С.Оюун Хоршооны хохирогчдын өмнөөс Ерөнхий сайдад асуулга тавина

Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын төлөөлөл Иргэний зориг намын дарга С.Оюун, Хэрэг эрхлэх газрын дарга О.Магнай нартай уулзлаа.

ИЗН-ын дарга С.Оюун Хоршооны хохирогчдын хохирлыг барагдуулахад төрөөс ямар арга хэмжээ авах гэж байна вэ? гэсэн асуулгыг энэ долоо хоногт багтаан Ерөнхий сайд М.Энхболдод хүргүүлнэ гэж мэдэгдсэн юм. Хохирлын хариуцлагыг нэгийг харьцах нь дөрөв буюу хохирогчид, УИХ, Засгийн газар, Монгол банк хүлээх ёстой гэв. Учир нь хохирогчид эрсдлээ хүлээх ёстой, УИХ цоорхойтой хууль баталсныхаа төлөө, Засгийн газар хуулийг хэрэгжүүлээгүйнхээ төлөө /хоршооны талаар зар, сурталчилгаа явуулахыг зогсоогоогүй/, Монголбанк хяналтаа тавиагүй гэсэн үндэслэлээр хариуцлага хүлээх ёстой гэж ИЗН-ынхан үзэж байгаа аж.

Хохирогчид Хохирлыг барагдуулах ажилд төр санаачилга гаргахгүй байна. Хоршооны эзэд шоронд сууж байх зуур битүүмжилсэн гэх нэрийн дор өмч хөрөнгө нь үрэгдэж дуусах нь. Газар тариалан, аж ахуй нь эзэнгүйдэж үхэр, гахай нь үхэж, үрэгдээд дуусч байна.

УМБГ-аас 40 тэрбум төгрөгийн эд хөрөнгө битүүмжилсэн гэж байгаа ч нь үнэн чанартаа 20 тэрбум төгрөг хүрэхтэй үгүйтэй хөрөнгө битүүмжлэгдсэн, үүнээс ихэнхи нь тоногдож, үрэгдээд дуусч байгаа гэв. Хохирогчид УИХ-ын гишүүн С.Оюунд хандаж Ихээхэн хэмжээний зээлтэй хүмүүсийн нэрийг зарлах, мөн бага хугацаанд их хэмжээний мөнгө хадгалуулж, хүүг нь завшсан хүмүүсийн нэрсийг ил тод зарлуулах талаар анхаарч ажиллаач гэж хүссэн юм.

Хохирогчид хохирлын мөнгийг МАХН төлөх ёстой гэж үзэж байгаа аж. Учир нь Гэр хорооллын барилгажилт хадгаламж зээлийн хор¬шооны эзэн Ц.Түмэнгэрэл МАСЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн байсан. УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх Алтаргана төвийг 800 сая, ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Н.Болормаагийн нөхөр Р.Лханаажав Россия рестораныг 300 сая төгрөгөөр хоршооны эздэд өндөр үнээр зарсан нь тодорхой болсонтой холбоотой гэнэ. Мөн Бүтээн байгуулалт хөгжлийн сан хоршоонд УМБГ-аас шалгалт хийж эхлэхээс өмнө хохирогчид компьютерт нь УИХ-ын дарга Ц,Нямдорж 300 сая, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 300 сая, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд М.Сономпил нэг тэрбум, 950 сая төгрөгийг тус тус зээлсэн баримт байсан гэж нотолж байлаа. Их хэмжээний мөнгө зээлсэн гэх хүмүүсийн нэрсийн жагсаалтад УИХ-ын гишүүн Г.Занданшатарын нэр ч байсан гэж зарим хохирогчид ярьсан юм. Харин эдгээр УИХ-ын гишүүний нэрс УМБГ-т шилжсэн хойно компьютер дээрээс устгагдсан гэдгийг хохирогчид гэрчилж байв.

Хоршооны хэрэгт хууль, хяналтын байгууллагын удирдлагууд орооцолдсон учраас илрүүлэх сонирхолгүй байгаа бөгөөд томоохон хэмжээний зээлдэгчдийн нэрсийг нууцалж байна гэж хохирогчид хардаж байгаа аж. Монголбанк, Татварын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо болон зар сурталчилгаа явуулсан бүх хэвлэл, мэдээллийн хэрэгелүүд хохирогчдын мөнгийг төлж барагдуулах ёстой гэж үзэж байгаагаа хохирогчид мэдэгдсэн юм. ИЗН-ын Хэрэг эрхлэх газрын дарга О.Магнай Манай нам энэ хэргийг эдийн засгийн бүлэглэлийн зохион байгуулалттай үйлдсэн гэмт хэрэг гэж үзэж байгаа. Хоршооны асуудал залилангийн шинжтэй, улс төртэй холбогдсон үйлдэл. Хохирлыг буруутай этгээд төлөх ёстой. Төр 75 хувийн буруутай гэж үзвэл тухайн үед УИХ-д дийлэнх олонхийг бүрдүүлж байсан МАХН хохирлыг хариуцах ёстой гэв.

Ардын эрх сонин 56, 57 /588, 589//

Г.Хишиг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button