраас гарын үсэг зурсан юм болов уу. Уг нь хамтарсан үйлдвэрийн тухай гэрээг хоёр тал 2003 онд Засгийн газар хоорондын комиссийн хурлаар хэлэлцэж баталгаажуулсан шүү дээ. Иймд үйлдвэрийн үйл ажиллагаа аль хэдийнэ батлагдсан гэрээний дагуу явж байгаа. Гэхдээ нарийн учрыг Гадаад хэргийн яамнаас лавлаарай гэсэн хариултыг өглөө.

Д.Цогбаатар даргын зөвлөснөөр ГХЯ-ны Хөрш орнуудын газарт хандахад Дээрх мэдээлэл үнэн, Эрдэнэт хамтарсан үйлдвэрийн талаарх хоёр улсын хэлэлцээрийг шинэчлээд 1993 онд албан ёсоор гэрээ байгуулсан. Тэрхүү гэрээг 2003 онд шинэчилж, манай талын холбогдох эрх мэдэл бүхий хүмүүс гарын үсэг зурсан. Түүнийг нь УИХ эцэслэн баталгаажуулчихсан учраас Монгол Улс гэрээг хэрэгжүүлеээр ирлээ. ОХУ-ын тухайд гэрээг эцэслэн баталгаажуулах үйл явц нь дуусаагүй байсан юм. Саяхан М.Фрадков сайд Эрдэнэт хамтарсан үйлдвэрийн гэрээг батлах тухай зааварчилгаанд гарын үсэг зурлаа гэж ОХУ дахь манай ЭСЯ-аас бидэнд мэдээлснээс биш тус улсын Засгийн газраас албан ёсны баримт бичгээ ирүүлээгүй байна хэмээн тайлбарлав.

Ардын эрх сонин 56, 57 /588, 589/

С.Баттулга

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button